Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01189

 

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

             Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаар магадлалтай                                                                                                     

            Б ийн нэхэмжлэлтэй,

            Т ХХК-д холбогдох

          Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,013,606.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Т инд 2013 оны 07 сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Орон нутгийн банкны газрын харъяа зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Т ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 16-ны өдрийн Б/1419 тоот тушаалаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 1039 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/00999 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд 2017 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2017 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,013,606.00 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч  “Т ”  ХХК-ийн  шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 22,013,606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Т ” ХХК-аас 268,018 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,018 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 02 дугаар  сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 698 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг бүтнээр нь уншвал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай холбогддог бөгөөд нийлүүлээд уншиж үзвэл шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан бүх хугацаанд өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор олгохоор зохицуулсан байна. 2017 оны 03 сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ийн ажилгүй байсан хугацааг тооцон түүнд 1,581,804 төгрөг олгохыг ажил олгогчид даалгасан байсныг Банкны зүгээс олгосон болно. Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Б  нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацаанд “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэж дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан албан ёсны тайлбар байдаггүй, энэхүү заалтыг нэг мөр ойлгох ойлголт байдаггүйгээс тухайн заалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч Б  нь “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж цалин авдаг нь баримтаар нотлогдож байгаа болно. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                           

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22,013,606.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрт заасан 1,581,804.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон, тэрээр ажилгүй байгаагүй, энэ хугацаанд өөр ажил олгогчид ажиллаж байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Ажилтан Б ийг ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дугаартай тушаалаар “Орон нутгийн зээлийн хэлтсийн захирал”-ын үүрэгт ажлаас чөлөөлснийг тэрээр эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 502 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 999 дугаартай тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,581,804.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, “Т ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилсон үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх хариуцагч “Т ” ХХК-аас Б ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 22,013,606.00 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа “...шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолохгүй, ... Б  нь “Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэж дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцэхгүй, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасантай зөрчилдөж байна” гэжээ.  

Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад буй “ажилгүй байсан” гэсэн ойлголтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ажилгүй” гэсэн ойлголттой адилтган үзэж, нэхэмжлэгчийг “Т ” ХХК ажилд нь буцаан авах хүртэл хугацаанд өөр газар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон “ажилгүй байгаагүй” гэж гомдлынхоо эрх зүйн үндэслэлийг тайлбарласан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хууль зүйн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зорилт, хуулиар зохицуулах харилцаа нь өөр өөр байхад “ажилгүй” гэсэн үгийг хуулийн бусад зүйл, заалттай холбохгүйгээр “салангид байдлаар” тайлбарлах нь буруу юм.

Хууль тогтоогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг “...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах” зорилготой бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг “...хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцаа”-г зохицуулахаар батлан гаргажээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн оролцогч нь ажил олгогч, ажилтан байх бөгөөд тэдний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь энэ харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох эрх зүйн баримт нь болдог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар энэхүү гэрээнд заавал тусгах нөхцөл, гэрээний хугацааг хэрхэн тогтоох, гэрээг хэн хэзээ, ямар үндэслэлээр дуусгавар болгохыг тусгайлан зохицуулсан.

Ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, үндэслэл тус бүрд заасан журмыг баримтлах бөгөөд ажлаас халсан тушаалыг ажилтанд өгөх үүрэгтэй, ажилтан нь  ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргадаг, ажил олгогч нь ажилтныг хууль бусаар буюу буруу халсан нь шүүхээр тогтоогдвол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцааж авах үүргийг хуульчилжээ.

Ажил олгогч ажилтныг хууль бусаар халсан бол түүнийг ажилгүй байлгасан хугацааны олговрыг цалингийн хэмжээгээр тооцож төлөх үүргийг хүлээдэг, энэ ч утгаараа хөдөлмөрийн энэ төрлийн ганцаарчилсан маргаанд хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон хэлбэрээр буюу нэг сар гэж тогтоосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”-ыг шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Хуулийн энэ зүйлд “ажилтныг ажлаас буруу халсан” хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцох хугацаа, эсхүл “ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн” үеийн зөрүүг олгох гэсэн хоёр ялгаатай нөхцлөөр ажил олгогчийн хүлээх хариуцлагын хэмжээг тодорхойлсон байна.

Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааныг шүүх шийдвэрлэхдээ ажилтныг ажлаас хууль бусаар халсан гэж дүгнэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч нь ажилтныг ажилгүй байлгасан хугацаанд олговор олгох үүрэгтэй буюу энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх үүргийг хүлээлгэж байгаа зохицуулалт юм. Хэрвээ шүүх ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтныг хууль бусаар халаагүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд, нэхэмжлэгчийн “ажилтан” гэсэн эрх зүйн байдал болон тухайн ажил олгогчийн ажилтны өмнө хүлээх үүрэг дуусгавар болдог.

Хууль зүйн нэр томьёог салбар эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчимтай нь зөв тайлбарлан хэрэглэх ёстой. Хуулийн нэр, зорилт, хуулийн нэр томьёоны тодорхойлолтоос үзэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар батлагдсан, энэ хуульд “ажил хайгч, ажилгүй иргэн, ажил хийхэд бэлэн, ажил идэвхитэй хайж байгаа, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилд зуучлах, бизнес инкубацийн үйлчилгээ, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” зэрэг субьектүүдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон байна.

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ажилгүй” гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн “ажилтны ажилгүй байсан” гэсэнтэй адилтган тайлбарлах боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна. 

            Иймээс хоёр шатны шүүх тухайн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуулийг буруу тайлбарласан” үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00256 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 698 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.       

          2. Хариуцагч ”Т ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,019.00 /хоёр зуун жаран найман мянга арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН