Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2020/00998

 

Ю.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00459 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ю.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч м- ХХК П.Э-, С.Н- нарт холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, 49 370 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-ын гаргасан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байр, 13 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч м- ХХК-ийн төлөөлөгч А.Цэнгэлбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Г, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч П.Э- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ю.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, мөн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяртай байгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 412 дугаар байрны 1 дүгээр орц, 3 давхарын 13 тоот хаягт байрлах 69,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.квыг 1 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээг байгуулах үед м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр болон С.Н- нарын хооронд мөн орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байсан бөгөөд нэхэмжлэгчийг дамжуулан худалдан авагч гэж гэрээнд оруулсан. Тухайн үед А.Цэнгэлбаяраас энэ нь ямар учиртай юм бэ гэдгийг тодруулахад ...Тус компани 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Н-тэй арматур нийлүүлэх гэрээ байгуулсан, энэ гэрээнд зааснаар дээрх 13 тоотын 69,35 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.квыг нь 1 500 000 төгрөгөөр тооцон 104 025 000 төгрөгөөр С.Н-д төмрийн үнэд өгөхөөр тохиролцсон. Энэ 2 өрөө орон сууцыг С.Н- өөрөө зарах сонирхолтой байгаа ба арматур төмрийн үнийг бэлэн мөнгөөр авах саналтай байгаа, гэрээний урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг С.Н-д төлөхөд болно. Харин үлдэгдэл төлбөрөө банкны зээлийн эх үүсвэрээр шийдээд өгчих гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байрны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг төлөхөөр С.Номин-Эрдэнийн өгсөн 5069071894 тоот Хаан банкны данс руу шилжүүлэх гэтэл түүний нэр дээр ямар нэгэн данс бүртгэлгүй байсан, энэ талаар өөрт нь хэлэхэд ...бид энэ мөнгийг төмрийн үнэд шилжүүлэх ёстой гэж хэлээд арматур төмөр худалдан авсан БНХАУ-ын иргэний Хаан банкны 5166544956 тоот төгрөгийн дансыг өгсний дагуу шилжүүлсэн. Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан нь үнэн болох талаар барилгын гүйцэтгэгч м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан уг гэрээндээ төлбөр төлөх графикийн хувьд өөрчлөлт оруулан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 64 025 000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр төлнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Захиалсан 69,35 мм.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа нүүн орж амьдарч байсан. м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан өмнө нь байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү тохиролцоогоор бидний зүгээс банкинд хандан зээлийн материал бүрдүүлэн өгсөн бөгөөд банк зээлийн материалыг судлан үзээд 57 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгохоор хариу гарсан.

Гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэхэд П.Э- гарч ирэн ...Би энэ барилгын үндсэн захиалагч нь, А.Цэнгэлбаяр бид хоёрын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдсан. А.Цэнгэлбаяр миний барилга дээр гүйцэтгэгчээр ажилласан. А.Цэнгэлбаяр нь та нартай гэрээ байгуулах эрхгүй этгээд, мөн би гарын үсэг зурж байж та нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна гэх асуудал ярьснаар цаашид орон сууц захиалгын гэрээний үүрэг хэрэгжихгүй нөхцөл байдал үүссэн.

Байрны урьдчилгаанд 40 000 000 төгрөг, мөн 60 000 000 төгрөгт тооцон 8 ханатай, иж бүрэн тавилгатай сийлбэртэй гэр, банкнаас гарах 57 000 000 төгрөгийг тус тус надаас авах санаа зорилготой байгаа нь залилан мэхлэх шинжтэй үйлдэл. Гэрээнүүдээс татгалзаж урьдчилгаа 40 000 000 төгрөгийг мөн Захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу торгуулын 10 хувь болох 4 000 000 төгрөгийг, мөн хохиролд 5 370 000 нийт 49 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч П.Э-, С.Н- нараас татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрүүдийг бүрэн төлсөн тохиолдолд 2 өрөө орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч П.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ...П.Э- нь м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяртай 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх 13 тоот 69,35 м.кв орон сууцыг А.Цэнгэлбаярт 1 м.кв нь 2 200 000 төгрөгөөр бодож хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл А.Цэнгэлбаяр нь надад мэдэгдэхгуйгээр 1 м.кв нь 1 500 000 төгрөгөөр бодож С.Н- гэх эмэгтэйтэй арматурын төмрөөр бартер хийх гэрээ байгуулан надад алдагдалтай гэрээ байгуулсан байсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр А.Цэнгэлбаярт үнийг доошлуулан зарж борлуулж бартер хийх эрх олгогдоогүй. А.Цэнгэлбаяр С.Н- хоёрын хооронд хийсэн Арматур нийлүүлэх гэрээ нь биелэгдээгүй, С.Н- нь хугацаандаа арматураа бүрэн нийлүүлж чадаагүй байрны эзэмшил, өмчлөл бүрэн өөрт нь шилжиж очоогүй байхад өөрийн байр мэтээр үл хөдлөх зуучлалын компаниар зар тавиулсны дагуу нэхэмжлэгч Ю.Г ирснээр, С.Н- хоёр хоорондоо тохиролцож С.Номин-Эрдэнийн арматурын төмрөө авдаг БНХАУ-ын иргэний Хаан банкны дансанд мөнгөө шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг миний зүгээс хохироогоогүй.

А.Цэнгэлбаярт өгсөн 2019 оны 5 сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр зөвхөн одоо баригдаж байгаа 6З айлын орон сууцны байрыг зарж борлуулах бартер хийх эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл 412 дугаар байрны хувьд үнэ ханшийг хэт буулгаж зарж борлуулах эрх байхгүй. П.Э-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байрны 69,35 м.кв 13 тоот 2 өрөө орон сууцыг Ю.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр баригдаж буй барилгад арматур төмөр худалдан авах хэрэгтэй байна гэхээр нь нэг тонн арматурыг 1 850 000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай компаниас 07-84 УНМ улсын дугаартай машинтай ирээд нийтдээ 51 587 250 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр авч явсан. Ийнхүү худалдсан бараа материалынхаа төлбөрт 1 м.кв нь 1 500 000 төгрөгөөр үнэлж 69,35 м.кв талбайтай 2 өрөө байр бартер байдлаар өгье гэхээр нь зөвшөөрсөн. А.Цэнгэлбаяр над руу яриад өөрийн чинь байрыг авах хүн олсон, тэр хүнээс мөнгөө авчих гээд үүнээс хоёр хоногийн дараа Ю.Г над руу ярьж төлбөр шилжүүлье гэхэд нь Хятад талын захирлын 5166544956 тоот дансаар мөнгөө шилжүүлж авсан. м- ХХК нь хөрөнгө санхүүгийн хувьд баталгаагүй, найдваргүй тул дахин арматур төмөр нийлүүлээгүй харин ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 11 547 250 төгрөгөө м- ХХК-иас авч чадаагүй хохирч байна. Нэхэмжлэгч Ю.Г нь тус орон сууцаа м- ХХК-иас хүлээж авсан болохоос С.Н-эс аваагүй. С.Н- Ю.Гтой ямар ч орон сууц захиалан бариулах гэрээ, нэмэлт гэрээ байгуулаагүй, бидний хооронд ямарваа нэг иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. А.Цэнгэлбаяр зөвшөөрч 40 000 000 төгрөг шилжсэн. м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр болон үндсэн захиалагч гэх П.Э- нарын бусдын өмнө гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас барилгын бараа материал худалдсан С.Н- миний бие болон тус орон сууцны үнэ хөлсөө тохироод урьдчилгаагаа өгсөн боловч гэрээ хэлцлээ үргэлжпүүлэх боломжгүй болсон иргэн Ю.Г нар хохироод үлдэх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч м- ХХК-ийн төлөөлөгч А.Цэнгэлбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Н-тэй арматур худалдах худалдан авах гэрээ байгуулсан. С.Н-эс 1 850 000 төгрөгөөр 210 тонн арматур нийлүүлэх болсон бөгөөд төлбөрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412-р байрны 3 давхарын 13 тоот хаягт байрлах 69,32 м.кв 2 өрөө байрыг 1 м.квыг нь 1 500 000 төгрөгөөр тооцож урьдчилан өгнө, үлдэгдэл төлбөрт баригдаж байгаа орон сууцны талбайг барьцаалж дараагийн арматурыг авч ажлаа үргэжлүүлнэ гэж тохирсон. Ю.Г тус байрыг худалдаагүй. Ю.Г нь С.Н-тэй орон сууц захиалах гэрээ байгуулсан. Банкнаас зээл гарахад хэрэгтэй гээд 2018 оны 8 дугаар сард банкны зээл авахад зориулж надтай орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн. Энэ айлыг оруулаад С.Н- нь гэрээгээр нийлүүлэх ёстой арматураа өгөөгүй, сураг тасарсан. Би 40 000 000 төгрөг аваагүй, С.Н- арматур авсан компанийн захиралд шилжүүлсэн байх, би Gai Zuioiang нэртэй хятад хүн танихгүй, мэдэхгүй. Тухайн үед бартерт орон сууцыг өгөхдөө орон сууцны эзэмшигч П.Э-аас өгсөн итгэмжлэлээр шилжүүлж өгсөн боловч сүүлд барилгын ажил саатсанаас болж П.Э- хөрөнгө оруулалтын гэрээ болон итгэмжлэлээ мөн цуцалсан. Хэлцэл хийсэн хүнээс мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч м- ХХК-иас 44 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 370 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч С.Н-, П.Э- нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байрны 69.35 м.кв 13 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч П.Э-ын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч м- ХХК-иас 377 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч м- ХХК-ийн төлөөлөгч А.Цэнгэлбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А. Цэнгэлбаяр нь С.Н-тэй 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр арматур нийлүүлэх гэрээ байгуулж, 388 500 0000 төгрөгт тооцож урьдчилж орон сууцыг С.Н-д өгсөн. С.Н- уг орон сууцыг Ю.Гт худалдаж, урьдчилгаанд 40 сая төгрөг авсан. Энэ талаар Ю.Г, С.Н- нар шүух хуралдаанд мэдүүлсэн. Ю.Г нь нь С.Номин-Эрдэнийн зарын дагуу утсаар холбогдож байрыг үзэж худалдан авсан. А.Цэнгэлбаяр энэ үед хөдөө байсан бөгөөд орон сууц худалдах худалдан авах хэлцэлд оролцоогүй. Сүүлд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч барагдуулахын тулд А.Цэнгэлбаяр, Ю.Г нар хоорондоо орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зөвхөн банкнаас зээл авахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно. Шүүхээс орон сууц захиалан бариулах гэрээг худалдах худалдан авах гэрээ, А.Цэнгэлбаярыг худалдагч тал гэж дүгнэсэн ньүндэслэлгүй. А.Цэнгэлбаяр нь худалдагч тал биш харин иргэн С.Н- худалдагч тал юм.Ю.Г нь А.Цэнгэлбаярт байрны үнэ төлсөн гэж үзэх үндэслэл байхгүй. А.Цэнгэлбаяраас энэ мөнгийг гаргуулахаар шийдсэн нь гэрээний гол нөхцөл биелээгүй байхад худалдах худалдан авах гэрээний зүйл заалтыг буруу хэрэглэсэн. С.Н- гэрээний үнийн дүн болон бартерт авсан байрны төлбөрт дүйцэх хэмжээний арматур нийлүүлээгүй 6 сард 50 000 000 орчим төгрөгийн арматур нийлүүлээд сураггүй болсон учраас барилгын ажил зогссон. С.Н- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж захиалагч П.Э- нь А.Цэнгэлбаяртай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж өгсөн байраа буцаан авахаар шаардсан. Хятад улс руу нэхэмжлэгч Ю.Гын шилжүүлсэн мөнгөөр С.Н- ямар бүтээгдэхүүн худалдаж авсан нь тодорхойгүй. Арматур худалдан авсан гэсэн нотлох баримт байхгүй. Харин тэр мөнгө шилжүүлсэн өдрөөс өмнө буюу 6 сард төлбөрт нь байр авч 50 000 000 орчим төгрөгийн арматурыг А.Цэнгэлбаярт аль хэдийн өгсөн байсан.А.Цэнгэлбаяр байрны төлбөрийг хүлээн аваагүй бөгөөд С.Н- нь 50 000 000 орчим төгрөгийн арматур түүнд өгч бэлэн баригдсан байр хүлээн аваад дараа нь тэр байрыг Ю.Гт худалдсан нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдож байх атал А.Цэнгэлбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ю.Г нь хариуцагч м- ХХК, П.Э-, С.Н- нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах болон нэмэлт гэрээнээс татгалзаж урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөг, торгууль 4 000 000, хохиролд 5 370 000 нийт 49 370 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийг П.Э-, С.Н- нарт биш, зөвхөн м- ХХК-нд холбогдуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. /хх 1-2/

Хэрэгт м- ХХК-ийн захирал А.Цэнгэлбаяр нь нэхэмжлэгчтэй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 412 дугаар байрны 1-р орцны 3 давхарын 13 тоот 69,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 104 025 000 төгрөгөөр захиалан бариулах, мөн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мөн орон сууцны захиалга худалдах - худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан. /хх12/

Орон сууцны бодит эзэмшил нэхэмжлэгчид шилжсэн боловч өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ. /хх1-2,81-83/

Орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй, гэрээ биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хариуцагч тал ...Талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй. Урьдчилгаа 40 000 000 төгрөгийг өмчлөлдөө аваагүй гэж тайлбарлажээ. /хх31-32/

Зохигч орон сууцны урьдчилгаа 40 000 000 төгрөгийг хэний өмчлөлд шилжүүлсэн, гэрээ хэн хэний хооронд байгуулагдсанд маргаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.

Хэргийн 8-13 дах талд авагдсан гэрээ, албан бичиг зэргээс үзэхэд дээрх 13 тоот сууцыг худалдах худалдан авах хүсэл зоригийг хариуцагч Мон тетал товер ХХК, нэхэмжлэгч Ю.Г нар харилцан илэрхийлж хууль зүйн ач холбогдолтой үйлдлүүд буюу гэрээ байгуулах, урьдчилгаа төлөх, банкинд зээлийн талаар бичиг илгээх, орон сууцыг нэхэмжлэгчийн бодит эзэмшилд шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг хийжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч байгаа, төлбөрийн үлдэгдлийг банкны зээлээр санхүүжүүлэхээр хөөцөлдөж байгаа зэрэг нь хүсэл зоригийн илэрхийлэл юм. Түүнчлэн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Талууд гэрээндээ 13 тоотыг худалдах -худалдан авахаар заасан.

Дээрх 2 удаагийн гэрээнд хуулийн этгээдийг төлөөлөн гүйцэтгэх захирал гарын үсгээ зурсан, гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн.

Талууд нэгэнт гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

Нэхэмжлэгч Ю.Г урьдчилгаа 40 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэргийн 12 дугаар талд авагдсан гэрээнд 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар зааж талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Нэхэмжлэгчийн Үлдэгдэл төлбөрийг банкны санхүүжилтээр шийдсэн боловч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу Мон тетал товер ХХК, П.Э- нарын хоорондын маргаанаас болоод гэрээ биелэгдэх боломжгүй болсон гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Талууд тодорхой хөрөнгө буюу 13 тоот сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Худалдах- худалдан авах гэрээний зүйл буюу 13 тоот сууц заавал хариуцагчийн өөрийнх нь хөрөнгө байх албагүй юм. Хэдийгээр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ч тухайн хэлцэл байгуулж байх үед 13 тоот сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан буюу хөрөнгийг эрхийн зөрчилгүйгээр шилжүүлэх нь худалдагчийн үүрэг.

Хариуцагч тал Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар гэрээг нэмэлт гэрээний 3.2-т заасан хугацаандаа биелүүлээгүй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан. /хх12/

Банкны зээлийн эх үүсвэр бүрдсэн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргасан, гэвч хариуцагч тал дээрх нэмэлт гэрээний 3.2-т заасан үүргийг биелүүлж чадаагүй үйл баримт тогтоогджээ. /хх16/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 40 000 000 төгрөгийн урьдчилгааг, торгуулийн хамт буцаан гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв болжээ.

Харин П.Э-, С.Н- нарт холбогдох шаардлагаа багасгасан байхад тухайн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Нэгэнт П.Э- тухайн хэргийн хариуцагч биш болсон тул түүний сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Иймд анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлын тодорхойлолтыг баримталсан байгааг, мөн П.Э-, С.Н- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байгааг хасч өөрчлөх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00459 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг, П.Э-, С.Н- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг тус тус хасч өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч м- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД