Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2020/00901

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00177 дугаар шийдвэртэй, Ч.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б-од холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүрэгт 53 353 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч У.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б-сайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б- нь Дэлгэр интернэйшил ХХК-ийн захирал У.Б-ын хүсэлтээр 2014 оны 12 сарын 8-ны өдөр 20 000 ам.доллар зээлээр шилжүүлсэн. Нийт зээл 40 000 доллар, хүү, алдангийн талаар Монголын Олон улсын ба Үндэсний арбитрт хандаж шийдвэрлүүлэхэд дээрх 20 000 долларыг жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Уг 20 000 ам.долларыг тухайн нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 43 353 800 төгрөг болгож байна. Иймд хариуцагчаас 43 353 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 43 353 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 121 094 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төлсөн 398 042 төгрөг, нийт 519 136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-оос 374 719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.Нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тайлбар татгалзлалаа шүүхэд ирүүлээгүй гэжээ.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд мэдэгдэж, өмгөөлөгч авах хүсэлтээр өмнө нь шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаанаар 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр /хатгаа авч халуураад босч чадахгүй байсан тул/ шүүх хуралдаанд очиж чадаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх ёсгүй. Ч.Б- гэдэг хүнийг танихгүй бөгөөд түүний аав Чулуунбаатартай хамтран ажиллахаар тохиролцож, гадаадаас чихрийн тоног төхөөрөмж оруулах чиглэлээр 20 000 ам.долларыг авсан. Уг 20 000 ам.долларыг Чулуунбаатар хүү Ч.Б- өөрийнхөө Банк бус санхүүгийн байгууллагаасаа өгсөн гэдгийг хэлсэн. Ч.Б-аас мөнгө зээлье гэсэн санал тавьж байгаагүй. Чулуунбаатартай хамтран ажиллах харилцаанаас 150 000 000 гаруй төгрөгийн эрсдэл хүлээсэн,Чулуунбаатараас оруулсан тус 20 000 ам.долларыг мөн гэрээний эрсдэлд гэж тооцон харилцан нэхэхгүй байхаар тохирч, энэ талаар н.Чулуунбаатар өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ийм ч учраас мөнгийг нэхэхгүй олон жилийн хугацаа өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд гэвэл Ч.Б-аас мөнгө шилжиж орж ирсэн хугацаа нь 2014 оны 12 сарын 8-ны өдөр байдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар 3 сарын хугацаатай байсан гэж үзвэл 2015 оны 3 дугаар сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2018 оны 3 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Харин шүүхээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар "... тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан" гэж заасан. Монголын ба Олон улсын үндэсний арбитрт гаргаснаар шаардах эрхийн хѳѳн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдэн Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.Учир нь дээрх 20 000 ам.доллартай холбоотой асуудлыг Арбитрын журмаар шийдвэрлүүлэх талаар харилцан тохиролцоо Ч.Б- болон н.Чулуунбаатар бидний хооронд огт хийгдээгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чѳлѳѳлѳх үндэслэл болохгүй. Иймд шүүхэд хандах маргааныг хуулийг буруу ойлгон Арбитрт хандаж хѳѳн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүхээс тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч У.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 323 800 төгрөг шаардаж байснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 43 323 800 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. /хх-1-2, 61-62/

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 8-нд 20 000 ам.долларыг У.Б-ын Худалдаа хөгжлийн банк дахь 499164761 тоот дансанд авлага үүсгэв гэсэн агуулгаар шилжүүлсэн, У.Б- дээрх 20 000 ам.долларыг буцаан төлөөгүй тул Арбитрт хандсан үйл баримт тогтоогджээ. Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр дээрх маргааныг 2017 оны 6 дугаар сарын 15-нд авч хэлэлцээд жич нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан шийдвэр буюу бичмэл баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээл гэж тодорхойлж мөнгөн шилжүүлгийн баримтаа нотлох баримтаар гаргасан, хариуцагч 20 000 ам.доллар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй ч Ч.Б-аас биш түүний эцгээс өөр үндэслэлээр шилжүүлэн авсан гэж тайлбарласан хэдий ч уг татгалзлаа нотолсон баримтыг гаргаагүй байна. /хх-6, 61-62/

Талууд тэдний хооронд 20 000 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хүүгүй зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Хариуцагчийн өмчлөлд 20 000 ам.доллар авлага үүссэн агуулгаар шилжүүлэгдсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул ямар хугацаатайгаар байгуулагдсан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байдаг. Талууд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар маргаж байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгчийн аман тайлбарт дурдсанаар хэрэв гэрээний хугацаа 3 сар байсан гэж тооцвол 2015 оны 3 дугаар сарын 8-наас шаардах эрх үүсэх бөгөөд дунд нь буюу 2016 оны 3 дугаар сарын 21-нд арбитрт шаардлага гаргасныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасантай адилтгаж үзэх юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учиртай.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Хариуцагч нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулаагүй, гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж буй тохиолдолд хоёр талаас гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэхийг анхаарч шалгах юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд шилжүүлсэн мөнгийг хүлээн авснаар хариуцагчид буцаан төлөх үүрэг үүссэн, талууд бодит үйлдлээр хэлцэл байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Нэхэмжлэгчийн авлага үүсгэв гэсэн бичвэр нь буцаан төлүүлж авна гэсэн утгатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь зөв бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийн агуулгад нийцжээ.

Иймд шүүх хариуцагч Ч.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 43 353 800 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлийн хувийг У.Б-од 2019 оны 12 дугаар сарын 4-нд гардуулж хуульд заасан тайлбар гаргах хугацааг олгосон, шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хэргийн материал танилцуулсан, эрх үүргийг тайлбарласан, мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзнэ. /хх-25-26, 49, 58-59/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Тухайн хэрэгт нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж авагдсан хэдий ч нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж зохих ёсоор төлсөн баримт хэргийн 34-35 дугаар талд авагдсан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 374 719 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД