Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2020/00829

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00829

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00407 дугаар шийдвэртэй, Н.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хишигдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э- нь Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 тушаалаар багшаар түр ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн үндсэн багшаар томилогдсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 11 дүгээр сард уг цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгаж ахлах В бүлгийн багш Ц.Отгонцэцэгийн дипломыг хуурамч болохыг тогтоосон. Ингээд түүнийг багшийн ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчийг ахлах В бүлгийн багшаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар үндсэн багшаар томилсон. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Я.Баасанхүү нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийхдээ нэхэмжлэгчийг түр ажилтан болгож, гэрээний хугацааг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр цуцлахаар өөрчилж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Мэдэгдэл өгөөгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, хариуцаж байсан эд хогшил, анги танхимыг тушаал гаргаагүй байж хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тушаалыг өгсөн. Багш н.Жимсээгийн жирэмсний амралт дуусаж ажилдаа орсон гэсэн хууль бус үндэслэл заасан. Нэхэмжлэгч нь багш Ц.Отгонцэцэгийн оронд ахлах В бүлгийн багшаар ажиллаж байсан болохоос н.Жимсээгийн оронд ажиллаж байгаагүй. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/04 тоот тушаал анхнаасаа хэрэгт байгаагүй, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа нь нөхөж хийсэн гэх сэжиг төрж байна. Хөдөлмөрийн гэрээг ямар ч тушаалаар баталгаажуулаагүй байж өнөөдөр ийм тушаал өгч байна. Гэрч н.Отгонцэцэгийн оронд томилсон 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б/27 тоот тушаал байдаг бөгөөд уг тушаалаар үндсэн ажилтнаар томилсон. Иймд Н.Э-ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөр ажилтны оронд ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөхөд энэ талаар мэдэгдэх шаардлагагүй, жирэмсний амралтаа аваад буцаж ажилдаа орж байгаа бол түүний ажлын байрыг хадгалж, хуульд зааснаар эргүүлэн авна. Нэхэмжлэгч нь н.Жимсээгийн оронд ажилд ороогүй, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр жирэмсний амралттай байсан н.Золжаргал багшийн оронд орсон байдаг, мөн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Б/25 тоот тушаалаар н.Золжаргалын оронд түр хугацаагаар ажиллаж байсан. Н.Э-ийг ажлаас чөлөөлөөд н.Өнөржаргалыг оронд нь томилж, эдгээр хүмүүсийн ажлыг хүлээлцүүлсэн. Хэрэв нэхэмжлэгч нь н.Жимсээгийн оронд биш өөр хүний оронд ажиллаж байсан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүлийн 129.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын дотор ажлаас буруу шилжүүлсэн буюу н.Золжаргалын оронд ажиллаж байх ёстой гэх гомдол гаргах ёстой байсан ч хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б/27 тоот тушаалаар н.Отгонцэцэгийн оронд үндсэн ажилтнаар томилогдсон гэж тайлбарладаг. Гэтэл тус тушаал хэрэгжээгүй ба энэ талаар тухайн үеийн эрхлэгч нь н.Отгонцэцэгийг Авлигатай тэмцэх газарт өгсөн асуудал үүссэн, бодит байдалд тухайн ажлын байранд томилогдоогүй гэх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн захирлын тушаалаар Н.Э-ийг н.Золжаргалын оронд ажилд авч, түүний дараа оронд нь н.Өнөржаргалыг үндсэн багшаар томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь н.Жимсээ багшийн оронд түр ажиллахгүй, үндсэн багш учраас н.Золжаргалын оронд ажиллах байсан гэж тушаалд гомдол гаргаагүй. Заавал өөр ажлын орон тоо олж өгнө гэсэн зүйл байхгүй, эрхлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр боломжтой бол ажлын байраар хангана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь тус тус хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн зуун хорин ёсдүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 7 413 694.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 133 569 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт, тушаалын огноог зөв тэмдэглэсэн хэдий ч хэргийн бодит байдал болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэл бүхий дүгнээгүй байна. Н.Э- нь 2018 оны 5 сарын 20-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар С.Отгонцэцэгийн оронд үндсэн багшаар ажилласан гэх боловч бодит байдал дээр С.Отгонцэцэг багш өөрийн ангидаа багш байхаас гадна өөрийн ангийг Н.Э-т хүлээлгэн өгөөгүй бөгөөд өөрөө ажиллаж байсан байна. Тушаал хүчингүй, бичилт хийгдсэн байгаа нь бодит байдал дээр С.Отгонцэцэгийн ангид, түүний ажлын байранд ажилласан гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм. Ажил олгогчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Н.Жимсээг амралттай байх хугацаанд нэхэмжлэгч Н.Э-ийг ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ нь үндсэн багшаар ажиллаагүйг харуулж байхаас гадна ажилтан ажлаас буруу шилжүүлсэн гэж үзвэл шүүхэд хандах эрх нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, бусдын оронд түр хугацаагаар ажиллаж байгаагаа мэдсээр байж шилжүүлсэнтэй холбоотой гомдол гаргаагүй нь түүнийг зөвтгөх үндэслэл биш байхаас гадна ажилтанг хэрхэн шилжүүлэх, ямар ажил, албан тушаалд ажиллуулах нь ажил олгогчийн эрх юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Б-т холбогдуулан тус цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .... хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй ажиллаж байсан. Гэрээний хугацаа дууссан гэж маргажээ.

 

Н.Э- нь Б-ийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 тушаалаар багшаар түр ажиллаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн үндсэн багшаар томилогдсон үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, тушаал зэрэг нотлох баримтыг анхан шантны шүүхээс харьцуулан дүгнэж ажилтныг хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр байнгын ажлын байран дээр ажиллаж байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. /хх 6, 9, 87, 90/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах юм. Ажилтан хугацаатай, эсхүл хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсныг гэрчийн мэдүүлгээр биш харин хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлох юм. Иймд С.Отгонцэцэгийн мэдүүлэг, шүүх хуралдаанд сүүлд гаргаж ирсэн тушаал зэрэг нь эргэлзээтэй баримт юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болно. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах бөгөөд хугацаа нь хуанлийн хугацаа заан тохиролцохоос гадна ажилтан тэрийг жирэмсний амралтнаас буцаж иртэл гэхчлэн үйл явдал зааж тохиролцож болно. Гэвч хэргийн баримтаас нэхэмжлэгч жирэмсний амралттай ажилтан н.Жимсээгийн оронд түүнийг жирэмсний амралтаас буцаж ирэх хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээтэйгээр ахлах В бүлгийн багшаар ажилласаар ирсэн үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийг цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах бөгөөд гол нөхцөлийг тохирч, талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох тул хариуцагчийн гэрч нарын мэдүүлгийг зөв дүгнэсэнгүй. Нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн оронд ажиллаагүй, С.Отгонцэцэг бодит байдалд ажлаа хийсээр байсангэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахыг хуулиар хориглосон бөгөөд хугацаагүй гэрээтэй ажилтныг Жимсээгийн оронд түр болгон тушаал гаргасан нь хууль бус юм.

 

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн техникийг алдагдуулж зуун хорин ёсдүгээр гэж буруу бичсэн, зураас тэмдэгт тэмдэглэгээ ашигласан тодорхойлох хэсэгт хамааралгүй асуудлыг тусгасан, тогтоох хэсгийн 2 дах заалтад хуулийн хуулийнгэж давтан бичсэн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд хариуцагчийн албан ёсны нэршил нь Баянзүрх дүүргийн зуун хорин есдүгээр цэцэрлэг байна. /хх 21/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00407 дугаар шийдвэрийн

-тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Баянзүрх дүүргийн зуун хорин ёсдүгээр цэцэрлэг гэснийг Баянзүрх дүүргийн зуун хорин есдүгээр цэцэрлэг гэж, 2 дахь заалтаас хуулийн гэдгийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 134 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД