Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 263

 

Я.Э-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                       Г.Банзрагч,

                                       М.Батсуурь,

                                       Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-н 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0387 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, П.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0387 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д тус тус заасныг баримтлан Я.Э-ээс НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗД-н 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Миний бие С.Э нь Я.Э-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх нь “Я.Э тус өрхийн эмнэлгийн барилга бүхий газар оршин сууж байсан баримтгүй, гадаад явсан гэх баримтгүй, газрын нэгдсэн тооллогод байхгүй, кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн, тухайн барилгыг “Ү” шилжүүлэн авч засвар хийсэн зэргийг харгалзаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Энэ нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

5. Я.Э- нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Барилгачдын 4-р гудамж, 87а тоот хаягт байрлах газрыг газар эзэмших эрхийн 010440502 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж, өмчлөх хүсэлтээ 2003 оны 11 сарын 04-ний өдрийн 16:00 цагт Сүхбаатар дүүргийн засаг даргад гаргаж, НЗД-н 2003 оны 12 сарын 30-ны өдрийн 569 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Барилгачдын 4-р гудамж, 87а тоот хаягт байрлах 244 мкв бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа.

6. Я.Э- тус өрхийн эмнэлгийн барилга бүхий газар оршин сууж байсан баримтгүй, гадаад явсан гэх баримтгүй, газрын нэгдсэн тооллогод байхгүй гэх үндэслэлээр нэмж нотлох баримт шаардлагатай эсэх талаар: Давж заалдах шатны шүүхээс өрхийн эмнэлэгийн барилга бүхий газар оршин сууж байсан баримтгүй гэж үзжээ. Гэтэл хавтаст 1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх талд Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Засаг даргын “Я-ийн Э нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамжны 87а тоотод 2 ам бүл ах Я.М-оа74082213 хамт оршин суудаг болох”-ыг тодорхойлсон. Энэ нь Я.Э, Я.М нар нь 2003 онд оршин сууж байсан нь нотлогдож байхад шүүх нэмж шаардлагагүй нотлох баримтыг шаардаж байна.

7. Түүнчлэн Я.Э нь гадаад явсан гэх баримтгүй, газрын нэгдсэн тооллогод байхгүй гэх үндэслэлээр нэмж нотлох баримт бүрдүүлэхийг шаардсан байна. Энэ нь шүүх хэрэгт ач холбогдолгүй баримтыг шаардсан байна. Я.Э- нь 2003 онд өмчлөх шийдвэр гарснаас хойш тус газарт харуул амьдруулж тус харуул нь 2012 онд нас барсан болох нь гэрч Норжмаа, гуравдагч этгээд Б.Т нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогддог бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Я.Э- нь өөр газар мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй тус газар амьдардаг болох нь тогтоогддог билээ.

8. Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн нь хэдэн ч газар, орон сууц өмчлөх эрхтэй бөгөөд өмчилж авсан газарт заавал өөрөө оршин суух, бүртгүүлэхийг шаарддаггүй болно. Кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэх дүгнэлтийн талаар: Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “ Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж тус тус заасны дагуу кадастр хийж, нэгж талбарын дугаар олгож, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулахыг үүргээ эс биелүүлж, кадастр хийгээгүй, мэдээллийн санд бүртгүүлээгүй, нэгж талбар олгоогүй байна.

9. Мөн маргаан бүхий газарт Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө баригдаж, тус үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газар (хуучин нэрээр)-ын өмчлөлд бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд төрийн байгууллагын зүгээс тус ашиг сонирхол үүссэний улмаас Я.Э-ийн кадастр бүртгүүлэх хүсэлтийг эс хүлээн авах, шийдвэрийг гардуулахгүй байх зэрэг эс үйлдэхүй нь гэрч Зоригтбаатарын мэдүүллэгээр нотлогддог. Төрийн байгууллага нь Я.Э-ийн кадастрыг бүртгээгүй, Я.Э-ийн кадастр нь кадастрын нэгдсэн системд бүртгэгдээгүй нь Я.Э-ийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

10. Маргаан бүхий газар дээр баригдсан барилгыг “Ү” шилжүүлэн авч засвар хийсэн зэргийг харгалзаагүй гэх үндэслэлийн талаар. Я.Э-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох хэрэг нь газрын маргаан бөгөөд НЗД-н давхардуулан газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг байна. Гэтэл “Ү” хоршоонд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4 гудамжинд байрлах, хуучин өрхийн эмнэлгийн барилгыг иргэн Б.Тт шилжүүлэн өгсөн байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгө (орон сууцны)-ийн өмчлөх эрхийн маргаан байх бөгөөд “Үндэсний Оюу" хоршоо нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ахин хэрэгжүүлэх, хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байх бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэхгүй байна.

11. Мөн түүнчлэн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/00387 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тус газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд холбогдох этгээд аливаа асуудлаар маргах эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

12. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 204 тоот магадлалыг хүчингүй болгож, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/00387 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Маргаан бүхий НЗД-н 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  А/98 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу хэмээн 160 м.кв газрыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт “өрхийн эрүүл мэндийн төвийн” зориулалтаар эзэмшүүлжээ.

14. Нэхэмжлэгч Я.Э- нь “НЗД-н 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн, хавсралтын 22-д заасан “Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ “...НЗД-н 2003 оны 569 дүгээр захирамжаар, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамж, 87а тоот хаягт байрлах 244 м.кв газрыг өмчлөн авсан.  ...Тухайн үед газар дээрээ таньдаг айл буулгаад гадагшаа удаан хугацаагаар явсан. ...миний өмчлөлийн газартай давхцуулан Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмшүүлсэн...”  гэж маргасан бол, хариуцагчаас “...НЗД- 2018 оны А/98 дугаар захирамжийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан” гэсэн, гуравдагч этгээд “Ү” хоршооноос “...НЗД-н 2019 оны А/184 дүгээр захирамжаар манай хоршооны өмчлөлд шилжүүлсэн ...хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн 2 барилгыг хүлээн авч засварлаж байгаа. ...Я.Э-ийн нэхэмжлэл үндэслэл муутай, хуурамч байх олон шинжийг агуулсан, ...оршин сууж байсан гэх хаягийн ба бусад бүртгэлийн талаар ямарч мэдээлэл байхгүй, кадастрт бүртгэгдээгүй...” гэсэн тайлбарууд гарган маргасан байна.

15. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна гэж үзлээ. 

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Я.Э- нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамж, 87а тоот хаягт байрлах 400 м.кв газрыг анх эзэмшиж, улмаар НЗД-н 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар 244 м.кв газрыг өмчилж авсан байх боловч тухайн цаг хугацаанд эзэмшиж авсан газрынхаа кадастрын зургийг хийлгээгүй, газрыг өмчлөхдөө мөн кадастрын зураг хийлгэж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс газрын давхцлын маргаан үүссэн, одоо уг газар дээр Нийслэлийн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн нэгжийн хөрөнгөөр баригдаж, НЗД-н 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар “Ү” хоршоонд шилжүүлсэн өрхийн эмнэлгийн барилга байршиж байгаа үйл баримтууд тогтоогдсон байна.

17. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан, нэхэмжлэгч Я.Э-т газар өмчлүүлэхээс өмнө, газрыг эзэмшүүлсэн талаарх нотлох баримтыг гаргуулахаар шаардсан, тус албанаас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/3726 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “...Я.Э-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэн гэрчилгээ олгогдсон...” гэж тодорхойлон, дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамж /хавсралтгүй, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн тухай заагаагүй/, дүүргийн Газрын албанд нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэхийг хүсч 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл зэргийг хавсаргажээ. Гэвч Я.Э-т газар эзэмшүүлсэн 01040502 дугаартай гэрчилгээнд, тус дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэн 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгов гэж бичигдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр тодорхойгүй, дүүргийн Засаг даргын 62, 64 дүгээр захирамжууд хэрэгт бүрэн авагдаагүй, мөн нэхэмжлэгчид өмчлүүлсэн газрын байршил нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, түүнчлэн шүүхийн цуглуулсан зарим баримтуудад газрын хэмжээ, хаяг байршил, газар эзэмшигчийн овог нэр г.м зөрүүтэй авагдсан байхад үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчжээ. 

18. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Я.Э-ийн НЗД-н 2003 оны 569 дүгээр захирамжаар өмчилж авсан гэх Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамж, 87а тоот хаягт байрлах 244 м.кв газрын байршлыг тодруулж, уг газар нь маргаан бүхий актаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшүүлсэн 160 м.кв газар буюу одоогийн гуравдагч этгээд “Үндэсний оюу” хоршоонд шилжсэн өрхийн эмнэлгийн барилга байршиж байгаа газар мөн эсэх, эсхүл давхцалтай эсэхийг зайлшгүй шалгаж тогтоон, холбогдох баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн хэргийн бусад оролцогчдоос нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг шалгаж,  дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

19. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэстэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА