Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 150

 

Б.Д, Н.Г, П.О,

Б.А, Ц.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1634 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1233 дугаар магадлалтай, Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох 1806071741212 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 11 дүгээр хороолол 1-93 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бгийн Д,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Амгалан амаржих газарт газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд Ар 5А-51 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Нын Г,

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120-19 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Пын О,

4. Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Амгалан амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36-230 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Бийн А,

5. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Амгалан амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 9-17 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Цийн О.

Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Жавзанпагмад мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй З.Жавзанпагмын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д, Н.Ганболд, П.Отгонбаяр, Б. Амаржаргал, Ц.Одхүү нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 хохирогч З.Жавзанпагма нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй тул гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсэн ангилалд хамаарч байгаа ба тухай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг 6 сар хугацаагаар оногдуулахаар заасан.

Зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан нь өөрөө энэхүү ялын хэрэглээ, хэрэгжилт, үйлчиллийг түдгэлзүүлсэн гэж ойлгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Давж заалдах шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж магадлалдаа прокуророос зүйлчилсэн зүйлчлэл зөв байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдох хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба сонгох санкцтай гэмт хэрэг юм. Түүнд оногдуулж болох ялын дээд хэмжээг бус доод хэмжээгээр хязгаар тогтоон хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр хэлсэн саналдаа “Шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй эсрэг байр суурьтай байна. 2021 он хүртэл зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүй нь эдийн засаг, техник, тоног төхөөрөмжийн хүрээнд яригдаж байгаа болохоос хууль хэрэглээний хувьд хэрэглэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр маргаж буй асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн буюу хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар зохицуулсан байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, зогссон байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээрх зүйл, хэсгээр гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл зааж, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, мөн шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.Онарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Прокуророос Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Жавзанпагмад мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, З.Жавзанпагмын хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгжмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон тус шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд хэргийн зүйлчлэл тохирсон, түүнчлэн дээрх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, мөн хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбогдох заалтыг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгон тухайн шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тодорхой хуульчлан тогтоожээ.

Хууль тогтоогчийн зүгээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд хэмжээгээр хязгаар тогтоон хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох заалтыг хэрэглэх байтал гэмт хэргийн ангиллыг үндэслэн тус хугацааг тоолох талаар ямар нэг хэм хэмжээг хуульчлан тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд байхгүй үндэслэл зааж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын “...Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” талаар гаргасан ижил агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1634 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарын өмгөөлөгч  Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН