Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0384

 

2018 оны 7 сарын 05 өдөр               Дугаар 221/МА2018/0384                  Улаанбаатар хот

А.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.М-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М-ийн 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А.М нь Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн тул хариуцагчаас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж, 52.8 буюу F үнэлгээ авсан тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэн аймгийн Засаг дарга хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Мт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг 4 сар 07 хоног тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан гэжээ. Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирамжийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Тодруулбал, аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуульд заасны дагуу үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх эрхийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт шилжүүлсэн. Шүүхээс аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ярилцлага хийж, үнэлгээг танилцуулаагүй, хууль зөрчсөн гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна.

Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг үнэлгээтэй танилцах, тайлбар саналаа өгөх боломжоор хангасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүхий баримтаас авч үзвэл цаг хугацаа нь тодорхой харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээг 2018 оны 01 дүгээр сард мэдсэн байх тул түүнд мэдэгдэж, оролцоог хангах зарчмыг хариуцагчаас зөрчсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн А.М-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М-ээс “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж зохицуулсан боловч Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.6-д “Тайлант  жилийн дундуур төсвийн шууд захирагч өөр  албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ ...” гэж заажээ.

Нэхэмжлэгч А.М нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа халагдаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалын дагуу Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/108 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоогдсон ажээ.

Нэхэмжлэгч нь тус албан тушаалд 4 сар 7 хоног ажилласан гэж үзэх үндэслэлтэй байхад Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд заасны дагуу “тайлант жилд ажилласан хугацаагаар” үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнээгүй, нэхэмжлэгч нь “хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн” зэргээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй “аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үнэлгээ нь аймгийн Засаг даргын Б/15 дугаар тушаалын үндэслэл болсон байна. Нэхэмжлэгчийн “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад холбогдуулан тус гэрээг үнэлсэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг хариуцагчаар татаагүй, хэрэг үүсгээгүй байна. Уг үнэлгээ нь аймгийн Засаг даргын Б/15 дугаар тушаалын үндэслэл болсноос өөрөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар гаргаагүй байх тул уг үнэлгээг тусдаа захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага нь захиргааны актын шинжийг агуулаагүй, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШШ2018/0015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дах заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4.2, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан А.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М-ийн “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ