Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01684

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01684

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Б.Сгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01535 дугаар шийдвэртэй, Б.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Цд холбогдох, гэм хорын хохиролд 6 117 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч Ж.Ц, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу хариуцагч нь өөрийн автомашинаар нэхэмжлэгчийн Хьюндай Токсон маркийн автомашиныг мөргөж нийт 10 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас худалдаж авсан. Хьюндай Токсон авто машиныг өөр засварын газраар засуулах гэхээр сэлбэг нь олдохгүй, шаардлага хангахгүй байсан. Дахин засвар үйлчилгээ хийсэн ч осолд орохоос өмнөх байдалд нь сэргээн засварлах боломжгүй. “Монгол Хьюндай автомотив” ХХК  автомашиныг 10 000 000 орчим төгрөгөөр зассан тул одоо үлдэгдэл төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх өмнө нь 4 000 000 орчим төгрөгийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд дахин зардлаа нэхэмжпэх боломжтой болохыг хэлсэн гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 4 459 500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож энэ үнэлгээг Б.С зөвшөөрч, “Хаан даатгал” ХХК-аас даатгалын хохиролд 4 459 500 төгрөг төлөгдсөнөөр энэ асуудал дууссан. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээч томилсон. “Лэндс” ХХК-ийн дүгнэлтээр 5 211 340 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосон. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/00495 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч Ж.Цгоос 751 840 төгрөг гаргуулж, өмнө нь “Хаан даатгал” ХХК-аас 4 459 500 төгрөг нэхэмжлэгч Б.Сд төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Б.С дахин шүүхэд нэхэмжпэл гаргасан байна. Нэхэмжлэгч 6 117 000 төгрөгийг ямар баримт үндэслээд нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Хавтаст хэргийн 6-24 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нэхэмжлэгчээс мөнгө гарсан гэдгийг нотлохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтууд тус тээврийн хэрэгсэлд 9 000 000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх талаар дурдсан байгаа болохоос бодит байдалд ийм хэмжээний засвар үйлчилгээ авсан эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ эдгээр засвар үйлчилгээг хийлгэсэн тохиолдолд төлбөр төлсөн НӨАТ-ын баримт хэргийн материалд хавсаргасан байх ёстой. Хэргийн материалаас үзэхэд төлбөр төлсөн НӨАТ-ын баримт, мөнгө хүлээн авсан кассын няравын баримтууд байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Мөн өмнө учруулсан гэм хорыг төлж барагдуулсан атлаа нэхэмжлэгч дахин хохирол нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсэгт зааснаар хариуцагч Ж.Цгоос 5 364 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 752 980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Цгоос 100 775 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Б.Сд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "... нэхэмжлэгчийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлдээ ... уг машиныг “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас худалдан авсан, тус мэргэжлийн засварын газраар тэдний сэлбэгээр засуулахад 12 000 000 төгрөг болсон” гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтаар тухайн компаниас худалдан авсан гэх баримтгүй, мөн 10 575 360 төгрөг зарцуулсан гэх зөрүүтэй баримт хэрэгт авагдсан зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ анхнаасаа биелүүлээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК болон “Лэндс” ХХК-ийн дүгнэлт, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00495 дугаар шийдвэрт “ ... хариуцагч Ж.Цгийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Б.Сд учруулсан гэм хорыг арилгасан гэж үзэхээр байна" гэх дүгнэлт зэргийг нэхэмжлэгч тухайн үед хүлээн зөвшөөрч гэм хорын хохирол бүрэн төлөгдсөн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчсөн. Шүүх "... Б.С нь өөрийн автомашинд 5 423 360 төгрөгийн сэлбэг, эд анги, 2 112 00 төгрөгийн автомашин болон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг, 1 790 000 төгрөгийн үнэ бүхий эд ангийг “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас захиалан авсан, нэр бүхий хувь хүнээс 1 250 000 төгрөгийн эд анги худалдан авсан болох нь тогтоогдсон, ... машины гэмтсэн эд хөрөнгийг засахад нийтдээ 10 575 360 төгрөг нэхэмжлэгч Б.С төлсөн байна” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн 2 ширхэг захиалгын хуудас, 6 ширхэг зарлагын баримт, 6 ширхэг засвар үйлчилгээний хуудас, нийт 9 325 360 төгрөгийн тээврийн хэрэгсэлийн сэлбэг, эд анги, засвар үйлчилгээ авсан болох нь үнэн” гэх тодорхойлолт, З.Азхүү, Баатаржав нарын зарлагын баримт 2 ширхэг авагдсан нь нэхэмжлэгч Б.Сг өөрийн машинд 5 364 020 төгрөгийг зарцуулсан болохыг нотолсон баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт нэхэмжлэгч Б.С нь өөрөөсөө төлбөр төлж байсан, НӨАТ-ын болон “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн санхүүд мөнгө тушаасан баримтгүй нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00495 дугаар шийдвэрээс хойш нэхэмжлэгчээс гарсан бодит зардал гэж үзээд 5 364 020 төгрөг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... 10 500 000 төгрөгийн хохирол учруулсан, машинийг 10 000 000 төгрөгөөр зассан, эвдрэл гэмтлийг засварлахад 12 000 000 төгрөг болсон” гэх зөрүүтэй тоонууд хэлдэг ба “Монгол Хьюндай автомотив” ХХК-аас нийт 9 325 360 төгрөгийн үйлчилгээ авсан тухай тодорхойлолт хэрэгт авагдсан, шүүх 10 575 360 төгрөгийг төлсөн гэх зэрэг зөрүүтэй дүгнэлт хийсэн. “Монгол Хьюндай автомотив” ХХК-д орлого орж, нэхэмжлэгчээс зарлага гаргасан төлбөр төлсөн ямар ч баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч төлбөр төлсөнөө нотлоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хариуцагчаас автомашиныг сэргээн засварлахад зарцуулагдсан 10 575 360 төгрөгийн зөрүү 5 364 020 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ж.Цд холбогдуулан гэм хорын хохиролд 6 117 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сурын харвааны талбайн урд замд Тоёото ланд круйзер маркийн 05-31 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчиж К.Еркинбекийн жолоодон явсан Хьюндай Токсон маркийн 88-14 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Нэхэмжлэгч өмнө нь уг ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 183/ШШ2019/00495 дугаар шийдвэрээр автомашиныг сэргээн засварлахад зарцуулагдах төлбөрийн дүнг 5 211 340 төгрөг гэж тодорхойлсон үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн уг дүнгээс “Хаан даатгал” ХХК-аас нөхөн төлбөрт төлөгдсөн 4 495 500 төгрөгийг хасч хариуцагч Ж.Цгоос 751 840 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.  /хх28-29, 39-44, 73-78/

    Нэхэмжлэгчийн “5 211 340 төгрөгөөр автомашинд учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулж, өмнөх байдалд сэргээх боломжгүй, автомашиныг анх худалдан авсан “Монгол Хьюндай Автомотив” ХХК-аас өөр автомашиныг өмнөх байдалд сэргээн засварлах газаргүй байна” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. /хх29/

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/00495 дугаар шийдвэрт автомашинд учирсан хохирлын хэмжээг 5 211 340 төгрөг гэж тодорхойлсон боловч уг шийдвэр гарснаас хойш автомашиныг бодитоор 10 575 360 төгрөгөөр засварласан нь хэргийн баримтаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ. /хх73-78/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн тамга, тэмдэгтэй, гарын үсэг бүхий захиалгын хуудас, бараа материалын зарлагын баримт, захиалга үйлчилгээний хуудас, засвар үйлчилгээний хуудас, зарлагын баримт, бараа үйлчилгээний үнэлгээ зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь тус компаниас нийт 9 325 360 төгрөгийн сэлбэг, эд анги, засвар үйлчилгээ авч төлбөрийг нь Голомт банкны дансаар 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 7 535 360 төгрөг, бараа материал төлсөн зарлагын баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 790 000 төгрөг төлсөн нь нотлогдож байна. Хариуцагч нь энэ дүнг төлсөн эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарладаг боловч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь иргэн Д.Азхүүгээс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Tucson карказ 1 ширхэгийг 550 000 төгрөгөөр, иргэн А.Баатаржаваас 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр урд гар баруун 1 ширхэгийг 250 000 төгрөгөөр, урд буфер дээд хэсэг 1 ширхэгийг 300 000 төгрөгөөр, урд буфер доод хэсэгт 1 ширхэг 150 000 төгрөгөөр нийт 1 250 000 төгрөгийн сэлбэгийг худалдаж авсан болох нь тогтоогдож байна. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч автошиныг сэргээн засварлахад нийт 10 575 360 төгрөг зарцуулсан байх  бөгөөд үүнээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 495 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулсан 751 840 төгрөг, “Хаан даатгал” ХХК-аас нэхэмжлэгчид төлсөн 4 459 500 төгрөгийг тус тус хасч тооцон хариуцагчаас нийт 5 364 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна. Өөрөөр хэлбэл өмнөх шүүхийн шийдвэрээс хойш хийгдсэн засвар үйлчилгээний зардлыг бодит хохиролд тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгчийн автомашиныг сэргээн засварлахад зарцуулсан сэлбэг хэрэгсэл, ажил үйлчилгээний нэр төрөл нь хөрөнгийн үнэлгээний “Ландс” ХХК-ийн автомашинд учирсан эвдрэл, түүнийг сэргээн засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, ажил үйлчилгээний   жагсаалт, мөн Замын Цагдаагийн газраас осол гарах үед гаргасан акт, тэмдэглэлд  дурьдагдсанаас зөрүүгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 824 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

    ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                  А.МӨНХЗУЛ