Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00699

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00699

 

 

Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2018/00321 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Чинбатад холбогдох

Гэрээний үүрэгт 21 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  А.Чинбаттай 2016 оны 06 сарын 08-ны өдөр 13 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоногт 0.5 хувийн  алданги төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 1-р  гудамж 15 тоотод байрлах  А.Чинбатын өмчлөлийн 28 м.кв талбайтай хувийн сууц, 343.54 м.кв талбайтай газар барьцаалсан. А.Чинбат  зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн тул  үндсэн зээл 13 000 000 төгрөг, хүү 1 560 000 төгрөг, алданги 7 280 000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 09 сарын 08-ны өдрөөс арилжааны банкны дундаж /жилд 20,1 хувь байсан/ хүүгээр тооцон, 18 сарын хугацаанд хүү 3 919 500 төгрөг, нийт 25 759 500 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргийг барьцааны  хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна  гэжээ.

Хариуцагч А.Чинбатын тайлбарт: Т.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. 13 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Иймд зээлийг 3 сарын хүүгийн хамт 14 560 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцон, 6 500 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагын талаар маргахгүй. Монгол банкнаас зарласан арилжааны банкны дундаж  хүүгээр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй  гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Чинбатаас 21 840 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Г.Эрдэнэцэцэгт   олгож, нэхэмжлэлээс 3 919 500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 16-р хороо, Туулын 1-р  гудамж 15 тоот дахь,   хариуцагч А.Чинбат  дангаараа  өмчлөх эрх бүхий, улсын бүртгэлийн Ү-2205027948 дугаарт бүртгэгдсэн, 28 м.кв талбайтай, хувийн сууц болон 18641311762072 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 343.54 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс  үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 415 050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 337 350  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү давж заалдах гомдолдоо: Шийдвэрт хариуцагчаас 21 840 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс үндсэн зээл 13 000 000 төгрөг, 3 сарын хүүд /510 000*3/ 1 560 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 21 060 000 төгрөг төлнө гэж тооцоолж байна. 13 000 000 төгрөгийн хүү болон торгууль нийлээд 6 500 000 төгрөгөөс хэтрэхгүй гэж үзнэ. Иймд 780 000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Чинбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 840 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 13 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж 15 тоотод байрлах 28 м.кв талбайтай хувийн сууц, 343.54 м.кв талбайтай газрыг барьцаалсан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байхад үндсэн зээл 13 000 000 төгрөг, хүү 1 560 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчийн нийт гүйцэтгэх үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний алданги төлөхтэй холбоотой заалтаас үзвэл зээлдэгч нь 13 000 000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд нийт гүйцэтгэх үүрэг буюу үндсэн зээл 13 000 000 төгрөг, түүний хүү 1 560 000 төгрөг, нийт 14 560 000 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх ба шүүх уг тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагчид зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги төлөх мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн. Алданги нь зээлийн үндсэн үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой хариуцлагын шинжтэй зохицуулалт бөгөөд зээлийн хүүг арилжааны банкны дундаж хүүгээр тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тогтоосон зээл, зээлийн хүүгийн гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцож байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 3 919 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн үндсэн зээл 13 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 560 000 төгрөг, алдангид үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй буюу 6 500 000 төгрөг төлөх үүрэгтэй гэх гомдол үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13 000 000 төгрөг, зээлийн хүү 1 560 000 төгрөг, нийт 14 560 000 төгрөг төлөхи үндсэн үүргээ гүйцэтгээгүй тул уг дүнгийн 50 хувиар тооцож алдангид 7 280 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2018/00321 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 270 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ