Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01651

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01651

 

 

 

 

 

 

 

Д.Бат-Энхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/01914 дугаар шийдвэртэй, Д.Бат-Энхийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Равдандорж, Б.Баяртуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 47 500 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагч С.Равдандоржийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Бат-Энх нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найз С.Равдандорж, Б.Баяртуяа нартай харилцан тохиролцож 15 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, сард 2.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл болон зээлийн хүүг хариуцагч нар хугацаандаа төлөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр амаар харилцан тохиролцож, Д.Бат-Энхийн дансанд 7 хоног бүр 500 000 төгрөг төлж барагдуулахаар болсон. Энэ тохиролцооны дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус 1 удаа 500 000 төгрөг төлсөн. Тухайн үед бичгээр дээрх тохиролцоогоо баталгаажуулаагүй, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өмнөх 2 удаагийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төгрөгт шилжүүлэн 48 500 000 төгрөгийн дүнгээр тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хугацаанаас хойш хариуцагч нар нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг төлсөн. Иймд үлдэх зээл, хүүгийн төлбөр болох 47 500 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг Д.Бат-Энх өөрөө биш, түүнийг төлөөлж Б.Цэнгэл гаргасан. Төлөөлөгч гэх Б.Цэнгэлд олгосон анхны итгэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /БГД/-д нэхэмжлэл гаргах эрх олгосон байсан ба сүүлд олгосон итгэмжлэл нь Монгол Улсын стандарт, төрийн албан хэрэг хөтлөх журмыг зөрчсөн, бичвэрийн шаардлага хангаагүй байсан. Зээлийн гэрээ нь 2013, 2014 онд байгуулагдсан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Түүнчлэн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан бичмэл баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Бат-Энхтэй хариуцагч С.Равдандорж болон Б.Баяртуяа нар зээлийн гэрээ байгуулаагүй, харин Инкомэкс ХХК гэх хуулийн этгээд байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан С.Равдандорж, Б.Баяртуяа нараас 47 500 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, Д.Бат-Энхэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Равдандорж, Б.Баяртуяа нараас 395 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Энхэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Равдандоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.Бат-Энх нь Б.Баяртуяад 15 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Д.Бат-Энх, зээлдэгч Б.Баяртуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Гэтэл тус зээлийн гэрээнд хамааралгүй С.Равдандорж надаас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Имкомекс ХХК нь Д.Бат-Энхээс 10 000 000 төгрөг 3.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд тус компанийн зээлийг иргэн Б.Баяртуяа болон иргэн С.Равдандорж нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байсан боловч шүүх үүнийг харгалзаж үзээгүй процессийн зөрчил гаргасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/01914 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Бат-Энх нь хариуцагч С.Равдандорж, Б.Баяртуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Баяртуяа 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 15 000 ам.доллар 1 жилийн хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй, хариуцагч Б.Баяртуяа, С.Равдандорж нар 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг 3,5 хувийн хүүтэй нэхэмжлэгч Д.Бат-Энхээс тус тус зээлдэн авчээ. Зээлдэгч нар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих төлбөрийн үүргийг 48 500 000 төгрөг гэж тооцоолж, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжны 21/А тоот хаягт байршилтай хувийн сууц, гаражийн зориулалттай 102 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 39,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 627 м.кв газрыг ХААН банкны зээлийн барьцаанд тавьж 10 000 000 төгрөг, үлдэгдлийг 7 хоног тутамд 500 000 төгрөг төлж барагдуулахаар тохирсон байна. /хх11/Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь 15 000 000 ам долларын, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг иргэд хоорондын зээлийн харилцааг зохицуулсан хууль зүйл хэсэгтэй харьцуулан дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзлээ. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийг Б.Баяртуяад хүлээлгэн өгсөн болон 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б.Баяртуяа, С.Равдандорж нарын зээл эргүүлэн төлөх тухай баримтаас талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд зээлдэгч үүргийг шаардах эрхтэй байна. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт нийт 48 500 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөг төлж, 47 500 000 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх10/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардсанаар хариуцагч Б.Баяртуяа, С.Равдандорж нар төлбөрийг хариуцна.

Гэрээний үүргийг шаардах хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг тус тус төлсөнөөр тасалдсан байх ба ийнхүү тасалдсанаар хугацаа дахин шинээр эхлэн тоологдоно.

Төлөөлүүлэгч Д.Бат-Энхээс төлөөлөгч Б.Цэнгэлд олгосон итгэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж бичсэнийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж залруулан нотариат тамга дарж баталгаажуулсан нь хэргийн 3, 76 дугаар талд авагдсан байхын зэрэгцээ уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар төлөөлүүлэгч, төлөөлөгч маргаагүй, хэн алиных нь эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул итгэмжлэл хууль зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/01914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Равдандоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ