Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/00615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Н.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо,  Б.М-д холбогдох 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь Н.О-ийн төрсөн ах Н.Д-ийн гэр бүлийн хүн юм. Н.О нь хувиараа бизнес хийдэг, шаардлагатай тохиолдолд хүнээс мөнгө зээлж үйл ажиллагаагаа явуулдаг. Б.М нь мөнгө зээлэхэд туслаач гэж удаа дараа гуйсан учраас 2016 оны 06-р сарын 04-нд өөрийнхөө 5099500626 тоот данснаас түүний 5027259775 тоот дансанд 400 000 төгрөг, 2016 оны 07-р сарын 25-нд 18 000 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 07-нд өдөр 4 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Б.М мөнгө авсан талаар маргадаггүй. Харин Б.М нь С.Ө-аас тусдаа мөнгө зээлсэн, Н.О нь С.Ө-д шүүхийн шийдвэрээр төлбөртэй, энэ мөнгийг Б.М зээлсэн тул түүнээс авч төлөх юм. Иймд Б.М-аас 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь Н.О-ээр зуулчлуулаад иргэн С.Ө-аас мөнгө авсан гэдгээ зөвшөөрдөг. Үүнээс 2016 оны 07-р сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 07-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 07-р сарын 29-ний өдөр 400 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 4 400 000 төгрөгийг С.Ө-д төлсөн. Энэ мөнгийг хасаад үлдэх мөнгийг Н.О-д төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О нь Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 18 600 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Н.О нь Б.М-д 2016 оны 06-р сарын 04-нд 400 000 төгрөг, 2016 оны 07-р сарын 25-нд 18 000 000 төгрөг, 2016 оны 10-р сарын 07-нд өдөр 4 600 000 төгрөгийг тус тус данснаас дансанд /хх 4-7/ шилжүүлжээ. Мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн 000593 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5-р сарын 8-ны өдрийн 825 тоот магадлалаар С.Ө-ын нэхэмжлэлтэй Н.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг /хх 15-16/ хянан хэлэлцжээ.

 

Тухайн хэрэгт Б.М бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байх ба нэхэмжлэгч нь түүний төлсөн 4 400 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцсон, шүүх 20 600 000 төгрөгийн шаардлагыг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ...Н.О нь С.Ө-д шүүхийн шийдвэрээр төлбөртэй, энэ мөнгийг Б.М зээлсэн тул түүнээс авч төлнө ...гэсэн тайлбар, хариуцагчийн ...Б.М-ийн төлсөн 4 400 000 төгрөг хасч бусад хэсгийг зөвшөөрнө гэсэн тайлбар, дээрх шийдвэр, магадлал зэргээс дүгнэвэл С.Ө, Н.О болон Н.О, Б.М нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргүүд нь хоорондоо харилцан тооцогдох шалтгаант холбоотой байна.

 

Иймд Б.М-ийн төлсөн 4 400 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-с 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж Н.О олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.М.аас 250 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА