Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 01507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” СӨХ/РД: /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Г/РД: /-д холбогдох,

         

1 453 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2 050 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Харцага, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галхүү, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Т.Харцага шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намбар боржигон овогтой Гомбожавын Г гэгч нь СБД-ийн 8-р хорооны “Т” СӨХ-ны харьяа 14-2-и байрны 34 тоотод оршин суугч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулсан СӨХ-ийн мөнгөө төлөөгүй байна.

Иргэн Намбар боржигон овогтой Гомбожавын Г нь тодорхой бус шалтгаанаар 2015 оны 6 сараас 2018 оны 8 сарыг хүртэл үндсэн төлбөр болох 38 сарын 969 000/есөн зуун жаран есөн мянган/ төгрөгийг төлөөгүй, алдангийн 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг төлөөгүй, нийт 1 453 500/нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун/ төгрөгийг төлөөгүй тул холбогдох хууль журмын дагуу төлвөрөө цаг хугацаандаа төлдөг нийт оршин суугчидын Т СӨХ-ийг хохиролгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү.

2018 оны 8 сараас хойшхи СӨХ-ийн төлбрийг одоо түрээслэн сууж байгаа айл нь төлж байгаа юм.

Алдангид нэхэмжилсэн 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгөөс татгалзаж байна.” гэв.

Нэхэмжлэгч “Т” СӨХ-ны өмгөөлөгч С.Галхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Харцагын хэлсэн үгэнд баталгаа хийх үүднээс тодорхой эрх бүхий байгууллагаас гаргасан захирамж, тогтоол, шийдвэр бүх баримтуудыг нотлох үүднээс дурдаж хэлье. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1024 тоот хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоол гэж байна. Энэ шаттай холбоотой асуудлаар н.Ганзориг гэж хүнд холбогдуулан нэмж төлбөр нэхэмжилж 2 удаа хэрэг үүсгэн шалгагдсан боловч тогтоогдоогүй учраас хэргийг хаасан байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Нямбазар шүүгчийн захирамжаар 2 удаа татгалзсан захирамж байгаа. 2018 оны 10 сарын 31-ний өдөр Хан-уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үүнийг нь түдгэлзүүлсэн байгаа. Иймд ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбараар цахилгааныг тасалсан гэж байна. Энэ бол Т.Харцагад ямар ч хамааралгүй бөгөөд өмнөх СӨХ-ны захирлын үед гарч байсан маргаан байгаа. СӨХ-ны төлбөрт алданийг хасаж зөвхөн үндсэн төлбөр болох 969,000 төгрөгийг хариуцагч Г.Г гуайгаас нөхөн төлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Алтад их говь” СӨХ нь 14/2и байрыг хариуцаж байсан бөгөөд СӨХ-ны дарга Г.Г миний бие оршин суугчдын хүсэлтээр анхны СӨХ даргаар томилогдож ажилласан боловч анх барьсан барилгын компанид хулихдуулж, залилуулж, хууртагдаж есөн жил орон сууцны конторын үүргийг ямарч цалин хөлсгүйгээр давхар гүйцэтгэж цахилгаан, дулаан, усны борлуулалтыг хийж, дарамтанд ажиллаж ирсэн болно.

Барилгын компани нь дундын өмчлөлийн подволийг хувь хүнд бэлэглэж, тэр нь бодибилдинг/фитнес клуб/, Авзага бөхийн дэвжээ ажиллуулж, хэдэн арван сая төгрөгийн ашиг олдог боловч хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө огт төлдөггүй байсан.

Мөн гараж, хувь хүн, айлууд хэрэглэсэн гэрэл, цахилган, дулаан, усны төлбөрөө төлдөггүй, тус байр нь компанийн нэр дээр явдаг, “УБЦТС” ХК, орон сууцны конторт албан ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс ААН тарифийн зөрүү , /41 хувь коф-т/ зөвхөн цахилгаан гэхэд сард автоматаар 600,0-800,0 мян/төг илүү төлж, хохирч, дампуурлын байдалд орж байсныг оршин суугчид сайн мэднэ.

Тэгэхэд айл болон ААН-үүд нь аж ахуй нэгжийн тариф битгий хэл, айл өрхийн тарифаар цаг хугацаандаа хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлчихдөггүй байсан.

Ингээд миний бие “УБЦТС” ХК-д, орон сууцны конторт яаралтай хүлээлгэн өгөх шийдвэрийг хотын захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар нь гаргуулж, орон сууцны конторт хүлээлгэн өгөх болмогц өөрсдийн болон компаний бүх булхайг нуух зорилгоор зохиол бичиж, эхнэр, хүүхдүүдээ гол рольд тоглуулж, төлбөр тооцоо, хохирол учруулсан ул мөрөө баллах зорилгоор санаатайгаар жүжиглэж эхэлсэн.

Тэд өөрсдийн болон компаний гар хөл бологчид, тэнд ажиллагсад, ашиг сонирхолын зөрчилтэй, өртэй, байрны тоног төхөөрөмж, техник хэрэгслийг санаатай галдан шатаагчид, эвдэн сүйтгэгч нар хэрэглэсэн гэрэл, цахилгаан, дулаан, ус, хог, СӨХ-ны төлбөрөө төлдөггүй айлууд, оршин суугчид, хуйвалдан, бүлэглэн, дээрэмдэн, миний бөгсийг ухах, өө олох зорилгоор 2015 оны 01-р сараас 06-р сарыг дуустал шалгаж, бүх төлбөр тооцоог Б.Анхил гэгч /зогсоолын төлбөрөө төлдөггүй оршин суугч/ иргэний хувийн картын дансанд төвлөрүүлж, өөрсдөө дур мэдэн зарцуулсан болно.

Тэд бүлэглэн хуурамчаар, шинэ СӨХ гэгчийг байгуулахын өмнө өөрсдийн төлөх ёстой төлбөрийг манай гэр бүлээр төлүүлэхээр үгсэн хуйвалдаж, өртэй хүмүүсийг битгий төл гэж ятгах, мэргэшсэн зангаараа өр төлбөрөө төлөхгүй байх арга зам, заль хайж, дарамтлах, хүч хэрэглэн манай гэрийн цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоожилж олон сараар хохироож байсан.

Миний бие 2015 оны 01-06-р cap хүртэл СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж Зайсан боловч санхүүгийн хувьд ямар ч эрх мэдэлгүй, дээрэмдүүлж, нэг ч төгрөг хурааж, зарцуулаагүй, нэг ч төгрөгийн цалин аваагүй болно. Улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс санаатай зайлсхийж буй барилгын болон захиалагч компанийхан тэнд ажиллагсад, гар, хөл бологч мөнгөө, төлбөрөө төлдөггүй оршин суугчид нар үгсэн хуйвалдаж, цагдаад ажиллаж байсан Х.Ганзориг гэгчийг хаанаас ч юм олж ирж, авчирч /манай байрны оршин суугч биш/ СӨХ дарга болгоно гэж жүжиглэж, хэвийн үйл ажиллагаа явуулсан “Алтад их говь” СӨХ-г дээрэмдэн зорилгоор өөрсдийн rap. хөл, цагдаагийн ажилтан Хэнмэдэхийн Ганзориг гэгчээрээ манай “Алтад их говь” СӨХ-ны гэрчилгээ, тамга тэмдэгийг хүчингүй болсон мэтээр санаатайгаар зар “MN-Өнөөдөр” сонинд тавиулж гэмт хэрэг үйлдэж байсан байна.

Миний бие ямарч алдаа дутагдал гаргаагүй, би та нарт, хар дээрэмчдэд “Алтад их говь”СӨХ-гоо өгөхгүй гэж тэмцсээр байсан тул тэд “Т” гэгч нэртэй СӨХ-г хуурамч ирц бүрдүүлж, хууль бусаар байгуулсан болно.

Тэгээд зогсохгүй шинэ СӨХ-ны дарга болгох гэж буй Х.Ганзориг гэгч нь хэдхэн хоногийн дотор миний хувийн өмч хөрөнгийг хулгай хийж, дээрэмдэн авч ачиж яваад, одоо буцааж өгөхгүй, асуудлыг сөхөж ярилаа гэж дарамтлаж, хоолой боож, зодож, танхайрч, айлган сүрдүүлж цагдаагийн нэрийг барьж гэмт хэрэг үйлдэж, бүлэглэж байсан болно.

Хариуцагч Х.Ганзоригийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь зохион байгуулах ажиллагаанд гол рольтой оролцсон Төрийн тусгай хамгаалалттай газрын тэтгэвэртээ гарсан хурандаа нар, УИХ дарга/асан/ М.Энхболдын комиссар, ажилтан, жолооч, түүний гар, хөл бологчид, мөн дүүдээ их эрдсэн, гол зохион байгуулагч, цахилгаан шитийг галдан шатааж, намайг хохироосон, бичиг баримт хуурамчаар үйлдэж, байрны доорхи авто зогсоол хууль бусаар эзэмшиж буй АТГ-ын МШХэлтсийн дарга, комиссар Э.Идэрцогийн төрсөн ах Э.Идэрболд цагдаа, хууль хяналтын байгууллагууд, мөрдөн байцаагч нарт нөлөөлж түтгэлзүүлж, хаалгуулж, тэрэнд нь хариуцагч Х.Ганзориг, Г.Загарсүрэн нар сагсуурч суугаа болно.

Ийнхүү иргэн Г.Г миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг, хариуцагч Х.Ганзориг санаатай, зохион байгуулалттайгаар таслаж, дарамталж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 5-6 cap гэрэл, цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж, шалгагдаж, НМХГазар болон “УБЦТС” ТӨХК-ны шалгалтаар тогтоогдож, нотлогдож байсан болно.

Иймд миний бие үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар өөрсдийн өр төлбөрийг төлөхгүй тул хууль бусаар “Тох тух” СӨХ гэгчийг байгуулсан, намайг болон “Алтад их говь” СӨХ-г өрөнд оруулсан, үлдээсэн, миний хувийн өмч хөрөнгийг зохион байгуулалттайгаар хулгай хийсэн,манай гэрийг усан далай болгож, олон сараар амьдрах боломжгүй, эрх чөлөөгүй, тас харанхуй орчинд хохироосон.

Гэрэл, цахилгаангүй, харанхуй, айл хэсч, хоног төөрүүлж явсан манай гэр бүл эрчим хүч, ус хэрэглэж, ашиглаж, засвар үйлчилгээ авч байгаагүй тул СӨХ-ны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох нь:

1. Иргэн Г.Г миний бие хууль бусаар зохион байгуулагдсан “Тох тух” СӨХ-ны захирал Х.Ганзориг нь миний хувийн өмч хөрөнгийг хулгай хийж, цагаан өнгийн портер машинаар хоёр удаа хийх, устгахаас өөр зүйлгүй хийгээгүй. 11-p хороолол руу ачиж явж, хулгай хийх, устгахаас өөр зүйл хийгээгүй.

Мөн хоёр дахь захирал Г.Загарсүрэн гэгч нь байрны зоорийн давхарт байрлаж байсан миний хувийн том төмөр сейфийг эвдэж, хулгай хийж, цагаан никель цоож зүүсэн байсан.

Гурав дахь захирал Т.Харцага нь манай дээрээс ус алдаж, усан далай болгож, бидэнд хэдэн арван сая төгрөгийн хохирол учруулсан.

Тийм учраас “Тох тух”СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

2. Ийнхүү манай гэр бүл бүхэл бүтэн 6-н cap тас харанхуй, эрх чөлөөгүй, амьдрах ямар ч боломжгүй, тамын, хар энерги нэвт шингэсэн орчноос түр атугай салахын тулд байраа хүнд түрээслэсэн болно. Тийм учраас түрээсийн гэрээний дагуу ашиглалтын болон СӨХ-ны төлбөрийг түрээслэгч нараас авах ёстой. Нэхэмжлэх хуультай.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

3. Мөн “Тох тух” СӨХ-ны захирал Т.Харцага гэгч нь байрны зоорийн давхарт байсан бүхэл бүтэн төмөр сейфнд хадгалагдаж байсан миний өмч хөрөнгийг дахин надад мэдэгдэхгүйгээр цоожийг нь эвдэж хулгай хийсэн байхад хариуцлагаас мултарч, мэдэгдэхгүйгээр миний толгойг эргүүлж, төөрөгдүүлж, залилж олон жил өөрсдөө дээрэмдэн авч хэрэглэж,ашиглаж байсан цоо шинэ Японы сундаг шатыг минь буцаан өгч байгаа мэтээр жүжиглэж, “Тох тух” СӨХ-ны 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 02 тоот хэлцэл гэгч дээр төөрөгдүүлж гарын үсэг зуруулж амжсан байна. Энэ үед миний бие ухаангүй халамцуу, архи ууссан байсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, гомдолтой байна. Эцэст нь гэхэд:

1. 3өвхөн манай гэрийн цахилгааныг тасалж, шитийг нь санаатай битүүмжилж байсан, дарангуйлагч “Тох тух” СӨХ-д төлбөр төлөхдөө ой гутаж байна.

2. Миний хувийн өмч хөрөнгийг хулгай хийж 2 удаа цагаан өнгийн портер машинаар ачиж явсан хулгайч “Тох тух” СӨХ-д төлөхгүй.

3. Миний Япон сундаг шатыг дээрэмдэн авч бүхэл бүтэн 3 жил 6-н cap хэрэглэж, ашигласан, бүдүүлэг, дэээрэмчин “Тох тух” СӨХ-д өргүй, хохирлоо нэхэмжлэх болно.

4. Нийт оршин суугчдын 51 хувьд хүрээгүй, зөвхөн 5 хувь нь хуралдаж, түрээслэгч, фитнес клубт хичээллэгч бөхчүүд, насанд хүрээгүй хүүхэд, нэг гэр бүлийн хоёр хүнийг оруулж хууль бусаар байгуулагдсан, чадамжгүй, хууль бус “Т” СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй, татан буулгах болно.” гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Тох тух” СӨХ гэгч нь үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар ул мөрөө баллах, атгаг муу хорон санаатайгаар, хууль бусаар 2015 оны 05-р сард 10 хүн оролцсон хурлаар байгуулагдсан бөгөөд төдий удалгүй миний хувийн өмч, хөрөнгийг дээрэмдэн авч, хулгай хийж, устгасан болно.

Мөн хувийн бизнесийн ажил, төрөлдөө ашиглахаар, зориуд хүнд захиж авчруулсан хөдөлмөрийн багаж, шинэ сундаг шатыг бүхэл бүтэн 3 жил 6-н cap ашиглаж, хэрэглэж байгаад, “Тох тух”СӨХ-ны 3 дахь захирал Т.Харцага нь 2018 оны 11-р сарын 06-ны өдөр 02 тоот тооцоо нийлсэн хэлцэлээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн болно.

Тэд миний шатыг ашиглаж, хэрэглэж засвар хийж байхад нь олон удаа таарч байсан бөгөөд нэг удаа хана түшүүлээд тавьчихсан байхад нь авах гэтэл 1 дэх захирал, дээрэмчин Х.Ганзориг гэгч нь чиний юм гэж юу байдаг юм бэ? манай СӨХ-ны өмч, мэдвүү гэж, барьж авч миний толгой руу цохиод, намайг түлхэж гаргаад хаалгаа дотроос нь түгжчихсэн.

Мөн 2 дахь захирал Г.Загарсүрэн нь “Тох тух” СӨХ-ны өмч гэж Х.Ганзориг хүлээлгэн өгсөн. Би мэдэхгүй төрсөн ах ТУЗ-ийн дарга Х.Ганбаатараас нь асуухгүй юу гээд өөрөө олон байр хариуцдаг, МК-20, 13 байруудад засвар хийгээд явж байхад нь таарч авъя гэдэг боловч мөн өгдөггүй байсан.

Ийнхүү миний бие хохиролтой, гомдолтой байгаа бөгөөд барилгын засварын ажлын гол хөдөлмөрийн багажаа өөр байгууллага “Клаймакс Интернэшил” ХХК-иас сарын 50,0 мян/төг-р түрээсээр авч 3 жил 6-н cap ашигласан болно.

Иймд би хөдөлмөрийн багаж түрээсээр авч ашиглахад зарцуулсан 3 жил 6 сар/41 сар/ х 50,0 мян/төг=2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Харцага шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн харьят иргэн Гомбожавын Гоос дүүргийн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа.

Би 10-р сарын 18-ны өдөр СӨХ-ны ажлыг хүлээн авсан. 32 тоот болон 34 тоот айлууд СӨХ-ны төлбөрийг төлөөгүй айлууд байсан. Ингээд асууж сураглахад орон сууцаа түрээсэлсэн гэж байсан бөгөөд байрны хүмүүс байрны эзэмшигчдийн талаар зааж хэлж өгсөн. Тухайн үед нэг шатны сураг гарч эхэлсэн. Г.Г гуайтай ярилцахад танай СӨХ-д миний япон сунадаг шат байдаг, үүнийг өгвөл СӨХ-ны төлбөрөө төлнө гэсэн. Тэр шатыг нь асууж сурахад эзнийг нь ирээд ав гэхээр ирж авдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд би Г.Г гуайд шатыг нь тань оллоо аваачиж өгье гэхэд гэртээ байхгүй байна, манай байрны гадаа камер руу харуулаад орхиод тавьчих гээд би тэр газарт нь аваачиж тавьсан. Та бид 2-ын ярьсан зүйл байгаа гэхэд гадуур явж байна дараа очиж байгаад больё гэсэн. Байрны гадна байдаг төмөр хаалгыг янзалж байхад Г.Г гуай ирж өр төлбөрөө барагдуулах тухай цаасан дээр бичгээр бичиж надад өгсөн. Ингээд би хэсэг хугацааны дараа төлбөрөө бага багаар төлөхгүй юу гэхэд төлөхгүй шүүхээр яв гэсэн. Тухайн шатны талаар асуудлын талаар бол би сайн мэдэхгүй. Тэр хүний юм гэхээр би асууж байгаад аваачиж өгсөн, өөр зүйл байхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ хариуцагч Г.Год холбогдуулан засвар үйлчидгээний зардалд 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг, алдангид 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 1 453 500/нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Г.Г нэхэмжлэгч “Т” СӨХ-д холбогдуулан хохиролд 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Г нь хууль бусаар байгуулагдсан, чадамжгүй, хууль бус сууц өмчлөгчдийн холбоо төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь хүний юм гэхээр би асууж байгаад аваачиж өгсөн, өөр зүйл байхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгөөс татгалзаж байна гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас бүгд 1 453 500/нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 14/2и байрны 34 тоот, 61.8 м.кв орон сууцны өмчлөгч нь хариуцагч болох нь 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн услын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 38/гучин найм/ сарын засвар үйлчилгээний зардалд 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.”, 148 дугаар зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Сууц өмчлөгчдийн холбоо/цаашид “холбоо” гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно.”, 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох;” гэж заасан.

 

14/2и байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сар бүр сууц өмчлөгчөөс авах төлбөрийн хэмжээ 25 500/хорин таван мянга таван зуу/ төгрөг болох нь Төрийн банкны бэлэн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч нь үндэслэлгүй төлбөр авч байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 14/2и байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг авах эрхтэй байх ба хариуцагчийн дээрх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3 дахь заалтад зааснаар хариуцагчаас 14/2и байрны 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 38/гучин найм/ сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээ, хог, зурагтын төлбөрт нийт 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №02 Өр барагдуулах хэлцэл, Төрийн банкны бэлэн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч хууль бусаар байгуулагдсан, чадамжгүй, хууль бус гэх тайлбар гаргаж байх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийг бүртгэж Гэрчилгээ олгосон болох нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 13/048 дугаар Гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба хариуцагчийн тус тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 14/2и байрны 34 тоот орон сууцыг  2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хөлсөлсөн гэж маргаж байх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалтад зааснаар сууц өмчлөгч нь сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй тул ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь сунадаг шатыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан болохыг баримтаар нотлоогүй ба хариуцагчид 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хохиролд 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гоос нийт 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” СӨХ-с нийт 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч Г.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гоос нийт 969 000/есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” СӨХ-с нийт 2 050 000/хоёр сая тавин мянга/ төгрөгийг гаргуулах хариуцагч Г.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” СӨХ хариуцагч Г.Гоос бүгд 1 453 500/нэг сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 484 500/дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 206 төгрөгийг, хариуцагч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 27 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ХИШИГБАТ