Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/00974

 

 

 

 

 

 

 

 

Б- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00491 дугаар шийдвэртэй, Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М- ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд барьж байгуулах Фүүд стрийд төвд талбай түрээсэлж хоолны газрын зориулалтаар ашиглахыг баталгаажуулж урьдчилсан гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар түрээсийг талбайг түрээслэх баталгаа болгон 5 000 000 төгрөгийн дэнчинг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. М- ХХК Фүүд стрийд төвийг барьж байгуулах ажлыг 2019 оны 09 дүгээр сард багтаан гүйцэтгэнэ гэсэн заалттай байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сард Б- ХХК-д хөрөнгө оруулж Фүүд стрийд төвд хамтран ажиллах гэж байсан хамтрагч маань 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орох ёстой Фүүд стрийд төв төслийн ажлын явц муу явагдаж байгаа тул хамтран хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. М- нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2019 оны 10 сарын 11-ний өдөр Фүүд стрийт төвийн менежер Одбаяртай уулзан урьдчилсан гэрээнд заасны дагуу зөвшилцлийн аргаар шийдэх гэсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд дэнчин 5 000 000 төгрөгийг М- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М- ХХК-аас дэнчин 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч М- ХХК-д хуульд заасан, эрх үүргийг танилцуулаагүй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Тус компанийн зүгээс иргэн Ц.Будхүүд итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлээр төлөөлөгч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг авах, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх хуулбарлан авах гэсэн хязгаарлагдмал эрхийг олгосон. Гэтэл шүүх хуульд заасан эрх үүргийн талаар бүрэн ойлголтгүй байсан М- ХХК-д хуульд заасан эрх, үүргийг танилцуулаагүй, тайлбарлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс шүүх хуралдааны товыг шүүхийн ажилтнаар хүргүүлсэн гэх боловч тус компанид ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Тухайлбал Б- ХХК болон М- ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Урьдчилсан гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Б тал буюу Б- ХХК 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө өөрийн барих объектын интерьер дизайны зургийг танилцуулах, мөн оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны хооронд өөрийн түрээсийн объектыг барьж байгуулна, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Б тал буюу Б- гэрээний 3.2 дахь хэсэгт заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй бол А тал буюу М- ХХК хүлээн авсан дэнчинг буцаан олгохгүй гэсэн зохицуулалт байгаа. М- ХХК-ийн хэрэгжүүлсэн Фүүд стрийт төслийн барилга бүрэн ашиглалтад орж өөрийн үүргийг биелүүлсэн. Гэтэл шүүх гэрээний эдгээр зохицуулалтын хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэрээг цуцлаж, шилжүүлсэн дэнчин 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж болох хэдий ч анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогч эдлэх бөгөөд шүүх энэ эрхийг хангаагүй байна. Хэргийн 30 дугаар талд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Будхүү 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн баримттай танилцсан байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гарснаас хойш хариуцагч хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдааны товыг хэргийн 33 дугаар талд Т.Баасанжав гэх иргэнд гардуулсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасан хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Т.Баасанжав нь хариуцагч байгууллагын холбогдох ажилтан болох нь нотлогдоогүйгээс гадна 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2 дугаар сарын 20-ны өдөр хүргэсэн гэх байдал нь шүүх хуралдаанд бэлдэх, эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааг хэргийн оролцогчид олгосон гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх юм. Өөрөөр хэлвэл талуудын мэтгэлцээн, нотлох баримтын үнэлгээнээс хэргийн үйл баримт тогтоогдож, талуудын эрх үүргийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Талууд бүрэн мэтгэлцээгүй, тэдгээрийн эрх үүргийг бүрэн хангаагүй нөхцөлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Шүүх хуралдааны тов зохих ёсоор хүргэгдээгүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болох тухай заалт, шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэн техник алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00491 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД