Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/01914

 

 

2019 оны 07 сарын 24 өдөр  Дугаар 184/ШШ2019/01914  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Р,

 Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Я, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найз С.Р, Б.Бнартай харилцан тохиролцож 15.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2.5%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Дараа нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын 3.5%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл болон зээлийн хүүг хариуцагч нар нь хугацаандаа төлөлгүй удаж байсан ба 2018 оны 5 дугаар сарын 16-нд амаар харилцан тохиролцож, Д.Бийн дансанд 7 хоног бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар болсон. Энэ тохиролцооны дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус 1 удаа 500.000 төгрөг төлсөн. Тухайн үед бичгээр дээрх тохиролцоогоо баталгаажуулаагүй ба 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, өмнөх 2 удаагийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төгрөгт шилжүүлэн тооцоо нийлж үзэхэд 48.500.000 төгрөг болсон байсныг гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хугацаанаас хойш хариуцагч нар нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх зээл болон хүүгийн төлбөр болох 47.500.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Р, Б.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг Д.Б өөрөө биш, түүнийг төлөөлж Б.Цгаргасан. Төлөөлөгч гэх Б.Ц-д олгосон анхны итгэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /БГД/-д нэхэмжлэл гаргах эрх олгосон байсан ба сүүлд олгосон итгэмжлэл нь Монгол Улсын стандарт, төрийн албан хэрэг хөтлөх журмыг зөрчсөн, бичвэрийн шаардлага хангаагүй байсан. Зээлийн гэрээ нь 2013 он, 2014 онд байгуулагдсан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Түүнчлэн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан бичмэл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Бтэй хариуцагч С.Р болон Б.Бнар зээлийн гэрээ байгуулаагүй, харин И ХХК гэх хуулийн этгээд байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.500.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардаж, хариуцагч С.Р, Б.Бнар нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийг хариуцагч нар аваагүй И ХХК авсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Р, Б.Бнартай 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, 15.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2.5%-ийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэмж 10.000.000 төгрөгийг 1 сарын 3.5%-ийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна. /хх 6, 7 дугаар тал/

Дээр дурдсан хоёр удаагийн зээлийн үлдэгдэл төлбөрт 48.500.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болохыг талууд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэн баталгаажуулж, улмаар зээлийн гэрээний зүйл болох мөнгөн тэмдэгтийн төрөл, төлбөр төлөх хэмжээ, журмыг шинэчлэн тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэн Д.Бэд хүсэлт гаргах нь гэсэн тэргүү бүхий бичмэл баримтаар тогтоогдож байна. /хх 7 дугаар тал/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог тул талууд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, өмнөх хоёр удаагийн зээлийн гэрээний зарим нөхцлийг өөрчлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Талуудын сүүлчийн тохиролцоо /2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн /-ны дагуу төлөх ёстой 48.500.000 төгрөгийн төлбөрөөс, зээлдэгч С.Р, Б.Бнар нь Хаан банкнаас зээл авч 10.000.000 төгрөгийг төлөх, үлдэх төлбөрийг 7 хоног бүр 500.000 төгрөгөөр төлөх замаар зээлийг дуусгавар болгохоор тохиролцсон боловч хариуцагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, 47.500.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 10 дугаар тал/

Хариуцагч талаас, зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч хариуцагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг төлсөн хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэлээр, энэ үеэс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Тасалдсан энэ хугацаанаас буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасан журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолбол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б.Цэнгэлд өөрийгөө төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрх олгосон баримт үйлдэхдээ БГДүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах гэж бичиж, бичвэрийн алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, хожим уг алдаагаа дахин зөвтгөж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /СХД шүүхэд/ нэхэмжлэл гаргах эрх олгосон болохоо баталгаажуулсан байна. /хх 5, 76 дугаар тал/

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эхний илэрхийлэл алдаатай байсан, хожим илэрхийллийн алдааг зөвтгөсөн болохыг эрх бүхий этгээд болох нотариатч тамга дарж баталгаажуулсан байна.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д: Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтын агуулгаас үзвэл, тухайн тохиолдолд төлөөлөгчид бүрэн эрх олгогдоогүй байсан ч төлөөлөгчийн үйлдлийг төлөөлүүлэгч хожим хүлээн зөвшөөрч, дэмжих байдлаар өөртөө эрх зүйн үр дагаврыг үүсгэж болохоор байна.

Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасан итгэмжлэл нь, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг төлөөлөгч хүлээн авсан байх шаардлагатай, тухайн талуудын хооронд хүчин төгөлдөр болсон хүсэл зоригийн гадаад илэрхийллийг баталгаажуулж буй баримт бичиг юм. Харин нотариатчийн хувьд хувь этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийллийн үнэн зөвийг гэрчлэх үүргийг хуулиар хүлээсэн этгээд юм.

Ийнхүү итгэмжлэл нь хувь этгээдүүдийн хооронд хийгдэж буй, хувийн эрх зүйн хэлцлийг хэлбэржүүлсэн баримт болохынхоо хувьд уг хэлцэлд оролцогч талууд хүсэл зоригоо хэрхэн, ямар хэлбэрээр илэрхийлэх / оноосон нэрний эхний үсгийг товчилж бичих, гараар бичих гэх мэт/-ийг нийтийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулах боломжгүй юм. Иймд, нэхэмжлэгчээс төлөөлөгч Б.Ц-д итгэмжлэл олгохдоо Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг MNS 5140-2:2011 стандарт болон Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ыг тус тус баримтлаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч нар нь, 2013 болон 2014 оны зээлийн гэрээг байгуулаагүй, зээлийн гэрээ нь Д.Б болон И ХХК-тай байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан И ХХК-ийн албан бичгээр тогтоогдоно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. /хх 11 дүгээр тал/

Хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ баримтад, зээлдэгчээр Б.Бгарын үсэг зурж авсан атал И ХХК-ийн албан бичиг гэх баримтад 2013 онд Б.Ббиш компани зээл авсан мэтээр бичигдсэн, албан бичигт Баяртуяа нь гүйцэтгэх удирдлагын хувьд гарын үсэг зурсан гэж үзэхээргүй, Б.Баяртуяагаас гадна С.Р гарын үсэг зурсан байхаас гадна цаг хугацааны хувьд хожим үйлдэгдсэн баримт бичиг болох 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн С.Р, Б.Бнарын гарын үсэг бүхий бичмэл баримтад 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 15.000 ам.долларын зээл, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийг тус тус иргэн С.Р, Б.Бнар авсан болохоо хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

Дээрх тохиолдолд хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан И ХХК-ийн албан бичиг гэх баримтыг, маргаж буй үндэслэлийн тухайд, эргэлзээтэй баримт гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг. Иймд зээлийн гэрээг И ХХК байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болсон, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан өөр бусад үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, мөн хариуцагч нар нь зээл болон хүүгийн төлбөрт 47.500.000 төгрөг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэрээний талууд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулахдаа алдангийн талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нь алданги нэхэмжлээгүй тул маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, нэхэмжлэгчийн тодорхойлсон хувь хэмжээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нараас төлбөрийг тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан С.Р, Б.Бнараас 47.500.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, Д.Бэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р, Б.Бнараас 395.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР