Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 563

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-н А-д холбогдох 201626011879 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.А нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим иргэн Ж.Ө байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхыг түлхэн нэвтэрч, “Скай” маркийн гар утас, өсгөгчтэй хөгжим, биет 100.000 төгрөгийг хулгайлж, 302.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч З.А нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим , ..... оршин суух Ж.Ө байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхыг түлхэн нэвтэрч, “скай” маркийн гар утас, өсгөгчтэй хөгжим, биет 100.000 төгрөгийг хулгайлж, нийт 302.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-4-8/,

- хохирогч Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлын газрын Э хамт з-н 17-19 тоотоосоо 20 цаг 30 минутын үед гэрээсээ гарч эхнэр Э-г тосох гээд автобусны буудал руу явж, замын дэлгүүр орчихоод гэртээ буцаад ирсэн. Энэ хооронд 20 минут орчим л болсон байх...гэрийн цонхоороо дотогш харахад манай хашааны доод талын айлын зүс таних залуу манай гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгочихсон байхаар нь юу хийж байгаа юм гэхэд “тэр залуу танай хүүхдийг танина уучлаарай ахаа, одоо тохиролцье” гээд байхаар нь би “тийм зүйл байхгүй” гээд цагдаа дуудаад мэдэгдсэн. Манай гэрээс улаан өнгийн хөгжим, 2 ширхэг өсгөгч, бэлэн 100.000 төгрөг, гар утас зэрэг эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг /1х, хх-19/,

- гэрч Ч.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн өдөр манай байшингаас улаан өнгийн 2 жижиг өсгөгчтэй хөгжим, гар утас алдагдсан...нөхөр цалингаа буухаараа том өрөөний модон бор өнгийн дэлгэдэг жижиг цоожтой шүүгээний дотор нь хадгалдаг байсан, бэлэн мөнгө бол байсан...гэх мэдүүлэг /1х, х-22-23/,

- эд зүйлийн үнэлгээ /3х, х-149/,    

- шүүгдэгч З.А-ийн...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ж.Ө гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2х, хх-210-212/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би цонхыг рамаар нь салгаад орсон, хулгайлсан эд зүйлээ хашааг нь давуулж шидээд авч чадаагүй алга болгосон, хохирол төлсөн, үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч З.А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг “бусадтай бүлэглэн” үйлдсэн, эсхүл дангаар үйлдсэн эсхүл гэмт хэрэг үйлдээгүй гэх мэтээр зөрүүтэй байдлаар олон удаа мэдүүлэг өгсөн, энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг удаа дараа зохих ёсоор хийсэн байх ба шүүгдэгч нь тус хэргийг бусадтай бүлэглэсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй харин хохирогчийн гэрээс эд зүйлс тухайн цаг хугацаанд алдагдсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж нотлогдсон гэж үзнэ.  

Шүүгдэгч З.А 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд дээрмийн гэмт хэрэгт ялтай байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчлэгдэж, 10 жилээс дээш хорих ялаар шийтгэгдэхээр байх ба 2015 оны Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт “дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэсэн тухайн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хассан, мөн хорих ялын хэмжээ багассан байх тул  2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болно.  

            Шүүгдэгч нь хохирогчид 302.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.     

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн хорих ял оногдуулав.  

Харин шүүгдэгч нь шүүхийн 2016.06.16-ны өдрийн 4 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд /1х, х-153/ гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн хувьд хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулах зохицуулалт зарчмын өөрчлөлт байхгүй тул тухайн 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй.   

Бусад асуудал   

Шүүгдэгч З.А нь 2016 оны 9 дүгээр сарын 8-с /1х, х-50, 171/ 2017 оны 7 дугаар сарын 5-ны /1х, х-224, 2х, х-47, 86, 87, 99, 108, 124, 130, 205/ өдрийг хүртэл 300 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс /3х, х-124, 166, 176, 188/ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 149 хоног, нийт 449 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.А-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.А-ийг 1 жил 1 хоног хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 22 хоногийн хорих ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 хоног хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 23 хоногийн хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Аийн эдлэх 1 жил 6 сар 23 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.А-ийн цагдан хоригдсон 449 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.   

 

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шүүгдэгч З.А-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.        

 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч З.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР