Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01493

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.Энх-Эрдэнийн  нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/01578 дугаар шийдвэртэй, Б.Энх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Аэд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн тайлбарт:  2015 оны 02 дугаар сард манай найз А.А нь надтай уулзаж тусгай зөвшөөрөлтэй “Лонг дринк” бар нээж үйл ажиллагаа явуулах тухайгаа ярьж хөрөнгө оруулалт хэрэгтэй байна мөнгө зээлэх боломжтой байна уу, хэрэв мөнгө зээлэх юм бол ашгийнхаа 35 хувийг чамд өгөөд явж болно гэсэн. Миний бие тус саналыг хүлээн зөвшөөрч өөрийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дансанд байсан 14 000 000 төгрөг,  бэлэн байсан 1 000 000 төгрөгийн хамт 15 000 000 төгрөг болгож зээлсэн. А.А нь баараа нээж үйл ажиллагаа явуулж байгаад надад дахин хэдэн төгрөг хэрэгтэй байна, тэртээ тэргүй чи надаас мөнгө авах юм чинь гээд дахин 10 000 000 төгрөг хүссэн тул би өөрийн эмээ, эгчээсээ 5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг зээлж А.Аэд өгсөн. Нийт 25 000 000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд миний бие Япон улс руу ажлаар явахаар болсон тул А.Аээс мөнгөө нэхэхэд сүүлд авсан 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт буюу 12 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг манай ээж Д.Аюушсүрэнд хүлээлгэн өгөх талаар өөрийн гараараа тодорхойлолт бичиж, ам өчгөө өгсөн учир Б.Э миний бие итгэж Япон улс руу явсан. Намайг Япон улс руу явсанаас хойш манай ээжид А.А нэг ч төгрөг өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэг 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Б.Ээс мөнгө зээлж байгаагүй ба хэрэв зээлсэн бол хоорондоо гэрээ хэлцэл хийсэн, төлбөр шилжүүлсэн баримт байх байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь найзууд байсан учир хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллахаар тохирсон, мөнгө зээлсэн асуудал байхгүй. Харин сүүлийн 2015 оны 3 дугаар сард 10 000 000 төгрөгийг А.А нь нэхэмжлэгч Б.Ээс зээлсэн ба уг зээлээ хүүгийн төлбөрийн хамт нийт 12 000 000 төгрөгийг буцаан төлсөн. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 530 000 төгрөг, 12-ны өдөр 450 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцэг Бямбасүрэнд шилжүүлсэн. Талууд “Лонг дринк бар” хамтран ажиллуулж байсан ба уг компани ямар ч ашиггүй ажилласан болох нь татвар, санхүүгийн тайлангаас харагдана. Хамтран ажиллаж байх үед Б.Э нь баарны үйл ажиллагааны орлогоос байнга авдаг байсан, түүний авч байсан мөнгийг тооцоолж гаргасан баримтыг хавтаст хэрэгт баримтаар өгсөн. Иймд нэхэмжилж буй 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлсэн, шилжүүлсэн баримт огт байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Аээс зээлийн гэрээний үүрэг 13 920 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Аээс улсын тэмдэгтийн хураамж 227 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/01578 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 13 920 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 080 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх Б.Энх-Эрдэнийг А.Атэй зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.А рүү мөнгө шилжүүлсэн баримт огт байхгүй, өөр гуравдагч этгээдэд өгсөн баримтыг үндэслэн 15 000 000  төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... ашгийн 35 хувийг өгөх боломжтой” гэж харилцан тохиролцсоныг дурдсан байдаг. Мөн гэрч Г.Амарбаясгалангийн ХОМЕ клубын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын төлбөрийг Б.Ээс шилжүүлж авсан гэх г мэдүүлгийг дутуу үнэлсэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээгээр Б.Э нь Г.Амарбаясгалан руу шилжүүлсэн уг төлбөрийг А.Аээс нэхэмжилсэн. Шүүх уг төлбөрийг зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй.

 

Гэрч Н.Мөнхжингийн Б.Э, А.А нарын удирдлагад ажилладаг. Б.Э нь касснаас гүйлгээ хийдэг, өөрөө дур мэдэн орлого хувьдаа авдаг. Тэд хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг байсан зэргийг мэдүүлсээр байтал үнэлээгүй нь нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу аман гэрээ байгуулан хамтран ажилласныг шүүхээс үндэслэх хэсэгтээ “компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй, хувьцаа эзэмшигч болохыг нотлохгүй” байна гэж дурдсан. Хамтран ажиллах гэрээний нөхцөлд заавал хуулийн этгээд байгуулахыг шаардахгүй, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлага хуулинд заагаагүй. Мөн хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй. Гэтэл хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй тул хамтран ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж заасан нь учир дутагдалтай. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн даалгавар, төлбөр төлсөн баримтууд гэрчийн мэдүүлгээр хамтран ажиллаж байсныг хангалттай нотолж байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоохын хэсгийн 2 дахь хэсэгт 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт гэх нэршилтэй баримтаар 15 000 000 төгрөгийн төлбөр төлөх баримтыг зээлийн гэрээний хэлцэл гэж үзсэн ба нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг буцаан төлөхөөр тохирсон нь зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Гэтэл хариуцагчид ямар ч мөнгө шилжүүлээгүй байтал үүнийг буцаан төлөх зээлийн харилцаа гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч А.Аэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 02 дугаар сард 15 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сард 10 000 000 төгрөгийг өгсөн нь хэргийн 6-9, 11 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтэр, банкны орлого, зарлагын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Талууд 10 000 000 төгрөгт хүү тооцон нийт 12 000 000 төгрөг буцаан өгсөн талаар маргаагүй. Харин 15 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч “.., А.А Лонг дринк баар нээж үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна хэрэв мөнгө зээлэх юм бол ашгийнхаа 35 хувийг чамд өгнө гээд надаас 15 000 000 төгрөг зээлсэн ..,” гэж, хариуцагч “ .., нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах зорилгоор 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Баарны үйл ажиллагаа ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал болгож өгнө гэж ярилцсан ..,” гэж маргадаг.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 35 хувийн ашиг өгнө гэж 15 000 000 төгрөг зээлдэн авсан гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

Хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А.А, иргэн Д.Аюушсүрэн нарын гарын үсэг бүхий “Б.Э миний бие А.Аээс 15 000 000 төгрөг авах ёстой. Би Япон улс руу сурахаар явах болсон тул энэ мөнгийг миний ээж н.Аюушсүрэнд 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар гурван талаас тохиролцов” гэх, мөн хариуцагчийн гарын үсэгтэй “энэ 2 сарын хугацаанд 15 000 000 төгрөгийг н.Энх-Эрдэнийн ээж болох н.Аюушсүрэнд хүлээлгэж өгөхөөр тохиролцов” гэх тодорхойлолт мөн хариуцагч А.Аээс нэхэмжлэгчийн эцэг Ц.Бямбасүрэнд  зээл төлөв гэсэн утгатай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн 530 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 450 000 төгрөгийн баримт авагдсан байна. /хх5, 59, 61/

Гэрч Г.Амарбаясгалан талуудыг хамтран ажиллаж байсан гэж мэдүүлээгүй ба тэрээр “.., Home нэртэй пабын засварын ажлыг гэрээний дагуу хийсэн. Гэрээг аж ахуй нэгжтэй байгуулсан. Засварын хөлсийг дансаар авдаг байсан. А.А надад галакси баагийтай хамтарч ажиллаж байгаа гэж хэлж байсан. Б.Энх-Эрдэнийг надад зүгээр л найз гэж танилцуулсан ..,” гэж мэдүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. Гэрч Н.Мөнхжингийн “.., А.А, Э.Энх-Эрдэнэ нар уг баарыг хамтарч ажиллуулдаг байсан. А.А Э.Энх-Эрдэнэд Хоме-г ганцаараа ажиллуулах санал тавьж байсан боловч Э.Энх-Эрдэнэ чадахгүй гээд хамтарч ажиллах санал тавьж байсан ..,” гэх мэдүүлэг нь хариуцагчийн тайлбарыг хангалттай нотолж чадахгүй байна /хх41-43, 48-49/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчаас нэхэмжлэгчийн эцэг Ц.Бямбасүрэнд шилжүүлсэн мөнгөн дүн 980 000  төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн авсан 100 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч 13 920 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хамтран ажиллахаар тохиролцсон гэх тайлбараа нотлохоор хариуцагчаас шүүхэд ирүүлсэн компанийн 2016, 2017 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, 2015-2017 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтууд нь хариуцагчийн эрхлэн явуулдаг компанийн санхүүгийн үйл ажиллагааны баримт байх ба хэргийн 60-61 дүгээр талд авагдсан тооцооны баримт хэн үйлдсэн нь тодорхойгүй, 62 дугаар тал дахь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаж баталгаажигдаагүй байна. / хх77-96/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 06 сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/01578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

                                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ                                                                                                                            

                                                                                               А.МӨНХЗУЛ