Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 137

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хохирогч Д.Н, Л.Э нарын өмгөөлөгч Т.Булган, иргэний хариуцагч О.Т өмгөөлөгч С.Тунбаяр, хохирогч Б, Г.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1109 дүгээр магадлалтай, Д.Эд холбогдох 2014250000497 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Б, Г.Б, Г.Б, Г.Б, М.О, Ч.О нарын өмгөөлөгч Э.Г, хохирогч Л.Э, Д.Н, Г.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гео физикч мэргэжилтэй, “Аз жаргалын хотхон” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 45-5 тоотод оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгүүлсэн, С овогт Дийн Э.

Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ" таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн авч, улмаар өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх орон сууцнуудыг худалдсан үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас нэр бүхий 11 иргэнд нийт 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Д.Эыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576,282,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Эын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоож, уг хорих ялыг нэмж нэгтгэж Д.Эын нийт эдлэх ялын хэмжээг 12 жил хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Н, хохирогч Л.Э, хохирогч Г.Б, Ч.Б, Г.Б, Ч.О, Г.Б, М.О, А.Б нарын өмгөөлөгч Э.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг гаргасан гомдолдоо “...Бид энэ хэргийг анх шалгаж эхэлсэн үеэс л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд иргэний хариуцагчийн асуудлыг нарийвчлан шалгуулахтай холбоотой хүсэлтүүдийг удаа дараа гаргасаар ирсэн ч хүсэлтийг хүлээн аваагүй өдийг хүрсэн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарын асуудлыг шийдвэрлэлгүй тэдгээрийн иргэний хариуцагчаар татагдсан үндэслэлд дүгнэлт өгөлгүй орхигдуулсаар ирсэн бөгөөд 597 дугаар шийтгэх тогтоолд ч мөн адил энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарын зүгээс Д.Эд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан СБД-ийн 4 дүгээр хороонд байрлах “ЮУ БИ таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байрны түлхүүрийг ямар ч гэрээ хэлцэл хийлгүйгээр өгч /тухайн байрны бүх өрөөний болон гадна хаалганы түлхүүрийг ажлын түлхүүрийн хамт/, иргэдийг хууран мэхлэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, мөн О.Төгсөө, Г.Хүрэлсүх, Д.Э нар нь хоорондоо тооцоо хийж байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, дан ганц шүүгдэгч Д.Эаас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Д.Эын хувьд хохирогч нараас авсан мөнгөнөөс тодорхой хэсгийг буюу 33.000,000 төгрөг авсан хэмээн тайлбарласан, О.Төгсөөгийн 33,300,000 төгрөг авсан талаар мэдүүлдэг. Эндээс эдгээр хүмүүсийн хувьд хоорондоо мөнгө өгч авч байсан нь тодорхой болох бөгөөд гагцхүү хохирогч нараас авсан мөнгөнөөс хэдий хэмжээг нь иргэний хариуцагч нар авсан гэдэг дээр харилцан өөр зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хун, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан ба хохирогчдын зүгээс О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарыг энэ хэргийн улмаас учирсан хохиролын тодорхой хэсгийг хариуцах ёстой гэж үздэг бөгөөд учир нь Д.Эын байрыг хуулийн дагуу худалдан авч байна гэсэн ойлголтыг төрүүлэх бүх нөхцөл бололцоог энэ 2 хүн бүрдүүлсэн гэж үздэг.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан тогтоол, магадлалдаа “...хохирогч, иргэний хариуцагч нар нь орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаарх маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн байдаг бөгөөд иргэний хариуцагч болон хохирогч нарын хооронд тухайн байрны өмчлөл, эзэмшилтэй холбоотой үүссэн маргааныг гэм буруугийн асуудалтай хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Хохирогч нарын зүгээс тухайн байр хэний өмчлөлд байсан, хэн нь иргэний хариуцагч байх ёстой байсан гэдэг талаар шүүхэд хандаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд учир нь хэрэгт гэрчээр асуугдсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь “...уг байр нь манай компаний өмчлөлийнх, түр хугацаанд түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр шилжүүлсэн” тухай мэдүүлгийг өгсөн, мөн О.Төгсөө нь түрээсийн төлбөр гэж Д.Эаас авсан мөнгийг Өндөр буянт холдинг ХХК-д шилжүүлж байсан тухай мэдүүлсэн байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд энэхүү нөхцөл байдал буюу тухайн СБД-ийн 4 дүгээр хороонд байрлах “ЮУ БИ таун” хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг байр нь хэний өмчлөлийнх болох, түрээсийн төлбөр гэж “Өндөр буянт холдинг” ХХК нь О.Төгсөөгөөр дамжуулан мөнгө авч байсан эсэхийг тогтоогоогүй болно.

Энэ бүгдийг дурдах болсон шалтгаан нь шүүх иргэний хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх, иргэний хариуцагч нар хохирогч нарт учирсан хохиролын хичнээн хэмжээг хариуцах ёстой байсан /45,0 сая, 33,0 сая, 300,0 сая төгрөг эсхүл байрны өмчлөх эрхийг шилжүүлэх/ эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй гэж үзэж байгаатай холбоотой юм.

Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадпалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж эсхүл тогтоол магадлалд иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Г.Б гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...надад учруулсан 60,500,000 төгрөгийн хохирлыг Д.Эаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэр бүхий 11 хохирогчид учирсан 579,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дахь зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” мөн гэж ойлгож байгаа.

Гэтэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК- ийг Иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт /4хх 22-32/ О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1хх 215/ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн /3хх 164/ Л.Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Мөрдөн байцаалтын явцад Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үүнийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй гэж үзэж байгаа тул тогтоол магадлалд хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар гэж өөрчлөх, эсвэл хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.Э гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг зөвхөн Д.Э ганцаар үйлдсэн гэдэгт ач холбогдол өгч бусад нотлох баримт буюу хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримт, мэдүүлгүүдийг шалгалгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал энэ хэрэгт Иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн мөн байтал тэднийг бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн, нэр бүхий 11 эхирогчид учирсан 576,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. О.Төгсөө болон Г.Хүрэлсүх нар иргэний хариуцагчийн хувьд Д.Этай хамтран хохирлыг барагдуулах, цаашлаад “Өндөр буянт” ХХК-ийг иргэний хариуцагчаар нэмж татах үндэслэл байна. Үүнд:

Нэг. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт /4хх 22-32 тал/ О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1-хх 15/ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн /3хх 164/ Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг Иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. О.Төгсөөг хууль ёсны өмчлөгч биш гэдгийг магадлалын тодорхойлох хэсэг дэх гэрч Н.Төмөрхүүгийн мэүүлэгт дурдсан байна.

Хоёр. Хэргийн /2хх 223/ “Өндөр буянт Холдинг” ХХК-ийг төлөөлж О.Төгсөө болон “Раннерс” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ 2014 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх боловч гэрээний эхний хуудаст компанийг төлөөлсөн нэртэй, гэрээний 3 дугаар хуудаст иргэд хооронд байгуулсан мэт харагдана. Энэ нь компанийн төлөөлөгч нар байгуулсан гэх албан ёсны тамга тэмдэг, төлөөллийн эрх олгосон ямарваа баримт бичиггүй нотлох баримт. Хэрэв 2013 оноос эхлэн тухайн орон сууцнуудыг хөлсөлж байсан бол уг хөлсөлсөн орон сууцны Орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулах эрхтэй байсан, төлбөрийг ямар аж ахуйн нэгж, иргэн авсан талаар шалгах шаардлагатай байсан. 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Орон сууц хөлсөлсний төлбөрийн орлогыг О.Төгсөө нь “Өндөр буянт” ХХК-д төлсөн гэж мэдүүлсээр байтал “Өндөр буянт” ХХК-ийн санхүүгийн тайланд түүнийг тайлагнасан эсэхийг шалгаж, тус компанийг иргэний хариуцагчаар нэмж татах шаардлагатай байсан гэж үзэж байгаа.

Гурав. Энэ хэрэг үүссэнээс хойш Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй баримт байдаг. Хохирогчдын амьдарч байгаа, маргаан бүхий 11 байрны хувьд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг мөрдөн байцаалтын явцад авсан байдаг бөгөөд /1 хх 231/ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр байгаа. бусад 10 орон сууцных өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан гэх боловч УБСЕГ-ын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт /3хх 12/ дурдсанаар маргаан бүхий 11 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр бүртгэсэн мэтээр дурдсан байдаг. Мөн /4хх 4/ орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ UВТ-13-А-42 тоот гэрээ нь 2013 ны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний талуудын гарын үсэггүйн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь гэрээ байгуулагдахаас 4 өдрийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр бичигдсэн байдаг.

Иймд мөрдөн байцаалтын явцад Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Д.Н гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг зөвхөн Д.Э ганцаар үйлдсэн гэдэгт ач холбогдол өгч бусад нотлох баримт буюу хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримт, мэдүүлгүүдийг шалгалгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал энэ хэрэгт Иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн мөн байтал тэднийг бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн, нэр бүхий 11 эхирогчид учирсан 576,282,000 төгрөгийн хохирлыг зөвхөн Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. О.Төгсөө болон Г.Хүрэлсүх нар иргэний хариуцагчийн хувьд Д.Этай хамтран хохирлыг барагдуулах, цаашлаад “Өндөр буянт” ХХК-ийг иргэний хариуцагчаар нэмж татах үндэслэл байна. Үүнд:

Нэг. Уг байрнуудын жинхэнэ өмчлөгч хэн болох нь тодорхойгүй. Тухайлбал “Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн албан бичигт /4хх 22-32 тал/ О.Төгсөөг дээрх орон сууцнуудын өмчлөгч гэчихээд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /1-хх 15/ О.Төгсөөгөөр дамжуулан зөвхөн түрээслүүлэх зорилгоор О.Төгсөөгийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан гэдэг. Мөн /3хх 164/ Эрдэнэбатын мэдүүлэгт дурдсанаар О.Төгсөө нь тухайн байрны өмчлөгч ч биш, түрээслүүлэгч ч биш, зөвхөн “Өндөр буянт холдинг" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл О.Төгсөө нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах “ЮУ БИ” таун хотхоны 37, 38 дугаар байран дахь 11 орон сууцны жинхэнэ, хууль ёсны өмчлөгч биш байтал “Өндөр буянт холдинг” ХХК-ийг Иргэний хариуцагчаар татаж, хохирогчдод учруулсан хохирлыг хариуцуулаагүй нь мөн шударга ёс, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. О.Төгсөөг хууль ёсны өмчлөгч биш гэдгийг магадлалын тодорхойлох хэсэг дэх гэрч Н.Төмөрхүүгийн мэдүүлэгт дурдсан байна.

Хоёр. Хэргийн /2хх 223/ “Өндөр буянт Холдинг” ХХК-ийг төлөөлж О.Төгсөө болон “Раннерс” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ 2014 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх боловч гэрээний эхний хуудаст компанийг төлөөлсөн нэртэй, гэрээний 3 дугаар хуудаст иргэд хооронд байгуулсан мэт харагдана. Энэ нь компанийн төлөөлөгч нар байгуулсан гэх албан ёсны тамга тэмдэг, төлөөллийн эрх олгосон ямарваа баримт бичиггүй нотлох баримт. Хэрэв 2013 оноос эхлэн тухайн орон сууцнуудыг хөлсөлж байсан бол уг хөлсөлсөн орон сууцны Орон сууц хөлслөх гэрээг хэн байгуулах эрхтэй байсан, төлбөрийг ямар аж ахуйн нэгж, иргэн авсан талаар шалгах шаардлагатай байсан. 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх Орон сууц хөлсөлсний төлбөрийн орлогыг О.Төгсөө нь “Өндөр буянт” ХХК-д төлсөн гэж мэдүүлсээр байтал “Өндөр буянт” ХХК-ийн санхүүгийн тайланд түүнийг тайлагнасан эсэхийг шалгаж, тус компанийг иргэний хариуцагчаар нэмж татах шаардлагатай байсан гэж үзэж байгаа.

Гурав. Энэ хэрэг үүссэнээс хойш Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй баримт байдаг. Хохирогчдын амьдарч байгаа, маргаан бүхий 11 байрны хувьд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн түүхчилсэн лавлагааг мөрдөн байцаалтын явцад авсан байдаг бөгөөд /1 хх 231/ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр байгаа бусад 10 орон сууцных өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан гэх боловч УБСЕГ-ын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт /3хх 12/ дурдсанаар маргаан бүхий 11 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр бүртгэсэн мэтээр дурдсан байдаг. Мөн /4хх 4/ орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ UВТ-13-А-42 тоот гэрээ нь 2013 ны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний талуудын гарын үсэггүйн зэрэгцээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь гэрээ байгуулагдахаас 4 өдрийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь О.Төгсөөгийн нэр дээр бичигдсэн байдаг.

Иймд мөрдөн байцаалтын явцад Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч хохирогч Д.Н, Л.Э нарын өмгөөлөгч Т.Булган хэлсэн саналдаа “Иргэний хариуцагчаар оролцох ёстой этгээдийг оролцуулаагүй гэдэгт адил саналтай байна. “Өндөр буянт холдинг” ХХК-иас О.Төгсөөгийн нэр дээр гаргуулсан 11 үл хөдлөхийн гэрчилгээний нэг болох 37 дугаар байрны 71 тоот орон сууцны гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан. Бусад 10 орон сууцных өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр гарсан гэх боловч Улсны бүртгэл, статистикийн газрын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн албан бичигт дурдсанаар маргаан бүхий 11 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр О.Төгсөөгийн нэр дээр бүртгэсэн мэтээр дурдсан байдаг. Гэтэл 71 тоот байрны захиалгын гэрээ нь 2013 ны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Мөн гэрээнд талуудын гарын байдаггүй. Дээрх нөхцөл байдалыг харгалзаагүй учраас хохирогч нарын гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагч О.Төгсөөгийн өмгөөлөгч С.Тунбаяр хэлсэн саналдаа “О.Төгсөө энэ хэрэгт иргэний хариуцагч, нэхэмжлэг, хохирогч гэх гурван субъектив байдлаар оролцсон. Одоо бол иргэний хариуцагчаар оролцож байна. Үл хөдлөхүүдийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар маргах нь хэрэгт төдийлэн ач холбогдолгүй. Тухайн хөрөнгүүд О.Төгсөөгийн өмч болох нь тодорхой бөгөөд орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн. Иргэний хариуцагч хамтран хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь иргэний хариуцагч бол хохирогч юм” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч нар дан дээрх асуудлаар л гомдол гаргадаг. Хоригдож байгаа хүн хохирлыг төлөх боломжгүй. Тийм учраас хохирлын асуудал илүү ач холбогдолтой. Энэ хэрэг бол “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон. Иймд хохирогч нарын гомдлыг дэмжиж байна. Д.Э нь 2007 онд үйлдсэн залилангийн гэмт хэрэгтээ хэрэгт 2014 онд 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэгэхээр 2014 оны шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэлдээ шийтгүүлсэн буюу хоёр удаа яллагдсан учир түүний эрх зүйн байдал дордсон. Хувь хүний хувьд авч үзэхэд нэг жилийн хорих ял хасагдсан ч түүнд хэрэгтэй. Хэдийгээр түүний үйлдсэн гэмт хэргийг өмгөөлөхөд хэцүү ч эрх, ашгийг нь хамгаалах ёстой” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Д.Энжаргал нь иргэний хариуцагч О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар болон “Өндөр буянт холдинг” ХХК-тай ямар нэгэн байдлаар холбогдолгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Г.Хүрэлсүх нь Д.Этай зараар холбогдсон бөгөөд Д.Э нь 11 байрны түлхүүрийг авч, нийт 2,192,000,000 төгрөгийн үнэтэй байрнуудын түрээсийн төлбөр гэж 33,000,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 02 дугаар сараас ордерийн маргаан үүсэхэд Г.Хүрэлсүх Д.Эд залилуулсан гэх асуудал шалгагдаж эхэлсэн. Ийм учраас шүүх Б.Э холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Г.Б, Л.Э, Д.Н нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Э нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “ЮУ БИ" таун хотхоны 37, 38 дугаартай байрнаас 11 ширхэг орон сууцыг түрээслэн эзэмшиж байсан атлаа өөрийгөө уг орон сууцнуудыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан дээрх орон сууцнуудыг бусдад худалдан, нэр бүхий 11 иргэнийг залилан мэхэлж их хэмжээний буюу 576,282,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Эд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Эын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэр бүхий хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Д.Эаар гаргуулах үндэслэлгүй, маргаан бүхий байрны 37, 38 дугаар байрыг өмчилж байсан, мөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан О.Төгсөө, Г.Хүрэлсүх нараар хохирлын зохих хэсгийг гаргуулах ёстой гэж гомдол гаргасан байх ба энэ талаар шүүх удаа дараа хэлэлцэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд тус дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан “...хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаагүй, дүгнээгүй тул хэргийн бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж эсхүл тогтоол магадлалд иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү”, хохирогч Л.Э, Д.Н нарын “...мөрдөн байцаалтын явцад Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, энэ гэмт хэргээс болж хохирогчдод учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Д.Эаар төлүүлэхээр шийдвэрлэсэн, ...энэ хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 8.6 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1109 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Ч.Б, Г.Б, Г.Б, Г.Б, М., Ч.О нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, хохирогч Г.Б, Л.Э, Д.Н нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН