Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 126/2019/0033/З |
Дугаар | 250 |
Огноо | 2020-06-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 250
Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг
дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга
бөгөөд аудитын менежер, ахлах аудитор нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах”
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаар магадлалтай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.5, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-гийн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тус тус баримтлан Т.Бгаас Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Т.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаартай Магадлалыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад тус шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Бгийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаартай магадлалд: “Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот “Төлбөр барагдуулах тухай” актаар нэхэмжлэгч Т.Бд 4,849,200 төгрөг нөхөн төлүүлэхээр хариуцуулжээ. Энэхүү захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах” гэсэн 103 дугаар зүйлийн 103.3-д “Энэ хуулийн 103.3-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” гэж заасны дагуу гаргасан байна.” гэсэн байна.
6. Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасны дагуу гаргасныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр тогтоосон бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх энэхүү захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гаргасан байна гэсэн атлаа хуульд заасны дагуу гаргасан захиргааны актыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг зохих хууль, тогтоомж хэрэглэж тайлбарлаагүй.
7. Захиргааны ерөнхий хууль холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлийг зохих хууль, тогтоомж хэрэглэж тайлбарлаагүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01 өдрийн 232 дугаартай магадлалд “Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг гаргахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасныг анхаараагүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байхад актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах шатны гомдлыг хангах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв..." гэсэн байна. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан" ХХК-ийн захирал Т.Б нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Б.Уыг ажлаас үндэслэлгүй халсныг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаартай шийдвэрээр тогтоож Б.Уд ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна.
9. Т.Бгийн гаргасан шийдвэр буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад гэм буруугийн асуудлыг Төрийн аудитын байгууллага үнэлэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” заасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
10. Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар актаар, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Уд ажилгүй байсан хугацааны цалинд 4,849,200 төгрөг олгоод авлага үүсгэн буруутай этгээдээр төлүүлээгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, байгууллагын зардлаас гаргасан төлбөрийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “И” ХХК-ийн захирал Т.Бгаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
11. Давж заалдах шатны шүүхээс, маргааны үйл баримтад Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар захиргааны байгууллага бусад иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх эрхтэй боловч ийнхүү төлүүлэхдээ гэм буруутай этгээдийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учруулсан байдлыг харгалзан үзэхийг хуульчилжээ.
13. Нэхэмжлэгч Т.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар нягтлан бодогч Б.Уыг “үйлдвэрийн газрын мөнгө, хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд Б.У шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1,162,182 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Улмаар Б.У нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилдаа орж, энэ хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр “Их-Уул дулаан” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 4,704,070 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг тус компани биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
14. Үүний зэрэгцээ хэрэгт нотлох баримтаар авагдсан, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар тогтоолоор, Б.У нь “И” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын эд хөрөнгөнөөс 1,490,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, уг хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, мөн хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
15. Дээрх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан ХХК-ийн захирал Т.Бгийн буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна гэж үзнэ. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэм буруугийн асуудлыг Аудитын байгууллага зөв, буруу гэж үнэлэх эрхгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл буруу байна.
16. Энэ тохиолдолд хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар нь маргаан бүхий актаар байгууллагын зардлаас гаргасан төлбөрийг “И” ХХК-ийн захирал Т.Бгаар нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу тогтоогдсон нөхцөл байдлыг буюу Б.У нь тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа компанийн эд хөрөнгөнөөс 1,490,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, үүний улмаас түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн нөхцөл байдал бий болсныг харгалзан хохирлыг нөхөн төлүүлэх эсэхийг шийдвэрлэх, анхан шатны шүүх актын энэ үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
17. Өөрөөр хэлбэл, уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч Т.Б нь нягтлан бодогч Б.Уыг чөлөөлсөн тушаалыг гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан байж болох боловч энэ нь байгууллагадаа хохирол учруулах шууд санаатай үйлдэл байсан, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. ...төлбөр барагдуулах тухай актыг гаргахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг анхаараагүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байхад актыг гаргасан...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
18. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 232 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА