Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01066

 

 

Б-рын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00601 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б-рын нэхэмжлэлтэй хариуцагч М.Ш-т холбогдох

Гэм хорын хохиролд 7 558 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв

Нэхэмжлэгч Б-раас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Энхлхагва нь Б-ар болон 5 дугаар хороонд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 7 425 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 133 750 нийт 7 558 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс шүүх уг мөнгийг 5 дугаар хорооноос гаргуулж, Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Энхлхагва болон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус хорооны засаг даргаар ажиллаж байсан М.Ш- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учруулсан нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. М.Ш- гэрээ байгуулахдаа Дүүргийн засаг даргын тамгын газар болон Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, гэрээний ажлын хөлс нь манай тухайн жилийн төсөвт тусгагдаагүй. Хэдийгээр шүүх 5 дугаар хорооноос холбогдох мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ч хороо нь өөрийн төсөвгүй, дүүргийн төсвөөс санхүүждэг тул дүүргийн засаг даргын тамгын газраас холбогдох мөнгийг төлж барагдуулсан. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, эргээд төрд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар ч гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх ёстой. Дүүргийн засаг даргын тамгын газраас төлж барагдуулсан 7 558 750 төгрөгийг М.Ш-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Ш- шүүхэд гаргасан тайлбартаа: 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Б.Энхлхагватай албан ёсоор гэрээ байгуулаагүй. Дээрх 7 558 750 төгрөгийг байгууллагад учруулсан хохирол гэж гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй. Б.Энхлхагва нь хорооны хэсгийн ахлагч нартай тохиролцсон баримт байдаг тул засаг даргын тамгын газар хэсгийн ахлагч нараас зохих хохирлоо барагдуулах үндэслэлтэй. Б.Энхлхагва самбар хийж өгнө гээд 680 000 төгрөг аваад одоо хүртэл өгөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Ш-т холбогдох 7 558 750 төгрөг гаргуулах тухай Б-рын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б-ар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмлэгчийн төлөөлөгч Б.Амартүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр 5 дугаар хорооны Засаг дарга болон иргэн Б.Энхлхагва нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон. Мөн тухайн үед М.Ш- нь Б.Энхлхагваас нийлүүлсэн хаяг нь шөнө гэрэлтдэггүй, фосфортой хаяг биш байсан талаар дурдаж маргасан хэрнээ энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхээс ажлын үр дүн доголдолгүй байсан гэж үзэх нөхцөл болсон. Анхан шатны шүүх хариуцагч гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Төрийн албан хаагч болох 5 дугаар хорооны Засаг дарга М.Ш- нь хуулийн этгээдийн эрхгүй, бие даасан төсөвгүй хэрнээ бусад иргэнтэй мөнгөн дүнтэй гэрээ байгуулахдаа дээд шатны байгууллага болох дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл аваагүй, урьдчилж мэдэгдээгүй, гэрээ байгуулснаас үүсэх сөрөг үр дагаврын талаар урьдчилан мэдэгдээгүй, шүүхэд энэ талаар маргаан үүссэн байхад татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байгаа нь ажил олгогч болох дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хариуцагчийг ажил үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзэхээр байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Одоо төрд учирсан хохирлоо шаардаж байна. Гэрээ байгуулсны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан. Баг, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх ёстой. Хороо нь дүүргийн төсвөөс санхүүждэг тул дүүргийн төсөвт тусгагдаагүй ч гэсэн Засаг даргын Тамгын газраас холбогдох мөнгийг төлж барагдуулсан. Төрд учирсан бодит хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдалд оруулж байна. Хариуцагч нь дур мэдэн гэрээ байгуулж, төрд хохирол учруулаагүй бол нэхэмжлэгч шүүхэд хандах шаардлага гарахгүй байх байсныг давж заалдах шаты шүүхээс анхаарахыг хүсэж байна. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б-ар нь хариуцагч М.Ш-т холбогдуулан гэм хорын хохиролд 7 558 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх47-48, хх125-136/

М.Ш- нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ. Түүнийг засаг даргаар ажиллаж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01221 тоот шийдвэрээр тус 5 дугаар хорооноос 7 825 000 төгрөгийг гаргуулж Б.Энхлхагвад олгосон байна. Уг хэргийн нэхэмжлэгч нь Б.Энхлхагва хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Б-ар байсан бол одоо үүссэн маргааны талууд Б-ар, М.Ш- нар байна. Иймд дээрх 101/ШШ2017/01221 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэх боломжгүй. Харин 101/ШШ2017/01221 тоот шийдвэрийг бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна. /хх 22-26/

Нэхэмжлэгч нь 101/ШШ2017/01221 тоот шийдвэрээр 5 дугаар хорооноос гаргуулсан 7 825 000 төгрөгийг М.Ш-ийн хорооны засаг дарга буюу төрийн албан хаагч байх үедээ зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулж төрд учруулсан хохирол гэж тодорхойлжээ. /хх1-3, хх125-136/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдэд холбогдон үүсэх юм.

Хорооны засаг даргын хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрт эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх үүднээс гэрэлтдэг хаяг захиалсан үйлдлийг хууль бусаар төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж дүгнэх боломжгүй. Засаг даргын дээрх үйлдэл нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 дахь хэсэг буюу хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх заалтын хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дүгнэж үзэхэд М.Ш-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв болжээ.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. /хх141-146/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрх нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад, мөн төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг эхэлж түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгасны үндсэн дээр буцаагаад /регресс/ гэм буруутай этгээдээс шаардахад хамаарах заалт юм.

Хорооны засаг дарга нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Б-рыг 5 дугаар хорооны засаг даргын өмнөөс бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан гэх үндэслэл дээрх шүүхийн шийдвэр буюу бичмэл баримтын агуулга, талуудын тайлбараар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч талууд бүрэн мэтгэлцсэн, давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан гэх ерөнхий заалтыг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн ...Төрд учирсан бодит хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үлдлээ. Хариуцагч нь дур мэдэн гэрээ байгуулж, төрд хохирол учруулсан гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00601 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б-ар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД