| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 149/2018/00066/И |
| Дугаар | 210/МА2019/01559 |
| Огноо | 2019-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2019/01559
В ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01652 дугаар шийдвэртэй, В ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Ж ХХК, Л нарт холбогдох, Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших, Жаргалан хотхон, 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу нийт 1 063 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “Т Ж ХХК-ийн 170 000 ам доллар буюу 245 265 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Л, түүний орчуулагч Б.Нэргүй, хариуцагч “Т Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Г.Т, хариуцагч “Т Ж ХХК-ийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын орон сууцыг барихаар манай компани 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга болон “Т Ж ХХК-тай хамтран ажиллах гурван талт гэрээг, “Т Ж ХХК-тай уг барилгыг барихад хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг тус тус байгуулсан.
В ХХК нь гэрээний дагуу захиалагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. Гэтэл барилгын ажил дуусч 90 хувьтай байх үед тус компанийн захирал Шин Сү Жиан, Л нар В ХХК-ийн захирал Д.Б намайг гүтгэж улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн, ял шийтгүүлж хэлмэгдүүлсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолд дээрх гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд энэ талаарх маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан. Зөвшилцлийн гэрээнд зааснаар манай компани газраа ашиглуулах, барилга захиалж бариулах, хариуцагч барилгыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.
“Т Ж ХХК-ийн В ХХК-тай хийсэн тохиролцоогоор барилгын ажлын ашгийн 60 хувийг “Т Ж ХХК, 40 хувийг В ХХК авахаар тохиролцон ажлыг эхлүүлсэн. Гэвч “Т Ж ХХК Хятадаас хөрөнгө оруулалт авна, танайх бага хувийн ашиг авах шаардлагатай байна гэж хууран мэхлэн зөвшилцлийн гэрээнд ашгийн 90 хувийг “Т Ж ХХК, 10 хувийг В ХХК авахаар болгож бичсэн. Гэрээний 6-д “Т Ж ХХК В ХХК-д газар ашиглалтын болон зураг төсөл боловсруулсан зардалд нийт 170 000 ам доллар төлнө гэж, 7 дугаар заалтад “Т Ж ХХК нь В ХХК-ийг ашгийн 10 хувийг авахыг зөвшөөрсөн гэж тохиролцсон бөгөөд төсөл хэрэгжиж дууссан тул хариуцагч “Т Ж ХХК-аас Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын 2 орон сууцнаас ашгийн 10 хувьд ногдох 21 орон сууц буюу мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг орон сууц Жаргалан хотхоны 96 айлын орон сууц гэж нэрлэгддэг бөгөөд байрны дугааргүй. “Т Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Л 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уулзахад уг орон сууцнаас манай компанид ногдох 21 орон сууц борлуулагдаагүй, хадгалагдаж байгаа, шүүхийн шийдвэрээ авчирвал өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Уг орон сууцнууд 38 м.кв жижиг өрөө, 46 м.кв том 2 өрөө ба 2, 5, 6 дугаар давхруудад байрлалтай. “Т Ж ХХК-аас худалдан борлуулж байгаа одоогийн м.кв-ийн үнэ нь 1 200 000 төгрөг гэсэн мэдээлэл байгаа. Урьдчилсан тооцоогоор 38 м.кв 10 орон сууц, 46 м.кв 11 орон сууц нь нийт 886 м.кв болж байгаа бөгөөд м.кв нь 1 200 000 төгрөгөөр тооцвол нийт 1 063 200 000 төгрөг болно. Иймд “Т Ж ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу 1 063 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Т Ж ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. В ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Бтэй 2009 оны 6 дугаар сард танил болж 2009 оны 7 дугаар сараас хамтран ажиллах талаар ярилцаж байсан бөгөөд албан ёсоор ямар ч гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж байгаа зөвшилцлийн гэрээ гэх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл он, сар, өдөргүй, хятад хэл дээр орчуулга хийгдээгүй байна. “Т Ж ХХК-ийн удирдлага хятад хүмүүс бөгөөд бусадтай гэрээ хийх бүрт Монгол хэлээс гадна Хятад хэл дээр үйлддэг тул энэ баримт нь хуурамч гэж үзэж байна. В ХХК-ийн захирал Д.Б тухайн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 10 га газар эзэмшдэг, уг газарт танайх хөрөнгө оруулалт оруулж барилга барь, би газраа танайд ашиглуулахаар шилжүүлж өгнө, барилга барих бүх зөвшөөрлийг гаргаж, барьсан орон сууцыг борлуулж өгнө гэж байсан ч энэ нь худал байсан. Д.Бийн үгэнд итгэж газар ашиглуулах зардалд 170 000 ам доллар шилжүүлсэн боловч газраа шилжүүлж өгөөгүй, харин ч тус компани 10 га газар эзэмшдэггүйг мэдсэн. “Т Ж ХХК Мандал сумын засаг даргад хүсэлтээ хуулийн дагуу гаргаж 2010 онд Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьж 2013 онд ашиглалтанд оруулсан. В ХХК-ийн захирал Д.Б танилцсан цагаасаа компанийг хуурч мэхлэн 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Цагдаагийн байгууллагад залилангийн гэмт хэргээр шалгагдан түүнээс хойш хамтран ажиллаагүй. “Т Ж ХХК дангаараа Жаргалан хотхоныг барих үйл ажиллагааг шинээр эхэлж бүх гэрээг зохих байгууллагуудтай хийсэн. В ХХК-ийн захирал Д.Бийн нэхэмжлэлдээ хавсаргасан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техникийн гэрээ, зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ, зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ гэх мэт баримтууд бүгд өөрийнх нь хийсэн гэрээ боловч “Т Ж ХХК болон 96 айлын барилга барих үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. Барилга баригдах хугацаанд В ХХК-ийн захирал Д.Б залилангийн хэргээр шалгагдаж 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 129 тоот шийтгэх тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 452 тоот магадлал, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 543 тоот тогтоолоор түүнийг гэм буруутай болохыг тогтоож, 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгэсэн.
Эдгээр шийдвэрүүдээр В ХХК-ийн захирал Д.Б “Т Ж ХХК-ийг залилан хохироосон нь харагдана. В ХХК-ийн захирал Д.Бтэй 96 айлын орон сууцыг хамтран барьсан, барилга барихад шаардагдах бичиг баримтыг авахуулсан, орон сууц борлуулах ажлыг хариуцуулсан, орон сууц борлуулах сурталчилгааг хийлгүүлсэн гэх ямар ч үндэслэлгүй бөгөөд компани барилга угсралт, хяналт, захиалга, борлуулалтын ажлаа хариуцан гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 96 айлын Жаргалан хотхоныг барихад В ХХК-ийн оролцоо байхгүй тул 2 өрөө бүхий 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц, нийт 21 орон сууц буюу 1 063 200 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй.
Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэсэн хуулийг зөрчиж байна. Иймд В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ли Ленхуагийн тайлбарт: Шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Т Ж ХХК нь В ХХК-тай хамтран ажиллах төсөл хийгдсэн. Албан ёсоор гэрээ байгуулаагүй. Хэзээ, хаана хийгдсэн нь тодорхойгүй, он, сар, өдөргүй, хятад хэл дээрх орчуулгагүй гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. 2009 онд В ХХК-ийн газар дээр “Т Ж ХХК барилгын ажил хамтарч гүйцэтгэхээр болж 10 хоногийн дотор 10 га газрыг ашиглуулах, “Т Ж ХХК нь В ХХК-ийн захирал Д.Бт 170 000 ам долларыг өгөхөөр тохирч В ХХК-ийн захирал Д.Бт 170 000 ам долларыг өгсөн ч 10 га газраа өгөөгүй, тус компанид 10 га газар тухайн үед огт байхгүй гэдгийг дараа нь мэдсэн. “Т Ж ХХК нь Мандал сумын засаг даргад хандан газар хүсэж, 2010 онд Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьсан. Миний бие Л болон захирал Шин Сү Жиан бид анх В ХХК-ийн захирал Д.Бтэй 2009 оны 6 дугаар сард танил болон 2009 оны 07 дугаар сараас хамтран ажиллахаар болсон. Хамтран ажилласан үеэсээ л биднийг хууран мэхэлж 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс залилангийн хэргээр шалгагдаж “Т Ж ХХК, В ХХК-ийн хооронд яригдсан бүх зүйл худал болж зөвшилцлийн дагуу ямар ч ажиллагаа хийгдээгүй. “Т Ж ХХК нь 2009 оны 8 дугаар сараас Мандал суманд Жаргалан хотхоныг барих үйл ажиллагааг шинээр эхэлж барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техникийн гэрээ, зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ, зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ, “Мандал сүлжээ” ХХК-тай 96 айлын орон сууцны гадна цахилгааны ажилт хяналт тавих гэрээ, Зүүн хараагийн 2 дугаар уурын зууханд тогоо хүлээлцэх акт зэргийг зохих байгууллагуудтай дахин байгуулсан. В ХХК-ийн захирал Д.Бийн нэхэмжлэлдээ хавсаргасан гэрээнүүд өөрийнх нь байгуулсан гэрээ боловч “Т Ж ХХК болон 96 айлын барилга барих үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. Барилгын ажил гүйцэтгэх 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 003/2009/ВГ тоот гэрээг хавсаргасан байгаа ч уг өдөр “Т Ж ХХК байгуулагдаагүй байсан. В ХХК-ийн захирал Д.Б 2013 онд “Т Ж ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Жаргалан хотхоны орон сууцны барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч баримт ашиглан авсан нь тогтоогдож Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 24 тоот шийдвэрээр В ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн Y-1307000671 дугаарт бүртгэгдсэн, 000103105 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон. “Т Ж ХХК нь 2 ширхэг орон сууц бариагүй, ямар тооцооллоор хэдэн төгрөгийн ашгийг хэрхэн бодож шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Анхны тохирсоноороо үнэн зөвөөр явсан бол гэрээний дагуу Мандал суманд 96 айлын 6 байр баригдах байсан ба Д.Б өнөөдөр ийм байдалд орохгүй байсан. Бид Монгол улсын нутаг дэвсгэрт 100 хувийн хөрөнгө оруулалттай барилга барьж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан, одоо ч хууль зөрчөөгүй ажиллаж байна. В ХХК-ийн захирал Д.Бийн нэхэмжлэлийн гол баримт зөвшилцлийн гэрээ нь худал баримт бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөв тодорхойлоогүй, баримт болгон хавсаргасан гэрээг “Т Ж ХХК албан ёсоор байгуулаагүй, он, сар, өдөр болон хаана үйлдсэн нь тодорхойгүй, орчуулагагүй бичгийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд В ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Т Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: “Т Ж ХХК нь В ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Бтэй 2009 оны 6 дугаар сард танил болж 7 дугаар сараас хамтран ажиллахаар ярилцаж эхэлсэн. В ХХК-ийн захирал Д.Б тухайн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт 10 га газар эзэмшдэг, уг газар дээр танайх хөрөнгө оруулалт оруулж барилга барь, газраа 10 хоногийн дотор шилжүүлж өгнө, барилга барих бүх зөвшөөрлийг гаргаж өгнө, орон сууцыг сурталчлан борлуулж өгнө гэж байсан. Тус компанийн захирал Д.Бийн ярианд итгэж газар ашиглуулах зардал 170 000 ам долларыг 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгч, В ХХК-аас мөнгө өгснийг нотлох 176 дугаартай кассын орлогын ордерыг авсан. Гэтэл В ХХК-ийн захирал Д.Б газраа шилжүүлж өгөөгүй бөгөөд тус компани 10 га газар эзэмшдэггүйг мэдсэн. “Т Ж ХХК Мандал сумын засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт гаргаж 2010 онд Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 96 айлын байрыг үргэлжлүүлэн барьж 2013 онд ашиглалтанд оруулсан. Д.Б тохирсон зүйлээсээ буцсанаас гадна “Т Ж ХХК-ийг залилан онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж шүүх түүнийг гэм буруутай болохыг тогтоож, 10 жил, 1 сарын хорих ялаар шийтгэсэн. Шүүхийн шийдвэрүүдээр В ХХК-ийн захирал Д.Б “Т Ж ХХК-ийг хэрхэн залилан мэхлэж хохироосон нь тодорхойгоос гадна тус компаниас авсан 170 000 ам.долларыг эргүүлэн өгөөгүй өдийг хүрээд байна. Тухайн үеийн ханшаар буюу 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны 1 ам.доллартай харьцах албан ёсны ханш 1 442.72 төгрөг байх бөгөөд В ХХК-д шилжүүлсэн 170 000 ам.доллар нь 245 265 800 төгрөг болж байна. Иймд В ХХК-аас 170 000 ам.доллар буюу 246 265 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт, Жаргалан хотхоны 96 айлын орон сууцны барилгын ажил дуусаж, 90 хувьтай байх үед “Т Ж ХХК-ийн захирал Шин Сү Жиан, Л нар намайг гүтгэж улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн ял шийтгүүлж хэлмэгдүүлсэн. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолд талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдох асуудлыг шийдвэрлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд энэ талаарх маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан. Орон сууцыг компанийн эзэмшлийн газарт барьсан боловч “Т Ж ХХК нь газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардал болгон өгөх 170 000 ам.долларыг өгөөгүй. Үүний оронд авто машин, байр өгсөн бөгөөд байр, машин авч байгаа юм чинь 170 000 ам.доллар авсан гэж гарын үсэг зурахаар болсон. Намайг хэлмэгдүүлэн эрүүгийн хэрэг үүсгэснээр надад өгсөн машин, байрыг буцаан гаргуулсан. Манай эзэмшлийн газарт орон сууц барин ашиг орлого олсон атлаа гэрээний дагуу өгөх ёстой газар ашигласны болон зураг төсөл боловсруулсаны зардал 170 000 ам.доллар, орон сууцнаас олсон 10 хувийн ашгийг одоог хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч “Т Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Л сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Т Ж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасныг баримтлан хариуцагч “Т Ж ХХК-аас 653 184 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 410 016 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Ли Ленхуад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т Ж ХХК-ийн 170 000 ам доллар буюу 245 265 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В ХХК-аас 5 473 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Т Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 384 279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Ж ХХК-аас 3 423 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 18976 дугаар захирамжаар хариуцагч “Т Ж ХХК-ийн Төрийн банк дахь 340003761705 тоот данс, Хаан банк дахь 5044085524 тоот данс, хариуцагч Ли Ленхуагийн Хаан банк дахь 5021334068 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийгнэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлан,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 108 дугаар байрны зоорийн давхрын 9 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027347 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 108 дугаар байр, 13 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027346 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, Төмөр Зам Жаргалант хотхон, 57 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y-1307002078 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Т Ж ХХК-д даалгаж,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаар захирамжаар хариуцагч “Т Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 455050320 тоот данс болон “Т Ж ХХК болон гүйцэтгэх захирал Лю Лянхуа нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлан, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр багт орших, Жаргалант хотхоны 96 айлын орон сууцанд байрлах, бусдад зарагдаагүй мөн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх 29 тооны орон сууц буюу 2, 3, 7, 10, 12, 14, 19, 20, 22, 23, 24, 25, 43, 47, 51, 55, 57, 62, 66, 70, 69, 71, 73, 74, 76, 83, 91, 94, 95 тоот орон сууцууд болон мөн зоорийн давхрыг битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Т Ж ХХК-д даалгасан,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 643 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр багт орших, Жаргалант хотхоны 96 айлын орон сууцанд байрлах, бусдад зарагдаагүй мөн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэх 29 тооны орон сууц буюу 2, 7, 12, 19, 24, 25, 43, 62, 66, 70, 71, 74, 91, 94, 95 тоот орон сууцууд болон мөн зоорийн давхрыг битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Т Ж ХХК-д даалгасан, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3614 дугаар бүхий захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 18976 дугаартай захирамжийн 2 дахь заалтын зарим хэсгийг буюу хариуцагч “Т Ж ХХК-ийн Төрийн банк дахь 340003761705 тоот, Хаан банк дахь 5044085524 тоот дансуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласугай гэснийг болон мөн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20136 дугаартай захирамжийн 1 дэх заалтын зарим хэсгийг буюу хариуцагч “Т Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 455050320 тоот данс болон “Т Ж ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласугай гэснийг тус тус хүчингүй болгож, шүүгчийн захирамжийн бусад заалтуудыг хэвээр үлдээсэн бөгөөд дээрхи захирамж, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурьджээ.
Хариуцагч “Т Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчиж хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлаагүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй, гадаад иргэнтэй байгуулсан гэрээг урьд нь шүүх нотолсон тул дахин нотлохгүй мэтээр үндэслэл болгосон нь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага болон гадаад иргэний эрх зүйн байдлыг дордуулсан.
Шүүх эрүүгийн хэргээс нотлох баримтыг татан авахдаа 2009 оны 7 сард байгуулагдсан зөвшилцпийн гэрээ гэх зүйлийг эх хувиар нь эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр аваагүй, зөвхөн Эрүүгийн хэрэгт тухайн үед яллагдагчаар татагдсан этгээдийн гарган өгсөн хуулбарыг үнэлсэн, эрүүгийн хэргээс уг гэрээг үнэн зөв эсэх талаар хэргийн оролцогч нарын тайлбарыг аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудасны дээд хэсэгт нийт 5443,2 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1 200 000 төгрөг буюу нийт 6 531 840 000 төгрөгийн ашигтай ба нэхэмжлэгчид дээрх дүнгийн 10 хувь буюу 653 184 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн нь хариуцагчийг илтэд үл хүндэтгэж, хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. Хөрөнгө оруулагч “Т Ж ХХК нь уг барилгыг барихдаа ямар ч зардал гаргаагүй, барилгад өртөг зарлага байхгүй, барилга зарагдсан бүх үнэ нь ашиг хэмээн дүгнэсэн нь хэргээ ойлгоогүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй нь харагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэргийн нэхэмжлэлд хамааруулаагүй, эрүүгийн хэрэгт оролцогчоор татагдсан этгээдүүдийг иргэний хэрэгт хамаатуулан оролцуулж, энэхүү хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхэд халдан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, В ХХК-ийн захирал Д.Бийн үгүйсгэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд тайлбарлаж буй татгалзлаас нь өөрөөр дүгнэж шийдсэнийг шүүх өөрийн санаачилгаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчийн мэтгэлцэх эрхэд хөндлөнгөөс оролцсон гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/01652 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.
Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч “Т Ж ХХК, Л нарт холбогдуулан Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 дүгээр багт орших, Жаргалан хотхон, 96 айлын 2 орон сууцнаас тус бүр 2 өрөө 38 м.кв талбайтай 10 орон сууц, 46 м.кв талбайтай 11 орон сууц буюу нийт 1 063 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч “Т Ж ХХК-аас 170 000 ам.доллар буюу 245 265 800 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга, “Т Ж ХХК, В ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөгжил, орчин нөхцлийг сайжруулах, орон сууц ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээ, орон сууцны Жаргалан хотхон цогцолборыг барьж байгуулахаар хамтран ажиллах гэрээ байшуулсан байна. Мөн хариуцагч “Т Ж ХХК, нэхэмжлэгч В ХХК-тай зөвшилцлийн гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын барилгын зориулалттай 10 газрыг “Т Ж ХХК-д ашиглуулах, “Т Ж ХХК нь В ХХК-д газар ашиглалтын зардал, зураг төсөл боловсруулсан зардалд нийт 170 000 ам.доллар төлөх, ашгийн 10 хувийг өгөхөөр тохиролцсон байна. /1хх4-5/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “.., зөвшилцлийн гэрээний 7-д зааснаар “ ашгийн 10 хувийг авахыг зөвшөөрсөн, хариуцагчийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт орших Жаргалан хотхоны 96 айлын 2 орон сууцнаас ашгийн 10 хувьд ногдох 21 орон сууцны үнэ нийт 1 063 200 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлажээ.
Зохигчид зөвшилцлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс уг гэрээг байгуулагдсан гэж үзснийг буруутгах үндэслэл тогтоодохгүй байхын зэрэгцээ хариуцагч “Т Ж ХХК-ийн захирал Шин Сужиан 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “ .., Батцэцэг нь өөрийн Волфганг гэх компанийн нэр дээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод 10 га газартай байсан. Уг газартаа 5 давхар орон сууц барих болсон. Би уг орон сууцыг барих мөнгийг гаргахаар болсон. Энэ үед Сэлэнгэ аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний дараа Батцэцэгтэй зөвшилцлийн гэрээ байгуулсан ..,” гэж мэдүүлсэн нь хэргийн 3 дугаар хавтасны 43 дугаар талд авагдсан байна. Хэдийгээр уг мэдүүлэг нь эрүүгийн хэргийг шалгах явцад цуглуулсан баримт боловч зөвшилцлийн гэрээ байгуулсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий баримт гэж үзнэ. /3хх43/
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд орон сууц борлогдож дууссаны дараа орлого, зарлагын тооцоог хийж гарсан ашгаас нь 10 хувийг нэхэмжлэгчид олгохоор тохиролцсон гэж үзэхээр байна. Хэрэгт энэ тооцооллыг хэрхэн хийсэн, ашгийн тооцоо хэд гарсан зэрэг хэрэгт ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Гэтэл шүүх орон сууцны ашигтай талбайн нийт үнийн 10 хувиар ашгийг тооцоолон шийдвэрлэсэн байгаа нь үндэслэл муутай байна.
Шүүхийн дээрх тооцоолол нь талуудын тохиролцоонд нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 808 149 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ