Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00541

 

БЗДЗДТ газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00601 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1066 дугаар магадлалтай,

БЗДЗДТ газрын нэхэмжлэлтэй,

М.Шд холбогдох,

Гэм хорын хохиролд 7,558,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, хариуцагч М.Ш, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БЗДЗДТ газар нь хариуцагч М.Шд холбогдуулан гэм хорын хохиролд 7,558,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00601 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М.Шд холбогдох 7,558,750 төгрөг гаргуулах тухай БЗДЗДТ газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч БЗДЗДТ газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1066 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00601 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч БЗДЗДТ газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Хариуцагч М.Ш нь тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг засаг дарга буюу төрийн албан хаагч байх үедээ төрд 7,825,000 төгрөгийн хохирол учруулсанд гэм буруутай эсэх талаар: Давж заалдах шатны шүүхээс “Хорооны Засаг даргын хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрт эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх үүднээс гэрэлтдэг хаяг захиалсан үйлдлийг хууль бусаар төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж дүгнэх боломжгүй. Засаг даргын дээрх үйлдэл нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 дахь хэсэг буюу хууль тогтоомжид заасан бүрэн эрх, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх заалтын хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дүгнэж үзэхэд М.Шд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн албан хаагч захирах, захирагдах ёс, хуульд зааснаас бусдыг хориглох, хуульд үндэслэх зарчмыг өөрийн ажил үүргээ гүйцэтгэх, шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Тодруулбал хорооны Засаг дарга нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлэх бөгөөд өөрийн хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамж, хашаа, барилга, байгууламжийн хаягийг шинээр хийх, авах, захиалах бүрэн эрх олгогдоогүй байна. Мөн хороо нь хуулийн этгээдийн эрхгүй, бие даасан төсөвгүй хэрнээ бусад иргэнтэй мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан нь хуулиар олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн, буюу эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

4.2. Түүнчлэн хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, хашааны хаягийг хорооны Засаг дарга хариуцан хийх үүрэггүй буюу хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдсан энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална гэж заасны дагуу Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоолоор баталсан. Тогтоолын 4-д журамд заасны дагуу хаягийг байршуулах, ашиглах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах болон холбогдох бусад шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны засаг дарга нарт үүрэг болгосугай гэж заасны дагуу хорооны засаг дарга нь хаягийг байршуулах, хамгаалах үүргийг хүлээдэг байна. Тогтоолын 5-д хаягжуулахад шаардагдах хөрөнгийг нэг удаа улсын төсвөөс, цаашид жил бүрийн орон нутгийн болон улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн засаг дарга нар, Барилга хот байгуулалтын сайдад, Сангийн сайд нарт үүрэг болгосон байна. Тус журмын 1 дүгээр зүйлийн 1.3.2. “хаягжуулах” гэж хаягжуулалтын стандарт [1], зааврын дагуу үл хөдлөх эд хөрөнгөнд дугаар оноох, олгох, өөрчлөх, мөн хаягийн зураг зохиох, хаягийн жагсаалт үйлдэх, хаягийг стандартын дагуу үйлдвэрлэж байршуулах цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, 1.3.6. “хаягийн тэмдэг” гэж хаягжуулалтын стандартын дагуу үйлдвэрлэн, газарт суулгах зориулалтын багана дээр бэхэлсэн газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэргийн нэр, дугаар, хаягийн зураг бүхий самбарыг хэлнэ гэж тус тус заажээ. Дээрх хууль болон журамд заасныг үзвэл хорооны засаг дарга хариуцсан хорооны гудамж, зам, талбай, хашааны хаягийг хийлгэх, захиалах, хангах буюу хаягжуулах үүргийг хүлээгээгүй бөгөөд эрх олгогдоогүй байна. Хорооны засаг даргын гэрээ байгуулсан үйлдэл нь хууль бус гэдэг нь дээрх хууль болон журмаар батлагдаж байгаа бөгөөд төсвийн шууд захирагч болох дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын эрхэд халдаж, улмаар гэрээ байгуулсан үйлдэл хийн, гэрээний үүргийг биелүүлж чадаагүй нь шүүхээс тогтоогдож дүүргийн Засаг даргын тамгын газарт 7,558,750 төгрөгийн хохирол учирсан тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч БЗДЗДТ газар хариуцагч М.Шд холбогдуулан гэм хорын хохиролд 7,558,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “...хариуцагч нь 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Энхлхагваар нийт 7,825,000 төгрөгийн ажил хийлгүүлсний хөлсийг шүүхийн шийдвэрээр тус хорооноос гаргуулсан боловч хороо өөрийн төсөвгүй, дүүргээс санхүүжүүлдэг тул дүүргийн Засаг даргын тамгын газраас мөнгийг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, дээрх ажлыг зөвшөөрөл аваагүй, дур мэдэн хийлгэсэн, төрд учруулсан хохирлыг гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...би гэрээ байгуулаагүй, Б.Энхлхагва нь хорооны хэсгийн ахлагч нартай тохиролцсон баримт байдаг тул нэхэмжлэгч нь тэднээс зохих хохирлоо барагдуулах нь зүйтэй. Би тэтгэвэрт гарсан, төлбөрийн чадваргүйгэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх “хорооны Засаг дарга өөрийн харьяалах хороотой холбоотой асуудлаар бусад этгээдтэй хэлцэл хийх эрхтэйг хуульд заасан, хийгдсэн ажлыг тус хороо ашиглаж байгаа нь тогтоогдсон, иймээс хариуцагчийг өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж дээрх дүгнэлтийг зөв гэж үзсэн, харин хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ.

8. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа Б.Энхлхагваар айл өрхийн хаягийн гэрэлтүүлэг хийлгэсэн, уг ажлын төлбөрт 7,425,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр тус хорооноос гаргуулж шийдвэрлэсэн боловч хороо өөрийн төсөвгүйгээс дүүргийн Засаг даргын тамгын газар мөнгийг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчаас шаардахдаа түүнийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусадтай гэрээ хэлцэл хийсэн буюу хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэм буруутай учир байгууллагад учирсан хохирлыг төлүүлнэ гэж үндэслэлээ тодорхойлсон.

9. Хоёр шатны шүүх хариуцагчийн үйлдэл нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны Засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 дахь хэсэг буюу хууль тогтоомжид заасан бүрэн эрх, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх заалтын хүрээнд хийгдсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

10. Харин анхан шатны шүүх хариуцагч М.Шд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг гэж үзсэн нь учир дутагдалтай болсныг давж заалдах шатны шүүх залруулж өөрчлөлт оруулсан нь зөв байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

“Энэ хуулийн 498.1, 498.2-т” гэдэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос төлбөр гаргуулсан боловч хороо бие даасан төсөвгүйн улмаас тус дүүргийн Засаг даргын тамгын газар мөнгийг төлсөн эдгээр нөхцөл нь дээрх хуулийн зохицуулалт, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хамааралгүй.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хорооны Засаг дарга хуулиар хориглосон буюу хийж болохгүй үйлдэл гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал, хариуцагчийн хорооныхоо нутаг дэвсгэрт эмнэлэг, цагдаа, гал унтраах анги, онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх үүднээс бусдаар хаягийн гэрэлтүүлэг хийлгэсэн ажиллагааг хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл гэж, улмаар уг гэрэлтүүлгийн үнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар хорооны төсвийг хариуцахын хувьд төлсөн явдлыг тус байгууллагад учирсан гэм хор буюу иргэний эрх зүйн зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж дүгнэх боломжгүй.

12. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гомдолд заасан ” Хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, хашааны хаягийг хорооны Засаг дарга хариуцан хийлгэх үүрэггүй, харин Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоолоор баталсан журамд заасны дагуу хорооны Засаг дарга нь зөвхөн хаягийг байршуулах, хамгаалах үүргийг хүлээдэг, иймээс хорооны Засаг даргын гэрээ байгуулсан үйлдэл нь төсвийн шууд захирагч болох дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын эрхэд халдсан, иймээс түүний үйлдэл хууль бус”  гэсэн нь хариуцагчийн гэм буруутайг тогтоох, улмаар хохирол гаргуулах хууль зүйн үндэслэл болохгүй.

13. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1066 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч БЗДЗДТ газар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН