Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 18

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч В.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Б овогтой Б миний биеийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б/21 дугаартай захирамжаар ажлаас халсан. Уг захирамжид ажлаас халсан 2 үндэслэлийг дурдсан, тус компани төлөөлөн удирдах зөвлөлд түүний бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй хэрнээ баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч компанид ноцтой хохирол учруулсан гэж яриад байгаа. Нэхэмжлэгч миний хувьд ямар нэгэн хууль зөрчсөн, хуулийн үндэслэлгүйгээр ажилтан ажилд авсан зүйл байхгүй.  А.Э гэдэг хүний ажлаас халсан асуудлыг Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгч шийдвэрлэсний дагуу ажилд авсан болохоос шинээр огт ажилд аваагүй. Миний хувьд санхүүгийн талаар ноцтой хохирол учруулаагүй. Уг ажлын байранд баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлсэн зүйл огт байхгүй.

 Өөртөө нь хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан гэж бичсэн байна. Энэ асуудал 7 жилийн өмнөх зүйл манай шугам сүлжээнд засварын ажил хийгдсэн манайхаас хянах үүрэгтэй, бид 3 хоногийн дараа Б.Б-р хянуулахгүй зөвхөн инженерээр хянуулаад ирүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Захиргааны акт гаргахдаа захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 24, 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар санал аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, холбогдох нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Иймээс миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэв

Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Б.Б нь “А” ХХК-ийн захирлаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүрэгт ажилд нь эгүүлэн томилогдсон. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн А.Э-г ажилд авч, 71 байсан орон тоог 72 болгон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэдэг. Энэ нь тус компанийн дүрмийн 6.4.1, 6.4.2, 6.4.17, 7.4, 7.6.9, 7.6.11, 9.3.1, 9.3.2, 9.3.4-д заасныг тус тус зөрчиж, ажилтан авах тухай хүсэлт, саналаа төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлж, хэлэлцүүлэх ёстой атал огт ирүүлээгүй өөрөө дур мэдэн ажилтан авч ажилгүй байсан хугацааны цалин олгож байгууллагын санхүүд хохирол учруулсан байдаг.

Аймгийн Засаг даргад “А” ХХК-аас 2019 оны 1 дүгээр сард “2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “У” ХХК-ийн захирал Б.Б, түүний нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай 149/G/2016 дугаартай “Баталгаат засварын ажлын гэрээ”-ний биелэлт хангагдахгүй байгаа тухай гомдлыг ирүүлсэн.

Гэрээнээс үзвэл Б.Б нь өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан.

Иймд аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дугаар захирамж нь нэхэмжлэгч Б.Б-н хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-г 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Засаг даргын тушаалаар үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон байгаа. Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А.Э гэдэг хүнийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байх хугацаанд “А” ХХК-д усны тоолуурын инженерээр ажилд авсан. Хэрвээ ажилтныг тухайн байгууллага ажилд авсан тохиолдолд уг компани дүрэмд зааснаар зайлшгүй төлөөлөн удирдах зөвлөлд саналаа ирүүлэх ёстой мөн хурал нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлд А.Э гэдэг хүнийг ажилд авсан саналаа ирүүлээгүй учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн А.Э гэдэг хүнийг ажилд аваад компани данснаас 20 сая төгрөгийг авч шийдвэрлэсэн нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдсан асуудал болж байгаа. Бүтэц орон тоо батлах эрх нь зөвлөлийн бүрэн эрхэд хамаарсан байдаг. Гэтэл хуралдааныг хийгээгүй буюу бүтэц орон тоог батлаагүй байхад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэг хүн ажилд авсан нь компани дүрэм журмыг зөрчсөн нь нэг дэх үндэслэл болж байна.

Хоёр дахь үндэслэл нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Засаг даргад “А” ХХК-д албан бичгээр гомдол ирсэн. 2016 онд “А” ХХК, “Ц” ХХК-тай Б.Б нь гурвалсан гэрээ байгуулаад үүргийн гүйцэтгэлийг “Ц” ХХК хийхээр болсон байсан. Гэтэл манайхаас 50 сая төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол ирүүлсэн. 

Иймд дээрх хоёр үндэслэлээр А аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Б.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ нь хууль эрх зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь “А” ХХК-ийн захирлын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамжид дурдсан төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй байтал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилчин авч, компани санхүүд ноцтой хохирол учруулсан, өөртөө нь хамаарал бүхий этгээд болох  нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай гурван тал гэрээ байгуулсан ашиг сонирхлын шинжтэй шийдвэр гаргасан. Ийм үндэслэлүүдээр Б.Б-г ажлаас нь халсан байгаа. 

“А” ХХК-ийн захирал нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Б тайлбартаа 7 жилийн өмнөх асуудал авлигатай тэмцэх газар шалгасан гэж тайлбарлаад байна. Гэтэл “А”ХХК-наас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргад гэрээтэй холбогдуулан хүсэлт гаргаснаар аймгийн Засаг дарга “А” ХХК нь “А” ХХК, “Ц” ХХК-тай гурвалсан гэрээ   байгуулсан талаар мэдсэн, холбогдох гэрээг “А” ХХК-нд очоод үзэхээр байхгүй байгаа. Уг асуудлаар авлигатай тэмцэх газарт хандсан боловч Авлигатай тэмцэх газраас шалгаагүй, өмнөх гэрээтэй андуурч тайлбар ирүүлсэн байдаг. 

Бүтэц орон тооны тухайд, “А” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хариуцагчаар оролцож байгаад, нэхэмжлэгч хариуцагчаа өөрчлөн “А” ХХК-ийг хариуцагчаар татаж, Б.Б орж ирсэн. Гэтэл уг иргэний хэрэгт батлагдсан орог тоог хэтрүүлж, төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэлгүйгээр ажилтан авсан. Ажилтан авч ажиллуулчхаад дараа нь орон тооны саналаа ирүүлсэн байдаг. Зүй нь бол эхлээд ажилтан авах талаар саналаа хүргүүлэх ёстой байсан. Ноцтой зөрчлийн тухайд, А.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 20 сая төгрөгийг өгсөн, “А”ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 50 сая төгрөг нь “А” ХХК-ий өр болоод явж байна. 

Иймд аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх нотлох баримтуудыг үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б “А аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А” ХХК-ийн  захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

“А” ХХК-ийн тухайд, анх 2001 онд үүсгэн байгуулагдсан, орон нутгийн өмчит хуулийн этгээд  бөгөөд А аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “У” ХХК-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 05 дугаартай гэрээг  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Б.Б-тэй байгуулж, Б.Б-г 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар тус компанийн захирлаар дахин томилсон байна. 

А аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Компанийн тухай хуулийн 6.13, 83.15 дахь хэсэг, “А” ХХК-ийн дүрмийн 6.4.1, 6.4.2, 6.4.17, 7.1, 7.4, 7.6.9, 7.6.11, 9.3.1, 9.3.2, 9.3.4, “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Б.Б-г ажлаас халах шийдвэр гаргажээ. 

Б.Б-г ажлаас халах болсон үндэслэлээ: 1. Түүнийг “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан, 2. Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэсэн 2 үндэслэлийг захирамждаа дурдсан байна. 

1. “А” ХХК-ийн захирал Б.Б нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлийн тухайд:

“У” ХХК-ийн /хуучин нэрээр/ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Компанийн 2018 оны төлөвлөгөө, орон тоо, цалингийн сан батлах тухай” 11 дүгээр тогтоолын 2-т компанийн нийт ажилчдын тоог 71 ажилтантай байхаар тогтоосон байна.  

Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “У” ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн А/02 дугаар тушаалаар тус компанийн 2018 оны ажилчдын 71 орон тоо болон цалингийн санг хавсралтаар баталжээ. 

Улмаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байрлах 8 дугаар ус түгээх байр, 7 дугаар багт байрлах 17 дугаар ус түгээх байрны үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, ус түгээгчээр ажиллаж байсан Ч.М, Г.Т нарыг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Ийнхүү тус компани 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 69 ажилтантай үйл ажиллагаа явуулж байжээ.

Хариуцагчаас “Б.Б нь ... баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан ... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн А.Э-г ажилд авч, 71 байсан орон тоог 72 болгон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэж тайлбар гаргасан.

Дээрх тайлбарын тухайд тус компанийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар тоолуурын инженер А.Э-г 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд, уг асуудлаар А.Э шүүхэд маргаан үүсгэж, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 129/ШШ2019/00046 дугаар захирамжаар иргэн А.Э-н нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох “У” ХХК-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 13.815.682 төгрөг, дээд шүүхийн хуралд оролцоход гарсан замын зардал 46.800 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6.300.000 төгрөг, нийт  20.162.482 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Иймээс “А” ХХК-ийн захирал Б.Б 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар А.Э-г “А” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн томилж , ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 20.342.510 төгрөг олгосон байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1. дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, “А” ХХК-ийн дүрмийн Долоо.Компанийн гүйцэтгэх удирдлага 7.2. Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна., 8.2. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол 80.000.000 /наян сая/ төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл батална.  гэж заажээ. 

“А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б А.Э-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагыг хуулийн дагуу төлөөлөн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоон хохирлыг гаргуулан олгосныг буруутгах үндэслэл байхгүй байна. 

Тодруулбал, гүйцэтгэх захирал компанийн дүрэмд заасан их хэмжээний хэлцэл хийгээгүй, иргэн А.Э-г “А” ХХК-ийн тоолуурын инженерийн албан тушаалд томилсноор тус компанийн батлагдсан орон тоо хэтрээгүй буюу 2 ус түгээгчийг ажлаас чөлөөлснөөс хойш 69 ажилтны орон тоотой ажиллаж байх үед А.Э-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 70 ажилтны орон тоотой болжээ. 

Иймд хариуцагчийн захирамжид дурдсан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

 2.Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын  2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 00/000019 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар иргэн Э.Д, Б.Б нарыг 1999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн талаар тодорхойлолт ирүүлсэн байна. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5.-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд  заасан албан тушаалтан хамаарна” гэж заажээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар орон нутгийн өмчит “А” ХХК-ийн захирал Б.Б нь нийтийн албан тушаалтан мөн бөгөөд түүний нөхөр Э.Д нь түүний хамаарал бүхий этгээд байна. 

Түүнчлэн улсын бүртгэлийн 1411003122 дугаартай, “Ц” ХХК-ийн захирлаар 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Б.Б гүйцэтгэх захирлаар, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш түүний нөхөр Э.Д гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. 

Хариуцагчаас “ ... Б.Б нь өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн ...” гэж тайлбар гаргасан. 

“У” ХХК-ийн /хуучин нэрээр/ захирал Б.Б, “А” ХХК-ийн ерөнхий захирал З.Б, “Ц” ХХК-ийн захирал Э.Д нар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 149/G/2016 дугаартай “Баталгаат засварын ажлын гэрээ” байгуулсан байна. 

Мөн нэхэмжлэгч Б.Б дээрх гэрээг байгуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг гэрээгээ дараа нь хүчингүй болгосон гэх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. 

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох /нөхөр/ Э.Д-тэй хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ. 

Нэхэмжлэгчээс уг гэрээтэй холбоотой асуудлыг өмнө нь Авлигатай тэмцэх газар шалгасан, хэдэн жилийн өмнөх асуудал тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар гаргаж байна.  

А аймгийн Засаг даргын 2019 оны Б/21 дүгээр захирамжийн үндэслэл болсон 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 149/G/2016 дугаартай “Баталгаат засварын ажлын гэрээ” гэсэн 3 талт гэрээ байгуулсан болохыг “А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр гэрээний үүргээ “Ц” ХХК биелүүлэхгүй байна гэсэн гомдол  ирснээр аймгийн Засаг дарга мэдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. 

А аймгийн Засаг дарга өмнө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Б.Б-г ажлаас халахдаа “ ... өөрийн нөхөр Э.Д-н “Ц” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 20.909.800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ...” гэх үндэслэлээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халж байсан.

Хэдийгээр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээс дээрх захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан зөрчлийг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн,  Авлигатай тэмцэх газраас Б.Б-д ажлаас халах хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон бичгийг ирүүлж байжээ . 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь нийтийн албан тушаалыг эрхлэх явцдаа Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх  хэсгийг удаа дараагийн үйлдлээр зөрчсөн байгаа нь түүнийг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хувьд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг удаа дараа зөрчиж байгаа хувь хүний ёс зүйн асуудал нь “хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж шүүх үзсэн болно.  

Мөн “А” ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байх тул түүний удирдлагыг хувийн ашиг сонирхолтой этгээдээр удирдуулах нь хуульд нийцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон аймгийн Засаг даргын захирамж нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;”, “Ар Ус У” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм”-ийн Долоо-ын 7.1 “Гүйцэтгэх захирлыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө” , Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:”, 29.2.4 “энэ хуулийн ... 11... зүйлд заасныг зөрчсөн... нийтийн албанаас халах.” гэж заасан хуулийн заалтад нийцжээ.  

Нэхэмжлэгч Б.Б нь сонсох ажиллагаа хийгдээгүй гэх боловч А аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, Б.Б сонсож ажиллагаанд оролцож, тайлбар саналаа гаргасан болох нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд захирамжийн 2 дахь үндэслэлээр А аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1,  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н “А аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-г ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ