Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0305

 

 

2018 оны 5 сарын 30 өдөр       

Дугаар 221/МА2018/0305

                     Улаанбаатар хот

     

Ц.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7., 23.9., 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-аас Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай 09, Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ т огтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах гомдолдоо: Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаан нь хууль бус явагдсан. Үүнд: Хурлын зарыг төлөөлөгч нарт бүрэн хүргээгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Тус ээлжит 7 дугаар хуралдаан нь хурлын төлөөлөгчдийн 13 төлөөлөгч (Ардчилсан намын 13 төлөөлөгч) буюу 48.2 хувийн ирцтэй нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирээгүй үед хурал явагдсан байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бүхэлд нь бодит үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүйгээс гадна хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан нь өөрөө хурлын процессын хуулийг зөрчсөн хурал болсон гэж үзэж байгаа тул хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн 08 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.О-аас Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаар хуралдааны хурлын зарыг төлөөлөгч нарт бүрэн хүргээгүй, ирц бүрдээгүй байхад хуралдсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хурлын төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор зохицуулжээ.      

Нэхэмжлэгчээс “... дээрх хууль бус үйлдлүүд нь төлөөлөгч миний Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.7 дахь хэсэгт заасан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ... эрхийг зөрчиж байна” гэж маргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэх маргаан биш байна. Учир нь нэхэмжлэгч нь иргэнийхээ хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, тус хуралдаанаас гарсан тогтоолууд нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргаагүй харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд маргаан бүхий хуралдаан нь хууль бус, төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр маргасан байна.

Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн “хурлын төлөөлөгчийн хувьд эдэлж, хэрэгжүүлэх” эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах байгууллага байна. Харин Хурлын төлөөлөгч нь хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах, санал хураалгах, хэлэлцэж буй асуудлаар таслах эрхтэй оролцох зэрэг эрхтэйгээр хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд оролцдог, хурлын бүрэлдэхүүний нэг байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн орон нутгийн иргэдээс сонгогдож, тэднийг төлөөлж нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцдог учир энэ асуудлаар хуульд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хурлын шийдвэр, үйл ажиллагаа нь түүнийг өөрийг нь бүрдүүлдэг нэгж төлөөлөгчдөд “захиргааны акт”-ын шинжтэй үйлчлэлгүй, мөн хуульд заасан захиргааны акт гадагшаа чиглэсэн үйлчлэлтэй байх шинжийг агуулаагүй учир захиргааны акт болохгүй.

Түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, хуралдаанаас гарсан тогтоолын талаар Хурлын Төлөөлөгч өөрөө нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.О-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн долдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тус хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Шийдвэр боловсруулах комисс байгуулах тухай” 03, “Тооллогын комисс байгуулах тухай” 04, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 06, “Үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх тухай” 07, “Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” 08, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 09, “Үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт оруулах тухай” 10, “Суманд 2018-2020 онд хөгжүүлэх үйлдвэрлэлүүдийн чиглэл батлах тухай” 11, “2018 онд ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ тогтоох тухай” 12, “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 13, “Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох тухай” 14, “Дүйцүүлэх албанд авах иргэдийн тоог батлах тухай” 15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                   Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ