Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00144

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/01578 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1493 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Э-

          Хариуцагч: А.А-

          зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн төлөөлөгч Э.Энхболд, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2015-02 сард манай найз А.А- нь надтай уулзаж тусгай зөвшөөрөлтэй “Лонг дринк” баар нээж үйл ажиллагаа явуулах тухайгаа ярьж хөрөнгө оруулалт хэрэгтэй байна мөнгө зээлэх боломжтой байна уу, хэрэв мөнгө зээлэх юм бол ашгийнхаа 35%-г чамд өгөөд явж болно гэсэн. Миний бие тус саналыг хүлээн зөвшөөрч өөрийн ХХБ-ны дансанд байсан 14сая төгрөгийг гаргаж бэлнээр гар дээр байсан 1сая төгрөгийг нийлүүлж 15сая төгрөгийг гаргаж зээлсэн. А.А- нь үйл ажиллагаагаа явуулж байгаад надад дахин хэдэн төгрөг хэрэгтэй байна, чи надаас мөнгө авах юм чинь гээд дахин 10сая төгрөгийг хүссэн тул би өөрийн эмээ, эгчээсээ 5% хүүтэй 10сая төгрөгийг зээлж авч А.А-эд нийт 25сая төгрөгийг зээлүүлсэн. Миний бие Япон улсруу ажлаар явахаар болсон тул А.А-ээс мөнгөө нэхэхэд тэрээр сүүлд авсан 10сая төгрөгийг хүүгийн хамт буюу 12сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 15сая төгрөгийг манай ээж болох Д.Аюушсүрэнд хүлээлгэн өгөх талаар өөрийн гараараа тодорхойлолт бичиж, ам өчгөө өгсөн учир би итгэж Япон улс руу явсан. Намайг Япон улс руу явснаас хойш манай ээжид А.А- нь нэг ч төгрөг өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэг 15сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Б.Э-эс мөнгө зээлж байгаагүй ба хэрэв зээлсэн бол хоорондоо гэрээ хэлцэл хийсэн, төлбөр шилжүүлсэн баримт байх байсан..найзууд байсан учир хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллахаар тохирсон, мөнгө зээлсэн асуудал байхгүй. Харин 2015-03 сард 10сая төгрөг зээлсэн бөгөөд уг зээлээ хүүгийн нийт 12сая төгрөгийг буцаан төлсөн. 2015-06-05-ны өдөр 530,000 төгрөг, 12-ны өдөр 450,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцэг Бямбасүрэнд шилжүүлсэн. “Лонг дринк бар” хамтран ажиллуулж байсан ба уг компани нь ямар ч ашиггүй ажилласан болох нь татвар, санхүүгийн тайлангаас харагдана. Хамтран ажиллаж байх үед Б.Э- нь баарны үйл ажиллагааны орлогоос байнга авдаг байсан, түүний авч байсан мөнгийг тооцоолж гаргасан баримтыг хэрэгт баримтаар өгсөн. 15сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлсэн, шилжүүлсэн баримт огт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 184/ШШ2019/01578 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-ээс зээлийн гэрээний үүрэг 13,920,000 төгрөг гаргуулж Б.Э-д олгож, нэхэмжлэлээс 1,080,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагчаас 227,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1493 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 184/ШШ2019/01578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

        Хариуцагч А.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тусхүлээнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.А- рүү мөнгө шилжүүлсэн баримт огт байхгүй, өөр гуравдагч этгээдэд өгсөн баримтыг үндэслэн 15сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Иргэний хуульд зааснаар Зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсаны дагуу ... бол ашгийн 35%-г өгөх боломжтой гэж харилцан тохиролцсоныг дурдсан байдаг. Мөн гэрч Г.Амарбаясгалан нь ХОМЕ клубын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын төлбөрийг Б.Э-эс шилжүүлж авсан гэх гэрчийн мэдүүлгийг дутуу үнэлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээгээр Б.Э- нь Г.Амарбаясгалан руу шилжүүлсэн, уг төлбөрийг А.А-ээс нэхэмжилсэн, уг төлбөрийг зээлийн гэрээ гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй юм. Гэрч Н.Мөнхжингийн Б.Э-, А.А- нарын удирдлагад ажилладаг, Б.Э- нь касснаас гүйлгээ хийдэг, өөртөө дур мэдэн орлого хувьдаа авдаг, А.А-, Б.Э- нар нь хамтран ажилладаг байсан, хамт үйл ажиллагаа явуулдаг байсан зэргийг мэдүүлсээр байтал үнэлээгүй нь нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна. Иргэний хуулийн 476.1-т заасны дагуу аман гэрээ байгуулан хамтран ажилсныг шүүхээс үндэслэх хэсэгт оруулахдаа “Компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй, хувьцаа эзэмшигч болохыг нотлохгүй байна” хэмээн шийдвэрт дурдагдсан байна. Хамтран ажиллах гэрээний нөхцөлд заавал хуулийн этгээд байгуулахыг шаардахгүй, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлага хуулинд заагаагүй. Мөн хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй. Гэтэл хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй тул хамтран ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж заасан нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн даалгавар, төлбөр төлсөн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр хамтран ажиллаж байсныг хангалттай нотолж байхад шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэстэй байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т: 2016-03-27-ны өдрийн Тодорхойлолт гэх нэршилтэй баримтаар 15сая төгрөгийн төлбөр төлөх баримтыг Зээлийн гэрээний хэлцэл гэж үзсэн ба “...Нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг буцаан төлөхөөр тохирсон нь Зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Гэтэл хариуцагчид ямар ч мөнгө шилжүүлээгүй байтал үүнийг буцаан төлөх, зээлийн харилцаа гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Э- 2019-02-28-ны өдөр шүүхэд хандаж, зээлийн үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “... А.А-эд 25 сая төгрөг зээлүүлсэн...10 сая төгрөгийг хүүгийн хамт нийт 12 сая төгрөг буцааж авсан, одоо үлдэх 15 сая төгрөгийг гаргуулна...” гэсэн байна.

        Хариуцагч А.А- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...15 сая төгрөгийг зээлж аваагүй, Б.Э-тэй хамтран ажилласан ч ашиггүй байсан...нэхэмжлэгч үйл ажиллагааны орлогоос байнга авдаг байсан..” гэжээ.

        Анхан шатны шүүх А.А-ээс 13,920,000 төгрөг гаргуулж Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэн байна... хамтран ажиллах гэрээ байгуулсан нь  нотлогдоогүй... нэхэмжлэгчид 15 сая төгрөгөөс 1,080,000 төгрөг буцааж өгсөн тул үлдэх мөнгийг гаргуулна...” гэжээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        1. Хариуцагч нь “... хамтран ажилласан..” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна. 

        а\. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.

       Зохигч нар хамт HOME CLUB гэдэг газар ажиллуулдаг байсан тухай гэрчийн мэдүүлэг /хх 48-49/, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримтгүй тул Б.Э-, А.А- нар хамтран ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт нийцнэ.

       б\. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

       А.А-ийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь санхүүжилт хийх байдлаар  хариуцагчтай хамтран ажиллаж байгаад Б.Э- хамтран ажиллах гэрээнээс 2016 оны 03 дугаар сард гарахаар тохирсон байна.

       Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ.

        Б.Э- нь хамтран ажиллах гэрээнээс гарсан байх тул энэ тухай талуудын тохиролцоо Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3, 479.6, 479.7 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

       в\. Талууд шийдвэрлэсэн, эсхүл гэрээг цуцалсан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

       Зохигч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг байгаа эсэх талаар А.А- маргаагүй, талууд хамтын ажиллагаагаа дуусгавар болгохоор, хариуцагч нь тодорхой хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор тус тус тохирсон нь /хх 5/ тогтоогдсон ба энэ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.2.1, 480.3-т нийцнэ. 

       г\.  Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно.

       Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу тодорхой хөрөнгийг нэхэмжлэгчид олгох үүрэг хүлээсэн нь 2016-03-27-ны өдрийн “тодорхойлолт” гэх бичгийн баримтаар нотлогдсон байна.

       А.А- нь хамтран ажиллах гэрээнээс гарч буй Б.Э-д тодорхой хөрөнгө өгөх үүрэг хүлээхдээ уг үүргээ өөр үүргээр солихоор тохирсон байх тул зохигчийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэх нь  Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.2.1, 480.3, 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцнэ.   

       2. Зохигч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор  тохиролцсон байгаа тул шүүх тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 281 дүгээр зүйлийг зөрчихгүй.

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.  

       Хариуцагч нь 15,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, буцааж 1,080,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна. 

       Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/01578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1493 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 233,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ