Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/00491

 

2020 оны 02 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00491

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо байрлах, Б-ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо байрлах, М ХХК /РД:../-д холбогдох,

 

Дэнчин 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч БХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М ХХК-ийг төлөөлж судалгааны менежер Г.Э-тай 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн газар дээр барьж байгуулах Фүүд стрийд төвд талбай түрээсэлж хоолны газрын зориулалтаар ашиглахыг баталгаажуулж урьдчилсан гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар түрээсийг талбайг түрээслэх баталгаа болгон 5 000 000 төгрөгийн дэнчинг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн болно. Мөн М ХХК Фүүд стрийд төвийг барьж байгуулах ажлыг 2019 оны 09 дүгээр сард багтаан гүйцэтгэнэ гэсэн заалттай байсан. 2019 оны 09 дүгээр сард БХХК-д хөрөнгө оруулж Фүүд стрийд төвд хамтран ажиллах гэж байсан хамтрагч маань 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орох ёстой Фүүд стрийд төв төслийн ажлын явц муу явагдаж байгаа тул хамтран хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Нэгэнт М нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Б миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Фүүд стрийт төвийн менежер Одбаяртай холбогдож уулзан М ХХК нь хугацаандаа уг обьектоо бариугүй учир урьдчилсан гэрээнд заасны дагуу зөвшилцлийн аргаар шийдэх гэсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Өнөөдрийн байдлаар Фүүд стрийт төвийн төслийн ажил ашиглалтад орох болоогүй байгаа нь бодит байдлаар газар дээр нь очиж танилцахад харагдаж байна. Иймд миний бие цаашид уг обьектийг ашиглалтад орохыг хүлээх боломжгүй бөгөөд урьдчилсан гэрээнд заасны дагуу дэнчин болох 5 000 000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан урьдчилгаа гэрээний үүрэг буюу дэнчин 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 06 сарын 14-ний өдөр урьдчилсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд орших өөрийн газар дээр барьж байгуулах Фүүд Стрийт төвийг 2019 оны 09 сард багтаан гүйцэтгэж, тодорхой байршилд БХХК-д талбай түрээслэж хоолны газрын зориулалтаар ашиглах, БХХК нь талбайг түрээслэх баталгаа болгон             5 000 000 төгрөгийн дэнчинг төлөхөөр тохиролцжээ. /хх-5-7/

 

Нэхэмжлэгч БХХК нь 2019 оны 06 сарын 20-ны өдөр гэрээний дагуу дэнчин 5 000 000 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-9/

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2-т гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч М ХХК нь Фүүд стрийт төвийг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс хөрөнгө оруулж хамтран ажиллах гэж байсан хамтрагч маань хөрөнгө оруулахаас татгалзсан тул урьдчилгаа гэрээний дагуу төлсөн дэнчин 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

Гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч М ХХК нь талуудын хооронд байгуулсан урьдчилсан гэрээний 3.1-т заасан 2019 оны 09 сард багтаан Фүүд стрийт төвийг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан үр дагавар үүсэх тул хариуцагч М ХХК нь 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хариуцагч мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М ХХК /РД:../-иас дэнчин 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б/РД:/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.МӨНХЦЭЦЭГ