Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0360

 

2018 оны 6 сарын 20 өдөр         

Дугаар 221/МА2018/0360

                     Улаанбаатар хот

“Ск” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ск” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17, 18 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “Ск” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “Ск” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн АА-ХХХХХХ дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах Ск ХХК нь Д аймгийн Д сумын Г нэртэй 3708.67 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 19-ны өдрийн 0255 дугаартай шийдвэрийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Аймгийн Засаг дарга нараас ирсэн саналыг Ашигт малтмал. газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргахдаа хянах үүрэгтэй байсан. Гэтэл шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга аймгийн Засаг дарга нарын саналыг хянах эрх хэмжээ байхгүй гэж дүгнэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмууд үйлчлэх ёстой.

Өөрөөр хэлбэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл Кадастрын дарга манай өргөдөлд татгалзсан хариу өгч байгаа бол тэр татгалзал нь үнэхээр татгалзах нөхцөл байдал бүхий, үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл Д аймгийн Засаг даргын санал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй санал байхад түүнийг шууд үндэслэн шийдвэр гаргах нь Кадастрын даргын өөрийнх нь шийдвэр “хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдалтайгаа тохироогүй, үндэслэл бүхий биш” шийдвэр болж байна.

Иймээс Кадастрын дарга өөрийнхөө шийдвэрийг хуульд үндэслэсзн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байлгахын тулд аймгийн засаг даргын шийдвэрийг заавал хянах үүрэгтэй.

Энэхүү үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2-оор үүрэг болгосон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-т засаг даргын шийдвэр үндэслэл бүхий юу үгүй юу гэдгийг хянаж байхаар оруулсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуүлах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь шийдвэрийн үндэслэл болох засаг даргын санал нь хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх эрх хэмжээг Захиргааны ерөнхий хууль олгосон.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ... төслийг боловсруулж хяналтын хуудаст тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байдаг.

Эдгээрээс харахад Төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргадаг, тиймээс шийдвэр нь үндэслэл бүхий, бодит нөхцөл байдалд тохирсон, хуульд үндэслэсэн байхын тулд Засаг даргын санал хуульд нийцсэн эсэхийг мөн хянаж байж шийдвэрээ гаргах ёстой байсан.

2. Шүүхийн шийдвэрийн 8-р талын доороосоо 2-р догол мөрнөөс “Ийнхүү шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй санал хүчингүй болсноор ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 сарын 14-ны 319 дүгээр шийдвэрийн “Ск” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болох үндэслэл бүрджээ” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл шүүх Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 сарын 10-нд өөрчлөлт орж 2018 оны 1 сарын 1-ээс өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй болсон тул шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болсон байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хангахаас татгалзсан байна.

Гэтэл манай “Ск” ХХК 2015 онд буюу хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох тухай Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийг хүрсэн бөгөөд Кадастрын даргын шийдвэр гарснаас хойш шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль тогтоогч хуульд өөрчлөлт оруулсан.

Нэгэнт энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, мөн шүүхээр хэргийг шийдэх явцад хуульд өөрчлөлт орсон нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироох үндэслэл болохгүй.

Ер нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэлтгүй ямар ч өргөдөл гаргасан бай шийдвэр эцэслэгдээгүй байхад эсхүл маргаад хүчингүй болох үед гэнэт хууль өөрчлөгдөөд тухайн иргэнд өргөдлийг нь шийдэхгүй гэж үзэх нь иргэн Монгол Улсын төрд итгэх ямар ч итгэлгүй болно.

Ийм ч учраас Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж орж ирсэн. Энэхүү зарчмын гол агуулга нь иргэний эрх зуйн байдал хожим сөрөг байдлаар өөрчлөгдсөн ч тухайн өөрчлөлт иргэнд нелеөхгуй гэсэн утгатай. Иймд нэгэнт манай компанийн буруутай үйлдэл байхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж итгэж өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн “итгэлийг хамгаалж” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд Кадастрын хэлтэс өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй.

Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хөрөнгө гэж тооцогдож, үнэлэгддэг тул итгэл хамгаалах зарчмыг хэрэглэх боломжтой.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 19-ны өдрийн 0255 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ск” ХХК нь Д аймгийн Д сумын нутагт орших 3708.67 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн АА-ХХХХХХ дугаарт бүртгэж, анхан шатны зураг зүйн шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Д аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлсэн байна. Д аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар саналаар дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авсан захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзвэл энэ талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэж санал авах, мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга нь өргөдөлд дурдсан талбай орших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болохоор, хэрэв Засаг даргаас дэмжсэн санал ирүүлсэн бол захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах зэрэг харилцааг зохицуулж байсныг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч “Ск” ХХК нь Д аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаар саналуудын хууль зүйн үндэслэлийг хянуулж, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Засаг даргын дээрх саналуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол сэргэх боломжгүй, шүүхийн шийдвэр нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн годмлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ск” ХХК-ийн өмгөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ