Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1907

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        11         02                                   2020/ШЦТ/1907

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

            улсын яллагч А.Сайнбаяр,

            хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр,

            шүүгдэгч Б.Д., түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

            шүүгдэгч Н.Г.,

            шүүгдэгч П.О.,

            шүүгдэгч Б.А., түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            шүүгдэгч Ц.О.,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            шүүгдэгч Б.Д., Н.Г. нарын өмгөөлөгч Э.Ганбат,

            шинжээч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Д., Н.Г., П.О., Б.А. Ц.О. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07174 1212 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасныг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.гийн Д..

            Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, А. овогт Н.ын Г..

            Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Сартуул овогт П.ын О..

            Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Нийслэлийн Амгалан амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, Я. овогт Бадарчийн А..

            Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Амгалан амаржих газарт мэс заслын туслах сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух, Зөөд овогт Ц.ийн О..

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

  Шүүгдэгч Б.Д., Н.Г., П.О., Б.А., Ц.О. нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Ж.д мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчиж, З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                  

   Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч П.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Ц.О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэв.

Шүүгдэгч Б.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шинжээч Ч.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэл болгосон, ...дүгнэлтийн “3.2.1, 3.2.2, 3.1” гэсэн нь дүгнэлт дотор байгаа дүгнэлтээ дугаарласан байдлыг хэлж байгаа юм, ...мэс заслын үеэр стандартыг мөрдөж ажиллах ёстой.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч З.Ж.ас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1-р хх-ийн 6-8/,

- Хохирогч З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учирсан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1071 тоот дүгнэлт /1-р хх-ийн 35-38/,

- Нийслэлийн Амгалан амаржих газрын эмнэлгийн мэргэжилтнүүд нь иргэн З.Ж.д мэс засал хийхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 16  дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчсөн тухай Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Т.Эрхэмбаатар, Г.Баттулга, Ч.Мөнхбаяр нарын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/19 тоот дүгнэлт /1-р хх-ийн 59-61/,

- Хохирогч З.Жавзанпагмын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Амгалан амаржих газарт хэвтээд, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ,зөвшөөрлийн бичигт надаар гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан бөгөөд анх дурангийн хагалгаа хийнэ гэж байсан боловч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар нээлттэй хагалгаа хийнэ гэж хэлсэн. Энэ хагалгааг Б.Д., Н.Г. гэх эмч нар удирдаж орсон бөгөөд хагалгаа 3 цаг орчим үргэлжилсэн. Хагалгаанд ороход надад бүсэлхийнээс доош мэдээ алдуулалт хийгээд хагалгааг эхэлсэн бөгөөд эхлээд надаас нэг юм соруулж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд эмч нар хоорондоо гайхсан байртай “багшийг дууд, ахлах эмчийг дууд” гээд 10 орчим минут ямар ч ажиллагаа хийлгүй нэлээд удсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг бүрэн унтуулж хагалгааг үргэлжлүүлсэн. Хагалгааны дараа сэрэхэд миний хэвлий орчмоор маш их өвдөж байсан бөгөөд би өвдөж орилоход “өвчин намдаах тариа зөндөө хийсэн, одоо чи тайвширна” гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буцаж Амгалан амаржих газарт Б.Д. эмчид үзүүлэхэд ургийн гажгийг чинь тодруулъя, ЭХО-д харуулъя, багшдаа үзүүлье гээд багш нь гэх эмч үзээд, Б.Д. эмч хэлэхдээ ургийн гажиг зүгээр байна, тээх боломжтой, түгжрэлийг чинь гаргачихвал болчихно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Д. эмч хэлэхдээ ураг гэдсийг чинь шА.д түгжрэл үүсээд байна, тийм учраас ургийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гээд надаас болон ар гэрийнхнээс минь зөвшөөрөл аваад умайн хүзүүнд 3 ширхэг эм тавьсан. 2 хоногийн дараа ураг зулбаж, доошоо юм гарсан. Тэгээд ураг зулбасан ч миний гэдэс зүгээр болохгүй байсан тул 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,

- Б.Д.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 79/,

- Мэс заслын хяналтын хуудсыг хөтлөх журам /1-р хх-ийн 248-250/,

- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн онош тогтоосон акт /1-р хх-ийн 228/,

- Шинжээч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар заасан байдаг. Дээрх зүйл, заалттай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тоот тушаал батлагдаж гарсан бөгөөд энэхүү тушаалыг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмнэлэг, салбарууд мөрдөж ажиллах ёстой байдаг. Уг тушаалд мэс заслын хяналтын хуудас хөтлөх журам болон мэс заслын хяналтын хуудсыг 2 дугаар хавсралтаар баталсан. Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын 3.1 дүгээр зүйлд “Мэс заслын өмнө, мэс заслын явцад, мэс заслын дараа гарч болох хүндрэлээс сэргийлэх, гарч болох хүндрэлээс зайлсхийх боломжийг зааж өгсөн. Мөн мэс заслын багаар ажиллах алхмуудыг мөрдөж дадал болгох талаар заасан.

Үүнд:

1. Мэс заслын аюулгүй байдлыг хянах хуудасны 1 дүгээр хэсгийг мэдээгүйжүүлэг эхлэхийн өмнө мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын хоёрдугаар сувилгач нар шалган бөглөж, аюулгүй байдлыг хянаж, гарын үсэг зурна.

2. Хяналтын хуудасны гуравдугаар хэсэгт мэс засал дууссаны дараа мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын эмч, сувилагчдын хамт шалган бөглөж, гарын үсэг зурна.

3. Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас тусдаа хөтлөгддөг бөгөөд энэ нь гадны биет үлдээхээс сэргийлнэ. Үүнд:

- Мэс заслын хоёрдугаар сувилагч мэс заслын өмнө, мэс заслын явцад, мэс заслын төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна.

- Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хяналтын хуудсыг хянаж, гарын үсэг зурна. Энэ нь мэс заслын өрөөнөөс гарА.с өмнө багаж, бөмбөлөг, самбай, зүү зэргийн тоо тохирч байгаа эсэхийг хянаж, гарын үсэг зурна гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

Тэгэхээр мэс засал дууссаны дараагаар мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэс заслын эмч болох Б.Д., нэгдүгээр туслах эмч Н.Г., сувилагч Б.А., туслах сувилагч Ц.О. нарын хамт хэрэглэсэн багаж материалыг бүртгэж, хяналтын хуудсанд гарын үсэг зурах ёстой. Тэгтэл хяналтын хуудсан дээр сувилагч Б.А., туслах сувилагч Ц.О., хоёрдугаар туслах эмч П.О. нар гарын үсэг зурсан байна. Иймд эмч Б.Д., Н.Г., П.О., сувилагч Б.А., туслах сувилагч Ц.О. нар бүгд Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан хяналтын хуудсыг бүртгэх журмыг зөрчсөн байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

- Б.А.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын лавлагаа, бакалаврын дипломын хуулбар /2-р хх-ийн 100-105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.Д., Н.Г., П.О., Б.А., Ц.О. нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Ж.д мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Жавзанпагмын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1071 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Т.Эрхэмбаатар, Г.Баттулга, Ч.Мөнхбаяр нарын дүгнэлт, шинжээч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Н.Г.оос “...багаараа хариуцах ёстой, ...үүнээс хүндэрч ураг зулбасан гэдэгтэй санал нийлэхгүй, ..гадны биет нь үрэвсэл үүсэх, ураг зулбах нөхцөл болж болохоос шалтгаан болохгүй, ...самбай үлдээгээгүй байсан ч хүүхэд цаашид томрохгүй, хэвлийн үүсгэврээсээ болоод ургаа тээхэд төвөгтэй болох тул ураг тодорхойгүй хугацаанд зулбах байсан, ...харьцангуй заалттай өвчтөн өөрөө зовиурлан хандсан тул хагалгаа хийх болсон, ...гадны биет үлдэхээс сэргийлсэн тодорхой заавар байдаггүй, ...гадны биет үлдээх нь хүнд гэмтэлд ордог, ...нэг удаагийн хэрэгсэлд багаж, тусгаарлагч давуу зэрэг орохгүй, ...би гадны биет үлдээхгүй байх талаар хариуцлага хүлээх үүрэгтэй.” гэж,

   шүүгдэгч П.О.аас “...Ц.О. бид хоёр хамаагүй, ...хагалгааны багаж, хэвлий нээх процесст би оролцдоггүй, ...самбай зэрэг эд зүйлсийн тоо ширхэгт би хяналт тавьдаггүй, тэр талаар заавар байдаггүй.” гэж,

   шүүгдэгч Б.Д.ээс “...багаараа тусламж үйлчилгээ үзүүлдэг, ...төрөлхийн гаж хөгжилтэй бөөрнөөс болоод ургийг цаашид тээх боломжгүй, ...тухайн үед бохир, цэвэр материалын харьцаа таарсан учраас хэвлийг хаасан, ...ураг зулбасан нь самбай үлдээсэнтэй холбоогүй, ...идээт үрэвсэл болсон нь самбайнаас, эсхүл өвчтөний биеийн нөхцөл байдлаас болсон эсэхийг шинжээч тогтоогоогүй, ...хэвлий тусгаарлах даавууг ариутгаж, дахин хэрэглэдэг.” гэж,

   шүүгдэгч Б.А.аас “...багаараа хариуцах ёстой, ...гадны биет үлдсэн эсэхийг шалгах үүрэг надад байгаа.” гэж,

   шүүгдэгч Ц.О.гээс “...гадны биет үлдсэн нь миний хариуцах зүйл биш, ...тусгаарлах даавуу орсныг би мэдээгүй.” гэж,

            хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогч байнгын эмчилгээ, асаргаанд байгаа, ураг зулбаснаас болоод хохирогчийг нөхөр нь орхиод явсан, одоо ажилгүй, орлогогүй, маш хүнд байдалтай байгаа, ...чек листэнд бүгд гарын үсэг зурснаар бүгд энэ гэмт хэрэгт буруутай, ...хохирогч одоо ч эмчилгээ хийлгээд явж байгаа тул иргэний нэхэмжлэлийг жич гаргана гэсэн байр суурьтай байгаа, ...дотор нь даавуу хийж оёсноо мэдэлгүйгээр ураг нь бөөрөндөө дараад түгжрэл үүсээд байна гээд ургийг хүчээр зулбуулсан.” гэж,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...мэс засалд орсон хүн бүрийн оролцоог тусад нь ялгаж хариуцлагын асуудал яригдах ёстой, ...эрүүгийн хариуцлагыг багаар хүлээлгэдэггүй, ...мэргэжлийн шинжээч нар нь ямар баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, дүгнэлтэд ямар нэгэн стандартыг баримтлаагүй, ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь Салбар зөвлөлийн дүгнэлтээ үндэслэх ёстой байсан, ...нэг шинжээч нь багаар гаргасан дүгнэлтээ хариуцахгүй гэж байх тул бусад шинжээч нараас мэдүүлэг авахуулах, эсхүл 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй комисс томилж, хэвлийд даавуу үлдээсэн нь ураг зулбасантай шалтгаант холбоотой эсэхийг тогтоолгох шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэж,

            шүүгдэгч Б.Д., Н.Г. нарын өмгөөлөгч Э.Ганбатаас “...хохирогчид хүнд гэмтэл учирсан гэдэгтэй шүүгдэгч нар маргахгүй, ...хүн бүрийн оролцоог ялгаж салгаагүй, ...журамд багаар хариуцах тухай ойлголт байхгүй, ...уг үйл ажиллагаатай холбоотой стандарт хэрэгт авагдаагүй, ...Эрүүл мэндийн яамны Мэс заслын салбар зөвлөлөөр шинжээчийн дүгнэлт гаргуулА.р прокурорт буцаах, эсхүл шүүхээс шинжээч томилуулах шаардлагатай, ...багийн бүрэлдэхүүнд мэдээгүйжүүлэгч ороогүйтэй адилхан бусад гишүүдийн эрх, үүрэг ялгагдах ёстой, хохирогч бөөрөө авахуулсан нь тусдаа асуудал.” гэж,

            шүүгдэгч Б.Д.ийн өмгөөлөгч Д.Төмөрбаатараас “Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл нь уг хэрэгт хамааралгүй, ...шүүгдэгч нар нь стандартын ямар зүйл, заалтыг ямар байдлаар зөрчсөн нь тодорхойгүй, ...Эрүүл мэндийн яамны Салбар зөвлөлийн дүгнэлт хэт нэг талыг барьсан тул хууль зүйн үндэслэлгүй, ...шинжээчийн дүгнэлтэд он, сар, өдөр байхгүй, ...хэргийг прокурорт буцааж, дахин шинжээч томилуулах шаардлагатай.” гэж,

            шүүгдэгч Б.А.ын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй байх тул дахин шинжээч томилуулах нь зүйтэй.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч З.Ж. нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Амгалан амаржих газарт зүүн өндгөвчний уйланхай авах мэс засалд орж, уг мэс заслын удирдах эмчээр Б.Д., нэгдүгээр туслах эмчээр Н.Г., хоёрдугаар туслах эмчээр П.О., сувилагчаар Б.А., туслах сувилагчаар Ц.О. нар ажиллаж, улмаар өвчтөний хэвлийг нээн гэдэс хатгагдА.с сэргийлэн ойролцоогоор 50х50 см-ийн хэмжээтэй, зүрхэн хээтэй, буландаа дармал хар өнгийн балаар “МЗ” гэж бичсэн тусгаарлах даавуу (Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэлд “эмнэлгийн зориулалтын бус” гэх) байрлуулж, хэвлийн зүүн ард хэсэгт уутлагдсан үүсгэврийн шингэнийг соруулан авч, хэвлийг угааж, багаж, материалыг бүрэн гэж үзэн /1-р хх-ийн 115-р тал/ хэвлийг хаасан үйл баримт тогтоогджээ. 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот дүгнэлтэд “З.Жавзанпагмын биед учирсан мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалцад, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт, уг хүндрэл болон хүндрэл үүссэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.” гэжээ.

            Хохирогч З.Ж.д өндгөвчний уйланхай авах мэс заслаас хойш хэвлийгээр хатуурах, хэвлийн зүүн талаар өвдөх, хэвлийгээр хатгаж өвдөх, гэдэс дүүрэх, цанхайх, бөөлжис хүрэх, амьсгалахад хүндрэлтэй зэрэг зовиур илэрч, уг зовиур нь шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар хэвлийд гадны биет буюу хэвлий тусгаарлах даавуу үлдээснээс болж, хэвлийд үрэвсэл, гэдэсний наалдац үүссэнээс шалтгаалсан байхад Амгалан амаржих газрын эмч нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хамтарсан үзлэгээр “гэдэсний түгжрэл ба хэвлийн эрхтэнүүдийн наалдац (гэдэсний хэсэгчилсэн түгжрэл), ерөнхий биеийн хордлого” гэсэн онош тавьж, бөөрөнд усжилт үүссэн, гэдэсний саажилтын улмаас бүрэн бус түгжрэл үүсэх магадлалтай тул эхийн амь насны заалтаар жирэмслэлтийг эмийн аргаар хожуу хугацаанд таслА.р шийдвэрлэж, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ураг зулбасан байна.

            Шүүгдэгч Б.Д., Н.Г. нар шүүхийн хэлэлцүүлэгт “...ураг зулбасан нь самбай үлдээсэнтэй холбоогүй, ...самбай үлдээсэн нь ураг зулбах нөхцөл болж болохоос шалтгаан болохгүй, ...самбай үлдээгээгүй байсан ч хүүхэд цаашид томрохгүй, хэвлийн үүсгэврээсээ болоод ургаа тээхэд төвөгтэй болох тул ураг тодорхойгүй хугацаанд зулбах байсан, ...хохирогч 2 удаа компьютер томографикийн зураг авахуулсан боловч самбай харагдаагүй.” гэж тайлбарлах боловч энэ нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл бүхий нотолгоо биш бөгөөд эмчилгээ, оношилгооны бусад тодорхойгүй, бүрэн бус үр дүн, хэвлийн хөндийд даавуу үлдээгээгүйгээр ирээдүйд үүсч болзошгүй эрсдлээр өнгөрсөнд бий болсон хүнд хохирлыг тус тус зөвтгөх үндэслэл болохгүй юм.

            Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед тусгаарлах даавуу үлдээгээгүй байсан бол, эсхүл биед үүссэн зовиур, хүндрэлийн шалтгаант холбоог цаг алдалгүй, зөв тодорхойлж, холбогдох арга хэмжээг даруй авсан бол хохирогчид хүнд гэмтэл учрахгүй, ургийг урьдаас эмийн аргаар зайлшгүй зулбуулах нөхцөл байдал үүсэхээргүй байжээ. Хэдийгээр, хохирогчид үүсээд буй зовиур, шаналгааг тогтоохоор тодорхой үзлэг, шинжилгээг хийсэн байх боловч энэ нь бодит шалтгааныг тодорхойлж чадаагүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд үүссэн дараа дараагийн нөхцөл байдал нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн мэс заслын үйл ажиллагааны алдаа, дутагдлаас шууд хамааралтай байна.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дээрх дүгнэлтэд “...уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан...” гэсэн нь хохирогчийн хэвлийд гадны биет үлдсэнээс үүссэн хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэл болон үүний улмаас ургийг зулбуулах шалтгаан бүрдсэн нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой болохыг нотолж байна.

            Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор З.Ж.д үзүүлсэн эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу явагдсан эсэхийг тогтоолгохоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж, уг салбар зөвлөлийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/19 дүгээр шийдвэрээр Т.Эрхэмбаатар, Г.Баттулга, Ч.Мөнхбаяр нарыг дүгнэлт гаргуулА.р томилж, шинжээч нар эрх, үүрэгтэйгээ танилцаж, гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд …тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэж заасан бөгөөд прокурорын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолуудаар Б.Д., Н.Г., П.О., Б.А., Ц.О. нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үйл баримтаас үзвэл шинжээч томилох цаг хугацаанд яллагдагчаар татагдаагүй байсан этгээдүүдэд шинжээч томилох тогтоолыг танилцуулаагүй нь хууль зөрчөөгүй байна.

            Нөгөөтэйгүүр, хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих огноо тусгагдаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.” гэж заасныг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйн дээр дээрх шинжээчийн дүгнэлтээр Эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 177 тоот тушаалаар баталсан мэс заслын хяналтын хуудас хөтлөх журмыг зөрчсөн тухайг тогтоосон нь шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолын биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтэд тодорхойгүй, бүрэн бус, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасанд нийцсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд диспозиц нь эмнэлгийн мэргэжилтэн хууль, хэм хэмжээний актад заагдсан мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ тэдгээрийг зөрчсөнийн үр дагаварт өвчтөний эрүүл мэндэд гэмтлийн хүнд зэргийн хохирол учирсан байх үйлдлээр илэрдэг.

            Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.1 дэх заалтад эрүүл мэндийн байгууллага нь “эрүүл мэндийн тухай хууль тогтоомж...-ийг биелүүлэх”, 20.2.3 дахь заалтад “үйл ажиллагаандаа чанарын стандартын шаардлагыг хангах”, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3 дахь заалтад эмнэлгийн мэргэжилтэн нь “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүрэгтэй гэж тус тус заажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д. “...багаараа тусламж үйлчилгээ үзүүлдэг...”, Н.Г. “...багаараа хариуцах ёстой, ...би гадны биет үлдээхгүй байх талаар хариуцлага хүлээх үүрэгтэй...”, Б.А. “...багаараа хариуцах ёстой, ...гадны биет үлдсэн эсэхийг шалгах үүрэг надад байгаа...”, П.О. “...самбай зэрэг эд зүйлсийн тоо ширхэгт би хяналт тавьдаггүй...”, Ц.О. “...гадны биет үлдсэн нь миний хариуцах зүйл биш...” гэж тус тус тайлбарласан.

            Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтээс үзвэл Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тоот тушаалаар “Мэс заслын хяналтын хуудас хөтлөх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Мэс заслын хяналтын хуудас”, “Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас” зэргийг хоёрдугаар хавсралтаар баталжээ.

            Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхойлсноор мэс заслын аюулгүй байдлыг бүртгэх хяналтын хуудас нь мэс заслын өмнө, явцад, дараа гарч болзошгүй хүрдрэлээс сэргийлэх, зайлсхийх боломжтой хүндрэлийг бууруулах, мэс заслын багаар ажиллах, алхмуудыг мөрдөж, дадал болгох зорилготой байх бөгөөд мөн хэсгийн 3-т “...мэс заслын өрөөнөөс гарахын өмнөх хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын эмч, мэс заслын сувилагчдын хамт шалгаж бөглөн, гарын үсэг зурна.” гээд тухайн “Хяналтын хуудас №1”-д “Багаж, бөмбөлөг, самбай, зүү зэргийн тоо тохирч байгаа эсэх”-ийг шалгана гэжээ. Үүнээс үзвэл мэс заслын өрөөнөөс гарахын өмнө мэс заслын эмч буюу Б.Д., Н.Г., П.О., сувилагчид буюу Б.А., Ц.О. нар нь хүн тус бүр самбайн тоо тохирч байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй гэж үзэхээр байна.

Үүнээс гадна, “Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас”-ын зорилго нь “гадны биет үлдэхээсээс сэргийлэх” тухай бөгөөд дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 1-д “Мэс заслын хоёрдугаар сувилагч мэс заслын өмнө, дунд ба төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна.”, 2-т “Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хянаж, гарын үсэг зурна.” гэж журамласан байна. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөлд энэ хяналтын хуудсын бөглөлтийн үнэн зөв эсэх, гадны биет үлдсэн эсэхэд сувилагч Ц.О., мэс заслын эмч Н.Г. нар хяналт тавих үүрэгтэй байжээ.

            Мэс заслын үйл ажиллагаа нь тухайн салбарын нарийн онцлогоос шалтгаалан тодорхой мэргэшсэн багийн бүрэлдэхүүнээр хийгдэж, ажилбарын дэс дараалал, уялдаа холбоо нягт байж, үүнээс гарах эцсийн үр дүн багийн мэс заслын эмч, сувилагчдын тус тусын үүрэг, хариуцлагын нийлбэр буюу нэгдсэн үр дүн болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

            Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хяналтын хуудсанд гарын үсэг зурцгаасан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь харилцан итгэлцэлд суурилсан, хийгдвэл зохих ажиллагаа үнэн зөв байсан, эсхүл дан ганц хүсэл зоригийн илэрхийлэл гэхээс илүүтэй аливаа хяналтын хуудсын үнэн зөвийг баталгаажуулж байгаа, үүнээс гарч болзошгүй үр дагаврыг тайлбарлах, хариуцах чадварын илэрхийлэл гэж үзэх үндэслэл болно.

            Иймд шүүгдэгч Б.Д., Н.Г., П.О., Б.А., Ц.О. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, “...хохирогч одоо ч эмчилгээ хийлгэж байгаа, цаашид гэм хорын хохирлоо нэхэмжилнэ.” гэх хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

  Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан.

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэхэд хүрсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн байдал, хохирогчийн эрүүл мэндэд бий болсон хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд гэмшиж буй байдал зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуульд зааснаар 1 жилийн хугацаагаар хасаж, Б.Д., Н.Г., П.О. нарт тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох, Б.А., Ц.О. нарт тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Д., А. овогт Н.ын Г., Сартуул овогт П.ын О., Я. овогт Бадарчийн А., Зөөд овогт Ц.ийн О. нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д., Н.Г., П.О. нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

               Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А., Ц.О. нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д., Н.Г., П.О. нарт оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ял, Б.А., Ц.О. нарт оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Хохирогч З.Ж. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                   

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА