Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 407

 

 

 

 

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2020/00407

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ийн гаргасан,

Хариуцагч: ц-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Нэхэмжлэгч Энь хариуцагч Баянзүрх дүүргийн цийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар багшийн албан тушаалд түр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 02 ны өдрөөс эхлэн үндсэн багшаар томилогдсон.

            2017 оны 11 дүгээр сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уг цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгаж ахлах В бүлгийн багш О-ийн дипломыг хуурамч болохыг тогтоосон. Ингээд түүнийг багшийн ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчийг ахлах В бүлгийн багшаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар үндсэн багшаар томилсон.

Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03 ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчилж хийхдээ нэхэмжлэгчийг түр ажилтан болгож, гэрээний хугацааг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр цуцлахаар өөрчилсөн боловч 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ингэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэл өгөөгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, хариуцаж байсан эд хогшил, анги танхимыг тушаал гаргаагүй байж хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тушаалыг өгсөн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө багш Ж-ийн жирэмсний амралт дуусаж ажилдаа орсон гэж хууль зөрчсөн. Учир нь, нэхэмжлэгч нь багш О-ийн оронд ахлах В бүлгийн багшаар ажиллаж байсан болохоос Ж-ийн оронд ажиллаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх процесс нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаал бол анхнаасаа хэрэгт байгааггүй, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа нь албан тушаалаа ашиглаад гэрээтэйгээ уялдуулж нөхөж хийсэн гэж сэжиг төрж байна. Хөдөлмөрийн гэрээг ямар ч тушаалаар баталгаажуулаагүй байж өнөөдөр ийм тушаал өгч байна. Гэрч Ооронд томилсон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот тушаал байдаг бөгөөд уг тушаалаар үндсэн ажилтнаар томилсон.

            Иймд, нэхэмжлэгч Э-ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь, өөр ажилтны оронд ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөхөд энэ талаар мэдэгдэх шаардлагагүй, жирэмсний амралтаа аваад буцаж ажилдаа орж байгаа бол түүний ажлын байрыг хадгалж, хуульд зааснаар ажилд нь эргүүлэн авна.

Нэхэмжлэгч нь Ж-ийн оронд ажилд ороогүй З-ын оронд ажилд орсон гэж тайлбарладаг. Гэхдээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр жирэмсний амралттай байсан З багшийн оронд Э ажилд орсон байдаг, мөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/25 тоот тушаалаар З-ын оронд түр хугацаагаар ажиллаж байсан Э-ийг ажлаас чөлөөлөөд Ө-ыг оронд нь томилж, эдгээр хүмүүсийн ажлыг хүлээлцүүлсэн.

Хэрэв нэхэмжлэгч нь Ж-ийн оронд биш өөр хүний оронд ажиллаж байсан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүлийн 129.2.-т зааснаар 1 сарын дотор ажлаас буруу шилжүүлсэн буюу З-ын оронд ажиллаж байх ёстой гэж гомдол гаргах ёстой байсан ч гомдлын хугацаа дууссан байна. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б/27 тоот тушаалаар О-ийг дипломгүй байсан нь мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсон тул түүний оронд үндсэн ажилтнаар томилогдсон гэж тайлбарладаг.

Гэтэл тус тушаал хэрэгжээгүй ба энэ талаар тухайн үеийн эрхлэгч нь О-ийг авлигатай тэмцэх газарт өгсөн асуудал үүссэн. Гэрч О-т хууль сануулсан учраас нэхэмжлэгчийг оронд нь томилогдож ангийг нь авсан уу, нэхэмжлэгчийн багшилж байсан ангийг авсан уу, энэ 2 хүн хоорондоо ажил хүлээлцсэн үү гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлах байх. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр С, Онарыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан, гэтэл бодит байдал дээр тухайн ажлын байранд томилогдоогүй гэх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн захирлын тушаалаар Э-ийг З-ын оронд ажилд авч, түүний дараа оронд нь Ө-ыг үндсэн багшаар томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч Э-ийг ээлжийн амралттай Ж-ийн оронд түр хугацаанд ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг түр хугацаанд байгуулсан. Ийм 3 нөхцөлөөр Ж-ийн оронд ажиллаж байсан нь харагддаг.

Нэхэмжлэгч нь Ж багшийн оронд түр ажиллахгүй, би үндсэн багш учраас З-ын оронд ажиллах байсан гэж тушаал дээр гомдол гаргаагүй, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Жбагшийн жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орсон, хуульд заасан үндэслэлээр Жбагш ажилдаа орсон учраас түүний ажлыг гүйцэтгэсэн байсан Э-ийг ажлаас нь чөлөөлсөн.

Заавал өөр ажлын орон тоо олж өгнө гэсэн зүйл байхгүй, эрхлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр боломжтой бол ажлын байраар хангана. Гэхдээ нэхэмжлэгч энэ тухай санал, хүсэлт гаргаагүй, хариуцагч цийн бүтэц орон тоо 14 багштай, хуульд зааснаар Жбагшийн ажлын байрыг заавал хадгалах ёстой тул манай тал хууль биелүүлсэн. Бага дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар эрхлэгч тушаал шийдвэр гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б04 тоот тушаал огт гараагүй гэж тайлбарлаж байна. Ийм тушаал гараагүй байсан, нөхөж гаргасан гэж үзэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа шалгуулах боломжтой. Архивт байсан баримтыг хэрэгт өгсөн болохоос шинээр үйлдсэн гэх асуудал байхгүй, үүнийг баталсан нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түрүүлж хийсэн.

Мөн нэхэмжлэгч нь Оангийг аваад хариуцаж ажиллаж байсан гэдэг талаар Оөөрөө тайлбарлах байх. Ж-ийн ангийг аваад оронд нь ажиллаж байсан гэдэг нь гэрч нарын үгээр ч гэсэн нотлогдоно. Обагш 1 сарын хугацаанд өвчтэй байсан.

Авлигатай тэмцэх газартай холбоотой хэрэг нь хэрэгсэхгүй болсон, харин гэрч Н-ийг  шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд, уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э-ээс хариуцагч Баянзүрх дүүргийн зуун хорин ёсдүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Цэрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/86 тоот тушаалаар нэхэмжлэгч Э-ийг жирэмсний болон амаржсаны амралт авсан З-ын оронд түр ажиллуулахаар шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ /х.х-ийн 5, 7-9 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гээд 23.2.3.-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, .................................” гэж тус тус зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Э-ийг уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд түр ажиллаж байгаа ажилтан гэж үзнэ.

 

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 тоот тушаалаар Ө-ыг жирэмсний болон амаржсаны амралттай байгаа З-ын оронд түр ажиллуулахаар болж, улмаар нэхэмжлэгч Э-ийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот тушаалаар үндсэн ажилтан буюу бүлгийн багшаар томилж, түүнтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна /х.х-ийн 6, 9, 87, 90 хуудас/. 

 

Энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийсэн ба тэрээр өөрийгөө үндсэн ажилтнаар томилогдсон гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон О нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “намайг багшийн ажлаас чөлөөлөөгүй, би гал тогооны туслах ажилтнаар томилогдоогүй ба одоо хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна” гэсэн /х.х-ийн 97, 98 хуудас/.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/24 тоот тушаалаар гэрч О-ийг багшийн ажлаас чөлөөлж, гал тогооны туслах ажилтнаар томилсон ба нэхэмжлэгч Э-ийг үндсэн ажилтнаар томилсон тушаалд зааснаар эдгээр хүмүүсийн ажлыг хүлээлцүүлэхээр шийдвэрлэжээ /х.х-ийн 87, 88, 92 хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан.

 

            Тайлбарлавал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх ба нэгэнт хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байх тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Гэвч хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 тоот тушаалаар нэхэмжлэгч Э-ийг жирэмсний болон амаржсаны амралттай байсан Ж-г ажилдаа эргэн орсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, 37 дугаар зүйлийн 37.1.3.-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ /х.х-ийн 16, 54 хуудас/.

 

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Цэрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалаар С, Ж нарт жирэмсний амралт олгож, хожим 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Ж-ийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дууссан учраас буцаан томилжээ /х.х-ийн 55, 85 хуудас/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Ж-г жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд нэхэмжлэгч Э-ийг түүний оронд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байна /х.х-ийн 13-15, 109-113 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, үндсэн ажилтнаар буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нэхэмжлэгчийг тийнхүү захиргааны чөлөөтэй байгаа эзгүй ажилтны оронд түр шилжүүлэн ажиллуулахдаа тухайн ажилтныг ажилдаа эргэн орсон тохиолдолд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

 

Тайлбарлавал, ажил олгогч нь хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээ байгуулсан ажилтантай харилцан тохиролцож, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж болох ба ингэхдээ уг ажилтны эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан нэхэмжлэгч Э-ийг жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтан Ж-ийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж болох хэдий ч тухайн ажилтан ажилдаа эргэн орсон тохиолдолд нэхэмжлэгчийг өмнөх ажил, албан тушаалд нь буцаан томилох ёстой.

 

Учир нь, нэхэмжлэгч Энь хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэгтэй жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан Ж-ийн оронд түр ажиллахаар хугацаатай хөдөлмөрийн гэрээг анхнаасаа байгуулаагүй, харин жирэмсний болон амаржсаны амралт авсан З-ын оронд түр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.

 

Зүй нь, хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэг нь жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан Ж-гажилдаа буцаж ороход нь нэхэмжлэгч Э-ийг ажлаас нь чөлөөлөх бус, харин түүний өмнө нь хийж байсан ажил үүргийг нь хэвийн гүйцэтгүүлэх ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар зохицуулсан бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ч мөн адил уг зарчим хэрэгжих учиртай.          

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийг амаржсаны амралттай байсан ажилтан Ж-ийн ажил үүргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн гүйцэтгүүлэхээр томилсон шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан” гэж маргасан.

 

Гэвч ажил олгогч буюу хариуцагч зуун хорин ёсдүгээр цэцэрлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтныг ийнхүү жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаад тухайн ажилтныг ажилдаа буцаж орсны дараагаар нэхэмжлэгчийг өмнө нь хийж байсан ажил үүргийг нь үргэжлүүлэн гүйцэтгүүлэх ёстой байтал хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э-ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул  түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1. 2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, түүнчлэн 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 1,423,164.66 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 66,193.70 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажлын 112 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 7,413,694.07 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна /х.х-ийн 4, 51, 52 хуудас/.

Ийнхүү шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогчийн хүлээх үүрэг юм.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжт төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133,569.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь тус тус хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э-ийг урьд эрхэлж байсан Ц бүлгийн багшийн  ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,413,694.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар хариуцагчаас 133,569.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР