Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01065

 

Н.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00615 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.О-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь мөнгө зээлэхэд туслаач гэж удаа дараа гуйсан учраас 2016 оны 6 дугаар сарын 04-ны өдөр өөрийнхөө 5099500626 тоот данснаас түүний 5027259775 тоот дансанд 400 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-нд өдөр 4 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Б.М- мөнгө авсан талаар маргадаггүй. Харин Б.М- нь С.Өлзийжаргалаас тусдаа мөнгө зээлсэн, Н.О- нь С.Өлзийжаргалд шүүхийн шийдвэрээр төлбөртэй, энэ мөнгийг Б.М- зээлсэн тул түүнээс авч төлөх юм. Иймд Б.М-гаас 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь Н.О-гээр зуулчлуулаад иргэн С.Өлзийжаргалаас мөнгө авсан гэдгээ зөвшөөрдөг. Үүнээс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 400 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 400 000 төгрөгийг С.Өлзийжаргалд төлсөн. Энэ мөнгийг хасаад үлдэх мөнгийг Н.О-д төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Базарваанийн М-гаас 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Намсрайжавын О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Өлзийжаргал нь 23 000 000 төгрөг Н.О-д зээлдүүлсэн гэж шүүхэд өргөдөл гаргаад Б.М-г энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулсан. Б.М- нь анхнаасаа Н.О-гээс мөнгө авахдаа, энэ авсан мөнгөө хүүтэйгээр С.Өлзийжаргалд төлж барагдуулна гэж амласнаараа төлж барагдуулсан. Мөн илүү ч хүү төлсөн байсныг шүүх зөвтгөн шийдсэн. Уг хэрэг нь одоо Дээд шүүх дээр очсон хурал нь болоогүй байгаа. Энэ хэрэг Дээд шүүх дээр хянагдаж дууссаны дараа хэргээ шийдүүлэх, тухайн хэргээс Өлзийжаргалын нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хариуцагчийн тайлбар, миний тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрийг авч хавсаргаж өгөөч гэхэд шүүх татгалзсанд гомдолтой. С.Өлзийжаргал нь надаас 20 000 000 төгрөг төлүүлж авчаад дахиад Н.О-гээс, Н.О- нь надаас нэхээд шүүхэд өгөөд байгаа. Надтай байгуулсан зээлийн гэрээ байхгүй, С.Өлзийжаргалын нэхэмжлэлээр Н.О-гээс 23 000 000 төгрөг нэхэмжилсэн бол Б.М- намайг адилхан хариуцахаар оролцуулах байсан. Миний итгэмжлэл хийж өгсөн өмгөөлөгч нь бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргуулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шүүх хуралд өөрийн биеэр оролцох болно гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх13/

Хэрэгт Н.О-гээс хариуцагч Б.М-гийн Хаан банкны 5027259775 тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4 600 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Дээрх 23 000 000 төгрөгийг шилжүүлсэн шалтгаанаа нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг Б.М-д зээлдүүлсэн гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. /хх4-5,7/

Түүнчлэн талууд дээрх 23 000 000 төгрөгийг иргэн С.Өлзийжаргалаас Н.О-гийн дансанд шилжүүлсэн, Н.О-гээс Б.М-гийн дансанд шилжүүлсэн гэдэгт маргаагүй байна.

Зохигч зээл 23 000 000 төгрөгөөс хэдэн төгрөг буцаан төлөгдсөн, хариуцагч Б.М-гаас 23 000 000 төгрөгийг төлөхийг Н.О-, С.Өлзийжаргал нар тус тусдаа давхардуулан шаардаж байгаа эсэх асуудлаар маргажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний үүргийг гэрээнийхээ талын өмнө гүйцэтгэх бөгөөд хариуцагч Б.М- 23 000 000 төгрөгийг Н.О-гээс өмчлөлдөө шилжүүлэн авсны хувьд Н.О-д буцаан төлөх үүрэг гэрээгээр үүссэн. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Хариуцагч Б.М- нь 4 400 000 төгрөгийг С.Өлзийжаргалд төлсөн гэж тайлбарласныг анхан шатны шүүхээс нийт гүйцэтгэвэл зохих 23 000 000 төгрөгөөс хасч тооцон 18 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Н.О- хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь диспозитив зарчимд нийцжээ.

Хариуцагч Дээрх 23 000 000 төгрөгийг С.Өлзийжаргал надаас ч, Н.О-гээс ч нэхэмжлээд мөн Н.О- нь надаас нэхэмжлээд давхар давхар ойлгомжгүй байдал үүсч байна гэх тайлбар, татгалзалаа баримтаар нотлоогүй байна. Хэрэгт шүүхийн шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр С.Өлзийжаргал нь Н.О-гээс 25 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэх боломжгүйгээс гадна С.Өлзийжаргал Б.М-гаас мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан тухай нотлох баримтыг хариуцагч гаргаагүй байна. /хх38/

Зохигч зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус нийцэх юм.

Хариуцагч Б.М- нь зээл 23 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.О-д төлж барагдуулсан гэх нотлох баримт, түүнчлэн уг 23 000 000 төгрөгийг С.Өлзийжаргалд бүрэн төлж дууссан гэх нотлох баримтыг ч гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан татгалзал түүний үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Б.М- нь Н.О-гээс шилжүүлэн авсан 23 000 000 төгрөгийг С.Өлзийжаргалд төлсөн гэх тайлбарт үндэслэн түүнийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцэхгүй юм. Н.О-гийн зүгээс мөнгөн хөрөнгийг С.Өлзийжаргалд хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн гэж үзэх, эсхүл ашиг олсон гэж үзэх баримт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД

 

 

 

 

 

=