Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 117/2019/0010/з |
Дугаар | 185 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 185
“А к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “С сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах, Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж /ТОӨЗ/-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.Г, Б.Г-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-Э, түүний өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.3-т заасныг баримтлан “А к” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон “З к” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн БСШУСЯ/201902347 дугаартай “С сум Наадмын талбайн барилгын дуусгалтын ажил”-ын гэрээг хүчингүй болгуулах, Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж /ТОӨЗ/-ийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А к” ХХК-ийн төлөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 102 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Шүүх хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн туслах н.Э-ийн цахим хаяг болох law_e…...2000@уаhоо.соm хаягаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгч ямар нэг эрх зүйн баримт бичиг гаргалгүйгээр шийдвэрлэсэн талаар гомдол гаргасан. Үүнийг шүүх дүгнэхдээ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар бичгээр гаргаагүй, ... шүүх хуралдааны явцад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулж асуусан боловч нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой талаар тайлбар өгчээ...” гэжээ. Гэвч бид үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт хүлээн авахаас татгалзсан тул тухайн шаардлагын талаар ярих, дахин нэмэгдүүлэх боломжгүй гэж үзсэн тул хурлын явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй юм. Шүүх нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн ч бидний нэрлэсэн, дугаарласан 3 нэхэмжлэлд дүгнэлт хийхдээ өнгөцхөн хандахаас гадна хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүх хэлэлцэхээс татгалзсан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу юм.
5. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийн тухайд: “З к” ХХК нь гэрээ байгуулахдаа гүйцэтгэлийн баталгаа гаргаагүй нь захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, улмаар дахин тендер зарлах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчээс маргасан. Шүүх энэ талаар дүгнэхдээ “…гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан байх бөгөөд гүйцэтгэлийн баталгааг гуравдагч этгээд “З к” ХХК гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиалагчид гаргаж өгсөн нь дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй” гэжээ. Бидний үзэж байгаагаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т зааснаар гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлээгүй бол тендерийн баталгааг улсын орлого болгож, гэрээ байгуулахаас татгалзах эрхийг хуульчилсан. Энэ талаар мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахаар, ТОӨЗ-ийн 40.1-д зааснаар гүйцэтгэлийн баталгааг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө ирүүлэхээр заасан байна. Гэвч “З к” ХХК нь гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байх бөгөөд энэ баримт нь Х банкны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 189/481 гүйцэтгэлийн баталгаагаар тогтоогдоно.
6. Мөн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2-т зааснаар гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг заавал шаардахаар заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй байх тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар гэрээ байгуулахаар олгосон эрхийг захиалагч хүчингүй болгох үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримтад шүүх огт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ нь анхнаасаа хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй гэрээ юм. Маргааны гол үндэслэл бол “З к” ХХК нь гэрээ байгуулахын өмнө гүйцэтгэлийн баталгаа гаргаагүй нь захиалагчийн хувьд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, улмаар дахин тендер зарлах үүргээ биелүүлээгүй эсэх асуудлаар маргаж байгаа болно. Гэвч шүүх энэ нөхцөлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. 100 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бол гүйцэтгэлийн баталгааг ирүүлэхгүй байж болно. Харин 100 саяас дээш давсан үнийн дүнтэй бол заавал гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг хуулиар тогтоосон, баталгааг хуулийн хугацаанд ирүүлээгүй бол гэрээг олгох эрхийг хүчингүй болгох байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
7. Гэрээ байгуулах эрх олгосон үйл явдлыг хуульд нийцсэн гэж үзсэн байсан ч шүүх гэрээний хууль бус байдалд буруу дүгнэлт хийсэн. Гэрээ хүчин төгөлдөр бус хууль тогтоомж зөрчиж байгуулсан нь тогтоогдвол түүнээс гарах үр дагавар нь хуульд зааснаар дараагийн тендерт оролцогчтой гэрээ байгуулах эсхүл бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлах л хуулийн үр дагавар үүсгэх боломжтой юм. Уг тендерийг ТОӨЗ-ийг өөрчлөлгүй дахин зарлахыг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамаарах ойлголт гэж дүгнэсэн шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Уг шаардлага нь гэрээг хүчингүй болгох, мэдэгдэл хүчингүй болохоос хамаарч хангагдах нөхцөл юм. Харин бид үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ буюу мөн хуулийн 47.2.1-д заасан Тендерийн материал бэлдэхдээ хэд хэдэн алдааг санаатай хийсэн гэж үздэг.
8. Тендерт оролцогчид бүгд тэгш эрхтэй оролцоно гэж заасан байдаг гэтэл “З к” ХХК-д тааруулж материалаа бэлдсэн нь ТОӨЗ-ийн хэд хэдэн заалтаас харагддаг. Мөн шүүх хуралдааны үед үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хуулиас гадуур ТОӨЗ-ийг тайлбарласан. Жишээ нь: нэг жилд 11 сар байдаг, НД№8 нь зөвхөн тендер нээсэн өдөр бөглөгдсөн байхад болно нэг жил тасралтгүй гэж зүгээр оруулсан, 7 машин механизм өөрийнх гэсэн хамаагүй, нийт тоног төхөөрөмжийг 50 гэх мэтээр бусдад давуу байдал олгож, албаны эрх мэдлээ ашигласан, “З к” ХХК-ийн талд үйлчилсэн илт хууль бус, байж болохгүй тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Бид тус маргаж буй тендерийн үнэлгээний хорооны 5 гишүүн, мөн хууль бус гэрээ байгуулсан Дундговь аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга П.С нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулж байгаа.
9. Авлигатай тэмцэх газрын комиссар нь хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоон яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн учир үнэлгээний хорооны гишүүд болон шийдвэртэй маргалдаагүй юм. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын бланк дээр хэвлэгдэж гарсан захиргааны акт, захиалагч болон хууль зөрчиж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар л шүүхэд хандсан, гэтэл тамга тэмдэггүй, байнгын ажилладаггүй эрх бүхий биш үнэлгээний хороог шүүхэд өгөөгүй хэмээн дүгнэж байгаатай санал нийлэхгүй. Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулагдсанаар Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо цуцлагдаж цаашид үүсэх эрх зүйн үр дагавар хариуцлагыг Төсвийн ерөнхийлөн захирагч хариуцна гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан байдаг. Шүүх шийдвэр гаргахад ач холбогдол бүхий дээд шатны байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтыг судлуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
10. Монгол Улсын Сангийн яам тус тендер шалгаруулалтыг хянаад хууль зөрчсөн талаар дурдсан алдаа зөрчлөө арилга гэсэн агуулга бүхий 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4983 тоот албан бичгийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, мөн Авлигатай тэмцэх газраас Сангийн яаманд тус тендер шалгаруулалттай холбоотой гэрээ байгуулсан процессод мэргэжлийн байгууллагын хувьд зөвлөмж дүгнэлт гаргаж өгнө үү гэж хандсаны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/7750 тоот зөвлөмжийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид өмнө нь өгсөн зөрчлийг арилгаагүй хууль зөрчиж дахин тендер шалгаруулалт хийсэн, мөн нэхэмжлэлд дурдаад байгаа гэрээ байгуулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн дээд шатны байгууллага нь тодорхойлоод байхад авч ашиглахгүй байгаа нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ шаардлагагүй хуулийг баримталсан тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
12. Нэхэмжлэгч “А к” ХХК нь Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “...”А к” ХХК-ийн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу тендерийн шаардлагад нийцээгүй гэж татгалзсан дүгнэлт болон түүнийг үндэслэж гарсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/1000 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар маргаагүй, харин тендерт шалгарсан гуравдагч этгээд “З к” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр албан бичиг болон хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, мөн тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийг өөрчлөлгүй дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
13. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрт хамааралтай буюу өөрийг нь татгалзсан шийдвэрийн талаар маргаагүй, тухайн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
14. Хэдийгээр нэхэмжлэгчээс “шүүгчийн туслахын цахим хаягаар тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгч ямар нэг эрх зүйн баримт бичиг гаргалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргаж байгаа ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, мөн хэрэв нэхэмжлэгч нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл ийнхүү татгалзахдаа ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй нь хууль бус гэж үзсэн бол энэ талаар гомдол гаргах эрх нь нээлттэй, гэвч уг эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө шүүхийг буруутгах үндэслэлгүй.
15. Иймд, “...үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт хүлээн авахаас татгалзсан тул тухайн шаардлагын талаар ярих, дахин нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэн хурлын явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй юм. Шүүх нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн ч бидний нэрлэсэн, дугаарласан 3 нэхэмжлэлд дүгнэлт хийхдээ өнгөцхөн хандахаас гадна хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүх хэлэлцэхээс татгалзсан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.
16. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо /Тодорхойлох хэсгийн 9-д/ “...Авлигатай тэмцэх газрын комиссар нь хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоон яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн учир үнэлгээний хорооны гишүүд болон шийдвэртэй маргалдаагүй юм. ... тамга тэмдэггүй, байнгын ажилладаггүй эрх бүхий биш үнэлгээний хороог шүүхэд өгөөгүй хэмээн дүгнэж байгаатай санал нийлэхгүй...” гэснээс үзвэл нэхэмжлэгч өөрөө нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүйгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай, утга агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байгааг дурдах нь зүйтэй.
17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т “«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан” гэж заажээ.
18. Энэхүү хэргийн тухайд, маргаан бүхий акт болох гуравдагч этгээдэд “Гэрээ байгуулах эрх олгох” тухай хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/999 дүгээр албан бичигт гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх тодорхой хугацаа заагаагүй, “З к” ХХК нь гэрээ байгуулахаас татгалзаагүй, харин ч гэрээ байгуулж үүнийхээ дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр захиалагчид гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгсөн байх тул дээрх хуулийн урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, иймд эрх олгосон шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан маргаан бүхий гэрээг хүчингүй болгох, улмаар тендер шалгаруулалтыг дахин зарлах үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-7-д заасан “шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
19. Түүнчлэн, “...шүүх хуралдааны үед үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ТОӨЗ-ийг “З к” ХХК-ийн талд, давуу байдал олгон илт хууль бус тайлбарласан, ... Сангийн яам тендер шалгаруулалтыг хянаад зөрчлөө арилга гэсэн агуулга бүхий албан бичгийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн, мөн Авлигатай тэмцэх газраас Сангийн яаманд хандсаны дагуу 2019 оны 6-1/7750 тоот зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид өмнө нь өгсөн зөрчлийг арилгаагүй хууль зөрчиж дахин тендер шалгаруулалт хийсэн, нэхэмжлэлд дурдаад байгаа гэрээ байгуулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн дээд шатны байгууллага нь тодорхойлоод байхад авч ашиглахгүй байгаа нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 10-т заасан хяналтын гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг өөрчлөхүйц хууль хэрэглээтэй холбоотой гомдол биш байна.
20. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн нь буруу байна.
21. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4,...” гэснийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ