Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0355/З |
Дугаар | 262 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 262
Д.О-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх
дүүргийн 24 дүгээр хорооны ИТХ-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 01, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулж,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хуралдаан даргалагчийг сонгох тухай 01 дүгээр, Хорооны Иргэдийн нийтийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 04 дүгээр, Хорооний Иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгох тухай 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Д.О-г Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 887 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмгөөлөгч Ж.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
4. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч Б.Одонтуяагаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01, 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Д.О- намайг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 17.1.1-д "Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх” гэж зааснаар хорооны хурлын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь тухайн хуралдаа байдаг бөгөөд Хорооны Хурлын бүрэн эрхтэй холбоотой асуудал, тухайн асуудлаар гарсан шийдвэрийг дүүрэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аль нь ч хянах эрхгүй.
6. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар маргаан бүхий актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн улмаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
7. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчжээ. Үүнд: Д.О-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн (ЗХШХШтХ-ын 72.1) Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч надад мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй (ЗХШХШтХ-ын 71.1, 20.1.2,) Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01, 04, 05 дугаар тогтоолууд нь тамга тэмдэг дарагдаагүй, байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэггүй, захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байхад нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгосон (ЗХШХШтХ-ын 38.4) байгаагаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч Д.О- “...намайг хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зарлахаасаа эхлэн хууль зөрчсөн, хуралдааны талаар надад мэдэгдээгүй. ...хуралдааныг хурлын тэргүүлэгч биш, дүүргийн Иргэний танхимын ажилтан Х.Майнбаяр даргалсан, ...тухайн хуралдаанаас тогтоол гараагүй, хууль бусаар хуйвалдаж тогтоол үйлдсэн...” гэж марган, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 01, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урамшуулал 1,889,626 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус хуульчилсан.
12. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор, тус хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цагт хийхээр тогтоосон. Гэвч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчиж хуралдсан, тодруулбал тухайн өдрийн хуралдаанд Хурлын дарга Д.О- ирээгүй, энэ тохиолдолд хуульд зааснаар, Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь хуралдааныг нээж удирдахаар заасан байхад хурлын тэргүүлэгч биш Х.Мыг хуралдаан даргалагчаар сонгож, хуралдааныг удирдуулсан, түүнчлэн тус хуралдаанаар хорооны Засаг даргын 2018 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэхээр тогтсон, гэтэл хэлэлцэх асуудалд ороогүй хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.О-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх, тус албан тушаалд Э.Быг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн, маргаан бүхий “Хуралдаан даргалагчийг сонгох тухай” 01, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг чөлөөлөх тухай” 04, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг гарган хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.
13. Иймд нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, тус хуралдаанаас гарсан 01, 04, 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.
14. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, шүүх түүний нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой байсан. ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авч ...шийдвэрлэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан, хариуцагчаас маргаан бүхий актуудыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, мэдэгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.О- нь түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны актын талаар 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргад, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөдөл гаргасан байх боловч хариу өгөөгүй учир 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
16. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн “...хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, ...иргэдийн Нийтийн Хурлын тогтоолууд нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад үнэлж, шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгон... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.
17. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д шүүх хуралдаан даргалагчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулахаар заасан, нэхэмжлэгч Д.О-гийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүгч Д.Ч-д хуваарилагдаж, тэрээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагчаас шүүхэд хариу тайлбар гаргахдаа, түүнд хавсарган тус иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01, 04, 05 дугаар тогтоолуудыг эх хувь /тамга дарагдаагүй/-иар нь ирүүлсэн байх тул тэдгээрийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт /хх 137, 175 талд авагдсан/-аар тогтоогдсон тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
18. Харин, шүүхүүд нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны урамшуулалын 1,889,626 төгрөгийг нөхөн гаргуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирлыг тооцон гаргуулах байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэсэн нь буруу, иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0887 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА