Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/01546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, хужирбулан 0хэсэг гудамж, 0-000 тоот хаягт оршин суух,  О /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Оргил стар хотхон 00 тоот хаягт оршин суух, Г /РД:0000000/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 54 700 000 төгрөг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга Б. нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Г.Оийн хувийн өмч болох Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Амгалан, Гачууртын зам гудамж 00 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 110 метр квадрат талбай бүхий мужаан цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Амгалан, Гачууртын зам гудамж 00 тоотод байрлах нэгж талбарын 00000000 дугаартай, 320 метр квадрат талбай бүхий эзэмшлийн газрыг зохих хууль ёсны дагуу авсан. Нэхэмжлэгч Г.О нь мужаан цехийнхээ байранд эсгийний үйлдвэрлэл явуулж байгаад, үйлдвэрлэлээ өргөтгөх зорилготойгоор мужаан цехийн байрандаа засвар хийхээр сулласан. Мөн банкны зээл хөөцөлдөж байх хойгуур Б.Г нь 2007 онд өмчийн эзэн Г.Оийн зөвшөөрөлгүйгээр мужаан цехийн байрны 2 хаалганы 1 хаалгыг эвдэж ороод нөгөө талын хаалгыг нь битүүлж цоожлоод манаачтай болгосон мөн тэр том хашааны яг голд нь байдаг мужаан цехийн байр руу намайг оруулдаггүй, орох, гарах гарц гаргаж өгдөггүй. Б.Г нь нисдэг тэрэгтэй байж болно, харин жирийн эмэгтэйгийн мужаан цехийн байр руу нисээд, үсрээд хүрдэг төхөөрөмж байхгүй. Б.Гын энэ дээрмийн үйлдлээс хойш Г.О үйлдвэрлэл явуулах ажлын байргүй болж бусдын ажлын байрыг түрээсэлж үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг болсон. Гэтэл өнгөрсөн 11 жилийн хугацаанд бусдын ажлын байрны түрээсийг төлөөд, бусад зардлаа төлөөд ч орлого маань зарлагаа нөхөж чадахгүй өрөнд орсоор өнөөдрийг хүрлээ. Г.О нь Б.Гэнэхүү дээрмийн үйлдлийг шалгаж өгнө үү гэдгээр цагдаад гомдол гаргахаар цагдаагаас иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэж хэлээд миний гомдлыг аваагүй. Иймд Б.Гын Г.От учруулсан түрээсийн болон бусад ажиллагааны зардал болох 54 700 000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Г.О нь Б.Год холбогдуулан гэм хорын хохиролд                     54 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Амгалан гачууртын зам гудамж 00 тоотод орших улсын бүртгэлийн                               Ү-00000000 дугаарт бүртгэлтэй 110 м.кв талбай бүхий мужааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авч, өмчлөгчийн эрхийг зөрчсөнөөс үйлдвэрлэл явуулах ажлын байргүй болж, бусдын ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж, түрээсийн болон бусад ажиллагааны зардалд 57 000 000 төгрөгийн хохирол учирсан.” гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Амгалан гачууртын зам гудамж 00 тоот хаягт байршилтай 110 м.кв талбай бүхий мужааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.О нь 2015 оны 03 сарын             18-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-3/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29-ны өдрийн 101/ШШ2016/06091 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Амгалан гачууртын зам гудамж 66 тоотод орших улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй 110 м.кв талбай бүхий мужааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай, 320 м.кв талбайтай эзэмшлийн газрыг хариуцагч Б.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.  /хх6-7/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 29-ны өдрийн 101/ШШ2016/06091 дугаар шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлсөн баримт зэргээс дүгнэхэд хариуцагч Б.Гын хууль бус үйлдлээс нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойшхи хугацааны түрээсийн төлбөрт төлсөн                17 450 000 төгрөгийн  хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.  

 

Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотолж 2006-2018 оны хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт,  2017 оны 02 сарын 16-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 87 500 төгрөгийн дүнтэй, 04 сарын    18-ны өдрийн 400 000 төгрөгийн дүнтэй Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-8-28/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.О Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Амгалан гачууртын зам гудамж 66 тоот хаягт байршилтай 110 м.кв талбай бүхий мужааны цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 03 сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байх тул тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэхээс өмнөх хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийг хохиролд шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06091 дугаар шийдвэрээр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал, урамшуулалд төлсөн гэж тайлбарлах Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт нь  хариуцагчтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой болох нь бусад бичгийн баримтаар нотлогдохгүй эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас               37 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Б.Г, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нотлох баримтуудыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Б.Гоос 17 450 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гоос 17 450 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 431 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 245 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                 Ц.ОЮУНБИЛЭГ

 

                                                                               Д.СЭМЖИД