Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00098

 

Г.Ж - гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ж - ,

Хариуцагч " Э" - констракшн ХХК-д холбогдох,

 

Орон сууцны засварын зардал болон бусад хохиролд нийт 170 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Базарсад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч компаниас Маршал хотхоны 112 дугаар байр, 1-5 тоотын 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Манай гэр бүл уг байранд 2010 оны 12 дугаар сард нүүж орсон, харин 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эхнэрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч өмчлөх эрхтэй болсон. Энэ байранд орсноос хойш удаа дараа ус алдаж, тухай бүрт нь холбогдох газарт мэдэгдэж байсан. 

Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага гарч байсан бөгөөд тухайн үедээ хариуцагч талд хүргүүлж байсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, одоо тус хотхонд шинээр баригдаж байгаа Кинг тауэр апартамент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар сольж өгөхийг хүсч байна. Мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг,  энэ байранд амьдрах 5 жилийн хугацаанд 6 удаа засвар хийхэд гарсан зардал 20 125 000 төгрөг, байнгын чийгтэй орчинд байснаас бидний гэр бүлийн хүмүүс харшил, мөөгөнцөртэй болсон тул эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, мөн эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байдлаас байнгын дарамт, санаа зовсон байдлаас болж  сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, нийтдээ 166 826 412 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулмаар байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Базарсад нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.  " Э" - констракшн ХХК нь Х.Батболдтой 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.  Улмаар  хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу биет байдлын доголдолгүй чанарын шаардлага хангасан орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн. " Э" - констракшн ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Маршал хотхоны 112-р байрыг 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээж авсан.

Гэтэл энэ хүмүүс 7 жилийн өмнөх үйл явдлыг яриад байна. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн фото зураг нь " Э" -  констракшн ХХК-ийн барьсан барилга гэдгийг нотлох боломжгүй, энэ байранд 7 жил амьдарсан атлаа тухайн үедээ олон удаа засвар хийсэн талаар компанид мэдэгдээгүй байдаг. Мөн энэ байранд орсноос хойш харшил, мөөгөнцөртэй болсон, улмаар сэтгэл санаанд нь хохирол учирсан гэдгийг нотлоогүй, ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн УМХГ-ын албан бичиг нь энэ байрны талаар дурдаагүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан байгаа. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн байхыг заасан. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4-т заасан аль ч үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хүн амьдрах боломжгүй гэх үндэслэлгүй, гүжирдлэгийн шинжтэй тайлбар гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу " Э" - констракшн ХХК-иас тус хотхонд шинээр баригдаж буй Кинг тауэр апартамент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар солиулах, доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг,  засварын зардал 20 125 000 төгрөг, эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг нийтдээ 166 826 412 төгрөг-ийг хүссэн Г.Ж - гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 007 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Г.Ж - нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. " Э" - констракшн ХХК-ийн барьсан Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот 2 ороо орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан худалдан авагч тал болох Х.Батболдоос Г.Ж - д шилжүүлсэн, энэ талаар худалдагч тал болох " Э" - констракшн ХХК-д албан ёсоор мэдэгдэж улмаар " Э" - констракшн ХХК-иас 2009 оны 08 дугаар сарын 07-мы өдрийн гэрээний эхний нүүрний баруун доод буланд холбогдох тэмдэглэл хийсэн. Ингэснээр гэрээний худалдан авагч тал болох Х.Батболдын оронд Г.Ж - гэрээний худалдан авагч тал болсон юм.

Дээрх үйл явдал нь шаардах эрхтэй холбоотой Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний шаардах эрх Г.Ж - д шилжиж ирсэн ба үүнийг " Э" - констракшн ХХК хүлээн зөвшөөрч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Ж - д гаргуулж өгсөн.

Ийнхүү Г.Ж - нь 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал болж, 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсоор байтал түүнийг уг гэрээний дагуу хариуцагч компаниас орон сууцыг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг илт буруу үнэлж, нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан ба Г.Ж - нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь зөвхөн 2011 оны 4 дүгээр сард болсон. Уг байрыг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Г.Ж - г 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хууль ёсны өмчлөгч болох хүртэл хугацаанд уг байрны өмчлөгч нь " Э" -
констракшн
ХХК өөрөө байсан. Энэ нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар
зохицуулагдсан бөгөөд хуульд заасан шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацааг Г.Ж - уг орон
сууцны өмчлөгч болсон өдрөөс тооцох ёстой. Г.Ж - нь уг орон сууцанд илэрсэн эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлагыг анх 2011 оноос хойш гаргаж ирсэн ба энэ
шаардлагыг хэрэгжүүлнэ, арилгана гэж
" Э" - констракшн ХХК-иас 2011 оны намар, 2015
оны 9 дүгээр сард тодорхой хэмжээний засварын ажил хийсэн боловч энэ нь илэрсэн
доголдлыг арилгаагүй тул Г.Ж - 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
нэхэмжлэл
гаргасан.

Г.Ж - нь 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой шаардах эрхийг эдлэх бүрэн эрхтэй, барилгын баталгаат хугацаа, шаардлага гаргах болон хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанууд дуусаагүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, илт хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Ж - " Э" - констракшн ХХК-д холбогдуулан шинээр баригдаж байгаа Кинг тауэр апартмент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар Маршал таун хотхоны 60 м.кв орон сууцыг солиулах, доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг, удаа дараагийн засварын зардал 20 125 000 төгрөг, харшил мөөгөнцрийн эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гаргах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, нийт 166 826 412 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ " Э" - констракшн ХХК зөрчиж, доголдолтой эд хөрөнгө буюу байрыг худалдан авагч талд шилжүүлснээс үүссэн үр дагаврыг арилгуулахаар шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч татгалзахдаа орон сууц худалдах, худалдан авах гэрээг Г.Ж - тай байгуулаагүй тул гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт Маршал таун хотхоны 112 дугаар байрыг 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн улсын комиссын 64/009 дугаартай актаар ашиглалтад оруулж хүлээн авсны дараа " Э" - констракшн ХХК болон Х.Батболд нарын хооронд 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Х.Батболдоос мөн өдөр Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот 2 өрөө орон сууцны үнэ гэж 60 000 ам.долларыг төлсөн үйл баримт авагдсанаас үзвэл " Э" - констракшн ХХК нь 2 өрөө орон сууцыг Х.Батболдод худалдсан үйл баримт тогтоогдож байх ба уг гэрээнд хийсэн Галсанцэрэн Жавхлан ЧП72121901, УБ0067535 нэр шилжив гэх тэмдэглэлийг зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдэж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд хэргийн дээрх баримтуудыг харьцуулан үнэлж, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв бөгөөд шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.

Харин нэхэмжлэгч Г.Ж - нь маргаж буй Маршал таун хотхоны 112 дугаар байрны 03 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд барилгын ашиглалтын явцад гарсан барилгын хийцийн эвдрэл, доголдлыг арилгуулах, эсхүл ажил үйлчилгээний улмаас учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагаа хариуцвал зохих этгээдэд холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 007 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

А.ОТГОНЦЭЦЭГ