Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2020/00999

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2020/00599 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М- ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Н-, Э.Г- нарт холбогдох,

Гэрээгээр шилжүүлсэн 29 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 35 760 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Оюунсайхан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар барилгын 5 дугаар давхарын 501 тоот үйлчилгээний зориулалттай 295 м.кв талбайг 2 жилийн хугацаатайгаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээгээр нэг сарын барьцаа төлбөр 7 375 000 төгрөг, эхний улирлын төлбөр 22 125 000 төгрөг, нийт 29 500 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түрээслүүлэгч Ц.Н-гийн дансанд шилжүүлсэн. Гэтэл түрээслүүлэгч түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанд байгаа талаар огт мэдэгдэлгүй гэрээ байгуулсан байсан. Үүнийг манай түрээслэгч тал мэдээд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түрээслүүлэгчид мэдэгдэж, түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрийг буцаан шилжүүлэхийг хүссэн. Түрээсийн талбайг гэрээнд заагдсан зориулалтын дагуу нэг ч өдөр ашиглаагүй бөгөөд түрээслүүлэгч талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор засварын зардал гаргаж нилээдгүй хохирсон. Түрээслүүлэгч 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэрээний үүргээ зөрчөөгүй гэсэн албан бичиг, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбарыг ирүүлсэн. Энэхүү албан бичигтэй холбоотойгоор түрээсийн талбайг гэрээнд заасан зориулалтаар эзэмшиж, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах үүргээ зөрчсөн тул ЭГ3635120450 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй тухай Зээлийн дансны хуулга, Голомт банкнаас зээлийн төлөлт хэвийн үргэлжилж байгаа талаарх албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлэхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Түрээслүүлэгч анхнаасаа хуурч мэхлэн түрээсийн төлбөр авсан. Иймд урьдчилгаа төлбөр болон барьцаанд шилжүүлсэн 29 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Ц.Н-д хохирол учруулаагүй бөгөөд түүнтэй манай компани нь гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй тул хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: М- ХК нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19/099 тоот Оффис түрээсийн гэрээ-г 2019 оны 8 сарын 09-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалж, түрээслүүлэгч талд их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК нь уг талбайг сарын 8 940 000 төгрөгөөр түрээслэх санал тавьж байсан хэдий ч М- ХК-д итгэл хүлээлгэж сонгосон боловч түрээслэгч итгэл алдаж хамтын ажиллагаанаас үндэслэлгүйгээр татгалзсан. Хэрэв тухайн үед Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК-д талбайг түрээслэсэн бол 2019 оны 8 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын түрээсийн орлогод 35 760 000 төгрөг олох, цаашдаа урт хугацаанд тогтвортой орлого олох боломжтой байсан. М- ХК-иас гэрээ цуцалснаас учирсан хохиролд 35 760 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 233 дугаар зүйлийн 233.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Г-эс 29 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгож, хариуцагч Ц.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Н-гийн ...гэрээнээс учирсан хохиролд 35 760 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М- ХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 305 450 төгрөгийг, хариуцагч Ц.Н-гаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 336 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-эс улсын тэмдэгтийн хураамжид 305 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Талууд 2019 оны 8 сарын 9-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн талаар маргаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд түрээслэгч тал нь офисс хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдлүүдийг түрээслүүлэгч талд хүргүүлж, түрээслүүлэгч нь уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухай бүрд нь үндэслэл бүхий тайлбаруудыг хүргүүлж байсан. Хөлслөх гэрээг цуцлах, татгалзах, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хүлээн авах асуудал дээр талууд ямар ч тохиролцоонд хүрээгүй бөгөөд М- ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний шүүхэд хандсанааар асуудал шүүхийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаас ойлгомжтой байсан. Мөн гэрээний зүйлийг буцаан өгсөн талаарх нэг ч барммгт, акт өнөөдрийг хүртэл талууд үйлдээгүй, хүлээж авах болон хүлээлгэн өгөх ямар ч ажиллагаа хийгдээгүй юм.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч тал Оффис түрээсийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр цуцлахыг завдаж, түрээспүүлэгч талд их хэмжээний гэм хор, хохирол учруулсан үйлдэл гаргасанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Түрээслүүлэгч нь гэрээг үндэслэлгүйгээр цуцлахыг зөвшөөрөөгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь 2019/11/04-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанаар гэрээ цуцлагдсанд тооцох хууль зүйн үндэстэй.

Шүүх гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, гэрээ цуцалсанаас үүсэх үр дагаврыг шударгаар шийдвэрлэх ёстой байсан. Анхан шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. буруу хэрэглэсэн. Түрээслүүлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд түрээслэгч нь гэрээнд заагаагүй, өөрийнх нь эрх үүрэгт огт хамааралгүй зүйл буюу бусдын хуулиар хамгаалагдсан нууцтай холбоотой мэдээллийг хууль бусаар шаардаж байсан нь үнэн билээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ИХ-ийн 225.1, болон 226.1 дахь хэсэгт заасан түрээслүүлэгч нь үүрэг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой.

Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 17 дугаартай барилгын 501 тоотод байршилтай, 476,7 м.кв талбайтай офисс үйлчилгээний зориулалттай үл өх эд хөрөнгө тавигдсан нь гэрээ цуцлах ноцтой үндэслэл болох талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт гараагүй боловч хөлслүүлэгчийг үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарлаж, гэрээний огт хамааралгүй заалт буюу 5.2.4 болон 5.2.6 дахь заалтуудаас тодорхой өгүүлбэрүүдийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар түүвэрлэн оруулж, гэрээнээс нэхэмжлэгч нь татгалзах эрхтэй хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгч нь Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа явуулсан хэдий ч Ц.Н-г хариуцагч биш хэмээн дүгнэж, түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Шийдвэрийг бүхэлд нь дүгнэхэд "хөлслүүлсэн эд хөрөнгө нь бусдад барьцаалагдсан байгаа нь, мөн түүнийгээ түрээслэгч талд урьдчилан мэдэгдээгүй нөхцөл байдал нь хууль зөрчсөн бөгөөд энэ нь түрээслүүлэгч тал гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл болно " гэх агуулгаар шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч нь "Голомт банкинд барьцаалагдсан талаар түрээслэгч талдаа мэдэгдээгүй, түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1 болон 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19/099 тоот "Оффис түрээсийн гэрээ"-ний 5.2.1 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн хэмээн нэхэмжлэл гаргасан ч шүүх гэрээ, хуулийн өөр өөр заалтуудыг баримталж шийдвэрлэсэн. Иргэн Э.Г- нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.1.-д "барьцааны зүйлийг эзэмшилдаэ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;" эрхтэй хэмээн заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг бусдад түрээсэлсэн бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.1-д заасны дагуу барьцааны зүйлээс олох орлого, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь эдгээр орлого, үр шимийн талаар аливаа эрх эдлэхгүй." хэмээн барьцаалагч буюу энэ тохиолдолд Голомт банкны аливаа оролцоо, хууль бус үйлдлийг хязгаарлаж өгсөн байна. Мөн Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2015 оны 10 сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн.

Э.Г- нь өөрийн херөнгөө түрээслэхдээ Голомт банкнаас ямар нэг хэлбэрээр зөвшөөрөл авах ёсгүй гэдгийг хуульчилж өгсөн юм. Нэгэнт түрээслүүлэх эрх нь хуулиар хамгаалагдсан байх тохиолдолд түрээслэгчийн ямар эрх ашигт ноцтой хохирол учруулсан нь ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч Ц.Н-, Э.Г- нарт холбогдуулан түрээсийн гэрээгээр шилжүүлсэн 29 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан бөгөөд Ц.Н- гэрээ цуцалснаас учирсан хохиролд 35 760 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх25-26, 31/

Э.Г-, М- ХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19/099 тоот Оффис түрээсийн гэрээ байгуулагдсан. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 17-р барилгын 5 дугаар давхарын 501 тоот Ү-2203030352 бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 295 м.кв талбайг оффисийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцон хөлслүүлсэн, гэрээгээр барьцаа 7 375 000 төгрөг, эхний улирлын төлбөр 22 125 000 төгрөг нийт 29 500 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ц.Н-гийн Худалдаа хөгжлийн банкны 404201812 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./ хх5-7, 15/

Мөн хөлслөгчийн түрээсийн талбайд засвар хийсэн, түрээсийн талбай Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч буюу хөлслөгч тал 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр түрээсийн төлбөр, барьцааг буцаахыг мэдэгдсэнд хариуцагч талаас гэрээний үүрэг зөрчөөгүй гэх хариу албан бичиг, Голомт банктай байгуулсан гэрээний хуулбарыг ирүүлсэн. /хх 9- 14/

Хөлслөгч тал энэхүү албан бичигтэй холбоотойгоор ЗГ 3635120450 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй тухай зээлийн дансны хуулга, Голомт банкнаас зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа талаарх албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлэхийг шаардахад хариуцагч гаргаж өгөөгүй үйл баримт тогтоогджээ. /хх 1-2, 25-26, 60-63/

Зохигч гэрээ цуцласан шалтгаан хэний буруугаас болсон, эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл гуравдагч этгээдийн барьцаанд байгаа талаар хөлслүүлэгч хөлслөгчид эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах үед мэдэгдэх үүрэгтэй эсэх, гэрээг цаг хугацааны хувьд хэдийд цуцлагдсанд тооцох талаар маргажээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлдэг. Оффисын зориулалтаар ашигласны үр дүнд үр шим үүсэхгүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт зааснаар хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ. Мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.4 дэх хэсэгт зааснаар хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцах юм.

Хэдийгээр хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцахаар байгаа, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар барьцаалуулагч барьцааны зүйлийг зориулалтынх нь дагуу ашиглах эрхтэйгээр хуульчилсан боловч барьцаалуулагч цааш нь гуравдагч этгээдтэй барьцааны зүйлийн талаар гэрээ байгуулахдаа гэрээний талаа үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Гэрээний талаас үнэн зөв мэдээлэл шаардах, гэрээг байгуулах эсэх, гэрээний эрсдлээ тооцож үзэх эрх М- ХК-нд хуулиар олгогдсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт заасан үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно.

Хөлслөгч талын ЗГ 3635120450 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй тухай зээлийн дансны хуулга, Голомт банкнаас зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа талаарх албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлэхийг шаардсан нь цаашдын үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл бөгөөд уг мэдээллийг гаргаж өгөх нь мэдээллийг эзэмшигч талын эрх, ашиг сонирхлыг хохироохгүй юм. Гэрээний талууд анх гэрээ байгуулах мөчөөс Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээдэг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан барьцаалуулагчийн эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу барьцаалагчийн шаардлагаар барьцааны зүйлийг худалдсан бол энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан барьцаалуулагчийн түрээслэх болон бусад эрх дуусгавар болох заалтуудаас үзэхэд барьцааны гэрээний хугацаа, үүргийн хэмжээ, зээлийн гэрээний үүрэг хэвийн биелэлттэй байгаа эсэхийг мэдэж эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа, эрсдлээ тооцох М- ХК-ийн эрхийг хязгаарлах боломжгүй.

Хариуцагчийн зүгээс мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцласныг буруутгах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн Э.Г- нь гэрээний 5.2.4, 5.2.6-д заасан ...Бусад мэдээллээр хангах үүрэг, барилгын талаарх мэдээ, мэдээлэл болон бусад мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Голомт банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа талаар мэдээлэл өгөөгүй нь нотлогдсон гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Гэвч урт хугацааны гэрээнд татгалзах биш цуцлах гэсэн нэр томьёог хэрэглэх нь зөв юм. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хөлс болон дэнчинд төлсөн 29 500 000 төгрөгийг хариуцагч Э.Г-эс буцаан гаргуулсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхээс хариуцагч Ц.Н-гийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт нийцжээ. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох юм.

Нэгэнт Ц.Н- жинхэнэ хариуцагч биш тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Гэрээний 4.2-т түрээслэгч гэрээг хугацаанаас өмнө хэдий д ч цуцлах эрхтэй талаар заасан. Мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүргүүлснээр гэрээг цуцлагдсанд тооцохоор байна. Талуудын харилцан солилцсон бичиг баримтаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн мэдэгдэл өгч эхэлсэн тул сарын дараа цуцлагдсан гэж залруулан дүгнэхээр байна. /хх 9-14/

Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв тул хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00599 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД