Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00459

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00459

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Морин 0 дугаар гудамж, 0а тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Ю-гийн Г /рд:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, М ХХК /рд:000000/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, хд0 байрны 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт П-ын Э /рд:000000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Консул 0 гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Г овогт С-ий Н /рд:00000000/ нарт холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, 49 370 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-ын гаргасан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Нисэхийн цагаан хаалганы баруун хойд талд байрлах 0 байр, 00 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Г, түүний өмгөөлөгч О.М /ШТЭҮД-0000/, хариуцагч П.Э, хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ц, түүний өмгөөлөгч Л.Н /ШТЭҮД-0000/, хариуцагч С.Н, түүний өмгөөлөгч С.Б /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч П.Э-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг М ХХК-ийн захирал А.Ц-тай байгуулан Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 000 дугаар байрны 1 дүгээр орц, 3 давхарын 0 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.квыг 1 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож анх орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед М ХХК-ийн захирал А.Ц болон С.Н нарын хооронд мөн орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байсан бөгөөд намайг дамжуулан худалдан авагч гэж гэрээнд оруулсан байсан. Тухайн үед А.Ц-аас энэ нь ямар учиртай юм бэ гэдгийг тодруулахад “...манай компани 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Н-тэй арматур нийлүүлэх гэрээ байгуулсан, энэ гэрээнд зааснаар танай захиалсан 412 дугаар байрны 3 давхарын 13 тоотын 69.35 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-г 1 500 000 төгрөгөөр тооцон 104 025 000 төгрөгөөр тооцож С.Н-д төмрийн үнэнд өгөхөөр харилцан тохиролцсон. Энэ 2 өрөө орон сууцыг С.Н өөрөө зарах сонирхолтой байгаа ба арматур төмрийн үнийг бэлэн мөнгөөр авах саналтай байгаа, чиний зүгээс гэрээний урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг С.Нд төлөхөд болно. Харин үлдэгдэл төлбөрөө банкны зээлийн эх үүсвэрээр шийдээд өгчих” гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байрны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг төлөхөөр С.Н-ийн өгсөн 000000000 тоот Хаан банкны данс руу шилжүүлэх гэтэл түүний нэр дээр ямар нэгэн данс бүртгэлгүй байсан, энэ талаар өөрт нь хэлэхэд “...бид энэ мөнгийг төмрийн үнэд шилжүүлэх ёстой” гэж хэлээд арматур төмөр худалдан авсан БНХАУ-ын иргэний Хаан банкны 000000000 тоот төгрөгийн дансыг өгсний дагуу шилжүүлсэн. Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан нь үнэн болох талаар барилгын гүйцэггэгч М ХХК-ийн захирал А.Ц өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд надтай 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан уг гэрээндээ төлбөр төлөх графикийн хувьд өөрчлөлт оруулан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 64 025 000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр төлнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар дээрх гэрээний дагуу манайх өөрийн захиалсан 69.35 мм.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа нүүн орж амьдарч байгаа бөгөөд орон сууц захиалгын гэрээний дагуу тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлнө гэсэн ойлголттой хүлээж байсан. Мөн барилгын гүйцэтгэгч М ХХК-ийн захирал А.Ц бид нар харилцан тохиролцож, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр  орон сууцны захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан өмнө нь байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү тохиролцооны дагуу бидний зүгээс банкинд хандан зээлийн материал бүрдүүлэн өгсөн бөгөөд банк зээлийн материалыг судлан үзээд 57 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгохоор хариу гарсан. Гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэхэд П.Э гэх этгээд гарч ирэн “...би энэ барилгын үндсэн захиалагч нь, А.Ц бид хоёрын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдсан. А.Ц бол миний барилга дээр гүйцэтгэгчээр ажилласан. А.Ц нь та нартай гэрээ байгуулах эрхгүй этгээд, мөн би гарын үсэг зурж байж та нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна” гэх асуудал ярьснаар цаашид миний орон сууц захиалгын гэрээний үүрэг хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс байрны урьдчилгаанд 40 000 000 төгрөг, мөн 60 000 000 төгрөгт тооцон 8 ханатай, иж бүрэн тавилагатай сийлбэртэй гэр, банкнаас гарах 57 000 000 төгрөгийг тус тус надаас авах санаа зорилготой байгаа нь намайг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргаж байгаа гэж ойлгож байгаа тул миний зүгээс захиалгын гэрээнээс албан ёсоор татгалзаж байна. Энэ талаар барилгын гүйцэтгэгч болох М ХХК болон П.Э нарт баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн. Миний бие дээрх гэрээнүүдээс татгалзаж байгаатай холбогдуулан байрны урьдчилгаанд 40 000 000 төгрөгийг мөн Захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу торгуулын 10 хувь болох 4 000 000 төгрөгийг, мөн хохиролд 5 370 000 төгрөгийг бусдад төлж давхар хохирсон тул хариуцагч нараас өөрт учирсан хохиролоо гаргуулахаар мөн нэхэмжилж байна. Дээрх 2 өрөө орон сууцны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг төлөхдөө 17 900 000 төгрөгийг миний бие өөрийн дүү нараас тодорхой хугацаатай, хүүтэй зээлж авч өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хүү төлж давхар хохирсоор байгаа. Иймд М ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нээс тус тус татгалзаж байгааг тогтоож, хариуцагч нараас урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөг, торгууль 4 000 000 төгрөг, хохиролд 5 370 000 төгрөг, нийт 49 370 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох төлбөрүүдийг бүрэн төлсөн тохиолдолд 2 өрөө орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ”...П.Э миний бие М компаний захирал А.Ц-тай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, Барилгын ажил гуйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх 13 тоот 69.35 м.кв орон сууцыг А.Ц-т 1 м.кв нь 2 200 000 төгрөгөөр бодож хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл А.Ц нь надад мэдэгдэхгуйгээр 1 м.кв нь 1 500 000 төгрөгөөр бодож С.Н гэх эмэгтэйтэй арматурын төмрөөр бартер хийх гэрээ байгуулан надад алдагдалтай гэрээ байгуулсан байсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр А.Цт үнийг доошлуулан зарж борлуулж бартер хийх эрх олгогдоогүй. А.Ц С.Н хоёрын хооронд хийсэн Арматур нийлүүлэх гэрээ нь биелэгдээгүй, С.Н нь хугацаандаа арматураа бүрэн нийлүүлж чадаагүй байрны эзэмшил, өмчлөл бүрэн өөрт нь шилжиж очоогүй байхад өөрийн байр мэтээр үл хөдлөх зуучлалын компаниар зар тавиулсны дагуу нэхэмжлэгч Ю.Г ирснээр, С.Н хоёр хоорондоо тохиролцож С.Номин-Эрдэнийн арматурын төмрөө авдаг БНХАУ-ын иргэний хаан банкны дансанд мөнгөө шилжүүлсэн байхад надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн эрх ашгийг миний зүгээс хохироосон ямар ч асуудал байхгүй. Эсрэгээрээ миний эрх ашиг зөрчигдөж байна. 2019 оны 5 дагаар сарын 29-ний өдрийн А.Цт өгсөн итгэмжлэлээр зөвхөн одоо баригдаж байгаа 6З айлын орон сууцны байрнуудыг зарж борлуулах бартер хийх эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл 412 дугаар байрны хувьд үнэ ханшийг хэт буулгаж зарж борлуулах эрх байхгүй. Миний зүгээс алдагдалтай надад хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн учраас хөрөнгө оруулж хамтран гэрээ болон итгэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүчингүй болгосон. Миний хувьд өөрийн хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлэх, өөрт ашигтайгаар худалдан борлуулах нь миний эрхийн асуудал байтал хүний хөрөнгийг дур зоргоороо үнэгүйдүүлэн авах гэсэн үйлдлээ зөв болгож шүүхэд тайлбарлаж, бусдын хөрөнгийг дур мэдэн ашиглаж бүдүүлэг авирлан байранд минь амьдарч, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг үндэслэн иргэн П.Э миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байрны 69 35 м.кв 13 тоот 2 өрөө орон сууцыг Ю.Г-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба уг хэрэг маргаанд хариуцагчаар оролцуулах болсон нь үндэслэлгүй юм. Учир нь М ХХК-ийн захирал А.Ц болон гүйцэтгэгч компаний захирал н.Д нар нь надтай холбогдож баригдаж буй барилгад арматур төмөр худалдан авах хэрэгтэй байна гэхээр нь нэг тонн арматурыг 1 850 000 төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай компаниас 0000 УНМ улсын дугаартай машинтай ирээд нийтдээ 51 587 250 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр авч явсан. Ийнхүү худалдсан бараа материалынхаа төлбөрт 1 м.кв нь 1 500 000 төгрөгөөр үнэлж 69 35 м.кв талбайтай 2 өрөө байр бартер байдлаар өгье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгэж байтал нэг өдөр А.Ц над руу яриад өөрийн чинь байрыг авах хүн олсон, тэр хүнээс мөнгөө авчих гээд үүнээс хоёр хоногийн дараа Ю.Г над руу ярьж төлбөр шилжүүлье гэхэд нь Хятад талын захиралын 5166544956 тоот дансанд мөнгөө шилжүүлж авсан. М ХХК нь бараа материал худалдан авах хөрөнгө санхүүгийн хувьд баталгаатай бус, найдваргүй байсан тул дахин арматур төмөр нийлүүлээгүй харин ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 11 547 250 төгрөгөө М ХХК-иас авч чадаагүй хохирч байна. Нэхэмжлэгч Ю.Г нь тус орон сууцаа М ХХК-иас хүлээж авсан болохоос С.Н надаас аваагүй. Миний хувьд нэхэмжлэгч О.Гандолгор нь А.Цаас байрны түлхүүрээ авахад л анх уулзаж байсан болохоос өмнө нь огт уулзаж байгаагүй. Нэхэмжлэгч М ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ болон нэмэлт гэрээнээс татгалзах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Гэтэл С.Н миний бие нэхэмжлэгч Ю.Г-той ямар ч орон сууц захиалан бариулах гэрээ, нэмэлт гэрээ байгуулаагүй ба бидний хооронд ямарваа нэг иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл бидний хооронд аливаа төрлийн гэрээ хэлцлийн үр дүнд талуудын хооронд үүссэн эрх, үүрэг хариуцлага байхгүй. Мөн аливаа гэрээ хэлцлээс татгалзах, цуцлахад шаардах эрхийн үндсэн нөхцөл нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгаа тохиолдолд яригдах асуудал. Гэтэл гэрээ байгуулаагйү атал намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хэрхэн яаж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. М ХХК-ийн захирал А.Ц нь арматур худалдаж авсан төлбөрт тус байрны урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөгийг хэн хэзээ хэнд ямар учраас шилжүүлсэн тухай огт мэдэхгүй, хөдөө байсан зэргээр илт худал тайлбар өгсөн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд А.Ц үүнийгээ хүлээн зөвшөөрсөн болох нь маш олон баримтуудаар баттай тогтоогдож илэрхий байсаар байтал бусдыг төөрөгдүүлэхийг оролдож байна. Мөн М ХХК нь нэхэмжлэгч Ю.Г-той хоёр ч удаа орон сууц захиалгын гэрээ байгуулаад ингэхдээ ялангуяа нэмэлт гэрээнд төлбөрийн тухайд Арматур төмрийн төлбөрт 40 000 000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл одоо эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж байгаа нь өөрөө ямар ч үндэслэлгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж байгаагын гол илрэл гэж үзэхээр байна. Эцэст нь М ХХК-ийн захирал А.Ц болон үндсэн захиалагч гэх П.Э нарын бусдын өмнө гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас барилгын бараа материал худалдсан С.Н миний бие болон тус орон сууцны үнэ хөлсөө тохироод урьдчилгаагаа өгсөн боловч гэрээ хэлцлээ үргэлжпүүлэх боломжгүй болсон иргэн Ю.Г нар хохироод үлдэх ёсгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох А.Ц өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр С.Н-тэй Арматур худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С. Номин-Эрдэнээс 1 850 000 төгрөгөөр 210 тонн арматур нийлүүлэх болсон бөгөөд төлбөрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412-р байрны 3 давхарын 13 тоот хаягт байрлах 69, 32 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-г 1 500 000 төгрөгөөр тооцож урьдчилан өгнө, үлдэгдэл төлбөрт баригдаж байгаа орон сууцны талбайг барьцаалж дараагийн арматурыг авч ажлаа үргэжлүүлнэ гэж тохирсон. Би Ю.Г тус байрыг худалдаагүй. С.Н тэр байрыг зарахаар зар өгсөн байсан бөгөөд зуучлалын компаниас над руу яриад байрыг хүмүүс авчирч үзүүлдэг байсан. 2018 оны 7 дугаар сарын 26-нд би мөнгө шилжүүл гэж хэлээгүй, Ю.Г-той холбогдоогүй, би тухайн үед Завхан аймагт явж байсан, хөдөөнөөс ирэхэд манай компанийн барилгын инженер Даваадорж нь С.Н урьдчилгаа аваад тэр байранд хүн оруулж байгаа юм шиг байна лээ гэж надад хэлсэн. Түүнээс 2 хоногийн дараа Ю. Гандолгор гэж хүн надтай ирж уулзаад манайх байранд орж байгаа, 40 000 000 төгрөгний урьдчилгаа төлсөн, 2 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд энэ байрыг авч байгаа гэж хэлсэн. Мөн С.Н надтай яриад урьдчилгаа 40 000 000 төгрөг аваад 2 жилийн хугацаатай хувь лизинг хийсэн, балай юм хийчлээ гээд арматур саатуулаад байсан учраас би банкны зээлээр мөнгөө гаргаж ав гэж хэлээд тэд нар банкны зээл хөөцөлдсөн. Ю.Г нь Номин-Эрдэнэтэй орон сууц захиалах гэрээ байгуулсан. Банкнаас зээл гарахад хэрэгтэй гээд 2018 оны 8 дугаар сард банкны зээл авахад зориулж надтай орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн. Энэ айлыг оруулаад С.Н нь гэрээгээр нийлүүлэх ёстой арматураа өгөөгүй, сураг тасарсан. Шаардлага тавихаар өнөөдөр маргааш гээд араас нь зөндөө хөөцөлдөж гүйсэн. Тэгээд нэмэр болоогүй. Би 40 000 000 төгрөг аваагүй, С.Н арматур авсан компанийн захиралд шилжүүлсэн байх, би Gai Zuioiang нэртэй хятад хүн танихгүй, мэдэхгүй. Мөнгө шилжүүлсэн ч мэдээгүй. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.6 болон 3.7-р зүйлд орон сууцны төлбөрийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой маргааныг захиалагч Ю.Г өөрөө хариуцна гэж заасан. Ю.Г нь С.Н-эс байр худалдаж авсан, урьдчилгаа төлбөрийг төлсөн учраас мөнгөө түүнээс нэхэмжлэх ёстой гэж би үзэж байна. Тухайн үед бартерт орон сууцыг өгөхдөө орон сууцны эзэмшигч П.Э-аас өгсөн итгэмжлэлээр шилжүүлж өгсөн боловч сүүлд барилгын ажил саатсанаас болж П.Э хөрөнгө оруулалтын гэрээ болон итгэмжлэлээ мөн цуцалсан. Тиймээс хэлцэл хийсэн хүнээс мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байх” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Ю.Г нь хариуцагч М ХХК болон П.Э, С.Н нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууц захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөг, торгууль 4 000 000 төгрөг, хохиролд 5 370 000 төгрөг, нийт 49 370 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжилж буй 49 370 000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч П.Э маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ю.Г болон хариуцагч М ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр орон сууц худалдах худалдан авах аман хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр М ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 69.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 500 000 төгрөг, нийт 104 025 000 төгрөгөөр худалдахаар, Ю.Г нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийг М ХХК-ийн өмнөөс С.Нд, үлдэх 64 025 000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр М ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. 

 

Улмаар талууд 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр уг хэлцлийг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Ю.Г 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа 40 000 000 төгрөгийг тохиролцсоны дагуу, С.Н-ийн даалгавараар, БНХАУ-ын иргэний Хаан банк дахь 5166544956 тоот дансанд шилжүүлснийг гэрээний хавсралтад тусгаж, үлдэх 64 025 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор банкны зээлийн эх үүсвэрээр төлөхөөр тохиролцжээ.

 

Үүний дараа, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр талууд “Орон сууцны захиалга худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулж, энэхүү гэрээгээр төлбөр төлөх хугацаанд дараах байдлаар буюу урьдчилгаанд 47 025 000 төлөх, үлдэх 57 000 000 банкны эх үүсвэрээр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгана гэж өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагч М ХХК, хариуцагч П.Э нар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай гэрээ”-гээр П.Эын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах барилгажих талбайд 9 давхар үйлчилгээтэй, 63 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөх, борлуулахаар, захиалагч П.Э ...ашиглалтад орсон орон сууцыг 1 м2-ыг 2 200 000 төгрөгөөр тооцон ...69.35 м2-тай 2 өрөө байр 3 ширхэгийг М ХХК-д шилжүүлж өгөхөөр тохиролцсоноос үзвэл М ХХК маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах эрхтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч М ХХК нь энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Ю.Гтой худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай, мөн талууд 1 м2 талбайн үнийг 1 500 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай тус тус нийцсэн, талууд уг гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьдчилгаа 40 000 000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлсөн, үүнийг хүлээн авсан эсэхэд хариуцагч С.Н маргаагүй, мөн нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг банкны эх үүсвэрээр төлөх үүргээ биелүүлж, түүнд 57 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн болох нь Голомт банкны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10/475 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Харин хариуцагч М ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...би С.Нтэй Арматур худалдах худалдан авах гэрээ байгуулж, маргаж буй 69, 32 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв-г 1 500 000 төгрөгөөр тооцож урьдчилан өгөхөөр тохирсон. ...С.Н тэр байрыг зарахаар зар өгсний дагуу Ю.Г ирсэн. Би 40 000 000 төгрөгийг аваагүй, С.Н авч, арматурын үнэд шилжүүлсэн байх” гэж тайлбарласан боловч энэхүү нөхцөл байдал нь түүний дээрх гэрээний үүргээс чөлөөлөхгүй юм.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээнээс татгалзсан шалтгаанаа “...урьдчилгаа төлбөрийг төлж, ...банкнаас 57 000 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэтэл хариуцагч П.Э “...А.Ц гэрээ байгуулах эрхгүй, би гарын үсэг зурж байж та нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна, би энэ орон сууцаа 1 м2-ыг нь 2 200 000 төгрөгөөр зарна” гэж маргасан тул миний орон сууц захиалгын гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй болсон” гэж тайлбарласан.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Ю.Г гэрээнээс татгалзаж буйгаа 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч М ХХК-д хүргүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ю.Г нь урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөг, мөн гэрээгээр аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээг цуцалсан бол буруутай тал нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү торгуулийг нөгөө талдаа төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар 232.3, 232.5-д зааснаар торгууль 4 000 000 төгрөгийг тус тус гэрээний нөгөө тал болох М ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч түүнд 5 370 000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М ХХК-иас 44 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 370 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэгэнт М ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон, мөн нэхэмжлэгч болон хариуцагч С.Н, П.Э нарын хооронд ямар нэг хэлцэл байгуулагдаагүй, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч С.Н, П.Э нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, П.Э-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний гаргасан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байрны 69 35 м.кв 13 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-с 377 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч П.Эын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М ХХК-иас 44 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 370 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч  С.Н, П.Э нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 412 дугаар байрны 69 35 м.кв 13 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч П.Эын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 377 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.    

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНГӨНТУУЛ