Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0323

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0323

Улаанбаатар хот

“ША” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ж.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор, “ША” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.Х, Ж.Я нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ША” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.А, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0253 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тус шүүхээс “ША” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын төсөв орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.А, Ж.Я нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 0253 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, 47 дугаар зүйлийн 47.1.1-д татвар төлөгч татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, ... тус тус заасны дагуу, төлөвлөгөөт хяналт хийж ... төлбөр төлүүлэхээр тогтоосныг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас гаргасан “Акт” нь ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох, түүнийг татвар төлөгч биелүүлэх үүрэг үүссэн эсэх талаар л маргаж байгаа бөгөөд тухайн тохиолдолд л шүүхийг эрх зүйн дүгнэлт өгөхийг хүсэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Татварын улсын байцаагчийн акт татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй маргаан бүхий актыг хүчин төгөлдөр гэж үзэх юм уу эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзээд захиргааны акт илт хууль бус болох уу л гэж маргасан.

Гэвч анхан шатны шүүх татварын хуулиар хариуцагч нь татвар төлөгчийг шалгах эрхтэй байна энэ нь хууль бус үйлдэл эс үйлдэхүй гэж үзэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй зүйлийг дүгнэсэн байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн шалгах эрхтэй эсэх дээр маргаагүй бөгөөд зөвхөн шалгаад үйлдсэн баримт бичиг нь хууль бус байна гэж маргасан үйлдэлд хамааралгүй зүйл заалтыг баримталж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт: 0253 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “хэрвээ нэхэмжлэгч нь ... төлбөрийг хууль бус үндэслэлгүй тогтоосон төлбөр гэж үзсэн бол хуульд заасан журмын дагуу холбогдох татварын маргаан таслах зөвлөлд ... шийдвэрлэсэн байна. Улмаар ... нэхэмжлэлийн шаардлагаа “актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилснөөр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах тухайн маргаан дуусгавар болсон байх бөгөөд энэ тохиолдолд ... актыг биелүүлэх нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн 210022552 тоот маргаан бүхий актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар 2017 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох буюу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар өөрчилсөн. Тухайн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 705 тоот шийдвэрээр актыг илт хууль бус болохыг тогтоосон.

Харин хариуцагчаас гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0829 тоот магадлалаар “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хэрэглэх боломжтой байна” гэж дүгнэсний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд анхан шатны шүүхэд 2018 онд нэхэмжлэл гаргасан.

Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэхдээ дараах байдлаар ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэжээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан шаардлагад хамааруулж дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нөхцөлийг алдсан мэт ойлгогдохоор дүгнэсэн.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 705 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийн үндэслэлийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөгдөөгүй зөвхөн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх талаар дүгнэсэн бөгөөд 705 тоот анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар 0253 тоот шийдвэрээр анхан шатны шүүх дүгнээгүй бөгөөд нэг маргаанд өмнө гаргасан шүүхийн шийдвэрээсээ эрс өөр шийдвэр гаргасан.

Гуравдугаарт: 0253 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... актын татвар төлөгчид гардуулсан хувьд татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Энхбаяр зураагүй боловч Татварын ерөнхий газрын архив болон татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2 хувь актад Д.Энхбаяр гарын үсэг зурж баталгаажуулснаас үзвэл энэхүү 2 хувь нь хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр тул бодит байдал хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх мөн боломжгүй байна” гэжээ.

Гэтэл Монгол улсын Үндсэн хууль. түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомжид иргэн, хуулийн этгээд нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэж заасан. Харин анхан шатны шүүх энэ эрхийг харилцан адилгүй үзэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж шийдвэрлэсэн.

Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэгчид гардуулсан актад хяналт шалгалтын дарга гарын үсэг зураагүй боловч үлдсэн хоёр хувь дээр нь гарын үсэг зурсан байх тул гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нэг үндэслэл болгосон.

Гэвч анхан шатны шүүх хоёр хувь акт дээр хяналт шалгалтын хэлтсийн дарга нь хэзээ гарын үсэг зурсан эсэх дээр анхаарч үзэлгүй дүгнэсэн. Учир нь татвар төлөгчийн хувийн хэрэг, хяналт шалгалтын баримтад хадгалах актын хувиуд нь хариуцагч талд хадгалагддаг. Тухайн хоёр хувь акт дээр татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаараа хариуцагч нар нь хэзээ ч гарын үсэг зуруулж болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий актыг илт хууль бус байна гэж маргах үед л хариуцагч нар хэлтсийн даргаараа гарын үсэг зуруулсан.

Нөгөөтэйгүүр актын 1 хувь дээр нь гарын үсэг зураагүй боловч үлдсэн 2 хувь дээр гарын үсэг зурсан бол акт хүчин төгөлдөр болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Харин Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт зааснаар актыг ямар тохиолдолд хүчин төгөлдөр болохыг заасан зохицуулалтыг зөрчиж дүгнэсэн үндэслэлгүй байна

Дөрөвдүгээрт: Хариуцагч татварын улсын байцаагч нарыг Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дах хэсэгт зааснаар “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт танилцуулах”-ыг хориглосон.

Гэвч хариуцагч нар нь гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр болоогүй актыг нэхэмжлэгчид гардуулаад өр үүсгэсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийн ажлын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн хуулийн зохицуулалт байна гэж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тавдугаарт: Захиргааны актыг гаргах үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийг зөрчиж үйлдэгдсэн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд тухайн актын төлбөрийн хэмжээтэй холбогдуулж маргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл актын хүчин төгөлдөр болох процесс нь татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсгийг зөрчсөн байна гэж маргаж байхад төлбөрийн хэмжээнд маргах боломжгүй байсаар байтал түүнтэй маргахгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх татварын улсын байцаагч нар шалгаад акт үйлдсэн бол тухайн акт хүчин төгөлдөр болсон эсэх нь хамаагүй гэж үзэж татварын улсын байцаагч нарыг татварын хууль тогтоомжийг зөрчих боломжийг олгож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “ША” ХХК нь  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Н.А, Ж.Я нарын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210022552 тоот актыг Төрийн хяналт шалгалтын хэлтсийн дарга хянаж баталгаажуулаагүй, ... гарын үсэг зураагүй акт нэхэмжлэгчид гардуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.7-д зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

Маргаан бүхий 210022552 тоот актын татвар төлөгчид гардуулсан хувьд татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Э-ын гарын үсэг зурагдаагүй байх боловч Татварын ерөнхий газрын архив болон татварын төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2 хувь актад Д.Э гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн 3 хувь үйлдэгдсэн актууд нь агуулгын болон төлбөрийн дүнгийн зөрүүгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь акт хүчин төгөлдөр байх нөхцөлийг заасан боловч актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл биш байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болох нөхцөлийг заасан, харин маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг агуулаагүй бөгөөд зөвхөн Татварын ерөнхий хуульд заасан хүчин төгөлдөр болох нөхцөлийг тухайн актын нэхэмжлэгчид гардуулсан нэг хувь хангаагүй байна. Шаардлагатай бол татварын байгууллага Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар хүчин төгөлдөр болсон хувийг гардуулах ажиллагааг хийх боломжтой.

Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2018/0829 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0705 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч дээрх магадлалд заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өмнө гаргасан шийдвэрээсээ өөр шийдвэр гаргасан гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ