Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01558

 

 

 

 

 

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 дугаар шийдвэртэй,О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 12 246 400 төгрөг гаргуулах үндсэн, хохиролд 29 541 850 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 оны 06 дугаар сарын 24-нд талуудын хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй 2 ширхэг орон сууцны барилгын дээврийн ажлыг гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний А тал нь нэхэмжлэгч бөгөөд дээврийн ажлын санхүүжүүлэлтийг бүрэн хариуцаж, 100 хувь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу уг үүргээ бүрэн биелүүлж, бүх барааг нийлүүлсэн.

Гэрээний төлбөрийн талаар талууд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тооцоо нийлж акт үйлдэхэд нийт 8 117 790 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй гарсан. Энэ тооцооны талаар бид зөвшөөрч маргаагүй. Гэрээний 5.1-д заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн торгууль төлөхөөр заасан учир торгуульд 4 058 410 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 12 246 400 төгрөгийг нэхэмжилж байна. Бид 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл нэхэмжилсэн. Талуудын тооцоо нийлсэн актаар нийт гүйцэтгэл нь 210 127 290 төгрөг ба 2 байрны үнийг 202 009 500 төгрөгөөр тооцож төлснөөр хасахад 8 117 190 төгрөг үлдэж байгаа. Үүнийг хариуцагч өөрөө зөвшөөрч тооцоо нийлсэн. 2013 оны бараа материал нийлүүлэх гэрээний хувьд тооцоо дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд хариуцагчаас нийт 12 246 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус компанитай 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гурвалсан гэрээний дүн нь 135 446 000 төгрөг байсан ба үүнээс 104 940 000 төгрөгт В блокийн 52,47 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг тооцон өгч, үлдэх 30 506 000 төгрөгийг бараа материал нийлүүлэх гэрээнд тооцож төлөхөөр тохиролцсон. Ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгч тал захиалагчид хүлээлгэж өгөөгүй. Тухайн 2 орон сууцны барилгыг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр улсын комисс ашиглалтанд хүлээж авсан. Оршин суугчид ч орон сууцандаа орсон, 2015 оны 03 дугаар сараас эхэлж барилгын дэврээс ус гоожсон гэж иргэд гомдол удаа дараа гаргасан. Бид энэ ажлын доголдлын талаарО ХХК болон “Хос эврест” ХХК-д хэлж, засаж өгөхийг шаардсан, бичгийн баримт байхгүй. Тооцоо нийлсэн актаар 8 117 790 төгрөгийн үлдэгдэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т ажлын хөлсийн 10 хувийг барилгын чанарын баталгаат хугацаанд барьцаалж байлгахаар тохирсон, бид доголдлоо арилгаад мөнгөө ав гэж хэлж байсан. Нэхэмжлэгч тал нь гэрээний 1.4, 2.4, 3.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлын хөлсийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч С ХХК сөрөг нэхэмжлэлдээ: Нийт 29 541 850 төгрөг шаардсан. 2 барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул бид гаргах ёсгүй байсан зардал гаргаж хохирсон. Доголдлыг арилгахын тулд “Титантауэр констракшн” ХХК-аар дахин уг 2 барилгын дээврийн ажил хийлгэж хөлсөнд нь 25 200 000 төгрөг төлсөн. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Мөн 97/1, 97/2 дугаар байрны оршин суугч Т.Байгалмаа, Б.Уранбилэг, Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтайван зэрэг дээд давхарт амьдардаг иргэдэд дээврээс ус алдаж хохирол учирсныг И.Мөнхбаяр гэдэг хүнээр 4 341 850 төгрөг төлж засуулж обойг нь сольж, тааз, хананд нь эмульс хийсэн. Энэ талаарх бүх баримтуудыг хэрэгт өгсөн.

Сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Барилгын тухай хуульд зааснаар зүгшрүүлэлтийн хугацаа 1 жил, баталгаат хугацаа 3 жил байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Барилгын тухай хуулийн 14.1,14.3, 14.4., 14.6., 14 дүгээр зүйлийн 14.7.-д заасны дагуу болон Иргэний хуулийн 227, 219 дүгээр зүйлд зааснаар ажлын доголдлыг өөрсдийн зардлаар арилгаж, хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй тул 29 541 850 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг ажлын гүйцэтгэгч нь “Хос эврест” ХХК бөгөөд дээврийн ажлыг бүхэлд нь хийсэн. Иймд Ондилт ХХК нь хариуцагч биш. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан шаардлага гаргах хугацаа дууссан байна. 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байдаг. 2015 оны 05 дугаар сарын 23-нд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарснаар зөрчил илэрсэн гэж үзвэл гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар мөн л хугацаа дууссан. Дээврийн ажилд доголдол гарсан талаар ямар нэгэн байдлаар хариуцагч талаас нэхэмжлэгчид хэлж мэдэгдэж байгаагүй, засахыг шаардсан баримт хэрэгт байхгүй. Мөн 4 оршин суугч гомдол гаргасан гэж байгаа боловч тэдэнд ямар хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй. Ж.Энхтайван гэдэг иргэн 2016 оны 08 дугаар сард гомдол гаргасан нь сөрөг нэхэмжлэлд огт хамааралгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-аас 8 187 990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчО ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 058 410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-ийн нэхэмжлэгчО ХХК-аас 29 541 850 төгрөгийг төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 893 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 660 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145 958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагч "Сэлбэ Партнерс" ХХК-ийг Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэх үндэслэлээр дуусгавар болсон байна гэж дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т "барьцаа хөрөнгөнд гэрээний үнийн дүнгийн  10 хувийг суутган авч барилгын чанарын баталгаат хугацааны туршид хадгална гэж заасан заалтад зохих ёсны дүгнэлтийг өгөөгүй. Үндсэн үүрэг гүйцэтгэгч "Ондилт" ХХК-ийн зүгээс дээрх барьцаа хөрөнгө болох 8 117 790 төгрөгийг шаардах эрхтэй   эсэх,  "Сэлбэ партнерс" ХХК-д   барилгын   баталгаат   хугацаанд   үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан, иргэн И.Мөнхбаяртай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Титантауэр констракшн” ХХК-тай байгуулсан гэрээ болон дээрх доголдлыг хэзээ арилгаж дуусгасан зэрэг үйл баримтанд хангалттай дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй.

Барилгын ажил гүйцэтгэх гурвалсан гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон бараа материал нийлүүлэх гэрээг дүгнэсэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлэх актын дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт С ХХК-ийн зүгээс төлбөрийн үлдэгдэлтэй гарсан боловч дээрх төлбөрийгО ХХК болон “Хос Эврест” ХХК-ийн аль нь авах нь тодорхой бус байх бөгөөдО ХХК-ийн зүгээс барилгын бараа материал нийлүүлсэн гэж тайлбарладаг. "Ондилт" ХХК-ийн зүгээс дээрх төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэх эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Мөн хавтаст хэрэгт байгаа "Титантауэр констракшн" ХХК иргэн Мөнхбаяр нартай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" болон төлбөр тооцоо төлсөн баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас дүгнэж чадаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

НэхэмжлэгчО ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 8 117 190 төгрөг, торгууль 4 058 410 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 12 246 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 29 541 850 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

НэхэмжлэгчО ХХК 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч С ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч галын хамгаалалттай 21 м.куб-23 м.куб маркийн 1100 куб.метр хөөсөнцөр хавтанг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн, гэрээний хүчинтэй хугацааны дотор барилгын талбайд нийлүүлэх, хариуцагч захиалсан бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх гэрээг, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч С ХХК, “Хос Эврест” ХХК-тай барилгын дээврийн ажил гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулж,  нэхэмжлэгчО ХХК нь “Хос Эврест” ХХК-тай хамтарч хариуцагч С ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй барилгын В болон Г блокын дээврийн 100 орчим м.кв талбайтай дээврийн ажлыг барилгын материал санхүүжилтээ хариуцан 100 хувь хийж гүйцэтгэх, хамтран гүйцэтгэгч “Хос Эврест” ХХК-ийн ажлын хөлсөнд 5 дугаар давхарын 57.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгч зөрүү 30 506 000 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бараа материал нийлүүлэх гэрээнд шилжүүлэн тооцож төлбөрийг хүлээн авах, “Хос Эврест” ХХК нь Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, БНбД-ийн заавар, журмуудын дагуу барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ил далд ажлын актууд, фото зураг, гүйцэтгэлийн зургийн хамт улсын комисст хүлээлгэн өгөх,  хариуцагч С ХХК гэрээнд заасны дагуу төлбөрийг барагдуулахаар тохиролцжээ.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчдын гэрээгээр хүлээсэн үүргийн биелүүлэлт, хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэргийн 34-36 талд авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 2015/118 дугаар акт, зохигчдын тайлбараар орон сууцны барилга 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байнгын ашиглалтанд орсон байх бөгөөд талууд  2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээврийн ажлын гүйцэтгэлд тооцоо нийлж, нийт 8 117 790 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн акт үйлдсэн байна. Уг баримт хэргийн 10 дугаар талд авагдсан, тооцоо үнэн зөв эсэхт талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч дээрх төлбөрийн үлдэгдэлд гэрээний 5.1-д зааснаар торгууль төлөх үүрэг хүлээсэн гэж 8 117 790 төгрөгийн 50 хувтай тэнцэх хэмжээний дүнг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй, шүүхээс холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв байна. Хариуцагч тал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй болно. Ажлын хөлсний үлдэгдлийг С ХХК,О ХХК, “Хос Эверэст” харилцан тооцоолж акт үйлдсэн боловч Барилгын дээврийн ажил гүйцэтгэх гурвалсан гэрээний 4.1-д зааснаар хариуцагч С ХХК ажлын хөлсийг нэхэмжлэгчО ХХК-д төлж барагдуулах үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийн оршин байгаа хаягийг тодруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан, үүнд улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн талаар тодорхой тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах үндэслэлтэй.  

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой байсан нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зөрчил арилгуулах тухай хариуцагч С ХХК-д хүргүүлсэн албан шаардлага, дээврээс борооны ус гоожсоны улмаас унтлагын өрөөний таазаар ус нэвчсэн, обойны зарим хэсэг наалтаараа хөндийрсөн зэргийг бэхжүүлсэн гэрэл зургаар нотлогдож байна. Тэрээр хариуцагч дээврийг “Титантауэр констракшн” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр 25 200 000 төгрөгөөр засварлуулсан, 4 иргэний орон сууцны обой солих, эмульс хийх ажлыг иргэн И.Мөнхбаяраар гүйцэтгүүлж ажлын хөлсөнд 4 341 850 төгрөг өгсөн гэж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байдаг.  

 

Хариуцагч нь уг доголдлын талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, доголдлыг арилгуулахаар шаардаж байсан нотлох баримтгүй, түүнчлэн ажлын гүйцэтгэл доголдолтой байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зөрчил арилгуулах албан шаардлага гарснаар гомдол гаргах хугацааг тоолоход шаардах эрхийн хугацаа нь  2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дууссан байна. Шүүх маргаан бүхий үйл баримт болох үед хүчин төгөлдөр байсан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

           Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ