Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01652

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01652

 

 

 

 

                                       “Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01507 дугаар шийдвэртэй,”Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Год холбогдох 1 453 500 төгрөг гаргуулах үндсэн, 2 050 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галхүү, хариуцагч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Гнь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны”Т” СӨХ-ны харьяа 14-2-и байрны 34 тоотод оршин суугч бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулсан мөнгөө төлөөгүй. Г.Г нь тодорхой бус шалтгаанаар 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл үндсэн төлбөр болох 38 сарын 969 000 төгрөг төлөөгүй, алдангийн 484 500 төгрөг төлөөгүй, нийт 1 453 500 төгрөгийг холбогдох хууль журмын дагуу төлөөгүй, цаг хугацаандаа төлдөг нийт оршин суугчдын”Т” СӨХ хохиролгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү. 2018 оны 8 дугаар сараас хойшхи СӨХ-ны төлбөрийг одоо түрээслэн сууж байгаа айл нь төлж байгаа. Алдангид нэхэмжилсэн 484 500 төгрөгөөсөө татгалзаж байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1024 тоот хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоол байдаг. Шаттай холбоотой асуудлаар н.Ганзориг гэж хүнд холбогдуулан нэмж төлбөр нэхэмжилж 2 удаа хэрэг үүсгэн шалгагдсан боловч тогтоогдоогүй учраас хэргийг хаасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас 2 удаа татгалзсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад түдгэлзүүлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цахилгааныг тасалсан нь Т.Хд ямар ч хамааралгүй бөгөөд өмнөх СӨХ-ны захирлын үед гарч байсан маргаан. СӨХ-ны төлбөрөөс алдангийг хасч зөвхөн үндсэн төлбөр болох 969 000 төгрөгийг хариуцагч Г.Гоор нөхөн төлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Алтад их говь” СӨХ нь 14/2и байрыг хариуцаж байсан бөгөөд СӨХ-ны дарга Г.Г миний бие оршин суугчдын хүсэлтээр анхны СӨХ-ны даргаар томилогдож ажилласан боловч анх барьсан барилгын компанид залилуулж, хууртагдан 9 жил орон сууцны конторын үүргийг ямарч цалин хөлсгүйгээр давхар гүйцэтгэж цахилгаан, дулаан, усны борлуулалтыг хийж, дарамтанд ажиллаж ирсэн. Барилгын компани нь дундын өмчлөлийн подволийг хувь хүнд бэлэглэж, тэр нь бодибилдинг /фитнес клуб/, авзага бөхийн дэвжээ ажиллуулж, хэдэн арван сая төгрөгийн ашиг олдог боловч хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө огт төлдөггүй байсан. Гараж, хувь хүн, айлууд хэрэглэсэн гэрэл, цахилган, дулаан, усны төлбөрөө төлдөггүй байсан бөгөөд тус байр нь компанийн нэр дээр байдаг. “УБЦТС” ХК, орон сууцны конторт албан ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс аж ахуй нэгжийн тарифийн зөрүү /41 хувь коф-т/ зөвхөн цахилгаан гэхэд сард автоматаар 600 000-800 000 төгрөг илүү төлж, хохирч, дампуурлын байдалд орж байсныг оршин суугчид сайн мэднэ. Аж ахуй нэгж, айлууд нь цаг хугацаандаа хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлдөггүй байсан. Миний бие “УБЦТС” ХК-д, орон сууцны конторт яаралтай хүлээлгэн өгөх шийдвэрийг хотын захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар нь гаргуулж, орон сууцны конторт хүлээлгэн өгөх болмогц өөрсдийн болон компанийн бүх булхайг нуух зорилгоор зохиол бичиж, эхнэр, хүүхдүүдээ гол дүрд нь тоглуулж, төлбөр тооцоо, хохирол учруулсан ул мөрөө баллах зорилгоор санаатайгаар жүжиглэж эхэлсэн.

Тэд өөрсдийн болон компанийн гар хөл бологчид, тэнд ажиллагсад, ашиг сонирхолын зөрчилтэй, өртэй, байрны тоног төхөөрөмжийг эвдэн сүйтгэгч бөгөөд хэрэглэсэн гэрэл, цахилгаан, дулаан, ус, хог, СӨХ-ны төлбөрөө төлдөггүй айлууд, оршин суугчид, хуйвалдан, бүлэглэн дээрэмдэн намайг 2015 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг дуустал шалгаж, бүх төлбөр тооцоог Б.Анхил гэгч /зогсоолын төлбөрөө төлдөггүй оршин суугч/ иргэний хувийн картын дансанд төвлөрүүлж, өөрсдөө дур мэдэн зарцуулсан. Шинэ СӨХ байгуулахын өмнө өөрсдийн төлөх ёстой төлбөрийг манай гэр бүлээр төлүүлэхээр үгсэн хуйвалдаж, өртэй хүмүүсийг битгий төл гэж ятгах, мэргэшсэн зангаараа өр төлбөрөө төлөхгүй байх арга зам, заль хайж, дарамтлах, хүч хэрэглэн манай гэрийн цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоожилж олон сараар хохироож байсан. Миний бие 2015 оны 01-06 дугаар сар хүртэл СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж байсан боловч санхүүгийн хувьд ямар ч эрх мэдэлгүй, нэг ч төгрөг хурааж, зарцуулаагүй, цалин аваагүй. Улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс санаатай зайлсхийж буй барилгын болон захиалагч компанийхан тэнд ажиллагсад, гар, хөл бологч нар төлбөрөө төлдөггүй оршин суугчидтай үгсэн хуйвалдаж, цагдаад ажиллаж байсан Х.Г гэгчийг хаанаас ч юм олж ирж, СӨХ-ны дарга болгоно гэж жүжиглэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан “Алтад их говь” СӨХ-г дээрэмдэх зорилгоор өөрсдийн гар хөл, цагдаагийн ажилтан Хэнмэдэхийн Ганзориг гэгчээр СӨХ-ны гэрчилгээ, тамга тэмдэгийг хүчингүй болсон мэтээр санаатайгаар зар “ММ-Өнөөдөр” сонинд тавиулж гэмт хэрэг үйлдэж байсан. Миний бие ямарч алдаа дутагдал гаргаагүй, тэд “Тохь тух” гэгч нэртэй СӨХ-г хуурамч ирц бүрдүүлж, хууль бусаар байгуулсан. Шинээр СӨХ-ны дарга болгох гэж буй Х.Г гэгч нь хэдхэн хоногийн дотор миний хувийн өмч хөрөнгийг хулгайлж, дээрэмдэн, одоо буцааж өгөхгүй, асуудлыг сөхөж ярилаа гэж дарамтлаж, хоолой боож, зодож, танхайрч, айлган сүрдүүлж цагдаагийн нэрийг барьж гэмт хэрэг үйлдэж, бүлэглэж байсан. Хариуцагч Х.Гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь зохион байгуулах ажиллагаанд гол рольтой оролцсон Төрийн тусгай хамгаалалттай газрын тэтгэвэртээ гарсан хурандаа нар, УИХ дарга/асан/ М.Энхболдын комиссар, ажилтан, жолооч, түүний гар, хөл бологчид, мөн дүрдээ их эрдсэн, гол зохион байгуулагч, цахилгаан шитийг галдан шатааж, намайг хохироосон, бичиг баримт хуурамчаар үйлдэж, байрны доорхи авто зогсоол хууль бусаар эзэмшиж буй Авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Идэрцогийн төрсөн ах Э.Идэрболд цагдаа, хууль хяналтын байгууллагууд, мөрдөн байцаагч нарт нөлөөлж хэргийг түдгэлзүүлж, хаалгуулж, хариуцагч Х.Г, Г.Знар сагсуурч сууж байна. Иргэн Г.Г миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг, хариуцагч Х.Г санаатай, зохион байгуулалттайгаар таслаж, дарамталж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 5-6 сар гэрэл, цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж, шалгагдаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон “УБЦТС” ТӨХК-ийн шалгалтаар тогтоогдож, нотлогдож байсан. Гэрэл, цахилгаангүй, харанхуй, айл хэсч, хоног төөрүүлж явсан манай гэр бүл эрчим хүч, ус хэрэглэж, ашиглаж, засвар үйлчилгээ авч байгаагүй тул СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

“Т” СӨХ-ны захирал Х.Г миний хувийн өмч хөрөнгийг цагаан өнгийн портер машинаараа 11 дүгээр хороолол руу ачиж явж, хулгай хийх, устгахаас өөр зүйл хийгээгүй. Мөн хоёр дахь захирал Г.Згэгч нь байрны зоорийн давхарт байрлаж байсан миний хувийн том төмөр сейфийг эвдэж, хулгай хийж, цагаан никель цоож зүүсэн байсан. Гурав дахь захирал Т.Х нь манай дээрээс ус алдуулж, усан далай болгож, бидэнд хэдэн арван сая төгрөгийн хохирол учруулсан. “Т” СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Манай гэр бүл бүтэн 6 сар тас харанхуй, эрх чөлөөгүй, амьдрах ямар ч боломжгүй, тамын, хар энерги нэвт шингэсэн орчноос түр салахын тулд байраа хүнд түрээсэлсэн. Түрээсийн гэрээний дагуу ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг түрээслэгч нараас авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Т” СӨХ-ны захирал Т.Х гэгч нь байрны зоорийн давхарт байсан бүхэл бүтэн төмөр сейфэнд хадгалагдаж байсан миний өмч хөрөнгийг дахин надад мэдэгдэхгүйгээр цоожийг нь эвдэж хулгай хийсэн байхад хариуцлагаас мултарч, мэдэгдэхгүйгээр миний толгойг эргүүлж, төөрөгдүүлэн залилж олон жил өөрсдөө дээрэмдэн авч хэрэглэж, ашиглаж байсан цоо шинэ Японы сундаг шатыг минь буцаан өгч байгаа мэтээр жүжиглэж, “Т” СӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот хэлцэл гэгч дээр төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан. Энэ үед миний бие ухаангүй халамцуу, архи ууссан байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Зөвхөн манай гэрийн цахилгааныг тасалж, шитийг нь санаатай битүүмжилж байсан, дарангуйлагч “Т” СӨХ-д төлбөр төлөхгүй. Миний хувийн өмч хөрөнгийг хулгай хийж 2 удаа цагаан өнгийн портер машинаар ачиж явсан хулгайч “Т” СӨХ-д төлөхгүй. Миний Япон сундаг шатыг дээрэмдэн авч бүхэл бүтэн 3 жил 6-н сар хэрэглэж, ашигласан, бүдүүлэг, дээрэмчин “Т” СӨХ-д өргүй, хохирлоо нэхэмжлэх болно. Нийт оршин суугчдын 51 хувьд хүрээгүй, зөвхөн 5 хувь нь хуралдаж, түрээслэгч, фитнес клубт хичээллэгч бөхчүүд, насанд хүрээгүй хүүхэд, нэг гэр бүлийн хоёр хүнийг оруулж хууль бусаар байгуулагдсан, чадамжгүй, хууль бус”Т” СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй, татан буулгах болно гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: “Т” СӨХ үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар ул мөрөө баллах, атгаг муу хорон санаатайгаар, 2015 оны 05 дугаар сард 10 хүнтэй хууль бусаар байгуулагдсан бөгөөд удалгүй миний хувийн өмч, хөрөнгийг дээрэмдэн авч, хулгай хийж, устгасан. Мөн хувийн бизнесийн ажил, төрөлдөө ашиглахаар, зориуд хүнд захиж авчруулсан хөдөлмөрийн багаж, шинэ сундаг шатыг бүхэл бүтэн 3 жил 6 сар ашиглаж, хэрэглэж байгаад, “Т” СӨХ-ны 3 дахь захирал Т.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02 тоот тооцоо нийлсэн хэлцлээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн. Барилгын засварын ажлын гол хөдөлмөрийн багажаа өөр байгууллага “Клаймакс Интернэшил” ХХК-аас сарын 50 000 төгрөгөөр түрээсээр авч 3 жил 6 сар ашигласан. Иймд би хөдөлмөрийн багаж түрээсээр авч ашиглахад зарцуулсан 3 жил 6 сар /41 сар/ х 50.0 төгрөг=2 050 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Би 10 дугаар сарын 18-ны өдөр СӨХ-ны ажпыг хүлээн авсан. 32, 34 тоот айлууд СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байсан. Орон сууцаа түрээсэлсэн гэж байсан. Тухайн үед нэг шатны сураг гарч эхэлсэн. Г.Г гуайтай ярилцахад танай СӨХ-д миний япон сунадаг шат байдаг, үүнийг өгвөл СӨХ-ны төлбөрөө төлнө гэсэн. Тэр шатыг нь асууж сурахад эзнийг нь ирээд ав гэхээр ирж авдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд би Г.Г гуайд шатыг нь оллоо аваачиж өгье гэхэд гэртээ байхгүй байна, манай байрны гадаа камер руу харуулаад орхиод тавьчих гээд би тэр газарт нь аваачиж тавьсан. Та бид 2-ын ярьсан зүйл байгаа гэхэд гадуур явж байна дараа очиж байгаад больё гэсэн. Байрны гадна байдаг төмөр хаалгыг янзалж байхад Г.Г гуай ирж өр төлбөрөө барагдуулах тухай цаасан дээр бичгээр бичиж надад өгсөн. Хэсэг хугацааны дараа төлбөрөө бага багаар төлөхгүй юу гэхэд шүүхээр яв гэсэн. Тухайн шатны талаарх асуудлын талаар бол би сайн мэдэхгүй. Хүний шат гэхээр нь би асууж байгаад аваачиж өгсөн, өөр зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гоос нийт 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”Т” СӨХ-д олгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч”Т” СӨХ-с нийт 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч Г.Гын сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч”Т” СӨХ хариуцагч Г.Гоос бүгд 1 453 500/нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжпэгч”Т” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 206 төгрөгийг, хариуцагч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 27 806 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч”Т” СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Гын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Миний бие 14-2 байрны анхны оршин суугч буюу СӨХ дарга байсан. СӨХ-ны дарга боловч орон сууцны конторын ажлыг давхар гүйцэтгэдэг байсан.”Т” СӨХ  нь хэрэглэсэн гэрэл цахилгааны төлбөрөө төлдөггүй оршин суугч, аж ахуйн нэгж байгууллагууд хууль бусаар бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, СӨХ байгуулсан учраас төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. СӨХ-ны даргаар нисэхэд оршин суудаг,  Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан н.Ганзоригийг томилсон. Ингээд н.Ганзориг СӨХ-ны даргаар ажилласнаас эхлээд манай гэр бүлийг доромжилж цахилгааныг 6 сар тасалж битүүмжилсэн. Гэтэл уг төлбөрийг хасахгүйгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 3 дахь удаагийн СӨХ-ны дарга манай байранд ус их хэмжээгээр алдуулсан. Х.Г СӨХ-ны дарга миний хувийн өмч болох цагаан портерийг 2 удаа ачиж хулгай хийж авч явсан. Ийм учраас ажлаа хийдэггүй СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй.”Т” СӨХ нэхэмжлэлээ 2018 оны 4 дүгээр сард шүүхэд гаргасан байдаг. Гэтэл”Т” СӨХ нь 2015 оны 6 дугаар сараас төлбөр нэхэмжилж эхэлдэг. Миний зүгээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг нарийн тооцоогүй бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад үүнийг хасаж тооцоогүй хууль бус шүүхийн шийдвэр гарсан.”Т” СӨХ-ны өмнөх дарга нь миний сунадаг шатыг 3 жил 6 сарын турш хууль бусаар эзэмшиж, дараа нь хүлээлгэн өгсөн.”Т” СӨХ-ны өмгөөлөгч С.Галхүү нь тус СӨХ-ны өмнөх захиралтай холбоотой асуудал болж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.”Т” СӨХ нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сунадаг шатыг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч”Т” СӨХ нь хариуцагч Г.Год холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 969 000 төгрөг, алданги 484 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 1 453 500 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч”Т” СӨХ хариуцагч Г.Гыг 2015 оны 06 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг хүртэл сар тутам дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардалд 25 500 төгрөг төлөх ёстой гэж тайлбарладаг бол хариуцагч засвар үйлчилгээний зардалд сар тутамд хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй, өмнө нь 12000-13000 төгрөг төлдөг байсан гэж маргасан. 

Хэрэгт авагдсан Төрийн банкны төлбөрийн баримтад сар тутамд төлөгдөх засвар үйлчилгээний зардлыг 25 500 төгрөг гэж бичигдсэн байдаг боловч үүнийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар тогтоосон дүн гэж үзэхгүй. /хх8-9/

Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг тогтоосон хурлын тэмдэглэл, өр барагдуулах хэлцэл зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн гэх боловч хэргийн 4-7, 10 дугаар тал дахь баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх ба давж заалдах шатны шүүх уг баримтын хуулийн шаардлагыг хангуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                 А.МӨНХЗУЛ