Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01111

 

 

Ё-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00769 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ё-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-, Т.Б- нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Т- болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, хариуцагч Б.Т- болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ё-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б-аас 443 149 920 төгрөг гаргуулж, Ё-ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэ захирамжийн биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийсэн боловч Т.Б-ы нэр дээр эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандаж болно гэсний дагуу шүүхэд хандаж байна. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус 7-р байр, 441 мкв бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 649 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар Б.Т-гийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд Т.Б- хамтран өмчлөгчөөр тогтоолгох боломжтой юм. Б.Т- нь мөн зуслангийн зориулалттай 330 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хоёр давхар хувийн сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энглсийн 23-р байрны 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, Их тойруу, 9-р байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоол, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, Их тойруу, 9-р байрны 2 тоотод байрлах 69,5 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Т.Б-, Б.Т- нарыг тогтоох боломжтой. Тэд албан ёсны гэр бүл болохыг улсын бүртгэлийн лавлагаар тогтоосон. Үүнээс хойш гэр бүл цуцлаагүй, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2015, 2017, 2018 онд бий болсон байсан. Дээрх хөрөнгө Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө дундын хөрөнгө байна гэж заасан. Т.Б-, Б.Т- нар эд хөрөнгийг дундаа өмчлөх ёстой гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцад улсын бүртгэлийн газраас Т.Б-ы нэр дээрх эд хөрөнгийн баримт бичгийг бидэнд өгөх боломжгүй гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгөөгүй. Т.Б-ы нэр дээр гурван компани байдаг. Компанийн үйл ажиллагаанаас ашиг олж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Б.Т-гийн нэр дээр байгаа хөрөнгийг бий болгосон гэж үзэж байгаа тул хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө гэжээ.

  Хариуцагч Б.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуунаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар хуульд заасан. Гэхдээ төлбөр гаргуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд Т.Б- дөрвөн компанитай, компаниараа ашиг олдог гэжээ. Энэ компанийн хувь эзэмшигч нь хэн болох тухайд ажиллагаа хийгдсэн талаар баримт алга. Нотлох баримтаас харвал зөвхөн газар буюу үл хөдлөх хөрөнгө Т.Б-ы нэр дээр байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Б-ы нэр дээр хөрөнгө байхгүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нэг машин хураагдаад, битүүмжлэгдээд байгаа. Т.Б-ы нэр дээр хөрөнгөгүй гэж үзсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийг тогтоолгох эрх нээгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Дөлгөөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад мэдэгдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгуулллагад барьцаалж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дуудлага худалдаанд оруулж бусдын өмчлөлд шилжихэд хүрээд байгаа тул үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 25 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220208409 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус гэр бүлийн гишүүд болох Т.Б-, Б.Т- нарын хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолоо: Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тгогтоолгохоор шүүхэд хандана гэж заасныг мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт Энэ хуулийн 86.2, 86.4 дэх хэсэгт заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэснийг зөрсөн. Төлбөр төлөгч Б-ы нэр дээр эд хөрөнгө байсаар байхад төлбөр авагч шууд дундын өмчид халдаж хувь хэмжээ тогтоолгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн хөрөнгө, хувь хэмжээ төлбөрт хүрэхгүй бол төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7 дахь хэсэгт заасан арга хэмжээ авах ёстой. Шүүх хэн нэгэн этгээд шийдвэр гүйцэтгэх материалыг үндэслээд бусдын эд хөрөнгийг дундаа эзэмшдэг эсэх талаар тогтоолгохоор шүүхэд хандаж болно гэсэн агуулгаар шийдвэрлжээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл болон тэр тусмаа 86.5 дахь хэсэг заасан үндэслэл нь тус хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсгийг хэрэглэхэд ямар ч хамаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Енод ХХК нь хариуцагч Т.Б-, Б.Т- нарт холбогдуулан Б.Т-гийн өмчлөл, эзэмшилд буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220208409 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, уг эд хөрөнгийн 50 хувийг хариуцагч Т.Б- өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох  тухай нэхэмжлэлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 32/

 

Енод ХХК, Т.Б- нарын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 106 дугаар эвлэрлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Т.Б- нь зээлийн гэрээний үүрэг 443 149 920 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор Енод ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсоныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 144 тоот шүүгчийн захирамжаар баталжээ. /хх-7/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, мөн өдрийн 1703 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон. /хх /

 

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. 1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарч байна.

 

Төлбөр авагч нь гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа хөрөнгийг шууд төлбөр төлөгчийн дундын өмч гэж тогтолгохоор шүүхэд хандах эрхтэй эсэх, шийдвэр гүйцэтгэгч бусдын нэр дээр шилжүүлсэн төлбөр төлөгчийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх талаар ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд авагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дах хэсэгт заасан ...энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт заасан ...энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ. гэж заасан ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй байна. Төлбөр төлөгч хөрөнгөө нуусан, бусдын нэр дээр шилжүүлсэн үндэслэл байгаа эсэх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдсан эсэх, төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээний талаар маргаан үүссэн эсэх нь тодорхойгүй байхад тухайн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД