Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01630

 

 

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01630

 

 

 

 

 

Г.Э, Т.Ө, Ч.О, А.З,

С.О , Х.С, Б.Н нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэртэй Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О , Х.С, Б.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т Т ХХК-д холбогдох, 2016 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны олгогдоогүй цалин хөлс болох 18 706 609 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 44 700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Ө, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монгол-Хятадын хамтарсан Т Т ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 5356А, МУ-017423 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин 5 хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оноос тус компани үйл ажиллагаагаа эхлэн явуулж, ажилчид ажиллуулсан боловч 2016 оны 10 дугаар сараас хойш ажилчдын ажилласан хугацааны болон сул зогсолтын үеийн цалин хөлс олгоогүй, компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж, үйл ажиллагаа нь доголдох болсон. Бид цалин хөлс олгох тухай хүсэлт, шаардлагыг 2016 оны 10 дугаар сараас хойш удаа дараа тавьж байсан. Компанийн гүйцэтгэх захирал Шнь компанидаа мөнгө олж ирнэ гээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр Хятад улс руу яваад ирж ирээгүй. Ажилчид компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, дэд захирал нарт хүсэлт гаргаж байсан ба тус компанийн захирал Н.Нансал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын цалинг 60 хувиар тооцон олгох, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгож дуусгасан. Үүнд: уурхайн дарга Т.Ө, нярав тоо бүртгэгч Ч.О, борлуулалтын менежер орчуулагч Х.С, жолооч Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, орчуулагч бичиг хэргийн эрхлэгч С.Оийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, ерөнхий нягтлан бодогч Г.Эболон ашиглалтын инженер А.З нарын цалинг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний хооронд үндсэн цалингийн 60 хувиар тооцон олгохоор болсон. Үүнээс хойш бид цалин хөлс олгох хүсэлтийг компанийн удирдлагад амаар болон биечлэн уулзаж хэлж байсан боловч, захирал Ширэхдээ шийднэ, мөнгө орж ирэхээр өгнө гэх хариуг өгдөг байсан ба сүүлдээ албан ёсны шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ТУЗ-д бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэг албан ёсны хариу өгөөгүй тул шүүхэд хандсан. 2016 оны 10 дугаар сараас хойш олгоогүй 7 хүний ажилласан хугацааны цалин хөлс буюу Т.Өгийн 2 203 140 төгрөг, А.Згийн 3 446800 төгрөг, Б.Нын 1 117 900 төгрөг, С.Оийн 3 520 000 төгрөг, Ч.Оын 1 600 500 төгрөг, Х.Солонгын 1 470 829 төгрөг, Г.Энхтөрийн 5 647 440 төгрөг нийт 18 706 609 төгрөгийн цалин хөлс, 44 700 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлсийн хамт гаргуулж өгнө үү.

Т Т ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан /дэд захирал/ Н.Нансал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд уг тушаалд бид гомдол гаргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг Т Т ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Хувьцаа эзэмшигч бид тус хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд, тэр тусмаа мөнгө, санхүүгийн ажилд оролцдоггүй. Хамтарсан компанийн хөрөнгийг захиран зарцуулах, түүндээ хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий албан тушаалтан болох 1 дүгээр гарын үсэг зурдаг гүйцэтгэх захирал Ши Жун Ган, 2 дугаар гарын үсгийг зурдаг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энар компанийн хөрөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг.

Хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энар ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг 2016 оны 09 дүгээр сарыг дуустал бүрэн олгож байсан гэх боловч 2016 оны 10 дугаар сараас эхлэн ажиллагсдын ажлын хөлсийг яагаад олгохоо зогсоосныг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Эөөрөө хариуцах ёстой. 2016-2017 онд ажиллагсадтай компаниас албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Хамтарсан Т Т ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Шмөрдөн байцаах газарт шалгагдаж байх үедээ компанид мөнгө олж ирнэ гэж Нийслэлийн прокурорын газраас 15 хоногийн хугацаатай чөлөө авч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-руу яваад эргэж ирээгүй байгаа тул тус компанийн хувьцааны 40 хувийг эзэмшигч бид түүний өмнөөс ямар ч хариуцлага хүлээхгүй. Монгол-Хятадын хамтарсан Т Т ХХК-ийн хувьцааны 60 хувийг эзэмшигч гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч Г.Энар хэвээр байгаа. Иймээс компанийн ажилчдад цалин хөлс олгоогүй асуудлыг хөрөнгийг захиран зарцуулж байдгийн хувьд хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан, бодогч эдийн засагч Г.Энар шууд хариуцах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2015, 2016 онд хамтарсан компаниас ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Монгол-Хятадын хамтарсан Т Т ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг эзэмшигч БНХАУ-ын иргэн Шнь тус компанийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа. Тэрээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах, хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Харин хувьцаа эзэмшигчдэд дээр дурдсан эрх байхгүй учраас Монголын талын хувьцаа эзэмшигчид компанийн өр авлага, хөрөнгө мөнгөний асуудлаар компанийг төлөөлөх ямар ч эрхгүй. Иймд Г.Энарын 7 иргэний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө Ч.О, С.О, Х.С, Б.Н нар Түмэн Тал ХХК-д холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Түмэн Тал ХХК-аас нийт 18 706 609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Өд 2 203 140 төгрөг, А.Зд 3 146 800 төгрөг, Б.Нт 1 117 900 төгрөг, С.От 3 520 000 төгрөг, Ч.От 1 600 500 төгрөг, Х.Сд 1 470 829 төгрөг, Г.Энхтөрд 5 647440 төгрөг гаргуулж тус тус олгож, нэхэмжлэлээс 44 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.18 46.2-д зааснаар хариуцагч Түмэн Тал ХХК нь Т.Ө Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Н, Г.Энарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 517 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох, хариуцагч Т Т ХХК-аас 251 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн байгааг буруу үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгчид тус бүрдээ хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдэн хүртэлх цалин хөлсийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэлээ анх гаргаснаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн хувьд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байгааг ялгаж салгаж дүгнээгүй.

Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “ТТ”гэдэг нэртэй ХХК улсын бүртгэлд байхгүй харин “ТТ”ГХОХХК байхад иргэний хэргийг ХХК-ийг татаж үүсгэн, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг байхгүйд буюу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтойгоор зөрчиж байна. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхэд компанийг шүүхэд төлөөлөх бүрэн эрх хуулиар төлөөлөн удирдах зөвлөлд олгогдоогүй байхад удирдах зөвлөлийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж байгаа нь хуульд нийцэхгүй мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх удирдлагийг компанийг төлөөлөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль бус байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Энхтөр, Т.Ө, Ч.О, А.З, С.О , Х.С, Б.Н нар хариуцагч Т Т ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны олгогдоогүй цалин хөлс буюу нэхэмжлэгч Т.Ө 2 203 140 төгрөг, А.З 3 446 800 төгрөг, Б.Н1 117 900 төгрөг, С.О 3 520 000 төгрөг, Ч.О 1 600 500 төгрөг, Х.С 1 470 829 төгрөг, Г.Э5 647 440 төгрөг, нийт 18 706 609 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 44 700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар нэхэмжилжээ. Зохигчид компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, гомдол гаргах болон цалин хөлс нэхэмжилж байгаа хугацааны талаар маргадаг бөгөөд шүүх уг үйл баримтад нотлох баримтад үндэслэгдсэн дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцжээ.

Нэхэмжлэгч Т.Ө нь тус компанид уурхайн даргаар, Ч.О нярав тоо бүртгэгчээр, Х.С борлуулалтын менежер, орчуулагчаар, Б.Н жолоочоор, С.О орчуулагч, бичиг хэргийн эрхлэгчээр, Г.Эерөнхий нягтлан бодогч-эдийн засагчаар, А.З ашиглалтын инженерээр тус тус ажиллаж байсныг зохигчид үгүйсгээгүй, хэдийгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч нар тус компанид ажил эрхэлж цалин хөлс авч байсан нь нотлогдсон байна.

Компанийн үйл ажиллагаа 2016 оноос доголдож эхэлсэн гэж зохигчид тайлбарладаг, тэрээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Монгол-Хятадын хамтарсан Т Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол, ажилчдын санал хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч буюу уурхайн дарга Т.Ө, нярав тоо бүртгэгч Ч.О, борлуулалтын менежер, орчуулагч Х.С, жолооч Б.Н нарыг 2016 оны 12 дугаар сарын цалинг 60 хувиар тооцон олгож, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, орчуулагч бичиг хэргийн эрхлэгч С.Оийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Энхтөр, ашиглалтын инженер А.З нарын цалинг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үндсэн цалингийн 60 хувиар бодож олгохоор шийдвэрлэжээ. /1хх47/

Хэргийн 1 дүгээр хавтасны 240-250 дугаар талд нэхэмжлэгч нарын ажилласан хугацааны цалин хөлсийг тооцоолсон баримт авагдсан байна. Үүнд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Т.Өд 2 203 140 төгрөг, Ч.От 1 600 500 төгрөг, Х.Сд 1 470 829 төгрөг, Б.Нт 1 117 900 төгрөг, харин нэхэмжлэгч С.От 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 3 520 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч Г.Энхтөрд 5 647 440 төгрөг, А.Зд 3 146 800 төгрөг, нийт 18 706 609 төгрөгийн цалингийн өглөгтэй болохыг тодорхой тусгасан, хариуцагч уг баримтыг үгүйсгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... эрхтэй. Шүүх 2016 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны олгогдоогүй цалин хөлсд хариуцагчаас 18 706 609 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Хариуцагч Т Т ХХК 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд шүүх компанийн хувь эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаар хэргийн 1 дүгээр хавтасны 129-138, 2 дугаар хавтасны 45, 90 дугаар тал дахь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй талаар зохицуулсан. Нэхэмжлэгч тал цалин хөлсөө ажил олгогчоос  шаардаж байсан, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ажилчдын хурлаар олгогдоогүй цалин хөлсөө нэхэмжилж шүүхэд хандахаар шийдвэрлэж, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. /1хх48-50/

Нэхэмжлэгч нар олгогдоогүй хугацааны цалин хөлсний тооцооллыг нэг бүрчлэн гаргаж хэрэгт хавсаргасан байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                 А.МӨНХЗУЛ