Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 273

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

А аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2019/0018 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г-O, хариуцагч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Х  нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2019/0018 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 33 дугаар зүйлийн 33.18, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 48 дугаар зүйлийн 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамж нь хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн үндэслэл бүхий захиргааны акт юм. Б.Б нь “А У У” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүйгээр баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан, өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр З.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан. Дээрх зөрчилтэй холбогдох баримт нь хавтаст хэрэгт хангалттай нотлогдож байгаа. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын 2 дахь үндэслэлийг хууль болон нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гэж үзэж шийдвэрлэсэн.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дугаартай захирамжийн 2 дахь үндэслэл өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлийг илтэд үгүйсгэж, нотлох баримтад үндэслээгүй шүүгчийн дотоод итгэл гэхээсээ илүү “...нэг хүнийг удаа дараа халж байгаа нь “гаргасан зөрчил дээр нь хариуцлага ногдуулсан” хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт гэхээсээ илүүтэйгээр “тодорхой нэг этгээдийг ямар нэгэн зөрчил олж, зөрчил бий болгож ажлаас халж байгаа” санаатай үйлдэл гэж үзэхээр байна гэж бичсэн хэсгээс харахад хувийн байр сууринаас хандсан гэмээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй хэт нэг талыг барьсан байна.

6. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэсэгт: ...Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэгт тодорхой хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн. Аливаа төрлийн хариуцлага ногдуулахад ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль /хүчингүй болсон хууль/ болон бусад хуульд заасныг баримтална” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна гэжээ.

7. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Тэгээд ч эрүүгийн хариуцлага болон зөрчил хянан шийдвэрлэх журмаар хариуцлага хүлээлгэж ажлаас нь халаагүй. Төрийн албаны тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн боловч “А У У” ХХК-ийн захирал, аймгийн Засаг дарга хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна гэж компанийн дүрэмд заасан. Хэрэв Төрийн албаны тухай хуулийг хэрэглэнэ гэвэл 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор арга хэмжээ авсан байгаа ч анхаараагүй байна. Давж заалдах шатны шүүх Б.Б-ийг зөрчил гаргасан, эсхүл гаргаагүй гэж дүгнээд байгаагийн аль болох нь тодорхойгүй байна.

8. Ер нь маргаан бүхий захиргааны актын 2 үндэслэл хоёулаа л үндэслэлтэй, хуульд нийцэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар “А У У" ХХК-ийн захирал Б.Б нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нь тус хуулийг дагаж мөрдөх хуулийг зөрчихгүй байх, хэрэв зөрчвөл хариуцлага хүлээхээр хуульчлагдсан.

9. Б.Б нь “А У У” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулах шийдвэр гаргаж гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн. Энэ нь ч хангалттай нотлогдож байгаа. Уг зөрчил гаргасан нь аймгийн Засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “А-Т” ХХК-иас албан бичиг ирүүлснээр мэдсэн, өөрөөр хэлбэл зөрчил гаргасан нь илэрсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “зөрчилд ямар хугацаанд арга хэмжээ авах талаар” тодорхой зохицуулалт байхгүй, хэрэв дээрх төрлийн зөрчил гаргасан бол ажлаас нь халах шийдвэр гаргахыг хуулиар зохицуулсан.

10. Мөн энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:”, 29.2.4-т “энэ хуулийн ...11...зүйлд заасныг зөрчсөн ...нийтийн албанаас халах.” гэж заасныг болон Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх заалтуудыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар  магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

12. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжид заасан хоёр үндэслэл нь нэхэмжлэгчийг ажлаас халах зөрчил биш байна.

13. Тодруулбал, “А У У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу А.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, ийнхүү тогтоосноор тус компанийн батлагдсан орон тоо хэтрээгүй тул хууль бус гэж үзэхгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

14. Харин маргаан бүхий актын хоёр дахь үндэслэл болох “Б.Б нь өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд, анхан шатны шүүхийн “... “хувь хүний ёс зүйн асуудал нь хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдахгүй...” гэсэн дүгнэлт буруу, аливаа төрлийн хариуцлага ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ, иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэсэн зохицуулалт хэрэглэгдэнэ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

15. Учир нь, аливаа нийтийн эрх ашиг, хэв журмын эсрэг зөрчилд, цаашилбал эрүүгийн гэмт хэрэгт хүртэл хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэхгүй, иймд нэхэмжлэгчид “нийтийн албан тушаалтан”-ынх нь хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох дээрх хуулиар хариуцлага оногдуулж буй энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэхэд баримтлах зарчмыг хэрэглэх үндэслэлтэй.

16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнээгүй, харин нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн тул “...Б.Б нь нийтийн албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёсгүй, харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зөрчилд ямар хугацаанд арга хэмжээ авах талаар тодорхой зохицуулалт байхгүй, давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх заалтуудыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн…” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-10-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48.4 дэх хэсэг дэх “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэснийг “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа нь зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаандаа багтана” гэж тайлбарлах тул “...давж заалдах шатны шүүх Б.Б нь гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлийг илтэд үгүйсгэж, нотлох баримтад үндэслээгүй, хувийн байр сууринаас хандсан гэмээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэт нэг талыг барьсан, хэрэв Төрийн албаны тухай хуулийг хэрэглэнэ гэвэл 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор арга хэмжээ авсан байгааг ч шүүх анхаараагүй…” /Тодорхойлох хэсгийн 5, 7/ гэсэн гомдол үндэслэлгүй.

18. Учир нь, нэхэмжлэгч Б.Б нь өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-нд гурван талт гэрээ байгуулсан байх ба үүнийг зөрчил гарснаас хойш 3 жилийн дараа буюу “2019 оны 1 сард илрүүлсэн” гэж байгааг хүлээн авах боломжгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

19. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа хүчингүй болсон Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсгийг үндэслэл болгосон нь буруу байна, гэвч энэ нь магадлалын бусад үндэслэл болон шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

20. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ                        ШҮҮГЧ                                                             Г.БАНЗРАГЧ