Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 265

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын

 байцаагч нарт холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                        П.Соёл-Эрдэнэ,

                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10 дахь заалт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 дүгээр актыг хүчингүйд тооцуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Ж Б.У, хариуцагч Ж.Э, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэрээр: “Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 1, Олон улсын гэрээний тухай 2016 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 13 дугаар зүйлийн 13.4, 13.9-д тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын 3.5 дахь хэсгийг буюу 29,751,559 /хорин есөн сая долоон зуун тавин нэгэн мянга таван зуун тавин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 536 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Олон Улсын гэрээний тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3, Олон Улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг баримтлан “М” ХХК-ийн ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дүгээр актын Тогтоох хэсгийн 3.1, 3.3, 3.4, 3.5 дахь заалтаар ногдуулсан нийт 731.088.904 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож, энэ дүнгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 13.031.475.50 төгрөгөөр бууруулсныг хүчингүй болгож, харин актын 3.6, 3.8, 3.9 дэх заалтад хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.Мын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Т.З, Ж.Э, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлээд 2019 оны 12 дугаар сарын 05-ны 641 тоот магадлалаар татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 тоот актын “тогтоох” хэсгийн 3.1, 3.3, 3.4, 3.5 дэх заалтаар ногдуулсан нийт 731 088 904 төгрөгийн татварыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.28-ны өдрийн 128/ШШ2019/0536 тоот шийдвэрээр актын 3.5 дахь хэсгийн зөрчлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад дахин зөрчлийн дүнгээр бууруулж хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасан заалттай зөрчилдөж байна.

5. Түүнчлэн Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 тоот актын 2-р хавсралтаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг 13 031 475,5 төгрөгөөр бууруулж буюу улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг 848 742 115.8 төгрөгөөр баталгаажуулсныг давж заалдах журмаар гомдол гаргаагүй байхад шүүх 861 773 591,3 төгрөгийг төсвөөс буцаан авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан заалттай зөрчилдөж байна. Мөн Монгол-Оросын “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр энэхүү асуудлыг зохицуулаагүй болно.

6. Шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “Татварын улсын байцаагчийн 2017 оны 06-р сарын 21-ний өдрийн 210022574 тоот актын тогтоох хэсгийн 3.1, 3.3, 3.4, 3.5 заалтаар ногдуулсан 731 088 904 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг Олон улсын гэрээний тухай /1993/ хуулийн 21.1, 22.3, 27.1, 28.1, 28.2 хэсгийг үндэслэн хүчингүй болгож” шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

7. Олон улсын гэрээний тухай /1993/ хуулийн 21 дүгээр зүйлээр Олон улсын гэрээг цуцлах зохицуулалтын талаар заасан, 21.1-т “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсны үндсэн дээр цуцалж болно” гэж заасан.

8. Дээрх хуулийн зохицуулалттай уялдуулан Монгол-Оросын “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улс, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 18-р зүйлд “Аль нэг тал нь Компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан эсхүл худалдсан тохиолдолд Хэлэлцээр хүчингүй болно, мөн хэлэлцээрийн 20-р зүйлд “энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж харилцан тохиролцож хэлэлцээр байгуулсан нь дээрх хуульд заасан уг гэрээнд заасан журмын дагуу хэлэлцээрийг дуусгавар болгох эрх зүйн зохицуулалттай нийцэж байна. Татварын улсын байцаагчид дээрх хуулийн заалт, хэлэлцээрийн дээр дурдсан заалтыг үндэслэн хэлэлцээр нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн байх бөгөөд татварын харилцаа нь дотоодын хууль тогтоомжийн дагуу буюу Татварын ерөнхий хууль /2008/-ийн 3.1. “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, 3.2. “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж заасны дагуу татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж хариуцлага тогтоосон болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Олон улсын гэрээний тухай хуулийн 21 дэх заалтыг ямар байдлаар ойлгож хэрэглэн актын төлбөрийг бууруулсан нь ойлгомжгүй байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Олон улсын гэрээний тухай /1993/ хуулийг баримтлана, харин 2016 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж үзсэн бөгөөд энэ хүрээнд судалж үзэхэд шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон Олон улсын гэрээний тухай /1993/ хуулийн 27.1, 28.1, 28.2 дахь заалтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ заалтуудад хамаарах асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс маргаагүй болно.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 641 тоот магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

12. ТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь “М” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 210022574 дугаартай шийтгэлийн хуудсаар, 18,525,000,018.2 төгрөгийн 10 зөрчилд 666,246,169.8 төгрөгийн нөхөн татвар, 4,463,726,812.5 төгрөгийн торгууль, 2,309,140,667 төгрөгийн алданги, нийт 7,439,113,649.3 төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба тус компанийн гомдлоор ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсыг хянаж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор, төлбөрөөс 2,235,062,414.14 төгрөгийн зөрчилд ногдох 46,449,693.06 төгрөгийн нөхөн татвар, 624,194,594.92 төгрөгийн торгууль, З49,564,313.03 төгрөгийн алданги, нийт 1,020,208,601.01 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6,341,247,746.68 төгрөгийн зөрчилд ногдох 1,827,657,534.67 төгрөгийн торгууль, 948,147,451.25 төгрөгийн алданги, нийт 2,775,804,985.92 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 8,378,020,314.31 төгрөгийн зөрчилд ногдох 619,796,476.74 төгрөгийн нөхөн татвар, 2,011,874,682.91 төгрөгийн торгууль, 1,011,428,902.72 төгрөгийн алданги, нийт 3,643,100,062.37 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.  

13. Гомдол гаргагч “М” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудасны зөрчлийн 2.2, 2.8 дахь хэсэгтэй маргаагүй, харин шийтгэлийн хуудасны зөрчлийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.10 дахь заалт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан; анхан шатны шүүх гомдлын шаардлагаас, зөрчлийн 2.6 /тогтоох хэсгийн 3.5/-д заасныг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

14. Олон улсын гэрээний тухай хууль /1993 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 1-д “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсоны үндсэн дээр цуцалж болно”, мөн Олон улсын гэрээний тухай хууль /2016 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан. Монгол-Оросын “Монголросцветмент” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2007 оны/-ийн 18 дугаар зүйлд “Аль нэг Тал нь Компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү хэлэлцээр хүчингүй болно”, 20 дугаар зүйлд “...Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг Тал Компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж тус тус зааснаар хэлэлцээрийн аль нэг тал нь компанийн дүрмийн сан дахь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд уг хэлэлцээр хүчингүй болохоор, мөн аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон бол хэлэлцээр дуусгавар болохоор зохицуулжээ.

15. Гомдол гаргагчаас “...2016 оны 3, 4 дүгээр улиралд Монгол-Оросын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байсан” гэх үндэслэлээр, маргаан бүхий шийтгэлийн хуудасны зөрчлийн 2.1, 2.3, 2.4, 2.5 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар маргасан, анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж, Олон улсын гэрээний тухай хууль болон Монгол-Оросын “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дэх заалтаар, Оросын Холбооны Улс нь “Эрдэнэт үйлдвэр” болон “М” ХХК-д эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол улсын хуулийн этгээд болох “М” ХХК-д худалдах саналыг дэмжсэнийг зөвшөөрч шийдвэрлэсэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар “М” ХХК-ийг нэмж бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй.

17. Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгохоор, Монгол-Оросын “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт “...Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ...өргөжүүлэн гүнзгийрүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэх, ...эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах...” гэж тус тус зааснаас үзвэл, уг хэлэлцээр нь тодорхой асуудлуудаар хоёр улсын Засгийн газар хоорондын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж, түүнээс талуудад үүсэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хамгаалах талаарх тохиролцоо бөгөөд хэлэлцээрийн дагуу бий болсон үр ашгийг талууд бодитой хүртэж байх агуулгатай байна.

18. Энэ тохиолдолд, Оросын Холбооны Улсын Засгийн газар нь 2016 оны 6 дугаар сард “Э” болон “М” ХХК-д эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол улсын хуулийн этгээд болох “М” ХХК-д худалдсанаар, хэлэлцээрийн нэг тал болох Оросын Холбооны Улсын Засгийн газар нь тус компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон буюу уг хэлэлцээрийн дагуу бий болсон эрх, үүрэг, ашиг сонирхол болон үр ашгийг бодитой хүртэх хууль зүйн үр дагавар үгүй болсон байхад шүүхээс “...олон улсын гэрээний дагуу “М” ХХК албан татвараас чөлөөлөгдөнө” гэж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

19. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын “албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх” талаарх олон улсын гэрээний үүрэг, үүний улмаас үүсэх үр ашиг, хууль зүйн үр дагавар нь гэрээний нэг тал болох ОХУ-ын Засгийн газарт хамааралтай, харин 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “М” ХХК, Монгол Улсын Засгийн газрын оролцоотой “М” ХХК-д хамааралгүй юм. Иймд татварын улсын байцаагчдаас, тус компанийн гаргасан зөрчил /2016 оны 3, 4 дүгээр улиралд хамаарах/-д Монгол Улсын хуулийн дагуу татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй, актын маргаж буй холбогдох хэсэг нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

20. Давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлаар алдаатай дүгнэлт хийж, “М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ, зорилго, агуулгыг буруу дүгнэсэн, “... хэлэлцээр 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Олон улсын гэрээний тухай хууль болон уг хэлэлцээрийн дээрх зохицуулалтуудад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.   

21. Анхан шатны шүүхээс, маргаан бүхий шийтгэлийн хуудасны зөрчлийн 2.6-д заасныг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчаас шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийхгүй.

22. Гомдлын бусад шаардлагын тухайд: Маргаан бүхий актын зөрчлийн 2.1-д, 2016 оны 3,4 дүгээр улиралд гадаад улсын иргэдэд олгосон 1,186,424,382.54 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод албан татвар ногдуулаагүй, суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд актын тогтоох хэсгийн 3.1 дэх заалтаар 118,642,438.3 төгрөгийн нөхөн татвар, 35,592,731.5 төгрөгийн торгууль, 5,733,989.0 төгрөгийн алданги ногдуулсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д  “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “энэ хуулийн 11.1.1, 11.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр”, 23 дугаар зүйлийн 23.1-д “энэ хуулийн 17 дугаар зүйл, ...зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна” гэж тус тус зааснаар гомдол гаргагч нь цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс 10 хувиар тооцож төсөвт төлөх үүрэгтэй тул актаар ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна.    

23. Актын зөрчлийн 2.3, 2.4-т, тус компанийг 2016 оны 3,4 дүгээр улиралд борлуулсан төмрийн хүдэрт агуулагдах алт, хөнгөн цагаан, цайр, хар тугалгад нийт 176,463,416.20 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчилд актын тогтоох хэсгийн 3.3 дахь заалтаар 176,463,416.20 төгрөгийг нөхөн төлүүлж, 52,939,024.86 төгрөгийн торгууль, 6,633,259.81 төгрөгийн алданги, мөн актын зөрчлийн 2.5-д, 2016 оны 3, 4 дүгээр улиралд борлуулсан жоншинд 226,452,344.49 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх зөрчилд актын тогтоох хэсгийн 3.4 дэх заалтаар 226,452,344.49 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлж, 67,935,703.4 төгрөгийн торгууль, 10,944,441.8 төгрөгийн алданги ногдуулжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна” гэж тус тус заасан. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож, төсөвт төлөх үүрэг хүлээсэн тул актаар ногдуулсан төлбөр хуульд нийцжээ.

24. Актын зөрчлийн 2.7-д, 2016 онд борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 394,122,296.29 төгрөгийн зөрчилд актын тогтоох хэсгийн 3.6 дахь заалтаар 39,412,226.93 төгрөгийн нөхөн татвар, 11,823,668.08 төгрөгийн торгууль, 1,904,792.90 төгрөгийн алданги, нийт 53,140,687.91 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, ...13.1.7-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого”, 13.4-т “Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй”, 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж тус тус зааснаар тус компанийн 2016 онд шинээр барьсан үл хөдлөх хөрөнгийг борлуулсан болон үнэ төлбөргүй шилжүүлсэний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тус компанийн худалдан борлуулсан 5 ширхэг байр нь зочид буудлын чиглэлээр ашиглагдаж байсан тул “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр” гэсэн хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.

25. Маргаан бүхий актын зөрчлийн 2.9, 2.10-д, 2012-2016 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд, актын тогтоох хэсгийн 3.8, 3.9 дэх заалтаар төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон хувь хүний орлогын албан татварыг хугацаа хэтрүүлсэн жил, хоногоор тооцон төлбөрийг ногдуулсан байх ба тус компанийг актын эдгээр заалтаар ногдуулсан төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.   

26. Түүнчлэн, гомдол гаргагчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210022574 дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 13.031.475.50 төгрөгөөр бууруулсан тухайд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д аливаа үндсэн хөрөнгө бэлтгэх болон худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасан, иймд хариуцагч татварын байцаагч нараас тус компанийн 2016 онд үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 130,314,755.00 төгрөгийн худалдан авалтад ногдох 13.031.475.50 төгрөгөөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулсан нь хуульд нийцсэн байна. 

27. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА