Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 954

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Л.Өлзийсайхан нарын шүүх бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү, нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, иргэдийн төлөөлөгч Л.Н*******, гэрч Б.Б, Т.Б нарыг оролцуулан Д.Э*******гийн нэхэмжлэлтэй,*******ын ерөнхий газрын даргад холбогдох “Тагнуулын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Э******* нь*******ын ерөнхий газарт 2007 оноос эхлэн ажиллаж 2009 онд Үндэсний *******ын Академийн тэнхимийн эрхлэгч, хурандаа цолтой ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд “Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн” зөрчил гаргасан нөхцөл байдал, учирч болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан*******ын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шийтгэлийн аль нэгийг ногдуулах” гэсэн үндэслэлийг дурдсан боловч*******ын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халсныг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь хичээл сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 379 дүгээр захирамжаар баталсан Цэргийн сахилгын дүрмийн 4 дэх болон 7 дахь заалтын дагуу үүргээ гүйцэтгэсэн болно. Д.Э******* нь Сургуулилтын үед архи, согтууруулах ундаа уусан гэж үндэслэлгүйгээр дүгнэлт гаргасан ба энэ үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд*******ын Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б тоот “Ажлаас халах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Д.Э******* нь 2009 оноос*******ын ерөнхий газрын Үндэсний *******ын академид томилогдон ажиллаж байгаад дор дурдсан сахилга, ёс зүйн зөрчил гаргасантай холбоотойгоор*******ын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б дүгээр тушаалаар албанаас халагдсан.

Д.Э*******гийн гаргасан зөрчлийн талаар товч дурдвал:

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадын дарга нарын 2015 оны 9 дүгээр сард хамтран баталсан "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-ийн дагуу*******ын ерөнхий газрын зарим албан хаагчид 016 дугаар бригадад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдах явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цагийн орчимд Д.Э******* нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн танхимын хичээлд сууж байсан 95 хүнийг гадаа гарган жагсааж, дээрх төлөвлөгөө, удирдамжид тусгаагүй дасгал хийлгэж, 2 хуваан дээш харуулан газарт хэвтүүлж, хүйс хамаарахгүйгээр 40-45 хүнийг тойргоор бие биенийхээ гэдсэн дээр гишгэж гүйхийг тушаасан. Үүний улмаас эмэгтэй албан хаагчид болох Ч.Б******* баруун хөхөн дээрээ гишгүүлэн цээжинд нь цус хурж, хөхөрч, тухайн шөнө өндөр хэмд хүрч халуурсан, П.******* давсаг дээрээ гишгүүлсний улмаас тухайн үед өмдөндөө шээсэн байна. Ч.Б******* Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт оношлуулахад цээж, хөхний хэсэг хөхөрч няцралт үүссэн, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош гарсан. П.******* "Сонгдо" эмнэлэгт оношлуулахад ноцтой гэмтэл учраагүй гэсэн онош гарсан хэдий ч тухайн албан хаагчдын бие, эрүүл мэнд болоод нэр хүнд, сэтгэл санаанд нь ноцтой гэм хор учирч, эмэгтэй хүний хувьд гутаан доромжлуулсан үйлдэл болсон. Мөн сургалтад хамрагдаж байсан албан хаагчдын мэдүүлснээр Д.Э******* нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон.

Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Тагнуулын ерөнхий газрын даргын Б дүгээр тушаал нь бодит байдалд нийцээгүй, би Цэргийн сахилгын дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэсэн, сургуулилтын үед согтууруулах ундаа хэрэглээгүй..." гэсэн байгаа нь дараах нотлох баримтаар няцаагдаж байна:       

1.*******ын ерөнхий газрын Ёс зүйн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны хурлаар Д.Э******* нь*******ын ерөнхий газрын Тамгын газрын дарга, ХЗ-ний 016 дугаар бригадын захирагч нарын хамтран баталсан "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-т дур мэдэн өөрчлөлт оруулж, эрх мэдлээ хэтрүүлэн*******ын ерөнхий газрын даргын тушаал зөрчиж, намаг туулах аргачлал дасгалыг сургалтад хамрагдсан албан хаагчдаар хийлгэсний улмаас нэр бүхий 2 эмэгтэй албан хаагчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай зүй бусаар харьцсан нь цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх үйлдлийг ёс зүйн зөрчил буюу сахилгын ноцтой зөрчилд тооцох тул*******ын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5,*******ын ажилтны сахилгын дүрмийн 5.7.4-т заасны дагуу хурандаа Д.Э*******д "*******ын албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, цэргийн хурандаа цолыг хураан авах" нь зүйтэй гэж ёс зүйн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дүгнэжээ

2. Д.Э*******гийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс*******ын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд чиглэл өгч, Маргаан шалгах, комиссыг томилсон бөгөөд тус комиссын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэд “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон үйл явдлыг дахин нягтлан шалгах зорилгоор тухайн үед ЗХ-ий 016 дугаар бригадад сургалтад хамрагдсан албан хаагчид,*******ын ерөнхий газрын их эмч нараас тайлбар авч, Ч.Б*******, П.******* нарын эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг судалж үзэхэд Цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үеэр Д.Э******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ*******ын ерөнхий газрын даргын тушаал, батлагдсан хөтөлбөр зөрчиж, дур  мэдэн байнгын бэлтгэл, дадлагагүй албан хаагчдаар дээрх дасгалыг хийлгэсэн нь цаашид үүсэж болзошгүй хор хохирол, үр дагаврыг тооцоогүй, цэргийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин, цэргийн албан хаагчийг дэглэсэн, гутаан доромжилсон үйлдэл бөгөөд*******ын ажилтны сахилгын дүрмийн 3.1.6, 3.1.12, 4.1.2, 5.7.1,*******ын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2.6, 3.1.10, 3.1.18-ыг тус тус зөрчсөн." гэжээ.

3.*******ын ерөнхий газрын Тамгын газрын дарга, ЗХЖШ-ын 016 дугаар бригадын дарга нарын 2015 оны 9 дүгээр сард хамтран баталсан "Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр"-ийн 3 дугаар хэсэгт Бие бялдрыг хөгжүүлэх Дасгал нормативт заасан хүч, тэсвэр, хурд, авхаалж самбаа, уян хатан байдал зэрэг дасгалуудад намаг туулах буюу хэвтэж буй албан хаагчийн гэдсэн дээгүүр гүйх, айдас даван туулах буюу 5 км/ц-ийн хурдтай явж буй танк доогуур мөлхүүлэх зэрэг дасгал ороогүй. Д.Э*******   нь гаргасан тайлбартаа хөтөлбөр зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

4.*******ын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/596 дугаар тушаалаар Д.Э*******г суралцагчдын ахлагчаар томилсон. Энэ нь түүнийг бусад суралцагчийн нэгэн адил сургалтад хамрагдаж, сургалтын арга барилыг судалж, цаашид өөрийн байгууллагад нэвтрүүлэх, шаардлагатай тохиолдолд бие бүрэлдэхүүний санал, хүсэлтийг*******ын ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс болон ангийн удирдлагад уламжилж, шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлж байхаар томилсон явдал юм. Харин Д.Э******* нь үүнийг Цэргийн сахилгын дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар Бригадын захирагчийн эрхийг эдэлж, бие бүрэлдэхүүнд тушаал өгөх, хөтөлбөрийг өөрчлөх, сургалт гардан зохион байгуулах шийдвэр гаргах эрхтэй мэтээр ойлгож, уг тушаалыг зөрчсөн.

5. Д.Э******* нь 2015 оны 10 дугаар сарын 20-нд согтууруулах ундаа

хэрэглэсэн байсан талаар ротын нийт албан хаагчдын дунд яриа гарсан, мөн

автомашинаар хамт Төв аймгийн эмнэлэг явсан Ч.Б*******, П.******* болон Б.Есүхэй, Д.Батмандах зэрэг бусад албан хаагчид түүнээс архи маш их үнэртэж

байсан тухай мэдүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний 12.00 цагийн орчимд

буюу тухайн үйл явдлаас хойш 18  цагийн дараа*******ын ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын албанаас 016-р бригадад очиж согтуурлын зэрэг тогтоох багаж руу үлээлгэж шалгахад Д.Э*******д согтуурлын зэрэг илрээгүй. Д.Э******* нь*******ын ерөнхий газрын томилогдохоосоо  өмнө 016 дугаар бригадад ажиллаж байсан бөгөөд ЗХЖШ-ын 016 дугаар бригадаас*******ын ерөнхий газрын Тамгын газарт ирүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичигт Д.Э*******г архи уугаагүйг батална гэх ангийн нэр бүхий албан тушаалтнууд нь Д.Э*******тай өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс юм.*******ын ерөнхий газрын 016 дугаар бригадад зохион байгуулсан Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтын өмнөх ээлжүүдийг хамгийн том цолтой албан хаагчдаар ахлуулан Д.Э*******д өгсөнтэй ижил үүрэг хүлээлгэн явуулахад дүрэм, журам зөрчсөн аливаа асуудал гараагүй байна.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар баталсан "Цэргийн цол олгох журам"-ын 4.4-т зааснаар Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4-т "цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн", 5-д "гэмт хэрэг үйлдэж, хорих ял "шийтгүүлсэн" үндэслэлээр цэргийн цолыг хураадаг.

Д.Э******* нь цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчиж,*******ын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 онд "сануулах", 2013 онд, "сануулах" сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байна.

7. Д.Э*******г албанаас халах тухай*******ын ерөнхий газрын даргын 2015 оны Б дүгээр тушаалын үндэслэл:

•*******ын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д "Тагнуулын ерөнхий газрын дарга*******ын ерөнхий газрын дотоод асуудлаар тушаал, заавар гаргах", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "*******ын албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна",

• Засгийн газрын 2009 оны 256 дугаар тогтоолоор баталсан*******ын ажилтны сахилгын дүрмийн 5.5.1-д "зөрчил гаргасан нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар зэргийг харгалзан*******ын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах", 5.7.4-д "ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, *******ын албанаас хална",

•*******ын ерөнхий газрын даргын 2014 оны А/74 дүгээр тушаалаар баталсан*******ын ерөнхий газрын үйл ажиллагааны журмын 405.3.11-д "Тагнуулын ажилтны сахилгын дүрэм, Цэргийн сахилгын дүрэм болон энэхүү журамд заасан хэм хэмжээг зөрчсөн, гэм хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн үндэслэлээр халагдаж байгаа цэргийн албан хаагчийн цэргийн цолыг хураан авна", 413.6.1-д "Тагнуулын ерөнхий газрын албан хаагчийг Төрийн албаны тухай,*******ын байгууллагын тухай, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,*******ын ажилтны сахилгын дүрэмд заасан үндэслэлээр албанаас хална", 424.4.1."д"-д "ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож, албанаас халах буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална", 424.5.1-д "Тагнуулын ерөнхий газрын албан хаагч нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, заавар болон байгууллагын дотоод журам, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, ... нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно." гэж заасан зэрэг болно.

Иймд Д.Э******* нь *******ын ажилтны өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн нь тогтоогдож байгаа бөгөөд*******ын ерөнхий газрын даргын 2015 оны Б дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Монгол Улсын цэргийн хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй болов уу. Өмгөөлөгчтэй санал нэг байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт буюу*******ын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “Албанаас халах” тухай Б дүгээр тушаалаар Д.Э*******г “*******ын байгууллагын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан гэдэг үндэслэлээр*******ын ерөнхий газрын Үндэсний *******ын академийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгчийн албанаас халж “Цэргийн хурандаа” цолыг хураажээ.

Шүүх бүрэлдэхүүн хуулийн хүрээнд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг зэргийг дүгнээд: 

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд*******ын ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна; 21.1.1-т “сануулах”; 21.1.2-т “албан тушаалын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 21.1.3.-т “цэргийн цолыг буруулах буюу хасах; 21.1.4-т “албан тушаал бууруулах”; 21.1.5-д “Тагнуулын албанаас халах” гэж заасан байна.

Гэтэл эдгээрээс Цэргийн албанд тасралтгүй нийт 27 жил үүнээс*******ын байгууллагад 10 жил ажилласан хүнийг*******ын байгууллагаас халахдаа гаргасан зөрчлийг нь хуульд заасны дагуу нарийн сайн шалгаж тогтоолгүйгээр*******ын байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр буюу халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй шийтгэл ногдуулсан байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч дээрх тушаалын үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа “Д.Э******* нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн...95 хүнийг гадаа жагсааж, төлөвлөгөө, удирдамжинд тусгагдаагүй дасгал хийлгэсэнээс эмэгтэй албан хаагчийн биед гэмтэл учруулсан, тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, 2009 онд “сануулах”, 2013 онд “сануулах” сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн тул цэргийн цолыг хурааж “албанаас халсан”..гэж, нэхэмжлэгч “миний бие тушаал болон хууль зөрчөөгүй, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй”, сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ. 

1. Ажлаас халах үндэслэлийг бий  болгосон маргаан бүхий актаас үзэхэд:*******ын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б/596 дугаар “Сургалтанд хамруулах тухай” тушаалаар*******ын ерөнхий газрын зарим албан хаагчдыг 2015 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын 016 дугаар бригадтай хамтран зохион байгуулах цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтанд хамруулахаар шийдвэрлэж, “суралцагчдын ахлагч”-аар Үндэсний *******ын Академийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Э*******г томилсон, сургалтын хөтөлбөрийг*******ын ерөнхий газрын Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал нар хамтран баталсан  байна.

Дээрх Б/596 дугаар “Сургалтанд хамруулах тухай” тушаалаас үзэхэд тухайн сургалтын үйл ажиллагаанд “суралцагчдын ахлагч” нь ямар эрх, үүрэгтэй оролцох, тухайлбал суралцагч, суралцагчдын ахлагчийн зааг ялгаа, эрх үүрэг, суралцагчдын ахлагч нь албан хаагчдыг гадаа жагсааж, ямар нэг дасгал хийлгэх, сургалтын хөтөлбөрт заасан хичээл хөтөлбөрийн дагуу орсон эсэхийг шалгах, сургалтыг гардан явуулах эсэх талаар уг тушаалд нарийвчлан тусгаж өгөөгүй байна.

Мөн хариуцагч байгууллагаас дээрх тушаалтай холбогдуулж сургалтыг явуулах талаар ямар нэгэн заавар зөвлөмж, гаргаагүй, сургалтанд хурандаа цолтойгоос доош цолтой хүмүүсийг хамруулсан, цэргийн буюу хошуучаас доош цолтой алба хаагчдыг энгийн хүмүүстэй хамтатгаж хамруулсан.

Тухайлбал нэхэмжлэгч хурандаа цолтой мөн тухайн сургалтанд хамрагдсан суралцагч Т.******* өмнө нь ямар ч сургалтанд хамрагдаагүй, энгийн албан хаагч байсан гэдгийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй зэргээс үзэхэд хариуцагчийн буруутай үйлдэл байсан төдийгүй үүнд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн  сургалтын хөтөлбөрийг цэргийн анхан болон цэргийн ерөнхий бэлтгэл сургалт гэж нарийвчлан зааглаж  гаргаагүй, тухайлбал  цэргийн анхан, ерөнхий  шатны бэлтгэлд ямар албан тушаалтай хэдээс хэдэн насны ямар хүмүүс, мөн анхан шатны бэлтгэл сургалтанд хамрагдсан хүмүүс цэргийн ерөнхий бэлтгэл сургуулилтанд дахин хамрагдах эсэх, эрэгтэй, эмэгтэй албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг тус тусад нь нарийвчлан норм нормативаар нь гаргаж, хөтөлбөрийг боловсруулаагүй зэрэг хариуцагчийн буруутай үйлдлүүд байгаа нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/11414 тоот албан бичгийг*******ын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/596 дугаар тушаалтай холбоотойгоор Д.Э******* нь “суралцагчдын ахлагч”-ийн хувьд сургалтанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцох эсэх, бусад суралцагчдын адил сургалтанд хамрагдаж гэрчилгээ авах эсэх, сургалтанд хамрагдсан албан хаагчдыг гадаа жагсааж, ямар нэгэн дасгал хийлгэх, сургалт гардан явуулах эрхтэй эсэх, “гэдсэн дээр гишгэж гүйх”  дасгал нь цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтанд ордог эсэх, уг дасгалыг хүйс харгалзахгүй, эмэгтэй албан хаагчид хамрагдаж болох эсэх, үүнийг зохицуулсан журам, сургалтын хөтөлбөр байгаа эсэх талаар тайлбар нотлох баримтыг гаргуулахаар*******ын ерөнхий газарт явуулсан байна.

Гэтэл*******ын ерөнхий газраас дээрх сургалттай холбоотойгоор Хүний нөөцийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Саруулын тайлбар ирснээс өөрөөр албан бичигт дурьдсан маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүх сургалтыг журамласан, зохицуулсан ямар нэг эрх зүйн актгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

2. Хариуцагч Д.Э*******г “намаг туулах аргачлал” батлагдаагүй байхад сургалтын хөтөлбөрт дур мэдэн оруулан  хүнд элемент бүхий  дасгал сургуулилтыг суралцагчдаар хийлгэсэн гэх тайлбарын тухайд:

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын 016 дугаар бригадын захирагч нарын хамтран баталсан Цэргийн ерөнхий бэлтгэлийн сургалтын хөтөлбөр”-ийн Нэг. Хичээлийн стандарт хэсгийн 3-т “байгалийн болон тактикийн саад туулах” гэж, Тав. Цэргийн ерөнхий бэлтгэл, сургалтыг зохион байгуулах ажиллагааны ерөнхий дараалал хэсэгт Гуравдугаар шат “Байгалийн болон тактикийн саадыг туулах” гэж тусгагдсан байх ба энэхүү “Байгалийн болон тактикийн саадыг туулах” гэсэн хичээлд ямар, ямар дасгал сургуулилт ордог эсэх нь сургалтын хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй, эмэгтэй, эрэгтэй суралцагчдын аль нь энэ дасгалыг хийх талаар нарийн зааж өгөөгүйн зэрэгцээ уг дасгалыг сургалтын хөтөлбөрөөс шууд хараад тодорхойлох боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан гарын авлагын 9 дүгээр хуудсанд Хурд тэнцвэрийн саад /намаг/ нийт саадын урт нь 50 м, өндөр нь 60 см, хоорондын зай 50 см, өргөст тороор холбосон дөрвөн эгнээтэй саад байна гэж заасан байна. 

Үүнээс үзвэл Зэвсэгт хүчний 016 дугаар бригад болон 084 дүгээр тусгай ангийн саадтай зурвас дээр хэрэглэгддэг гарын авлага төдийгүй энэ дасгалыг цэргийн байгууллгад 2-10 жил ажилласан 18-35 насны цэргийн ахмадаас дээш цолтой Ерөнхийлөгчийн нэрэмжит түвшин тогтоох бие бялдрын сорилт шалгалтанд хамрагдаж,*******ын ерөнхий газрын даргын баталсан марш тактикийн үед хийгдэж байсан дасгал болох нь нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан фото зураг, болон гэрч Б.Бийн “Өмнө нь болж байсан цэргийн бүхий л сургалтыг Д.Э******* хурандаа удирдаж зааж явуулдаг байсан. Жишээ нь манай байгууллагаас Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд ерөнхий дасгалжуулагчаар хурандаа Д.Э******* миний мэдэхийн сүүлийн 2 марш тактикийн тэмцээнд орсон. 

Цэргийн эрдмийн тал дээр манай байгууллагад ганц мэргэшсэн хүн төдийгүй монгол улсад ганц мэргэжлийн дагуу бэлтгэгдсэн хүн гэж хэлж болно. Ер нь уг дасгалыг яаж хийж байгаагаас хамаарна. Дээшээ харуулж хэвтүүлж байгаад хооронд нь зайтай хэвтүүлсэн бол хөнгөн, зайгүй хэвтүүлж байгаад ахлуулсан бол хүнд талруугаа орно. Энэ дасгалыг энэ  жилээс нийтээрээ хийгдэж байгаа. Намаг туулах дасгал нь өндөр нь 50 метр орчим, диаметр нь 20 см орчим тусгай өргөстэй тор татсан зүйл дээгүүр алхаж гарах дасгал юм. Уг дасгалыг хийлгэж сургахын тулд алба хаагч нарыг гэдсэн дээгүүр алхуулж явуулдаг практик байгаа. Мөн ялгаа байхгүй манай сонсогч нар дээр өмнө нь уг дасгал хийгдэж байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Д.Э*******г огт байхгүй дасгалыг өөрөө дур мэдэн зохиож сургалтын хөтөлбөрийг өөрчилж, дээрх дасгалыг буюу хүнд элементийг суралцагчдаар хийлгүүлсэн гэж үзэж, хариуцагчаас Д.Э*******д албанаас халах арга хэмжээ авсныг зөвтгөх үндэслэл болохгүй юм. 

3. Д.Э******* нь Цэргийн дүрэмт хувцастай албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, бусадтай зүй бусаар харьцсан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан гэх тайлбарын тухайд:

Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн дөрвийн 5.2-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байна”, 5.3-т “.....шалгалт хийсэн тухай илтгэх хуудас болон зөрчилд холбогдох баримт материалыг шийтгэл ногдуулах саналын хамт*******ын ерөнхий газрын даргад.......тус тус хүргүүлнэ”, 5.4-т “Тагнуулын ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана” гэж*******ын ерөнхий газрын үйл ажиллагааны журмын 424.5.4-т Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна. Шалгалт хийсэн тухай илтгэх хуудас, зөрчилд холбогдох баримтыг сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтанд танилцуулна гэж тус тус заажээ.

Гэтэл Д.Э*******г ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа цэргийн дүрэмт хувцастай байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн гэрч нарын Д.Э******* хурандаагаас архи үнэртэж байсан гэх тайлбарт үндэслэн, ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү зөрчил нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

Зүй нь Д.Э******* ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрэмт хувцастай байх үедээ ажлын цагаар архи уусан гэдгийг баримтжуулж баталгаажуулах байсан байна. 

Тухайн үед Д.Э*******г зөрчил гаргасан талаар шалгахаар*******ын ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Саруул, Дотоод хяналт аюулгүй газрын дарга Д.Цолмонбаатар,*******ын ерөнхий газрын эмч гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад очсон байдаг.

Тус шүүхэд гэрчээр асуугдсан Д.Цолмонбаатар мэдүүлэхдээ “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар анги дээр шалгалтаар очсон бие бүрэлдэхүүн согтуурлын зэрэг тогтоох багажаар Д.Э*******г шалгаж үзэхэд архи уусан талаар баримт гараагүй” гэжээ.

 Хэрэв тухайн үед согтуурлыг шалгах багажаар шалгахад Д.Э*******г архи уусан талаар баримт гараагүй ч гэсэн Д.Э*******гаас цусны шинжилгээ авч шинжлүүлэн баталгаажуулах боломжтой байсан байна.

4. Д.Э******* өмнө нь хоёр удаа сахилгын зөрчил гаргаж байсан гэх тайлбарын тухайд:

Д.Э*******д 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар тушаалаар, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

Тагнуулын ажилтны сахилгын дүрмийн тав дах хэсгийн 5.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээлгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байх тул

Д.Э*******г сахилгын шийтгэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь Төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “..Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул*******ын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.*******ын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,*******ын ерөнхий газрын даргын “Албанаас халах тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Э*******г өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.БАТСҮРЭН

               ШҮҮГЧ                                                         Л.ӨЛЗИЙСАЙХАН