Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 970

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Мын М

Хариуцагч: Б дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд М.М намайг оруулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Д.Ж, Н.Ч, шүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Нийслэлийн Б дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 3 мандат бүхий Б дүүргийн 5 дугаар тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно.

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Б дүүргийн 5 дугаар тойрогт 3712 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 2 дугаарт жагссан. Гэтэл Б дүүргийн сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр заалтыг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалтыг тус тус үндэслэн М.М намайг “...сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. Уг хууль бус шийдвэрийн улмаас М.М миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна. 

Миний бие Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн зөрчлийг Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. 

Харин хуулиар Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна. Гэтэл Б дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн М.М намайг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж, Сонгуулийн тухай хуулийг зөрчин шалган тогтоох үйл ажиллагааг өөрөө явуулсан хэмээн тайлбарлаж дээрх 57 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус байна. 

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн сонгуулийн хороо нь хуралдсан, ирц нь бүрдсэн эсэх нь тодорхойгүй, байхад сонгуулийн хороо хуралдсан мэтээр тогтоол гаргасан нь хууль бус байна. 

Б дүүргийн Сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, ямар баримтыг үндэслэн нэр дэвшигч намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна.

Б дүүргийн Сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоол хүчингүй болсоноор М.М миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу хамгийн олон санал авч сонгогдсоноо баталгаажуулах, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Б дүүргийн 5 дугаар тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.М намайг Б дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон болохыг баталгаажуулахыг Б дүүргийн Сонгуулийн хооронд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Б дүүргийн Сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн   тайлбартаа: Б дүүргийн Сонгуулийн хороонд Ардчилсан намаас Нийслэлийн Б дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт нэр дэвшигч М.М нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Б дүүргийн Монгол Ардын намын хорооны өргөдөл болон Монгол Ардын намаас Монгол Ардын намаас нэр дэвшигч Н.О*******, М.Б*******, Б.А******* нар гомдол ирүүлсэн.

Энэхүү өргөдөл, гомдлыг шалгахад нэр дэвшигч М.М нь өөрөө болон Б дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар тойрогт ухуулагчаар ажиллаж байсан Ж.О*******ээр дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь ухуулагч Ж.О*******ийн сонгогч н.Я*******, н.С*******нартай Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгөөд 20.000 төгрөг өгч авахаар тохиролцож буй болон санал худалдаж авах иргэдийн бүртгэл гаргаж буй бичлэг, /СД, түүнд бичигдсэн үйл баримтыг бичгэн хэлбэрт оруулсан тэмдэглэлийн хамт хавсарган нотлох/ баримтаар өгсөн.

Иргэн О.А******* нь сонгогч Г.Г*******, Н.Д******* нартай “сонгуулиа өгөөд мөнгө өгөх, авах талаар тохиролцож буй бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон байна.

Иргэн Ж.О*******, О.А******* нар нь нэр дэвшигч М.Мыг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогч Я*******, Г.Г*******, Н.Д*******, н.С*******нарт 20 000 төгрөг өгөхөөр амалсан, мөнгө өгч байгаа нь бичлэгээр илэрсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон үйл баримтуудаар нэр дэвшигч М.М Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй буюу үгүйсгэсэн баримтыг гомдол гаргагч М.М Сонгуулийн хороонд ирүүлээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан “аливаа этгээд”, 70.5 заасан “эрх бүхий этгээд” гэдэгт нэр дэвшигч М.М, ухуулагч Ж.О*******, иргэн О.А******* нар хамаарч байгаа болно. 

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10-т заасан “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан,...мөнгө...тараах”, 70.5.14-т “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах" зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна.

Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна. Тухайлбал:

1. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их Хурлын Сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардаж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт ерөнхийлөгчийн сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 145 дугаар зүйлийн 145.1-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл зөвхөн “илэрсэн тохиолдолд” нэрсийн жагсаалтаас хасах эрхийг сонгуулийн төв байгууллагад шууд олгосон байна.

Энэ тохиолдолд урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй.

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна.

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн “илэрвэл” гэх нөхцөлийг харгалзан үзэж байгаагаар адил байна.

Харин сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субьектээрээ өөр өөр байна.

Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх дүүргийн сонгуулийн хороонд хуулиар олгогдсон тул Б дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна.

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг” дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгө хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно.

Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно.

Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар Орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд М овогтой Мыг оруулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад энэхүү нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Б дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолоор М.Мыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс М.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Б дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хэвээр үлдээж М.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар М.М нь Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсан байна.

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Б дүүргийн 5 дугаар тойрогт 3712 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр 2 дугаарт жагссан, тодруулбал төлөөлөгчөөр сонгогдох болзлыг хангажээ.

Б дүүргийн Сонгуулийн хороо 9 гишүүнтэйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 1/ сонгуулийн дүнг хэлэлцэх, 2/ төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах, 3/ Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах асуудлыг хэлэлцсэн ба мөн өдрийн 57 дугаар тогтоолоор нэр дэвшигч М.М нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор мөнгө эд зүйл тараахыг хориглоно”, 70.5.16-д “сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд эдгээр заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааж, хэрвээ энэ үндэслэл сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол мөн уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор 159.3-т заажээ.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох тул М.М болон аливаа этгээд түүнд санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан эсэхийг, шалгаж тогтоосон цагдаа болон шүүхийн шийдвэр байхгүй байхад Сонгуулийн хороо энэ тухай гомдол хүлээн авсны дариуд  2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 57 дугаар тогтоол гарган нэр дэвшигч М.Мыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 159.3-т зааснаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй байна. 

Хариуцагч Б дүүргийн Сонгуулийн хорооноос нотлох баримтаар ирүүлсэн бичлэг бүхий CD-г хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй төдийгүй нэхэмжлэгчийг уг баримтыг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

 Харин бичлэг дээрх үйл баримтыг шалгаж зөрчлийг илрүүлж тогтоох эрх нь хуулиар цагдаагийн байгууллагад олгогдсон байна.

Иймд нэхэмжлэгч М.Мын “Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд М.М намайг оруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дох хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Мыг Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулахыг Б дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОЮУНГЭРЭЛ