Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00759

 

С.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Өсөхбаярын хариуцагч Г.Ганхуягт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батнасан, хариуцагч Г.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Өсөхбаяр нь интернетээр Г.Ганхуягтай холбогдон Robex 2900LC маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 75-38 УБ улсын дугаартай экскаваторыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл нь гэрээ байгуулмагц урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. С.Өсөхбаяр нь гэрээний дагуу экскаваторын урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг Г.Ганхуягт 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Гэвч худалдагч Г.Ганхуягийн худалдсан экскаватор нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гэх заалтыг зөрчсөн, ашиглах, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй эвдэрсэн экскаватор байсан. С.Өсөхбаяраас экскаватор эвдэрхий, ашиглах боломжгүй байна гэдгийг Г.Ганхуягт мэдэгдэж буцаах талаар хэлсэн боловч намайг засуулаад авчих, үлдэгдэл төлбөрөөс нь 2 000 000 төгрөг хасаж тооцно гэж тохиролцсон. Тиймээс худалдан авсан экскаватороо сар гаруйн хугацаанд айлын хашаанд байлгаж засвар үйлчилгээг хийлгэж ажиллуулах болсон. Ингээд бүтэн сар засвар үйлчилгээ хийлгэсний эцэст Г.Ганхуягийн ах гэх хүн ирээд экскаваторыг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр аваад явсан. Ийнхүү худалдагч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан ба уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад гэрээтэй холбоотой маргаан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Иймд хариуцагч Г.Ганхуягт 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр экскаватор худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 30 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ганхуягийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ганхуяг өөрийн эзэмшлийн 75-38 УБ улсын дугаартай, Robex 2900LC маркийн экскаватораа 60 000 000 төгрөгөөр худалдахаар зар тавьж, зарын дагуу С.Өсөхбаяр нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.Өсөхбаяр өөрийн биеэр экскаваторыг шалгаж, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр С.Өсөхбаяр эргэж холбогдон бэлэн 30 000 000 төгрөг өгч, 30 хоногийн дараа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгье гэсэн санал тавьсны дагуу Г.Ганхуяг гэрээ байгуулсан. Гэрээний 4.9-т энэхүү гэрээнд заасан үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй, 5.1-т зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна, 5.2-т худалдан авагч тал тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан. Хохирлыг худалдан авагч талын урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана гэж тус тус заасан. 2018 оны 08 сарын 25-ны өдөр төлбөр төлөх хугацаа болоход С.Өсөхбаяр чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Г.Ганхуяг нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн экскаватороо буцаан авсан. Урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгийн хувьд гэрээнд заасны дагуу 44 хоног экскаваторыг ашигласны төлбөрт тооцож авсан. Энэ нь нэхэмжлэгч С.Өсөхбаярыг хохироосон хэрэг биш. Яг бодит байдал дээр энэ төрлийн экскаваторыг даацаас нь хамаараад 800 000 төгрөгөөс 1 200 000 төгрөгөөр нэг өдөр түрээсэлдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь экскаватор нь биет байдлын доголдолтой, зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй байсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч С.Өсөхбаяр нь экскаваторыг шалгаж авсан. Эвдэрсэн, засвар хийлгэсэн гэсэн боловч яг хавтаст хэрэгт энэ талаар нотолсон баримт байхгүй. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч өөрийн таньдаг найз нөхдөөрөө гэрчлүүлсэн бөгөөд иргэний хэрэгт гэрчээр асуугаагүй. Тухайн экскаваторын түрээс хэдий хэмжээний ханштай байдаг гэдгийг С.Өсөхбаярын хувьд өөрөө сайн мэддэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганхуяг нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр С.Өсөхбаяртай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 7538 УБ улсын дугаартай, ROBEX 2900LC маркийн экскаватороо шилжүүлж өгөөд урьдчилгаа 30 000 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан энэ хугацааг хэтрүүлж 44 хоног өнгөрсөн. Иймд хохирлоо 40 хоногоор тооцон шаардаж байгаа. Гэрээний 4.9, 5.1, 5.2, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан С.Өсөхбаяраас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаас болон тухайн үед яг энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас нэг сарын өмнө байгуулсан гэрээн дээрээс харвал энэ төрлийн экскаваторыг хоногт 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр харагдаж байна. Тэгэхээр үндэслэж байгаа баримт маань өөрөө нэг өдөрт 1 100 000 төгрөгөөр тооцоод нийт 44 хоногт 44 000 000 төгрөгийг олох ёстой орлого байсан буюу хохиролд тооцон манай зүгээс нэхэмжилж байна. Тиймээс С.Өсөхбаяраас 44 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Ганхуягт олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэг дээр зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа болохоос биш түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй. Экскаваторыг түрээслэхдээ моторт цагаар тооцон түрээсэлдэг. Энэ талаар экскаватор ашигладаг, түрээсэлдэг, түрээслүүлдэг хүмүүс бүгд мэднэ. Ийм төрлийн том оврын хүнд даацын машин механизмыг түрээслэхдээ түлшийг нь хийгээд, жолоочтой нь хамт түрээсэлдэг. Өдрөөр түрээсэлнэ гэдэг ойлголт огт байхгүй. Хариуцагчаас гаргасан үнэлгээний тайланд түрээсийн ханшийг тогтоохдоо мэргэжлийн гэж хэлж байгаа энэ компани сул зогсолтыг огт тооцоолоогүй байна. Зах зээлийн ханшийг ямар судалгаа хийж гаргасан нь тодорхойгүй байх бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт, тайлан гаргасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй. С.Өсөхбаяр машин түрээслээгүй, худалдан авсан байсан тул түрээсийн төлбөрт шаардсан 44 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т зааснаар хариуцагч Г.Ганхуягаас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Өсөхбаярт олгож, С.Өсөхбаярт холбогдох 44 000 000 төгрөг гаргуулах тухай Г.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 377 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Өсөхбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Хэдийгээр хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээр урьдчилгаанд авсан байсан 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, С.Өсөхбаярт олгохоор, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн асуудалтай маргахгүй боловч гэрээний зүйл болсон экскаваторыг доголдолтой байсан талаар дүгнэсэн асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 ны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 8.2, 8.3-д тус тус заасантай нийцэхгүй. Түүнчлэн гэрээний зүйл экскаватор нь гэрээг байгуулах үед хэвийн ажиллагаатай байсныг нэхэмжлэгч болон бусад этгээдээр шалгуулан авсан байдаг тул доголдолтой экскаватор худалдсан гэж дүгнэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч нэмж 44 000 000 төгрөгийг гаргуулах санаа, зорилго байгаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нөхцөл байдлыг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс ямар нэгэн доголдолгүй экскаваторыг нэхэмжлэгчид худалдсан бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Өсөхбаяр нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийн үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан 40 хоногийн хугацаанд олох ёстой байсан орлогоороо хохирсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Г.Ганхуяг огт хохирол учраагүй мэтээр дүгнэж байгаа нь бодит нөхцөл байдлыг ойлгоогүй, нотлох баримтыг огт үнэлээгүй гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс худалдагчийн эрхийг огт хайхралгүй, хариуцагч энэ хугацаанд өөр байдлаар экскаваторыг ашиглаад ашиг орлогоо олох байсан болохыг зөв үнэлж дүгнэж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Өсөхбаяр нь хариуцагч Г.Ганхуягт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, Г.Ганхуягийн өмчлөлийн E901BA10399 арлын, 7538 УБ улсын дугаартай, Robex 2900LC маркийн экскаваторыг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 30 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөө нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлж, үлдэх 30 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. Дээрх гэрээний 3.4-т төлбөрийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд хүү тооцохгүй байхаар тусгажээ.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Учир нь дээрх гэрээгээр талууд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан заавал тусгах нөхцөлүүдийг тохиролцоогүй байна. /хэргийн 7-9 дүгээр тал/ Түүнчлэн, гэрээ цуцлах болсон шалтгаан, нөхцөл болон гэрээ хэний буруугаас цуцлагдсаныг шүүхээс тодруулах шаардлагатай. Ингэснээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. /хэргийн 68,69,75-77 дугаар тал/ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг шүүхээс дуудаж хууль сануулж мэдүүлэг авсан тохиолдолд гэрчийн мэдүүлэгт тооцогдох учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний зүйл болох экскаватор биет байдлын доголдолтой байсан талаар дүгнэхдээ эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар дүгнэсэн нь буруу болжээ. /хэргийн 24-28, 81-88 дугаар тал/

 

Нэхэмжлэгч талаас 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэх гэх баримтыг нотлох баримтаар гаргасан байх ба уг баримтад бичигдсэн статерыг гэрээний зүйл болох экскаваторт зориулан худалдан авсан эсэх, түүнд тавьсан сэлбэг гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн, уг сэлбэгийг хэн хүлээж авсан талаар баримтад тусгаагүй байна. Иймд уг баримтаар экскаваторыг доголдолтой байсан эсэхийг нотлогдсон гэж дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/00414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР