Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00435

 

Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1630 дугаар магадлалтай,

Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Ннарын нэхэмжлэлтэй,

ТТ ХХК-д холбогдох

2016 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны олгогдоогүй цалин хөлс болох 18 706 609 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 44 700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ө, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Монгол-Хятадын хамтарсан ТТ ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 5356А, МУ-017423 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин 5 хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оноос тус компани үйл ажиллагаагаа эхлэн явуулж, ажилчид ажиллуулсан боловч 2016 оны 10 дугаар сараас хойш ажилчдын ажилласан хугацааны болон сул зогсолтын үеийн цалин хөлс олгоогүй, компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж, үйл ажиллагаа нь доголдох болсон. Бид цалин хөлс олгох тухай хүсэлт, шаардлагыг 2016 оны 10 дугаар сараас хойш удаа дараа тавьж байсан. Компанийн гүйцэтгэх захирал Ши Жүн Ган нь компанидаа мөнгө олж ирнэ гээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр Хятад улс руу яваад ирээгүй. Ажилчид компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, дэд захирал нарт хүсэлт гаргаж байсан ба тус компанийн захирал Н.Нансал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын цалинг 60 хувиар тооцон олгох, хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгож дуусгасан. Үүнд: уурхайн дарга Т.Ө, нярав тоо бүртгэгч Ч.О, борлуулалтын менежер орчуулагч Х.С, жолооч Б.Номунбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, орчуулагч бичиг хэргийн эрхлэгч С.Оийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, ерөнхий нягтлан бодогч Г.Э болон ашиглалтын инженер А.З нарын цалинг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний хооронд үндсэн цалингийн 60 хувиар тооцон олгохоор болсон. Үүнээс хойш бид цалин хөлс олгох хүсэлтийг компанийн удирдлагад амаар болон биечлэн уулзаж хэлж байсан боловч, захирал Ши Жүн Ган ирэхдээ шийднэ, мөнгө орж ирэхээр өгнө гэх хариуг өгдөг байсан ба сүүлдээ албан ёсны шаардлагаа 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ТУЗ-д бичгээр хүргүүлсэн боловч, ямар нэг албан ёсны хариу өгөөгүй тул шүүхэд хандсан. 2016 оны 10 дугаар сараас хойш олгоогүй 7 хүний ажилласан хугацааны цалин хөлс буюу Т.Өгийн 2.203.140 төгрөг, А.Згийн 3.446.800 төгрөг, Б.Номунбаярын 1.117.900 төгрөг, С.Оийн 3.520.000 төгрөг, Ч.Оын 1.600.500 төгрөг, Х.Солонгын 1.470.829 төгрөг, Г.Эийн 5.647.440 төгрөг нийт 18.706.609 төгрөгийн цалин хөлс, 44.700 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлсийн хамт гаргуулж өгнө үү. ТТ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан /дэд захирал/ Н.Нансал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 24 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд уг тушаалд бид гомдол гаргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг ТТ ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хувьцаа эзэмшигч бид тус хамтарсан компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд, тэр тусмаа мөнгө, санхүүгийн ажилд оролцдоггүй. Хамтарсан компанийн хөрөнгийг захиран зарцуулах, түүндээ хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий албан тушаалтан болох 1 дүгээр гарын үсэг зурдаг гүйцэтгэх захирал Ши Жун Ган, 2 дугаар гарын үсгийг зурдаг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Э нар компанийн хөрөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг. Хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Э нар ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг 2016 оны 9 дүгээр сарыг дуустал бүрэн олгож байсан гэх боловч 2016 оны 10 дугаар сараас эхлэн ажиллагсдын ажлын хөлсийг яагаад олгохоо зогсоосныг ерөнхий нягтлан бодогч-эдийн засагч Г.Э өөрөө хариуцах ёстой. 2016-2017 онд ажиллагсадтай компаниас албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хамтарсан ТТ ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ши Жун Ган мөрдөн байцаах газарт шалгагдаж байх үедээ компанид мөнгө олж ирнэ гэж Нийслэлийн прокурорын газраас 15 хоногийн хугацаатай чөлөө авч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-руу яваад эргэж ирээгүй байгаа тул тус компанийн хувьцааны 40 хувийг эзэмшигч бид түүний өмнөөс ямар ч хариуцлага хүлээхгүй. Монгол-Хятадын хамтарсан ТТ ХХК-ийн хувьцааны 60 хувийг эзэмшигч гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ши Жун Ган, ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч Г.Э нар хэвээр байгаа. Иймээс компанийн ажилчдад цалин хөлс олгоогүй асуудлыг хөрөнгийг захиран зарцуулж байдгийн хувьд хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган, ерөнхий нягтлан, бодогч эдийн засагч Г.Э нар шууд хариуцах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2015, 2016 онд хамтарсан компаниас ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. ТТ ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг эзэмшигч БНХАУ-ын иргэн Ши Жун Ган нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах, хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Харин хувьцаа эзэмшигчдэд дээр дурдсан эрх байхгүй учраас Монголын талын хувьцаа эзэмшигчид компанийн өр авлага, хөрөнгө мөнгөний асуудлаар компанийг төлөөлөх ямар ч эрхгүй. Иймд Г.Э нарын 7 иргэний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Ө Ч.О, С.О, Х.С, Б.Ннар ТТ ХХК-д холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч ТТ ХХК-аас нийт 18 706 609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Өд 2 203 140 төгрөг, А.Зд 3 146 800 төгрөг, Б.Номунбаярт 1 117 900 төгрөг, С.От 3 520 000 төгрөг, Ч.От 1 600 500 төгрөг, Х.Сд 1 470 829 төгрөг, Г.Эд 5 647440 төгрөг гаргуулж тус тус олгож, нэхэмжлэлээс 44 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.18 46.2-д зааснаар хариуцагч ТТ ХХК нь Т.Ө Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Номунбаяр, Г.Э нарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 517 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох, хариуцагч ТТ ХХК-аас 251 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1630 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Э нарын 7 иргэний нэхэмжпэлтэй, ТТ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр, магадлалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь ажилласан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг анх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анх гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нар нь тус бүрдээ хэдэн сарын хэднээс эхлэн хэдэн сарын цалин хөлсийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүйн дээр 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ анх гаргаснаас үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн иргэдийн хувьд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн болох нь илт харагдаж байхын зэрэгцээ түүнээс хойш ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн хувьд ч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал байгааг ялгаж салгалгүй дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын цалинг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн олгоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын цалин гаргуулахаар 2017 оны 02 дугаар сард нэхэмжпэл гаргах ёстой байтал 2017 оны 05 дугаар сард анх шүүхэд хандсан байгааг харгалзан үзээгүй байна. Түүнчлэн хариуцагч компанийн уурхайн даргаар ажиллаж байсан Т.Ө, нярав тоо бүртгэгч Ч.О, борлуулалтын менежер, орчуулагч Х.С, жолооч Б.Ннарын тухайн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших хугацааны цалингийн асуудал яригдахгүй бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор цалингийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад тусгагдсан тул эдгээр иргэдийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн тус компанийн орчуулагч бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Оийн тухайд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тул түүнээс өмнөх хугацааны цалингийн асуудлаар 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байхад энэ хугацааг хэтрүүлсэн байна. Харин нэхэмжлэгч Г.Э, А.З нарыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн цалингийн 60 хувиар бодож цалинг олгохоор тушаал гаргасан тул тэдний хувьд энэхүү 60 хувиар бодогдсон цалингаа нэхэмжлэх эрхтэй байхад нийтэд нь хавтгайруулан бүх цалинг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ТТ гэдэг нэртэй ХХК улсын бүртгэлд байхгүй, харин ТТ ГХОХХК байхад иргэний хэрэг ХХК-ийг татаж үүсгэн, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг байхгүйд буюу тус компанийн гүйцэтгэх захирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж байна.

 
   

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан бүрэн эрхэд компанийг шүүхэд төлөөлөх бүрэн эрх хуулиар төлөөлөн удирдах зөвлөлд олгогдоогүй байхад удирдах зөвлөлийн даргыг болон 20 хувийн хувьцаа эзэмшигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 83.8-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь компанийг төлөөлөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль бус байна. Түүнчлэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь удаа дараа хурал товлосон баримт байхаар хуралдаан болсон гэх баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Э, Т.Ө, Ч.О, А.З, С.О, Х.С, Б.Ннар, ТТ ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас хойшхи хугацааны олгогдоогүй цалин хөлс болох 18.706.609 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 44.700 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргаж, ..тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагчийг төлөөлж, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Г, гүйцэтгэх захирал С.Б нар нэхэмжлэлд “...компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн баримтаас үзвэл, тус компанид нэхэмжлэгч Г.Э нягтлан бодогчоор, Т.Ө уурхайн даргаар, Ч.О нярав-тоо бүртгэгчээр, А.З ашиглалтын инженерээр, С.О орчуулагч, бичиг хэргийн эрхлэгчээр, Х.С борлуулалтын менежерээр, Б.Нжолоочоор тус тус ажиллаж байх хугацааны буюу Т.Ө, Ч.О, Х.С, Б.Ннар 2016 оны 10-12 сарын, Х.С 2016 оны 10 сараас 2017 оны 1 сар хүртэл, Г.Э, А.З нар 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны цалин аваагүй болохыг зохигч маргаагүй байна.

Иймд дээрх хугацааны цалинг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан “ажилтны цалин хөлсийг ...хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэснийг зөрчөөгүй байна.

Хэргийн харъяаллыг болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлээгүй гэж үзэхдээ шүүх хэргийн баримтад тулгуурласан дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шаардлага гаргах хугацааг эрх нь зөрчигдсөн эсхүл эрхээ зөрчигдснийг мэдсэн үеэс эхлэн тоолно. Цалинг санхүүгийн байдлаас шалтгаалж олгоогүй талаар нэхэмжлэгч нар компанийн эрх бүхий этгээдэд удаа дараа хандаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч бүрийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  хэтрээгүй гэж үзнэ.

Хариуцагч ТТ ХХК нь Монгол-Хятадын хөрөнгө оруулалттай компани болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Гүржавын “хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд болох БНХАУ-ын иргэн компанийн гүйцэтгэх захирал Ши Жун Ган байхгүй, хятад улс руу яваад ирээгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулгатай тайлбар үндэслэлгүйг анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.13-т заасантай нийцүүлэн дүгнэжээ. Хэргийн баримтыг үндэслэн тус компани үйл ажиллагааг явуулж байгаа, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Б, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.Г нар компанийг төлөөлөх эрхтэй гэж үзснийг үгүйсгэх боломжгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1630 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ТТ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 251.500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ