Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 989

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Д.Ганбаатар

        Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга

        Гуравдагч этгээд: ОХУ-ын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ

        Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Д.Ганбаатар миний бие Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, Я.Ариунцэцэг, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ган-Эрдэнэ, гуравдагч этгээд ОХУ-ын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Ганбаатар миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид 70 га газрыг Морин тойруулга барьж ашиглах зориулалтаар Нийслэлийн Хан-уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны 115 тоот захирамжийг үндэслэн 53 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ байгуулан дээрх газрыг гэрээнд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус газар дээр дэлхийн жишигт нийцсэн морин уралдаан, спорт, морин цирк, аялал жуулчлалын томоохон цогцолбор байгууламж болгох чиглэлээр нийт 3 гаран тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн тойргоор морь уралдахад зориулсан зам, явган зам, зүлэгжүүлэлт, асфальтан зам, морьдыг ирэхэд хүлээн авахад зориулсан хашаа буюу жүчээ, 1000 хүн сууж уралдаан үзэх боломжтой суудал бүхий байгууламжийг бүтээн байгуулж, Монголын морин спортыг хөгжүүлэх чиглэлээр жил тутамд тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулаад байгаа билээ.

Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Т.Отгонбямба миний хуулийн зөвлөх Д.Сэвжидмаад 5/786 тоот мэдэгдлийг гардуулсан бөгөөд тус мэдэгдэлд “...Таны газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2000 оны 53 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна...” гэж дурьдсанаас гадна миний ашиглаж байгаа газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжаар ОХУ-ын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-д газар хэсэгчлэн давхардуулан олгосон тул “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-ийн төлөөлөгчдийг өөрийн газартаа нэн даруй нэвтрүүлэх эсвэл хүч хэрэглэн хашааг буулгах тухай мэдэгдсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсныг олж мэдлээ.

Гэтэл Хан-уул дүүргийн шүүхэд 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Хан-уул дүүргийн Газрын албаны нэхэмжлэлтэй, Д.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1022 тоот шийдвэр гарсан бөгөөд тус шийдвэрт “...Хан-уул дүүргийн газрын алба, иргэн Д.Ганбаатар нарын хооронд 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 53 гэсэн бүртгэл бүхий аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгааг тогтоолгох тухай Д.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Хан-уул дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаяр, Ц.Отгонбямба нар хүлээн зөвшөөрснийг баталсугай....” гэж заасан байна. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэгдэлд миний газар ашиглах эрхийн гэрээний харилцаа 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар гэж дурьдсан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэсэн үйлдэл болжээ.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Т.Отгонбямба миний хуулийн зөвлөх Д.Сэвжидмаад 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот албан бичгийг гардуулсан бөгөөд тус албан бичигт “...Таны газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2000 оны 53 дугаар аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дурьдсан нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1022 тоот шийдвэр гарснаас хойш миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа шүүхийн хүчин төгөлдөр шийдэрээр газар эзэмших гэрээний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгааг тогтоосон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж өгөхийг хүсэж байсан бөгөөд тухай бүр Газрын алба шалтаг шалтгаан хэлж хүсэлтийг буцааж байсан атал одоо ямар ч хүсэлт гаргаж байгаагүй гэж албан тоотдоо дурьдсан нь огт үндэслэлгүй юм.

Миний бие газар ашиглах эрхийг авснаас хойш газрыг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, хотын өнгө үэмжийг чимсэн, дэлхийн стандартад нийцсэн морин тойруулга болгохын төлөө байгууламжийн өнгө үзэмж, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр бэсрэг наадмын талбай, ногоон байгууламж барьж ихээхэн ажил хийж байна. Хуулийн дагуу газар ашиглах эрхийг авч, их хэмжээний хөрөнгө оруулалт хийн газрыг зохих ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа хууль ёсны газар ашиглагчийн эрхийг ноцтой зөрчиж, ихээхэн хөрөнгө хүчээр хохироход хүрээд байгаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт болжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэмэгдүүлэхдээ: “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож, иргэн Д.Ганбаатар миний нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид морин тойруулга барьж ашиглах зориулалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 115 тоот захирамжийг үндэслэн 53 тоот аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ байгуулан ашиглаж буй 70 га газрын гэрээг сунгаж, гэрчилгээг шинэчлэн олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хариуцагчийг солих болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай хүсэлтдээ: “Миний зүгээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан хоёр шаардлагын нэг нь “..Газар ашиглах гэрчилгээг шинэчлэн олгож, газар ашиглах гэрээг сунган байгуулахыг даалгах тухай” захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага байгаа. Миний эзэмшилд байгаа газар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ба энэ газарт газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын шийдвэрээр олгож байсан. Хан-Уул дүүргийн газрын алба, Засаг даргын зүгээс миний эзэмшилд байгаа газрын гэрээ, гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргаан өнөөдрийн хүртэл хугацаанд үргэлжилж байгаа. Иймд газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг сунган өгөхгүй байгаа эс үйлдэхүйд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын буруутай тул хариуцагчаар Нийслэлийн өмчийн харилцааны газар татсаныг нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болгон өөрчлөх хүсэлт гаргаж байна. 

Миний анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон энэхүү хүсэлтийн 1-д заасан нэхэмжлэлийн шаардлагуудаар миний газар ашиглах эрхтэй холбоотой зөрчигдсөн эрхүүд сэргээгдэх боломжтой бөгөөд хэрвээ шүүхээс миний газар ашиглах эрхийг зөрчсөн асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй болох юм. 

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчлөхдөө: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар дүүргийн Засаг даргын гаргасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн өмч, газрын харилцааны алба газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор байх тул иргэн Д.Ганбаатар миний бие Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн засаг даргад даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар иргэн Д.Ганбаатарт 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байна. Дээрх захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Газрын албатай 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 53 дугаартай газар ашиглах гэрээ байгуулжээ. 

Газар ашиглуулах гэрээний хугацаа 2005 оны 9 дүгээр сард дууссан бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлүүдийг зохицуулсан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба иргэн Д.Ганбаатарын газар ашиглах эрх 2005 онд дуусгавар болсон тул газар ашиглагч гэж үзэх үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байх ба иргэн Д.Ганбаатар нь газар ашиглагч биш, Д.Ганбаатарын эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Хан-Уул дүүргийн засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 115 тоот захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт /хуучнаар 5 дугаар хороо/ иргэн Дагвадоржийн Ганбаатарт 70 га газрыг морин тойруулга барьж, ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 53 тоот газар ашиглах гэрээ байгуулсан байна.

Тус албанаас иргэн Д.Ганбаатарт 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09/08 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 /газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй/, 40 дүгээр зүйлийн 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй/ дахь заалтуудыг зөрчсөн тул газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухай, мөн газрын төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “газар эзэмшигч газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах” ёстой ба эрхийн хугацаа дуусахаас өмнө иргэн Д.Ганбаатараас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй бөгөөд харин “Эрх зүйн гүүр” хуулийн фермийн өмгөөлөгч Д.Оросоогийн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 192 тоот албан бичгээр иргэн Д.Ганбаатарын газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09/521 тоот албан бичгээр иргэн Д.Ганбаатарын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тухай, мөн газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй учир газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй тухай хариуг өгсөн болно.

Газар ашиглах гэрээний 2 дугаар заалтын 1-д “Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг мөрдөж, олгосон газрын хил заагийг баримтлан зориулалтын дагуу ашиглах”, 2.3-д “газар ашиглах гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлэх”, 3.4-т “Хууль тогтоомжид нийцүүлэн газрын төлбөрийн хэмжээг тогтоож, төлбөрийг орон нутгийн төсөвт оруулж байх” /Газрын албаны хүлээх үүрэг/ гэж заасан байдаг бөгөөд иргэн Д.Ганбаатар нь газар эзэмших хугацаандаа гэрээний заалтуудыг зөрчиж, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлсэн, ашиглуулсан хил заагийг зөрчиж хашаа барьсан зэрэг зөрчилтэй байгаа тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй ба мөн Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй бөгөөд 39.1.1-д заасны дагуу иргэн Д.Ганбаатарын газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Гуравдагч этгээд ОХУ-ын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч /Монгол Улс/ болон Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын хооронд /Оросын Холбооны Улс/ Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулж гарын үсэг зурсан. 

Энэхүү хэлэлцээрт Монгол Буриадын Засаг Төр, аж ахуйн нэгж, соёл боловсролын ба шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагууд, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэн тэлэх ажлыг зохион байгуулан ажиллах зорилгоор ОХУ-ын Буриад Улсын Төлөөлөгчдийн газрыг байгуулан улмаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ОХУ-ын Буриад Улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” Төрийн бус байгууллагыг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

ОХУ-ын Буриад Улсын Төлөөлөгчдийн газраас хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэр дээр ОХУ-ын Буриад Улсын Соёлын төв байгуулах хүсэлт гаргасаныг Нийслэлийн удирдлага хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/695 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” хороололд 3300 м2 газрыг ашиглуулахаар олгосон.

Манай байгууллага уг захирамжийн дагуу газрын тэг тэнхлэгийг тогтоон газрын дөрвөн өнцөгт цэг тавин Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз зураг хийлгээд ажиллаж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраар батлуулан Архитектур төлөвлөлтийн даалгавар авч газрын хөрсний геодезийн дүгнэлт хийлгэхээр “Жоншт Уул” ХХК-тай гэрээ хийж өрөмдлөг хийх гэтэл иргэн Д.Ганбаатарын гэрээт харуул манай өрмийн машиныг тус газрыг тойруулан барьсан хашаандаа оруулахгүй, “Жоншт Уул” ХХК-ний ажилчдыг дарамтлан хашаанаасаа хөөн гаргаж манай байгууллагын ажилд багагүй саад тотгор учруулсан.

Одоо бид барилгын суурь бэлтгэхээр газар шорооны ажил хийх шаардлагатай боловч энэхүү маргааны улмаас манай ажил цаг хугацааны хувьд хойшилж хохирол амссаар банай. Энэ хооронд бид газрын төлбөрийг тогтмол цаг алдалгүй төлж ирсэн.

Бид ойлгохдоо “Шинэ Яармаг” хороолол нь Монгол Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Улаанбаатар хотын 2020-2030 оны хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж түүний нэгээхэн хэсэгт нь манай Төлөөлөгчдийн газар, Буриадын соёлын төв багтах юм байна хэмээн өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч ОХУ-ын Буриад Улсын Засгийн Газарт илтгэсэн маань талаар болж Буриад Улсын удирдлагын өмнө хэлэх үггүй болж маш эвгүй байдалд орж болзошгүй байна. Тийм тул маргааныг Монгол Улсын хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байгааг уламжилъя” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбаатар “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Д.Ганбаатар миний бие Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  3300 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай Монгол улсын Гадаад харилцааны яаманд Буриад Улсын төлөөлөгчийн газар, соёлын төвийн зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Үүний дараа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Гадаад хэргийн яам, ОХУ, Буриад улсаас Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын хүсэлт болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар Оросын холбооны улсын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт” сан ТББ-д дээрх 3300 мкв газрыг 15 жилийн хугацаатай  ашиглуулахаар шилжүүлсэн байна. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сзлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газар нь нэхэмжлэгч Д.Ганбаатарын хашаалсан газартай 2187 мкв-аар давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Д.Ганбаатарын 70 га газрын кадастрын зураг мэдээллийн санд огт ороогүй, ямар учраас ороогүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Яармагийн 5 дугаар хорооны нутагт 70 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байна.

Хан-Уул дүүргийн Газрын алба болон иргэн Д.Ганбаатар нар нь 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах” 53 тоот гэрээг байгуулж гэрчилгээ авсан байна. Гэрээний хугацаа 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болохоор зааж өгсөн бөгөөд гэрээнд зааснаар гэрээний хугацааг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулсан  байна.

Хан-Уул дүүргийн Газрын албанаас иргэн Д.Ганбаатарын газар ашиглах гэрээний хугацаа 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд иргэн Д.Ганбаатар нь газар ашиглах гэрээгээ сунгуулах хүсэлтээ ирүүлээгүйн улмаас гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэсэн хэдий ч Д.Ганбаатар нь тус газрыг ашигласаар байх тул газар ашигласан төлбөрөө гэрээнд заасан ёсоор төлөх үүрэгтэй гэдэг үндэслэлээр 2009 онд Банязүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Д.Ганбаатар нь Хан-уул дүүргийн Газрын албанаас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийнх нь хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба уг сөрөг нэхэмжлэлд “Хан-Уул дүүргийн газрын алба болон иргэн Д.Ганбаатар нарын хооронд 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 53 гэсэн бүртгэл бүхий аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгааг тогтоолгох” гэжээ. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хан-Уул дүүргийн газрын албаны  итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн энэ зөвшөөрлийг баталж Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1022 дугаар шийдвэр гарсан байна. 

Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.Ганбаатар нь өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн газрын албанд “Өдрийн сонины 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл гарсан байна. Миний бие уг газараа морин тойруулга, морин спортын чиглэлээр ашиглаж байгаа тул уг мэдэгдлээ цуцлаж өгнө үү” гэсэн албан бичиг гаргасан байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын дагуу 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2000 оны 53 дугаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг иргэн Д.Ганбаатарт 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 5/6241 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.

Мөн  Хан-Уул дүүргийн Газрын албанд “2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1022 тоот шийдвэр гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмших, гэрээний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгааг тогтоосон тул Д.Ганбаатарын газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож, газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтээ гаргасан, Хан-Уул дүүргийн газрын албанаас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй байна гэсэн хариуг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09/521 дүгээр албан бичгээр өгсөн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж зааснаас үзвэл Хан-Уул дүүргийн Газрын алба болон Д.Ганбаатар нарын хооронд байгуулсан 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 4 дүгээр сарын 05-ны хооронд байгуулсан 53 тоот гэрээний хугацаа 2010 оны 5 дугаар сарын сарын 04-ний өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны Засаг даргад гаргасан бол Засаг дарга, мөн зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэх ёстой байна. 

Хуулийн дээрх заалтыг эзэмшигч зөрчвөл эрх дуусгавар болох, Засаг дарга зөрчвөл эрх хүчин төгөлдөр байх нөхцөлийг тус тус бүрдүүлэн гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд газрын гэрээ, гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ Д.Ганбаатар нь өөрийн санаачилгаараа дүүргийн Засаг даргад гаргах байсан байна. 

Мөн Д.Ганбаатар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах бүрэн боломжтой байсан байна.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд тухайн өдрөөс нь хойш захиргааны байгууллагад газар эзэмших гэрээгээ сунгуулах талаар хүсэлтээ өгч болох байсан төдийгүй, 2009 оны 11 дүгээр сарын 23-наас хойш болон 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш газрын гэрээ, гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу авснаасаа хойш 30 хоногийн дотор, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан байх бөгөөд Д.Ганбаатар нь хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан байна.

Шүүх хуралдааны ирцийн талаар: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл ирүүлж, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, улмаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3785 дугаар захирамжаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.

Шүүх хуралдаан дараах шалтгаанаар удаа дараа хойшилсон байна. Үүнд:

1. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэлээс Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Р.Очирбалыг өмгөөлөгчөөрөө нэхэмжлэгч Д.Ганбаатар авсан тул өмгөөлөгчтэй оролцмоор байна, өмгөөлөгч Р.Очирбал нь 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд орон нутагт ажиллахаар томилолтоор явсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тус хүсэлтээр,

2. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан шүүхээс шаардсан нотлох баримт ирээгүй үндэслэлээр, 

3. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагчаас тайлбар авах үндэслэлээр, 

4. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, нотлох баримт гаргуулах үндэслэлээр,

5. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Р.Очирбалын тус шүүхэд гаргасан 2016 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд БНСУ-д зорчих болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн үндэслэлээр, 

6. 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр шүүх хуралдаантай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн үндэслэлээр, 

7. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

8. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явж байгаа, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй гэх хурал хойшлуулах хүсэлт гаргаснаар, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул ирээгүй хэргийн оролцогчдыг оролцуулах үндэслэлээр,

9. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шалтгаанаар тус тус хойшилсон.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай 70 га газартай Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд олгосон 3300 мкв газартай давхцаж буй эсэхийг мэргэжлийн байгуулагын шинжээч томилж тогтоолгох хүсэлт” тухай хүсэлт ирүүлсэнийг шүүх хангаж 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7940 дугаар захирамжаар Газрын харилцаа геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2/1552 тоот албан бичгээр шинжээчийн зардал болох 850850 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэнийг шүүгчийн туслах 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Р.Очирбалд, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэлд  тус тус мэдэгдэж, нэхэмжлэхийг аль алинд нь гардуулж өгсөн боловч шинжээчийн зардлыг төлөөгүй байна.

10. Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн үндэслэлээр хойшилсон байна.  

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэлд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлж,  мөн утсаар шүүх хуралдааны товыг болон шинжээчийн зардал төлөхийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид товыг мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон байна.

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шинжээч томилуулах хүсэлт гаргахдаа бид шинжээчийн зардлыг төлөх болно гэж мэдүүлж байсан хэдий ч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд /нэг сар 9 хоног/ шинжээчийн зардлыг төлүүлэхээр удаа дараа шүүхээс шаардсан боловч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар нь  шинжээчийн зардал төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй улмаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд идэвхтэй дэмжиж оролцохгүй байна гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Д.Ганбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

                   Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбаатарын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Д.Ганбаатар миний бие Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 850850 /найман зуун тавин мянга, найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганбаатараас гаргуулан, нэхэмжлэгч нь Голомт банкны 140 500 6459 дугаар дансанд тушаахыг даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ