Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00957

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд, 601-206 тоотод оршин суух Шовх овогт Галсанцэрэнгийн Жавхлан /РД:ЧП72121901/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхонд байрлах “Эко констракшн” ХХК-д холбогдох,

орон сууцны засварын зардал болон бусад хохиролд нийт 170 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, түүний өмгөөлөгч н.Базарсад,  гэрч н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов. 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч компаниас Маршал хотхоны 112-р байр, 1-5 тоотын 60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Манай гэр бүл уг байранд 2010 оны 12 сард нүүж орсон, харин 2011.04.11-ний өдөр эхнэрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээ гарч өмчлөх эрхтэй болсон. Энэ байранд орсоноос хойш удаа дараа ус алдаж, тухай бүрт нь холбогдох газарт мэдэгдэж байсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага гарч байсан бөгөөд тухайн үедээ хариуцагч талд хүргүүлж байсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, одоо тус хотхонд шинээр баригдаж байгаа Кинг тауэр апартамент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар сольж өгөхийг хүсч байна. Мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг,  энэ байранд амьдрах 5 жилийн хугацаанд 6 удаа засвар хийхэд гарсан зардал 20 125 000 төгрөг, байнгын чийгтэй орчинд байснаас бидний гэр бүлийн хүмүүс харшил, мөөгөнцөртэй болсон тул эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, мөн эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байдлаас байнгын дарамт, санаа зовсон байдлаас болж  сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг  нийтдээ 166 826 412 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулмаар байна гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Базарсад шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.  “Эко констракшн” ХХК нь иргэн Х.Батболдтой 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.  Улмаар  хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу биет байдлын доголдолгүй чанарын шаардлага хангасан орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн. “Эко констракшн” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Маршал хотхоны 112-р байрыг 2009 оны 3-р сарын 31-ний өдөр улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээж авсан. Гэтэл энэ хүмүүс 7 жилийн өмнөх үйл явдлыг яриад байна. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн фото зураг нь “Эко  констракшн” ХХК-ийн барьсан барилга гэдгийг нотлох боломжгүй, энэ байранд 7 жил амьдарсан атлаа тухайн үедээ олон удаа засвар хийсэн талаар компанид мэдэгдээгүй байдаг. Мөн энэ байранд орсоноос хойш харшил, мөөгөнцөртэй болсон, улмаар сэтгэл санаанд нь хохирол учирсан гэдгийг нотлоогүй, ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. 2015.05.25-ны өдрийн УМХГ-ын албан бичиг нь энэ байрны талаар дурдаагүй. Иргэний хуулийн 251.1, 251.2-т гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжттой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан байгаа. Мөн хуулийн 254.6-д хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн байхыг заасан. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1, 107.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.4 дэх хэсэгт заасан аль ч үндэсэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хүн амьдрах боломжгүй гэх үндэслэлгүй, гүжирдлэгийн шинжтэй тайлбар гаргаж байна гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Г.Жавхлангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал нь “доголдолгүй өөр орон сууцаар солиулах, орон сууцны засварын зардал 20 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 100 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг нийтдээ 170 000 000 төгрөгийг хариуцагчаас  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016.05.23-ны өдөр анх шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буйгаа тайлбарлаж, “...тус хотхонд шинээр баригдаж байгаа Кинг тауэр апартамент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар солиулах, доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг,  удаа дараагийн засварын зардал 20 125 000 төгрөг, харшил мөөгөнцөрийн эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг нийтдээ 166 826 412 төгрөг”-ийг хариуцагчаас шаардсан болно.

Нэхэмжлэгчийг үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж хариуцагч “Эко констракшн” ХХК шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

            Хэргээс үзэхэд “Эко констракшн” ХХК нь 2009.08.07-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг Х.Батболдтой байгуулсан байх бөгөөд гэрээний зүйл нь Маршал таун хотхоны 112 дугаар байрны 1-3 тоот, 60 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, гэрээний дүнг  60 000 ам доллароор тохирсон, худалдан авагч Х.Батболд нь 60 000 ам долларыг төлсөн болох нь “Эко констракшн” ХХК-ийн  2009.08.07-ны өдрийн орлогын баримтын тасалбараар тогтоогдсон, Маршал хотхоны 78 айлын орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн 2009.03.31-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 64/009 дугаартай акт хэрэгт авагдсан байна.

            Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.Жавхлан болон хариуцагч “Эко констракшн” ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байх бөгөөд Иргэнй хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Жавхланд шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

           Нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбатын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаас харахад Б.Чулуунбатын гэр бүл уг байранд 2010 оны 12 сард нүүж орсон, эхнэр Г.Жавхлангийн нэр дээр 2011.04.11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

            Х.Батболдтой байгуулсан 2009.08.07-ны өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах  гэрээний зүүн доод талд “Галсанцэрэн Жавхлан ЧП72121901, УБ0067535 нэр шилжив” гэсэн бичилт байх боловч огноо байхгүй, Г.Жавхлан гарын үсэг зураагүй байна.

           Иймд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Жавхлан нь дээрх орон сууцыг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02-0779/724 тоот барилга ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын шаардлага хэрэгжүүлэн ажиллах тухай 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02-07/2939 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-07-100/616 тоот “Эко констракшн” ХХК-д хүргүүлсэн албан шаардлага зэрэг нь улсын комиссын акт гарсанаас хойшхи даруй 6 жилийн дараах үйл баримтыг тогтоожээ.

          Хэрэв Г.Жавхлан нь уг орон сууцыг хариуцагч компаниас худалдан авсанаа нотолсон тохиолдолд  Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байсан байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн зүйлийн 75.2.4 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсанаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар тус тус заасан байна.   

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгчид  хуулиар /ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1,107.2/ хүлээлгэсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Жавхлан энэ үүргээ биелүүлсэнгүй гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа болон үндэслэлийн талаар, өөрт учирсан гэх эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол, гарсан зардал нь хариуцагчийн ямар үйлдэлтэй холбоотой,  анх ямар орон сууц хэнээс хүлээн авсан зэрэг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг  нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт  “Эко констракшн” ХХК-иас тус хотхонд шинээр баригдаж буй Кинг тауэр апартамент байрнаас ижил хэмжээний талбайтай байраар солиулах, доголдол арилгах хугацаа хэтэрсэн алданги 43 493 100 төгрөг,  засварын зардал 20 125 000 төгрөг, эмчилгээ оношлогоонд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 73 019 312 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг нийтдээ 166 826 412 төгрөг”-ийг хүссэн Г.Жавхлангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.05.23-ны өдөр төлсөн 1 007 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                           Д.ЭНХЦЭЦЭГ