Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01603

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01603

 

 

 

 

 

                                       Г.Оийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01546 дугаар шийдвэртэй, Г.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Год холбогдох, гэм хорын хохиролд 54 700 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.О нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан, Гачууртын зам гудамж 66 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204014917 дугаартай, 110 метр квадрат талбай бүхий мужаан цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан, Гачууртын зам гудамж 66 тоотод байрлах нэгж талбарын 18650310566442 дугаартай, 320 метр квадрат талбай бүхий эзэмшлийн газрыг зохих хууль ёсны дагуу авсан. Г.О нь мужаан цехийнхээ байранд эсгийний үйлдвэрлэл явуулж байгаад үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор засвар хийхээр сулласан. Банкны зээл хөөцөлдөж байх хойгуур 2007 онд Б.Г нь өмчийн эзэн Г.Оийн зөвшөөрөлгүйгээр мужаан цехийн байрны 2 хаалганы 1 хаалгыг эвдэн орж нөгөө талын хаалгыг нь битүүлж цоожлоод манаачтай болгосон. Том хашааны яг голд нь байдаг мужаан цехийн байр руу өмчлөгчийг оруулахгүй, орох, гарах гарц гаргаж өгөөгүй. Б.Гын энэ үйлдлээс хойш Г.О үйлдвэрлэл явуулах ажлын байргүй болж бусдын ажлын байрыг түрээсэлж үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг болсон. Гэтэл өнгөрсөн 11 жилийн хугацаанд бусдын ажлын байрны түрээсийг төлөөд ч орлого маань зарлагаа нөхөж чадахгүй өрөнд орсоор өнөөдрийг хүрлээ. Г.О нь Б.Гын энэхүү үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандахад Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж гомдлыг аваагүй. Иймд Б.Гын Г.От учруулсан түрээсийн болон бусад ажиллагааны зардал болох 54 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гоос 17 450 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилантөлсөн 431 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 245 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нэхэмжлэлд хавсаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6091 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэгч Г.От холбогдох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 185 дугаар захирамж, дахин 5 жилээр сунгасан засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах тухай 331 тоот захирамж, мөн нэхэмжлэгч Г.От холбогдох хэсэг улсын бүртгэлийн Ү-22040104917 бүртгэлтэй 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 117983 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй гэсэн байдаг. Анх нэхэмжлэгч Г.О нь Нийслэлийн засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 тоот захирамжаар газар эзэмших эрх авсан. Харин хариуцагч Б.Г нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас бүтэн 3 жилийн өмнө уг газрыг эзэмшиж ашиглаж байхад Баянзүрх дүүргийн газрын албаны Ц.Отгонбямба нь авилгал авч бусдын эзэмшилд байгаа газрыг хариуцагчид давхардуулан өгсөн учраас давхцлыг арилгах хүртэлх хугацаагаар нэхэмжлэгчийн эзэмших, өмчлөх эрхүүдийг түдгэлзүүлсэн. Уг шүүхийн 133 тоот шийдвэрийг шүүгч Д.Мөнхцэцэг шүүхийн цахим сүлжээнээс олж харах боломжтой байсан. 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133 шийдвэрээр түдгэлзүүлсэн ч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дахин авсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх 133 дугаар шийдвэрээр 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бараг 2 жил завсардсан ч нэхэмжлэгчээс шалтгаалах ямар ч буруу байгаагүйг хүчин төгөлдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6091 дүгээр шийдвэр нотолж байгааг шүүгч яагаад хооронд нь уялдуудан хянан шийдвэрлэж болохгүй байна вэ? Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан 37 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож хариуцагч Б.Гоос 37 250 000 гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Год холбогдуулан гэм хорын хохиролд 54 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ .., Б.Гын хууль бус үйлдлийн улмаас бусдын ажлын байрыг түрээсэлж, шийдвэр гүйцэтгэлд урамшууллын зардал төлсөн” гэж тайлбарлажээ. /хх1/

Хэргийн 3-4 дугаар тал дахь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн болон 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Г.О нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан /13260/ гачууртын зам гудамж, 66 тоот хаягт байршилтай 110 м.кв талбай бүхий мужааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 320 га газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6091 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан, гачууртын зам гудамж 66 тоотод орших 110 м.кв талбайтай мужаан цехийн зориулалттай байшин, 320 м.кв талбайтай газрыг Б.Гын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж, байшин, газрыг эзэмших, ашиглахад саад учруулахгүй байхыг даалгасан байна.

Хариуцагч Б.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын .. эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэл явуулах зорилгоор 2006 оноос 2018 оны 04 дүгээр сар хүртэл “Баяжих тоонот өргөө” ХХК-тай, 2018 оны 05 дугаар сараас “Мастер Хайнс” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт төлсөн 53 950 000 төгрөгийг шаардсан бөгөөд шүүх 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш буюу нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно. /хх9-28/

Харин шүүх энэ хугацааны түрээсийн төлбөрийн тооцооллыг алдаатай гаргасан байна.  Нэхэмжлэгч нь маргааны зүйлийн өмчлөгчөөр бүртгэгдсэн 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрт 20 250 000 төгрөг төлсөн нь түрээсийн гэрээний талуудын мөнгө хүлээж авсан, өгсөн гарын үсэг, түрээслэгчийн тамга тэмдэг бүхий баримттай тул энэ хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.  Мөн нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6091 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад урамшууллын зардалд нийт 487 500 төгрөг төлсөн гэж баримт ирүүлсэн нь хэргийн 9-10 дугаар талд авагдсан ба уг баримтад “Г.Оээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал” гэж утгыг нь тодорхой тусгасан байх тул хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулна. Нэхэмжлэгч Г.Оийн эзэмшлийн 320 м.кв талбай бүхий газар хариуцагч Б.Гын эзэмшлийн 4 927 м.кв болон 2 100 м.кв талбай бүхий газрыг давхцуулан олгосоныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 133 дугаар шийдвэрээр тогтоосныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6091 дүгээр шийдвэрт тодорхой тусгажээ. /хх6-7/

Нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнөх хугацааны буюу газар давхцуулан олгосон үеийн хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, газар давхцуулан олгосон ажиллагаа нь хариуцагч Б.Год хамааралгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотолдог журамтай. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 450 000” гэснийг “20 737 500” гэж, “37 250 000” гэснийг “33 962 500” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “245 200” гэснийг “261 637” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                 А.МӨНХЗУЛ