Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00184

 

Ондилт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1558 дугаар магадлалтай,

Ондилт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сэлбэ партнерс ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 12,246,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сэлбэ партнерс ХХК-ийн хохиролд 29,541,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, Б.Цэгмид нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 06 сарын 24-ний өдөр талуудын хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй 2 ширхэг орон сууцны барилгын дээврийн ажлыг гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний А тал нь нэхэмжлэгч бөгөөд дээврийн ажлын санхүүжүүлэлтийг бүрэн хариуцаж, 100 хувь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу уг үүргээ бүрэн биелүүлж, бүх барааг нийлүүлсэн. Гэрээний төлбөрийг талууд 2015 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар тооцоо нийлж акт үйлдэхэд нийт 8,117,790 төгрөгийн төлөөгүй үлдэгдэлтэй гарсан. Энэ тооцооны талаар бид зөвшөөрч маргаагүй. Гэрээний 5.1-д заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн торгууль төлөхөөр заасан учир торгуульд 4,058,410 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэмж, нийт 12,246,400 төгрөгийг нэхэмжилж байна. Бид 2014 оны 06 сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл нэхэмжилсэн. Талуудын тооцоо нийлсэн актаар нийт гүйцэтгэл нь 210,127,290 төгрөг ба 2 байрны үнийг 202,009,500 төгрөгөөр тооцож төлснөөр хасахад 8,117,190 төгрөг үлдэж байгаа юм. Үүнийг хариуцагч өөрөө зөвшөөрч тооцоо нийлсэн. 2013 оны Бараа материал нийлүүлэх гэрээний хувьд тооцоо дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд хариуцагчаас нийт 12,246,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус компанитай 2014 оны 06 сарын 24-нд байгуулсан ажил гүйцэтгэх гурвалсан гэрээний дүн нь 135,446,000 төгрөг байсан ба үүнээс 104,940,000 төгрөгт В блокийн 52,47 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг тооцон өгч, үлдэх 30,506,000 төгрөгийг бараа материал нийлүүлэх гэрээнд тооцож төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэгч нар захиалагчид хүлээлгэж өгөөгүй алга болсон. Тухайн 2 орон сууцны барилгыг 2015 оны 02 сарын 25-нд улсын комисс ашиглалтад хүлээж авсан. Оршин суугчид ч орон сууцандаа орсон бөгөөд 2015 оны 3 сараас нь эхэлж барилгын дээврээс ус гоожсон гэх иргэдийн гомдлууд удаа дараа гарсан. Бид энэ ажлын доголдлын талаар гүйцэтгэсэн Ондилт болон Хос эврест гэсэн 2 компанид байнга хэлж засаж өгөхийг шаардаж байсан боловч засч өгөлгүйгээр бие бие рүүгээ хамааруулж хариуцахгүй байсаар сүүлдээ алга болсон. Бичгээр бол шаардсан баримт байхгүй. Тооцоо нийлсэн актаар 8,117,790 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. Үүнд бид маргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний 1.4-д зааснаар ажлын хөлсний 10 хувийг барьцаанд барилгын чанарын баталгаат хугацаанд байлгахаар тохирсон бөгөөд бид доголдлоо арилгаад мөнгөө ав гэдгийг хэлж байсан. Нэхэмжлэгч тал нь гэрээний 1.4, 2.4, 3.4-т заасан үүргээ биелүүлээгүй үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлын хөлсийг төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр нийт 29,541,850 төгрөгийг шаардсан. Өөрөөр хэлбэл, 2 барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн, ажлыг доголдолтой гүйцэтгэсэн тул бид гаргах ёсгүй байсан зардал гаргаж хохирон, доголдлыг арилгахын тулд Титантауэр констракшн ХХК-иар дахин шинээр уг 2 барилгын дээврийн ажил хийлгэж хөлсөнд нь 25,200,000 төгрөг төлсөн. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн 97/1, 97/2 дугаар байрны оршин суугч Т.Байгалмаа, Б.Уранбилэг, Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтайван гээд дандаа дээд давхарт амьдардаг 4 иргэнд дээврээс ус алдаж хохирол учирсныг И.Мөнхбаяр гэдэг хүнээр 4,341,850 төгрөг төлж засуулж обойг нь сольж, тааз, хананд нь эмульс хийсэн. Энэ талаарх бүх баримтуудыг хэрэгт өгсөн. Бид сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Барилгын тухай хуульд зааснаар зүгшрүүлэлтийн хугацаа 1 жил, баталгааны хугацаа 3 жил байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Барилгын тухай хуулийн 14.1.,14.3., 14.4., 14.6., 14 дүгээр зүйлийн 14.7.-д заасны дагуу болон Иргэний хуулийн 227., 219 дүгээр зүйлд зааснаар ажлын доголдлыг өөрсдийн зардлаар арилгаж, хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчээс 29,541,850 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч 8,117,790 төгрөгийг 2014 оны 06 сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гэж үзэж байгаа. Тиймээс уг ажлын гүйцэтгэгч нь Хос эврест ХХК бөгөөд дээврийн ажлыг бүхэлд нь хийсэн. Иймд Ондилт ХХК нь хариуцагч биш гэж үзэж байна. Нөгөө талаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан шаардлага гаргах хугацаа дууссан байна. 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.-т зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байдаг. 2015 оны 05 сарын 23-нд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарснаар зөрчил илэрсэн гэж үзвэл гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байгаа. Одоо хүчин төгөлдөр байгаа Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар мөн л хугацаа дууссан. Дээврийн ажилд доголдол гарсан талаар ямар нэгэн байдлаар хариуцагч талаас нэхэмжлэгчид хэлж мэдэгдэж байгаагүй, засахыг шаардсан баримт хэрэгт байхгүй. Мөн 4 оршин суугч иргэн гомдол гаргасан гэж байгаа боловч тэдэнд ямар хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй. Ж.Энхтайван гэдэг иргэн нь 2016 оны 8 сард гомдол гаргасан нь сөрөг нэхэмжлэлд огт хамааралгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Сэлбэ партнерс ХХК-иас 8,187,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ондилт ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,058,410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1., 352 дугаар зүйлийн 352.2.2.-д заасныг баримтлан хариуцагч Сэлбэ партнерс ХХК-ийн нэхэмжлэгч Ондилт ХХК-иас 29,541,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,893 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,660 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145,958 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1558 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ны өдрийн 01170 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүх 2019.08.23-ны өдрийн 1558 дугаар магадлалаараа гомдлыг хангахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 1558 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Ондилт ХХК нь уг гэрээний гүйцэтгэгч тал мөн болохыг, гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс доголдол бий болсон, уг доголдлыг захиалагчийн зүгээс барьцаа мөнгө болон нэмэлт зардал гаргаж дахин хийлгэсэн зэрэг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэтэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу барьцаа төлбөр 8,117,790 төгрөгийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Барилгын тухай хууль (2008)-ийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан хугацаа дуусч, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх үүнд зохих ёсны тайлбар, дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээгүй зэрэг нь магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Учир нэхэмжлэгч Ондилт ХХК шүүхэд 2018 оны 7 сард анх нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.31-ний өдрийн 08762 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож, улмаар мөн шүүхийн 2018.08.31-ний өдрийн 01749 дугаартай захирамжаар хариуцагч Сэлбэ партнерс ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсан байна. Улмаар 2019.01.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Сэлбэ партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Энхболдыг оршин суух хаягийг тодорхойлж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.02.27-ны өдрийн 02702 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь анхнаасаа нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг тодруулалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас хэдийгээр шүүхийн процесс хөөн хэлэлцэх хугацааны дотор үүссэн боловч 2019.02.27-ны өдөр буюу шүүхийн тодорхойлсноор хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа иргэний хэрэг үүссэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж авснаар мөн хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой болно. Хариуцагчийн зүгээс 2019.04.02-ны өдөр гэрээт ажлын доголдлыг дахин гүйцэтгэх гарсан хохирол 29,541,850 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн хариуцагчид гардуулснаар хариуцагч тухайн маргаантай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байхад харилцан тооцогдох шаардлага бүхий шаардлагуудаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлээр хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болохоор заасан байна. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий асуудлаар анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2018 оны 7 сард зөв хаягаар гаргаж, тухайн цаг хугацаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж авсан бол шүүхийн дурдсан хөөн хэлэлцэх хугацааны дотор сөрөг нэхэмжлэл гаргаж боломжтой байсан талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-2 4 дэх хэсгийг дурдсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон уг хууль нь 2016.02.05-ны өдрийн Барилгын тухай хуулийг хүчингүй болсон тухай тухай хууль-аар хүчингүй болсон байна. Улмаар өнөөдрийн байдлаар 2016.02.05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.6=д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар аливаа барилгын ажлын баталгаат хугацаа нь зүгшрүүлэлтийн хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил, нийт 4 жил байхаар заасан байна. Гэтэл анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн хэрнээ, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтын талаар огт дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүх залруулж хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой байтал хэвээр үлдээсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ондилт ХХК нь хариуцагч Сэлбэ партнерс ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн актын дагуу 8,117,790 төгрөг, алданги 4,058,410 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны зардал 70,200 төгрөг, нийт 12,246,400 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Сэлбэ партнерс ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний 1.4-т зааснаар гэрээний үнийн 10 хувийг суутгаж, чанарын баталгаат хугацаанд хадгалах үүргийн дагуу 8,117,790 төгрөгийг өгөхгүй, ... дээврийн ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс ... блокийн дээврийг дахин хийлгэсэн, засвар хийж 4 айлд хохирлыг нь төлсөн гэж маргаад, ... гаргах ёсгүй зардал гаргасан гэж нийт 29,541,850 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2014 оны 06 сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь Хос эврест ХХК бөгөөд дээврийн ажлыг бүхэлд нь хийсэн, манай компани хариуцагч биш, гомдлын шаардлага гаргах болон сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Сэлбэ партнерс ХХК-аас 8,187,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,058,410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ондилт ХХК-аас 29,541,850 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

1.    Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Хэргийн баримтаас үзэхэд 2013 оны 09 сарын 01-ний өдөр Ондилт ХХК нь Сэлбэ партнерс ХХК-тай байгуулсан бараа материал нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь галын хамгаалалттай .. куб.метр хөөсөнцөр хавтанг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн, гэрээний хүчинтэй хугацааны дотор барилгын талбайд нийлүүлэх, хариуцагч захиалсан бүтээгдэхүүний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй, 2014 оны 06 сарын 24-ний өдөр Сэлбэ партнерс ХХК, Хос Эврест ХХК-тай барилгын дээврийн ажил гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ондилт ХХК нь Хос Эврест ХХК-тай хамтарч хариуцагч Сэлбэ партнерс ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй барилгын В болон Г блокын дээврийн 100 орчим м.кв талбайтай дээврийн ажлыг барилгын материал санхүүжилтээ хариуцан 100 хувь хийж гүйцэтгэх, хамтран гүйцэтгэгч Хос Эврест ХХК-ийн ажлын хөлсөнд V давхрын 57,47 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өгч, зөрүү 30,506,000 төгрөгийг хариуцагч Сэлбэ партнерс ХХК-ийн 2013 оны 09 сарын 01-ний өдрийн бараа материал нийлүүлэх гэрээнд шилжүүлэн тооцож, төлбөрийг хүлээн авах, Хос Эврест ХХК нь мөрдөгдөж буй стандарт, БНбД-ийн заавар, журмуудын дагуу барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ил далд ажлын актууд, фото зураг, гүйцэтгэлийн зургийн хамт улсын комисст хүлээлгэн өгөх, хариуцагч Сэлбэ партнерс ХХК гэрээнд заасны дагуу төлбөрийг барагдуулахаар тохиролцжээ.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 2015/118 акт, зохигчдын тайлбараар орон сууцны барилга 2015 оны 02 сарын 25-ны өдөр байнгын ашиглалтанд орсон байх бөгөөд талууд 2015 оны 09 сарын 02-ны өдөр дээврийн ажлын гүйцэтгэлд тооцоо нийлж, нийт 8,117,790 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн акт үйлдсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ. /хх-34-36,10/

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэн, үүргийн биелэлтийн талаар дүгнэлт хийж, тооцоо нийлсэн актад заасан мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 351 дүгээр зүйлийн 351.1-д нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч дээрх төлбөрийн үлдэгдэлд гэрээний 5.1-д зааснаар торгууль төлөх үүрэг хүлээсэн гэж 50 хувьтай тэнцэх хэмжээний дүнг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй байна.

 Хариуцагчийн оршин байгаа хаягийг тодруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан, үүнд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримттай тул уг шаардлагыг хангасан нь зөв байна.

2.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 05 сарын 13-ны өдрийн зөрчил арилгуулах тухай хариуцагч Сэлбэ партнерс ХХК-д хүргүүлсэн албан шаардлага, дээврээс борооны ус гоожсоны улмаас унтлагын өрөөний таазаар ус нэвчсэн, обойны зарим хэсэг наалтаараа хөндийрсөн зэргийг бэхжүүлсэн гэрэл зураг зэрэг баримт байх боловч хариуцагч нь доголдлын талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, арилгуулахаар шаардаж байсныг нотлох баримтгүй, шаардах эрхийн хугацаа нь 2018 оны 05 сарын 13-ны өдөр дууссан гэж шүүх дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо 2008 оны Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг хэрэглэсэн нь үндэслэл бүхий байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг үнэлж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрхийн хугацаа, 2008 оны Барилгын тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу... гэсэн агуулгаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/01170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1558 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,600.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН